Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2590

 

 

“А ҮЦК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02828 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А ҮЦК” ХХК, хариуцагч Н албанд холбогдуулан гаргасан дуудлага худалдаа, дуудлага хуралдааны комиссын шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1632 тоот шийдвэрийн дагуу "А" ХХК-иас 148 839 389 төгрөг гаруулж, иргэн С.Этад олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг гүйцэтгэж тус компанийн өмчлөлд байгаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 1 дүгээр байрны 33 тоот орон сууцны зориулалттай байр буюу үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хийлгэж, 94 000 000 төгрөгийн үнэлгээг үндэслэн анхны албадан дуудлага худалдаанд оруулж байсан. Н албанаас манай өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хэзээ, хэрхэн явагдсан, хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдлийг эрх бүхий ажилтанд хүлээлгэн өгөөгүй тул үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргаж байсан. Тус албанаас төлбөр төлөгч талд ямар ч мэдэгдэл,  анхааруулга өгөөгүй, ямар ч шийдвэр тогтоол гаргаагүй, дуудаж уулзаагүй атлаа хоёр дахь удаагийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай, байрны үнэлгээг нэг дахин бууруулж, 47 000 000 төгрөг болгосон тухай мэдэгдлийг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэж байсан. Иймээс шүүхэд 2016 оны 6 дугаар сард нэхэмжлэл гаргаж, шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянаж, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийг буцаасан. Дээрх асуудлыг тус компанид албан ёсоор мэдэгдээгүй байсан тул бидний зүгээс нэхэмжлэл шүүхэд хянагдаж байгаа гэсэн ойлголттой байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 3/14304 тоот мэдэгдэл ирүүлж, манай өмчлөлийн байрыг төлбөр авагчид шууд шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гаргасан болохыг хөндлөнгийн хүнээс олж мэдсэн. Манай компанид ажиллагааны талаар огт мэдэгдээгүй тул 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ахлах гүйцэтгэгчид гомдол гаргаж, гомдлын хариуг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан. Н алба нь манай компанийн хөрөнгийг 4 жилийн өмнө шинжээч томилон үнэлүүлэхдээ үнэ тогтоох ажиллагаа хаана, хэзэз, хэрхэн явагдсан, хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар байрны өмчлөгчид албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдлийг эрх бүхий ажилтанд хүлээлгэн өгөөгүй төдийгүй тухайн үеийн зах зээлийн ханшаас илт доогуур үнэлсэн байсан. Гэтэл манай компанийн 200 000 000 төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий байрыг 4 жилийн өмнө 98 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнээс тооцон 2 дахь албадан дуудлага худалдаанд 47 000 000 төгрөгөөр оруулсан, хоёр удаагийн дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй тул байрыг чинь төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр албадан дуудлага худалдааны комиссын шийдвэр гарсан гэсэн мэдэгдлийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн. Энэ тухай гомдол гаргаж хариуг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авсан. Мөн дээрх агуулга бүхий 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17/18 тоот тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 14304 тоот бичгийг манай компанид 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ирүүллээ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээ тогтоох, дуудлага худалдааг анхны удаа болон хоёр дахь удаа явуулах журам, түүнчлэн дуудлага худалдаанд оролцогчийн санал болгосон үнэ нь дуудлага худалдаа явуулахтай холбогдсон зардал ба үүрэг гүйцэтгүүлэгч төлбөр авагчийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байна гэж тов тодорхой заасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө бодож авахыг төлбөр авагчид санал болгоно гэж заасан байна. Үүнээс үзвэл Н алба 148 000 000 төгрөгийн төлбөрийг барагдуулахын тулд төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг 47 000 000 төгрөгөөр борлуулахаар хоёр дахь дуудлага худалдаа явуулсан нь анхнаасаа хууль бус үйлдэл. Н алба 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр комиссын хурлыг төлбөр төлөгч талд мэдэгдээгүй. Хариуцагчаас мэдэгдлийг өгч байсан гэж байгаа ч дандаа компанийг төлөөлөх эрхгүй этгээдэд мэдэгдэж ажиллагааг явуулсан. Иймд тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт багаар 94 000 000 төгрөгөөр үнэлсэн 2014 онд хийгдсэн үнэлгээг, дээрх үнэлгээг баримтлан 2016 онд явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөгчид санал болгосон албадан дуудлага хуралдааны комиссын шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1632 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 тогтоолоор "А" ХХК-иас 148 839 389 төгрөгийг гаргуулж С.Этад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж "А" ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202006651 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 1 дүгээр байрны 33 тоотод байрлах 43.33 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг битүүмжлэн, хурааж, үнийн саналыг талуудаас авахад харилцан тохиролцоогүй, үнийн санал өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр  "М трейд" ХХК-ийг томилж үнэлгээг хийлгэхэд 94 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдэн, анхны албадан дуудлага худалдаанд 2014 онд оруулсан ч "А" ХХК-ийн захирал Д.А мэдэгдлийг гардаж аваагүй гэж маргаж шүүхэд хандан, улмаар энэ маргаан 3 шатны шүүхээр хянагдаж шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион явуулахдаа үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 94 300 000 төгрөгийн 50 хувиар тооцож 47 150 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт оруулсан боловч худалдан борлогдоогүй. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагч С.Этад санал болгосон. Албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн. Санал болгох хурлын мэдэгдлийг удаа дараа баталгаат шуудан болон "А" ХХК-ийн захирал Д.Адын гэрийн хаягаар мөн компанийн байраар очиж брокер А.А, Э.Б нарт өгч байсан. "А" ХХК нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон үнэлгээг хийх, мэдэгдэхтэй холбоотой хийгдсэн ажиллагаанд гомдол гаргаж, анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4156 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1093 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 893 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд анх шүүхийн шийдвэр гарсан. 2014 онд анхны албадан дуудлага худалдаа явагдсан. Төлбөр төлөгчөөс 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ажиллагаа зогссон. Шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмаар явагдсныг дүгнээд үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл дахин үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Мөн 2016 оны 3 дугаар сард явагдсан хоер дахь албадан дуудлага худалдаа 6 дугаар сард явагдсан санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардсан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн. Анх шүүхэд 2016 оны 6 дугаар сард хугацаандаа нэхэмжлэл өгсөн байсан ч шүүхээс нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сард буцаасан байхад 2017 оны 6 дугаар сард дахин нэхэмжлэл гаргасан байна. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн санал болгох комиссын хуралдаанаар төлбөр төлөгчийн хураагдсан дээрх хөрөнгийг манайх нийт төлбөртөө бүхэлд нь тооцон шилжүүлэн авч, ажиллагааг дуусгавар болгохыг зөвшөөрсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсгийг хэсэгт зааснаар Н албанд холбогдох 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 82 тоот санал болгох комиссын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр "А ҮЦК" ХХК-ийн Н албанд холбогдох "Дуудлага худалдаа, дуудлага худалдааны комиссын шийдвэр болон үнэлгээг хүчингүй болгох" шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх "Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан үйл ажиллагаа хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, хуулиар тогтоосон журам зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтуудаар тогтоогдохгүй байна" гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хүчингүй болсон болон шинээр дагаж мөрдөж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн алийг хэрэглэсэн нь тодорхойгүй байгаа нь хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэхээр байна. Дуудлага худалдаа явуулах, дуудлага худалдаанд төлбөр төлөгчийг оролцуулах эрхийг хангах, оролцуулахаар мэдэгдэл хүргүүлсэн нь тогтоогдохгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг залруулаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаадлагыг хангахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Н албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, 2016 оны 03 дугаар 18-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаа, 2016 оны 06 дугаар 06-ны өдрийн 82 тоот санал болгох комиссын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/, хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. /хх.29/

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1632 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 тоот тогтоолоор “А” ХХК-иас 148 839 389 төгрөгийг гаргуулж С.Этад олгохоор /хх.63-65, 66-68, 69-70/, мөн хэрэгт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4156 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1093 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 893 дугаар тогтоолоор Н албанд холбогдох эд хөрөнгийн үнэлгээг хийлгэх, мэдэгдэхтэй холбоотой хийгдсэн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ. /хх.31-32, 33-35, 36-38/

 

Дээрх шийдвэр, тогтоол, магадлалд хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006651 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат 1 дүгээр байрны 33 тоот 43.33 мкв талбайтай хөрөнгийг битүүмжлэн хураасан, улмаар талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилсон, шинжээч хөрөнгийг 94 300 000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдсэн болохыг тус тус дурдаж, дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн болохыг дүгнэсэн байгаагаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул дээрх хэсгийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хариуцагч Н алба нь дээрх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 94 300 000 төгрөгийн 50 хувиар тооцон 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд 47 150 000 төгрөгөөр оруулахаар шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн байна. Төлбөр төлөгчид дуудлага худалдааны үнийг 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3/6527 дугаар мэдэгдлээр баталгаат шуудангаар хүргүүлж, дуудлага худалдааны товыг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/8111 дүгээр мэдэгдлээр мэдэгдэн энэ тухай тэмдэглэл үйлджээ. Түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй талаарх баримт хэрэгт авагдсан байна. /хх.80,82,83,86/

 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дах хэсэгт заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Н албаны санал болгох комиссын хурал болж худалдан борлогдоогүй эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006651 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат 1 дүгээр байрны 33 тоот 43.33 мкв талбайтай хөрөнгийг төлбөр авагч С.Этад төлбөл зохих төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                                  ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ