Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/02828

 

 

 

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/02828

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..................................... тоотод байрлах, АБҮЦК ХХК /Регистрийн дугаар:2071649/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:.........................................байранд байрлах, НШГГнд холбогдох,

Дуудлага худалдаа, дуудлага хуралдааны комиссын шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011  оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1632 тоот шийдвэрийн дагуу “АБҮЦК” ХХК-иас 148.839.389 төгрөг гаруулж, иргэн С.Эад олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг гүйцэтгэж тус компанийн өмчлөлд байгаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 1 дүгээр байрны 33 тоот орон сууцны зориулалттай байр буюу үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хийлгэж, 94.000.000 төгрөгийн үнэлгээг үндэслэн анхны албадан дуудлага худалдаанд оруулж байсан.

 НШГГнаас манай өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хэзээ, хэрхэн явагдсан, хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдлийг эрх бүхий ажилтанд хүлээлгэн өгөөгүй тул үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргаж байсан. Тус албанаас төлбөр төлөгч талд ямар ч мэдэгдэл, анхааруулга өгөөгүй, ямар ч шийдвэр тогтоол гаргаагүй, дуудаж уулзаагүй байж хоёр дахь удаагийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай, байрны үнэлгээг нэг дахин бууруулж, 47.000.000 төгрөг болгосон тухай мэдэгдлийг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэж байсан. Иймээс шүүхэд 2016 оны 6 дугаар сард нэхэмжлэл гаргаж, шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянаж, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийг буцаасан. Дээрх асуудлыг тус компанид албан ёсоор мэдэгдээгүй байсан тул бидний зүгээс нэхэмжлэл шүүхэд хянагдаж байгаа гэсэн ойлголттой байсан. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3/14304 тоот мэдэгдэл ирүүлж, манай өмчлөлийн байрыг төлбөр авагчид шууд шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гаргасан болохыг хөндлөнгийн хүнээс олж мэдсэн. Манай компанид ажиллагааны талаар огт мэдэгдээгүй тул 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ахлах гүйцэтгэгчид гомдол гаргаж, гомдлын хариуг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан.

НШГГ нь манай компанийн хөрөнгийг 4 жилийн өмнө шинжээч томилон үнэлүүлэхдээ үнэ тогтоох ажиллагаа хаана, хэзээ, хэрхэн явагдсан, хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар байрны өмчлөгчид албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдлийг эрх бүхий ажилтанд хүлээлгэн өгөөгүй төдийгүй тухайн үеийн зах зээлийн ханшаас илт доогуур үнэлсэн байсан.

Гэтэл манай компанийн 200.000.000 төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий байрыг 4 жилийн өмнө 98.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнээс тооцон 2 дахь албадан дуудлага худалдаанд 47.000.000 төгрөгөөр оруулсан, хоёр удаагийн дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй тул байрыг чинь төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр албадан дуудлага худалдааны комиссын шийдвэр гарсан гэсэн мэдэгдлийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн.  Энэ тухай гомдол гаргаж хариуг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авсан. Мөн дээрх агуулга бүхий 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17/18 тоот тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 14304 тоот бичгийг манай компанид 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ирүүллээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээ тогтоох, дуудлага худалдааг анхны удаа болон хоёрдахь удаа явуулах журам, түүнчлэн дуудлага худалдаанд оролцогчийн санал болгосон үнэ нь дуудлага худалдаа явуулахтай холбогдсон зардал ба үүрэг гүйцэтгүүлэгч төлбөр авагчийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байна гэж тов тодорхой заасан.  Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө бодож авахыг төлбөр авагчид санал болгоно гэж заасан байна. Үүнээс үзвэл НШГГ 148.000.000 төгрөгийн төлбөрийг барагдуулахын тулд төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг 47.000.000 төгрөгөөр борлуулахаар хоёр дахь дуудлага худалдаа явуулсан нь анхнаасаа хууль бус үйлдэл. НШГГ 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр комиссын хурлыг төлбөр төлөгч талд мэдэгдээгүй. Хариуцагчаас мэдэгдлийг өгч байсан гэж байгаа ч дандаа компанийг төлөөлөх эрхгүй этгээдэд мэдэгдэж ажиллагааг явуулсан.

Иймд тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт багаар 94.000.000 төгрөгөөр үнэлсэн 2014 онд хийгдсэн үнэлгээг,  дээрх үнэлгээг баримтлан  2016 онд явагдсан  хоёр дахь албадан дуудлага худалдааг,  2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөгчид санал болгосон албадан дуудлага хуралдааны комиссын шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1632 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 тогтоолоор “АБҮЦК” ХХК-иас 148.839.389 төгрөгийг гаргуулж С.Эад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “АБҮЦК” ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202006651 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 1 дүгээр байрны 33 тоотод байрлах 43.33 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг битүүмжлэн, хурааж, үнийн саналыг талуудаас авахад харилцан тохиролцоогүй, үнийн санал өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Мөнх-Оргил трейд" ХХК-г томилж үнэлгээг хийлгэхэд 94.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдэн, анхны албадан дуудлага худалдаанд 2014 онд оруулсан ч “АБҮЦК” ХХК-ийн захирал Д.Ариунболд мэдэгдлийг гардаж аваагүй гэж маргаж шүүхэд хандан, улмаар энэ маргаан 3 шатны шүүхээр хянагдаж шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 94.300.000 төгрөгийн 50 хувиар тооцож 47.150.000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төпбөр авагч С.Эад санал болгосон. Албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2016 оны 3 дугаар сарын 07-нд хүргүүлсэн. Санал болгох хурлын мэдэгдэлийг удаа дараа баталгаат шуудан болон “АБҮЦК” ХХК-ийн захирал Д.Ариунболдын гэрийн хаягаар, мөн компаний байраар очиж брокер А.Ариунболд, Э.Болормаа нарт өгч байсан. “АБҮЦК” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон үнэлгээг хийх, мэдэгдэхтэй холбоотой хийгдсэн ажиллагаанд гомдол гаргаж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4156 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1093 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 893 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд анх шүүхийн шийдвэр гарсан. 2014 онд анхны албадан дуудлага худалдаа явагдсан. Төлбөр төлөгчөөс 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ажиллагаа зогссон. Шүүхээс  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмаар явагдсныг дүгнээд үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл дахин үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Мөн 2016 оны 3 дугаар сард явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаа, 6 дугаар сард явагдсан санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардсан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн харагдаж байна. Анх шүүхэд 2016 оны 6 дугаар сард хугацаандаа нэхэмжлэл өгсөн байсан ч шүүхээс нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сард буцаасан байхад 2017 оны 6 дугаар сард дахин нэхэмжлэл гаргасан байна.  2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн санал болгох комиссын хуралдаанаар төлбөр төлөгчийн хураагдсан дээрх хөрөнгийг манайх нийт төлбөртөө бүхэлд нь тооцон шилжүүлж авч, ажиллагааг дуусгавар болгохыг зөвшөөрсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч АБҮЦК ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /НШГГ/-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа,  2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 82 тоот санал болгох комиссын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1632 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 тогтоолоор “АБҮЦК” ХХК-иас 148.839.389 төгрөгийг гаргуулж С.Эад олгохоор шийдвэрлэжээ.

            Хэрэгт нотлох баримтаар авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4156 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1093 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 893 дугаар тогтоолоор НШГГнд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн  үнэлгээг хийлгэх, мэдэгдэхтэй холбоотой  хийгдсэн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч “АБҮЦК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэр, тогтоол, магадлалд хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006651 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат 1 дүгээр байрны 33 тоот 43.33 мкв талбайтай хөрөнгийг битүүмжлэн хураасан, улмаар талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилсон,  шинжээч хөрөнгийг 94.300.000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдсэн болохыг тус тус дурдаж, дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, нийцсэн болохыг дүгнэсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийг 94.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг дээрх шийдвэр, тогтоол, магадлалаар хянан шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул дээрх хэсгийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Хариуцагч нь дээрх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 94.300.000 төгрөгийн 50 хувиар тооцон 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд 47.150.000 төгрөгөөр оруулахаар шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн байна. Төлбөр төлөгчид дуудлага худалдааны үнийг 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3/6527 дугаар мэдэгдлээр баталгаат шуудангаар хүргүүлж, дуудлага худалдааны товыг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/8111 дүгээр мэдэгдлээр мэдэгдэн энэ тухай тэмдэглэл үйлджээ. Түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй байна.

Нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхгүй этгээдэд мэдэгдлийг хүргүүлсэн, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний мэдэгдлийг хүлээн аваагүй, мэдээгүй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 20 дугаар зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 77.5, 77.6-д заасан журмын дагуу хүргүүлсэн байхаас гадна нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дуудлага худалдаа, үнэлгээний тухай 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн тухайгаа дурдсан байна.

Мөн дуудлага худалдаа явагдах үеийн үнээс тооцож үнийг тогтоох байтал 4 жилийн өмнөх үнэлгээнээс тооцож явуулсан гэж маргаж байх боловч энэ үнэлгээний талаар нэхэмжлэгч урьд шүүхэд гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар дээрх үнээс тооцож хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг тооцсонг буруутгах үндэслэлгүй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр НШГГны санал болгох комиссын хурал болж худалдан борлогдоогүй эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006651 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат 1 дүгээр байрны 33 тоот 43.33 мкв талбайтай хөрөнгийг төлбөр авагч С.Эад төлбөл зохих төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

            Санал болгох комиссын хурал болох тухай мэдэгдлийг “АБҮЦК ҮЦК” ХХК-ийн захирал Д.Ариунболдод хүргүүлэхээр байгууллагын холбогдох ажилтнуудад удаа бүр гардуулж байсан, холбогдох ажилтнаас дамжуулсан эсэхийг тухай бүрт лавлаж энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан, товлон зарлагдсан удаа дараагийн комиссын хуралдаанд тэрээр ирээгүй тул 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр санал болгох хурлыг явуулсан байна.

            Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан үйл ажиллагаа хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, хуулиар тогтоосон журам зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан, мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд тус тус гомдол гаргахаар заасан байх ба нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сард шүүхэд анх нэхэмжлэл гаргаж байсан, нэхэмжлэлийг буцаасан 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2017/04642 дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй гэж тайлбарлаж байх тул шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон үеэс дээрх хугацааг тоолоход ч хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байгааг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /НШГГ/-т холбогдох 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 82 тоот санал болгох комиссын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай АБҮЦК ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч АБҮЦК ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /хуучнаар: НШГГ/-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2017/11113 дугаар шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ