Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0089/З |
Дугаар | 128/ШШ2021/0324 |
Огноо | 2021-05-17 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2021/0324
2021 оны 05 сарын 17 өдөр Дугаар Улаанбаатар хот 128/ШШ2021/0324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв. Нэхэмжлэгч: У к ХХК /РД:5434319/ Хариуцагч: Н З д Хариуцагч: Н и Т х Гуравдагч этгээд: Х х б ХХК Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1351 дугаартай захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолын НАХЯ-ын урд талын А цэцэрлэгт хүрээлэн-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Д. хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У к ХХК нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/464 тоот шийдвэртэй, 0000321906 дугаартай 2400 метр квадрат талбай бүхий газрыг хүчин төгөлдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан. Нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий актын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (цаашид МУЗЗНДНтУтХ гэх)-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40 1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэжээ. Ингэхдээ захиргааны байгууллага нь нийтийн эдэлбэрийн зориулалттай газрыг бусдад эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т зааснаар ....нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн атлаа, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг захирамждаа дурдсан байна. Үүнээс харвал маргаан бүхий актын нэг үндэслэл нь нөгөө үндэслэлээ үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхийн тулд хүчин төгөлдөр хууль ёсны шийдвэрийн үндсэн дээр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана. Гэтэл Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон шийдвэрийг олгосон үеэсээ хууль зөрчсөн, хүчингүй акт гэж үзсэн. Иймд маргаан бүхий акт нь логик зөрчилтэй, хамтатган хэрэглэх боломжгүй эсрэг тэсрэг үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн хууль бус акт байна. Мөн маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр олгосон зориулалт нь Орчны тохижилттой олон давхар газар доорх гараж цэцэрлэгт хүрээлэн юм. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Нийтийн эдэлбэрийн газарт ... амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг .... зэрэг газар хамаарна гэж заасан. Энэ нь маргаан бүхий газрын анхны зориулалтын хүрээнд түүнд нийцүүлэн нийтийн ашиг сонирхлыг дээдлэн хамгаалж, нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй номер нэг асуудал болох замын түгжрэл, авто зогсоолын хомстлыг бууруулах зорилгоор хийсэн үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчмуудыг баримталсан шийдвэр юм. Уг газрыг эзэмших эрхтэй болсон цагаасаа бид одоог хүртэл дэд бүтэц, технологийн асуудлыг оновчтой шийдэх судалгааны ажлуудыг шат дараалалтай хийсээр байгаа бөгөөд энэ хугацаанд тус газрын зориулалтын дагуу цэцэрлэгт хүрээлэн хэлбэрээр ашигласаар байгаа юм. Үүнээс үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй болно. гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1351 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг тус тус гаргасан. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл 126 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг нийтийн эдэлбэрт авсан. Хэдий газрын хэмжээний хувьд өөр, зөрөөтэй байгаа боловч шүүх хүлээж авсан учраас энэ газрын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж ойлгож байна. Нийтийн эдэлбэр гэдгийг Газрын тухай хуулийн 3.1.9-д нийтийн эдэлбэр газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газар байна, төрөөс тусгайлаад энэ нийтийн эзэмшлийн газар гээд хэмжээ, байршил, солбицолтой нь тогтооно гэдгийг заасан. Мөн нэг эрх бүхий байгууллагаас нийтийн эдэлбэрийн газар гэдгийг тогтооно гэж заасан. Газрын тухай хуулийн 12.2-т нийтийн эдэлбэр газарт хуулийн тодорхойлолт нь нийтийн эдэлбэр газарт хот, тосгон, бусад суурины гудамж талбай гэх мэт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн бус газар байна гэдгийг тодорхойлсон. Нэгдүгээрт нийтийн эдэлбэрийн газар бол төрийн өмчийн газар байна, нийтийн эдэлбэрээр тогтоох шийдвэр гарах үед ийм газар төрийн өмчийн газар байх юм байна. Энэ агуулгаараа 12.2-т иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн бус газар байна гэдгийг мөн тодорхойлсон. Нийтийн эдэлбэрээр тогтоох шийдвэр гарахын өмнө иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн эсэхийг шалган тогтоох ёстой. Иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн байгаа газрыг буюу төрийн өмчийн биш газрыг ямар нэг байдлаар нийтийн эдэлбэрт шууд хамруулах хууль зүйн хувьд боломжгүй байна. Хэрвээ нийтийн эдэлбэрт авсан шийдвэр гарахад төрийн өмчийн газар байх хуулийн шаардлагын хүрээнд газар эзэмшигчийн газар эзэмших эрх, түүнтэй холбоотой бусад эрхүүд дуусгавар болохоор байна. Учир нь нийтийн эдэлбэрийн газраар тогтоогдсон бол энэ нь төрийн өмчийн газар байх хуулийн шаардлагатай учраас үүн дээр газар эзэмших эрх дуусгавар болох үр дагаврыг авч ирж байна. Хэдий нийтийн эдэлбэрт авах замаар газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлд байхгүй боловч бодит байдал дээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох хууль зүйн үр дагавартай шийдвэр гарч байна. Гэтэл нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар яг тус газрын эзэмшигч, эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байсан. Өөрөөр хэлбэл эзэмшигч хэвээр байсан. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг буюу төрийн өмчийн биш газрыг нийтийн эдэлбэрээр тогтоож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хуулиар тогтоосон шаардлагуудыг үндэслэлийг процессын хувьд шууд зөрчсөн шийдвэр гарсан гэж үзэж байна. Ин Т Х Т 2009 оны 114 дүгээр тогтоолын хувьд яагаад илт хууль бус тогтоолын шинжийг агуулаад байна вэ гэвэл нийтийн эдэлбэрээр тогтоосон тогтоол гэж хариуцагч хариу тайлбартаа дурдаад яриад байгаа боловч энэ бол нийтийн эдэлбэрээр тогтоосон шийдвэр биш байгаад байна. 2009 оны үед энэ өөрөө ямар нэгэн хуулийн этгээдийн ч юм уу нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар байгаагүй, төрийн өмчийн газар байсан байна. Гэхдээ энэ дээр хуулиар тодорхойлоогүй, журам үндэслэлийг нь заагаагүй, бусад иргэн хуулийн этгээдийн бусдад эзэмшүүлэхийг хориглох тухай жагсаалт 114 дүгээр тогтоолоор баталсан. 114 дүгээр тогтоолын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 4.1.4 гээд үүнд: захиргааны акт нь хуульд үндэслэх зарчмыг тодорхой заасан. Гэтэл 114 дүгээр тогтоол гарахад 114 дүгээр тогтоолоор тодорхойлсон эзэмшүүлж болохгүй газрын хэмжээ, байршлыг тогтоох гэдэг ойлголт одоо хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжийн хүрээнд байхгүй. Эзэмшүүлж болохгүй газрын хэмжээ, байршил буюу энэ нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийг эзэмшүүлэхийг хориглодог зохицуулалт байдаг. Үүнийг Улсын их хурлаар байршил, хэмжээг тогтоодог. Гэтэл нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэмжээ, байршлыг тогтоогоод энэ газруудыг эзэмшүүлэхгүй гэж шийдвэрлэх эрх НИТХТямар нэгэн хууль тогтоомжоор огт олгогдоогүй. Энэ нь тухайлсан нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа газар эзэмших хүсэлт гаргах сонирхол бүхий этгээдүүд буюу У.Б ХХК-ийн хувьд Газрын тухай хуульд заасан газар эзэмших боломжтой байгаа газрууддаа хүсэлт гаргах, улмаар Монгол улсын иргэн, хуулийн этгээдүүдийн хувьд газар эзэмших, ашиглах, зориулалтын дагуу ашиглах эрхийг нь шууд хязгаарласан. Хязгаарласан шийдвэр гаргахдаа ямар нэгэн хуулийн тодорхой үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан 114 дүгээр тогтоолыг илт хууль бус болох үндэслэлийг бүрдүүлж байгаа юм. Тухайн актыг гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдгээр үүнийг илт хууль бус гэж үзэж байна. Процессын хувьд шийдвэр гаргах ажиллагааны журмыг 114 дүгээр тогтоолын хувьд ямар үндэслэл журмаар, яаж гаргасан нь хувийн хэргийн хүрээнд огт байхгүй. 114 дүгээр тогтоол нь хууль зүйн үндэслэлийн хувьд ч тэр бодит байдал, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааны хүрээнд ч гэсэн яг ямар жагсаалтыг ямар журмаар, ямар үндэслэлээр яаж гаргасан гэдэг нь процессын болон агуулгын хувьд хуульд заасан шаардлагыг огт хангахгүй байгаа. 114 дүгээр тогтоолын хувьд яаж шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн бэ гэвэл 114 дүгээр тогтоол 2019 онд гарсан. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хууль батлагдсанаас хойш гарч байгаа учраас Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмуудыг дагаж мөрдөх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т зааснаар захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах, тайлбар, санал гаргах боломжийг олгоно. Захиргааны ерөнхий хуулийн 46.1-т захиргааны актыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Мэдэгдэх, сонсгох, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах зарчмуудыг маш тодорхой заасан. Эдгээр ажиллагаанууд огт явагдаагүй байдаг. 126 дугаар тогтоолыг нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй. Сүүлд 126 дугаар тогтоолын талаар олж мэдсэний дараа яг энэ тогтоол гарахын өмнө болон гарсны дараа нэхэмжлэгчид 126 дугаар тогтоол буюу өөрийнх нь эзэмшиж байгаа газрыг нийтийн эдэлбэрийн газраар авч байгаа, төрийн өмчид шилжүүлж байгаа гэдгийг ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, оролцоог огт хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах ажиллагаануудыг огт явуулаагүй. Энэ нь ямар баримтаас харагдаж байна вэ гэвэл хавтаст хэргийн 81 дүгээр талд авагдсан баримтын нэгдүгээр хавсралтад бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй 32 байршил гээд судалгааг гаргаад 32 байршил дотор нь нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрыг оруулсан байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн, хэлтэс байгаа. Тэр утгаараа бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй байх хуулийн шаардлагыг ойлгож байсан байгаа. Олгогдоогүй гэдэг танилцуулга дээрээ олгогдоогүй гэж танилцуулагдаад нийтийн эдэлбэрт авах бүрэн боломжтой гэдэг ойлголтыг магадгүй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид буюу шийдвэр гаргасан этгээдүүдэд буруу ташаа ойлголт өгсний үндсэн дээр энэ акт гарсан байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал харагдаж байна. Дээрх үндэслэлүүдээс дүгнээд үзэхэд нийтийн эдэлбэрээр шийдвэр гаргах ажиллагаа, түүнийг эхлүүлсэн үндэслэл нь хуульд заасан тодорхой журмуудыг зөрчиж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үр дагаврыг авч ирсэн. 2019 онд нийтийн эдэлбэрт авах шийдвэр гаргах эрх нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэр тусмаа тэргүүлэгчид огт тусгайлан олгогдсон эрх байхгүй. Ямар үндэслэлийг барьж шийдвэрээ гаргасан бэ гэвэл нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэдэг үндэслэлийг зааж 126 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал буюу хэт ерөнхий эрх олгосон зохицуулалтыг бариад иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой нөлөөлөх буюу шууд эрхийг нь дуусгавар болгох акт гаргахыг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хориглодог. Өөрөөр хэлбэл тодорхой этгээдийн субьектив эрхийг зөрчсөн, хөндсөн, дуусгавар болгосон шийдвэр гарч байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх зарчим, 40.3-т заасан захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн заалтыг тодорхой заана. Өөрөөр хэлбэл субьектив эрхийг дуусгавар болгох эрхийг нь хуулиар тодорхой олгосон байх нь хуулиудын хүрээнд тавигдаж байгаа шаардлага юм. Гэтэл газар эзэмших эрхийг дуусгавар болгох эрх олгосон зохицуулалт байхгүй байхад өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарахгүй байгаа асуудлаар хурлын тэргүүлэгчид тогтоол гаргасан гэж үзэж байна. Үүнээс дөрвөн сар орчмын дараа Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1351 дугаартай захирамж гарсан. Энэ захирамж нэхэмжлэгчийн гэрчилгээний дагуу эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Үүн дээр ямар асуудал үүсч байна вэ гэвэл нэхэмжлэгчийн хувьд 126 дугаар тогтоолоор төрийн өмчид шилжүүлсэн учраас газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болсон гэж хараад байна. Гэтэл дахиад захирамж гаргаад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Логикийн хувьд дуусгавар болсон эрхийг хүчингүй болгосон захирамж гарсан харагдаад байна. Зүй нь магадгүй газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хүчингүй болгоод, төрийн өмчийн газар болсны дараа магадгүй 126-г гаргах байсан уу, процесс, хууль зүйн хувьд холион бантан болсон шийдвэр гаргасан. 1351 дүгээр захирамж нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа учраас өмнө нь манайд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгосон талаар дурдагдсан байгаа учраас нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гээд нэхэмжлэл гаргахаас өөр арга байхгүй. Тус актын хувьд захиргааны актад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 39.1-т заасны дагуу захиргааны актын агуулга нь ойлгомжтой, тодорхой байна. Мөн хуулийн 43-т хуулийн үндэслэл, хуулийн заалт нь тодорхой байна гэж заасан. Гэтэл 1351 дугаар актын үндэслэл хоорондоо зөрчилдөөнтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь хэсгийг баримталсан. Захиргааны байгууллага хууль бус шийдвэрээ хүчингүй болгох. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг баримталсан. Энэ хоёрыг хамтад нь тусгаснаар анхнаасаа хүчингүй буюу хориглосон газарт газар олгоод энэ нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлөөд акт гаргасан уу, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалаад ашиглаагүй гээд акт гаргасан уу гэдэг нь ойлгомжгүй. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 39.1-т заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэгэнт хөндөөд дуусгавар болгож байгаа бол түүнийг хуульд заасан шаардлагын дагуу чиглэсэн этгээддээ агуулга нь ойлгомжтой, тодорхой, яг аль үндэслэлээр гаргаад байгаа вэ гэдэг 40.3-т заасан үндэслэл тодорхой байх ёстой. Үүнээс харахад актын үндэслэл тодорхойгүй харагдаад байна. Мөн энэ тогтоолын хувьд 114 дүгээр тогтоолыг үндэслэсэн байдаг. 114 дүгээр тогтоол буюу олгохыг хориглосон газар олгочихлоо гэдгээр анхнаасаа хууль бус гэж үзээд байна. Үүнээс үзэхэд хуульд заасан шаардлагыг хангахгүй байна, үндэслэл нь ойлгомжтой, тодорхой байх гэсэн хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Нөгөөтэйгүүр энэ актын хувьд гол үндэслэл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоол гэж үндэслэх хэсэгтээ маш тодорхой дурдсан байдаг. 114 дүгээр тогтоолын хувьд илт хууль бус гээд нэхэмжлэл гаргасан. 114 дүгээр тогтоолыг үндэслээд буюу өөрөө илт хууль бус актын шинжтэй байгаа тогтоолыг үндэслээд захиргааны энэ актыг гаргасан нь өөрөө хуульд нийцэхгүй байна. 114 дүгээр тогтоол нь 2009 оны тогтоол байдаг. Нэхэмжлэгчид буюу анх олгогдсон нь Улаанбаатар хотын банкинд 2012 онд энэ газар эзэмших эрхийн гэрчилгээ үүссэн. Гэтэл 2009 оны тогтоол нь яагаад тэр газрын хувьд одоог хүртэл хүчинтэй үйлчлээд байгаа вэ. 2012 оны газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосноор 2009 оны 114 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хасагдсан, хүчингүй болсон гэж ойлгож байна. Хэрвээ тэр олгохыг хориглосон гэсэн шийдвэрээ хэрэгжүүлж барьж байсан юм бол бусад иргэн, хуулийн этгээдэд олгох ёсгүй байсан. Олгогдсоноор 2009 оны 114 дүгээр тогтоолын хууль зүйн үйлчлэлээс гарсан. Өөрөөр хэлбэл 114 дүгээр тогтоол энэ газрын хувьд хамааралгүй болсон. Гэтэл хууль зүйн хувьд наад захын шаардлага хангахгүй 2009 оны тогтоолыг бариад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч газрын ашиглалтыг анх олгосон зориулалт буюу энэ газрын зориулалт нь газар доорхыг ашиглах үндсэн зориулалттай. Ямар нэгэн байдлаар нийтийн ашиг сонирхлыг хөндөх буюу газар дээр байгаа цэцэрлэгт хүрээлэнг буулгах, сүйтгэх асуудал байхгүй. Орчны тохижилтоо буюу гадна талын дээд талын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна. Цэцэрлэгт хүрээлэн хэвээр байна. Гэхдээ газар доор зогсоол буюу нийслэлд тулгарсан нийгэм, эдийн засгийн төвлөрөл гэх мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд яг энэ захирамжийг гаргаж газар олгож байсан болов уу гэж ойлгож байна. Энэ хүрээнд ямар нэгэн байдлаар газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Энэ хүрээнд нэхэмжлэгч өмнө нь Улаанбаатар хотын банк эзэмшиж байх үедээ ч үүн дээр зураг төсөл, төлөвлөлтүүдийг хийгээд тодорхой судалгаа, шинжилгээнүүдийг хийж энэ талаараа ч Нийслэлийн хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн Газрын алба гэх мэт газруудтай харьцаад тайлбар, хүсэлтээ хүргүүлээд явж байсан нь хавтаст хэрэгт харагдаж байна. Хэргийн материалд өгсөн зураг дээр архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт гаргасан, зургаа хавсаргасан. 1351 дүгээр захирамжийн хувьд эерэг нөлөөлөлтэй захиргааны актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т үндэслэснээс үзэхэд энэ захирамжийн дагуу газар олгосон нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж ойлгогдож байна. Энэ тохиолдолд 2012 онд анх олгосон. Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т зааснаар захиргааны актаа 2012 онд анх олгосон газраа буюу олгосон шийдвэрээ хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 онд дуусгавар болсон гэж харж байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид ирүүлж байгаа мэдэгдэл, бусад өгч байгаа тайлбараас үзэхэд энэ газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон хугацаагаа 2012 оноос хойш тооцдог. 2012 оноос хойш гэж тооцвол Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т чиглэсэн этгээддээ эерэг нөлөөлөл үзүүлж байгаа захиргааны актыг гарснаас хойш 5 жилийн дотор хүчингүй болгох боломжтой. Хэрвээ Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр дуусгавар болгож байгаа бол хоёр жил ашиглаагүй гэдэг нөхцөл байдал 2012 оноос хойш 2014 онд үүссэн байх ёстой. 2014 онд энэ нөхцөл байдал үүссэн гэж үзэх юм бол 2014 оноос хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2019 онд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Тус хуулийн 48.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааны зорилго, агуулга ойлгомжтой. Захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд чиглээд эерэг нөлөөлөлтэй акт гаргаад түүний хүрээнд иргэн, хуулийн этгээд уг захиргааны актад итгээд түүн дээр хөрөнгө оруулалт хийгээд газрын төлбөр төлөөд эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа ашиг сонирхлыг хамгаалах зорилготой зохицуулалт юм. Гэтэл 2012 онд олгогдсон шийдвэрээ гэнэт 2019 онд нэг нам, Засаг дарга солигдож гарч ирээд ийм төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гээд явж байна гэсэн үйл баримт хэвээр, өмнөх захиргааны байгууллагуудын үед үйлчилж байсан хууль тогтоомж хэвээр байхад нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл үзүүлсэн актын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар буюу хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Тухайн газарт нэхэмжлэгчийн хувьд Улаанбаатар хотын банкнаас шилжүүлж авахад дуудлага худалдааны анхны үнэ буюу 32.000.000 төгрөг, түүнээс хойш газрын төлбөр гээд нийт 40 гаруй сая төгрөгийг тухайн газар дээр төлсөн. Улаанбаатар хотын банкинд байхад зураг төсөл хийлгээд, У.Б ХХК-д шилжиж ирсний дараа ч гэсэн ерөнхий архитектурын зураг төсөл гаргуулаад тухайн газарт хөрөнгө оруулалт оруулах судалгаа, шинжилгээний ажил хийх дээр газрын хувьд төлбөрийг төлөөд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавруудыг үүсгээд энэ талаараа захиргааны байгууллагатай ойлголцоод харилцаад явж байсан үйл баримтууд байгаа. Хавтас хэрэгт авагдсан төлбөрийн баримт, төлбөр төлсөн мэдээллүүд, зураг төсөл зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн хувьд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байгаа учраас нэхэмжлэгчийн итгэл хамгаалах зарчим хэрэгжих ёстой гэж харж байна. 1351 дугаар захирамж захиргааны байгууллагын хувьд чиглэсэн этгээддээ буюу нэхэмжлэгчийн үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны байгууллагын үйлдэл, үйл ажиллагаанд итгэх итгэл, үйл ажиллагаандаа хамтарч ажиллаж байсан, харилцаж ойлголцож байсан тодорхой баримтуудыг үл харгалзаад эрхийг нь дуусгавар болгосноор зөвхөн хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна нэхэмжлэгчид анхнаасаа үүсгэсэн хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчөөд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохиролд хүрэх үр дагаврыг авч ирж байна. Захиргааны байгууллагын зүгээс хууль бус шийдвэр гаргасан байж болно. Түүнийгээ сүүлд хүчингүй болгож болно. Уг шийдвэр нь хууль бус байсан уу, хууль ёсны байсан уу гэдэг асуудал тусдаа. Тэр агуулга дээр хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэдгээр тайлбарлаад явж байгаа. Зөвхөн процессын хувьд гэхэд 114 дүгээр тогтоол буюу анхнаасаа энэ газарт газар эзэмших эрх олгох боломжгүй байсан юм байна гэдэг үндэслэлийг 2009 оны тогтоолыг буцаан сэргээж авчраад, түүнийг үндэслээд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болгож байгаа нь нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиргааны байгууллагын хувьд Захиргааны ерөнхий хууль, бусад хууль тогтоомжуудаар иргэн, хуулийн этгээдийн өмнө хүлээсэн үүргүүдээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. ... Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоол нь нэгжийн тухай хуулийн 20.1.7 буюу нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэдэг ерөнхий заалтын хүрээнд мөн Газрын тухай хуулийн 20.1.1-т заасан Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх хэмжээний хүрээнд тогтоол гарсан гэдэг нь үндэслэлгүй. Өмнө нь дурдсанчлан хэрвээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тохиолдолд хуулиар тусгайлан эрх олгосон шаардлагатай. 20.1.7 гэсэн хэт ерөнхийлсөн заалтыг өөртөө бүрэн эрхийг тайлбарлаж хэрэглэх замаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан заалт гэж үзэж байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл нийтийн эзэмшлийн газарт авах эрх хэмжээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өөрт нь байхгүй байгааг анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийнхөө тайлбарыг үгүйсгэсэн тайлбар хэлээд байна. Эхлээд энэ 2009 оны тогтоол байгаа учраас нэхэмжлэгч компанид олгосон шийдвэр нь хууль буюу анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгээгүй учраас энэ хүмүүсийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлаад байна. Дараа нь 2012 онд газар эзэмших эрхийг олгосон байна гэж байна. Нэг бол олгосон юм шиг, нэг бол олгоогүй юм шиг хоорондоо зөрүүтэй тайлбар хийж байна. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн ялгаагүй 2012 оноос хойш энэ хүмүүст олгосон гэж тайлбарлаад байгаа нь хариуцагчийн өөрийнх нь тайлбар болоод нөгөө хариуцагчийн тайлбартай зөрөлдөж байна гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 19.1.4-т заасан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг буруу тайлбарлаж буюу хуульд заагаагүй зүйл ярьж байна гэж үзэж байна. 19.1.4-т Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуульд заасан бусад эрх эдэлнэ гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч нь ярихдаа бусад байгууллагад эрх олгоогүй асуудлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргах эрхтэй юм шиг тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн нөгөө талаар барьцаалсныг бүртгэх асуудал дээр тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь тусгайлсан хууль буюу Газрын тухай хуулийн 38.5-д газар эзэмших эрхийг барьцаалсан тохиолдолд тухайн дүүргийн Газрын албанд бүртгүүлэх хуулийн заалттай. Тийм учраас энэ асуудалд нарийвчилсан хуулийн заалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий акт буюу 126, 114 дүгээр тогтоолын хувьд нэхэмжлэгчид чиглээгүй, эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөөгүй гэж маргаад байна. 114 дүгээр тогтоолын хувьд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гээд дүгнэлт хийсэн байдаг. 126 дугаар тогтоол нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэдгийг тайлбарлахдаа 1351 дүгээр захирамжийг гэж яриад байна. 1351 дүгээр захирамж нь 126 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа гарсан. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яг тэр шийдвэр гарсан өдрөөр буюу 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөр 126 дугаар тогтоол гарсан өдрөөр зөрчигдсөн үү, үгүй юу гэдгийг шүүх тогтоож сэргээх ёстой болохоос яг одоо бодит байдал дээр байна уу, үгүй юу гэдэг нь хууль зүйн хувьд маргах асуудал биш. 126 дугаар тогтоолыг гарах үед 1351 дугаар захирамж гараагүй байсан. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь байсан учраас 126 дугаар тогтоол бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн. Өөрөөр хэлбэл хуульд огт байгаагүй үндэслэлээр, Газрын тухай хуулийн 39-д заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үр дагавартай хууль бус акт юм. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн газрыг 2012 онд олгосноос хойш үүн дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, 40.1.6-д заасан үүргээ биелүүлээгүй ирсэн гээд тайлбарлаад байна. 2012 оноос хойш гэж хэрвээ тооцож байгаа бол одоо бараг 8, 9 жил өнгөрч байна. Тухайн захиргааны байгууллагын хувьд өөрийг нь үүрэгжүүлсэн зохицуулалт, хөөн хэлэлцэх хугацаа бол захиргааны байгууллага өөрөө ийм шийдвэр гаргах боломж байгаа бол таван жилийн дотор гарга, үгүй бол нэхэмжлэгчид хэтэрхий их эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсээд үүнийг Захиргааны хэргийн шүүх буюу төрийн зүгээс хамгаалахгүй бол болохгүй гэдэг зохицуулалт нь 48.3. Хэрвээ 2012 оноос хойш энэ нөхцөл үүссэн гэж байгаа бол 2014 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг 40.1.6-д заасны дагуу цуцлах ёстой байсан. Гэтэл бодит байдал дээр хавтаст хэрэгт өгсөн зураг дээр 2013 онд Улаанбаатар хотын банк зураг хийлгээд, түүнийгээ батлуулах гээд зураг нь зураг хийлгэсэн компанийнхаа бүх юмтайгаа байгаа. 2012 оноос хойш Улаанбаатар хотын банк үүн дээр ямар арга хэмжээ авч, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан, ямар үүргээ биелүүлж байсан уу, үгүй юу гэдгийг Улаанбаатар хотын банк үүн дээр хариулах ёстой. 2012 оноос хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хүчингүй болгох боломжгүй актын хувьд ингэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тайлбарт дурдагдаад байсан 114 дүгээр тогтоол, 126 дугаар тогтоол дээр нэгжийн хуулийн зөвхөн 20.1-г үндэслэсэн. Хариуцагчийн хоёр төлөөлөгчийн хувьд гаргасан байгаа актаа нэмж дэлгэрүүлж тайлбарлаж, хууль зүйн үндэслэлийг нь баяжуулах эрх, үүрэг байхгүй гэж ойлгож байна. Нөгөө талаараа хэдий баяжуулъя гэсэн ч яг энэ асуудлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчид хуулиар тусгайлан олгосон эрх огт байхгүй учраас үүн дээр ямар нэгэн хууль зүйн үндэслэл гаргаж ирж, тайлбар, няцаалт хийх боломжгүй гэж харж байна. гэв. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга А/1351 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч нь тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрх, үүрэгтэй. Газар эзэмшигч нь тухайн Асашиорогийн цэцэрлэгт хүрээлэнг эзэмших эрхийг олгосноос хойш тухайн газарт зориулалтын дагуу эзэмших, ашиглах талаар ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа огт хийгээгүй. 2012 оны А/493 дугаар захирамжаар энэ нийтийн эдэлбэрийн талбайг тохижуулах, нөгөө талаас Улаанбаатар банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тухайн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, газар дор зогсоол барих зориулалтаар эзэмшүүлсэн байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ зураг төсөл боловсруулсан, судалгаа шинжилгээний ажил хийсэн гэж байна. Энэ талаар хийсэн ажил байхгүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тийм учраас газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35.1.1 болон 35.3.1, 35.2-т заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй. Иймд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь газар эзэмшигчийн үйл ажиллагаатай холбоотой. Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2- заасныг яагаад үндэслэл болгосон бэ гэвэл Асашиорогийн цэцэрлэгт хүрээлэнг эзэмших эрх олгох үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх томоохон цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эдэлбэрийн газруудын байршил, хэмжээг тогтоогоод бусдад эзэмшүүлж, ашиглуулахыг хориглосон зохицуулалт бүхий шийдвэр гарсан. 2012 онд газар эзэмших эрхийг Улаанбаатар банкинд олгоход Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор бусдад эзэмших, ашиглах эрх олгохыг хориглосон байршилд Асашиорогийн цэцэрлэгт хүрээлэн хамаарч байсан. Тийм учраас Улаанбаатар банкинд эзэмших эрх олгохдоо одоогийн хот байгуулалт хөгжлийн газар буюу тухайн үеийн Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газартай хамтраад Газрын тухай хуулийн 33.1.1-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулахгүйгээр захиргааны байгууллагатай хамтруулаад цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах зориулалтаар газар олгосон байсан. Тэгэхээр энэ нь Газрын тухай хуулийн 12.2 болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор нийтийн эдэлбэр газар гэдэг нь тодорхой, нийтэд илэрхий үйл баримт байгаа. Тэгэхээр ийм захирамж гаргасан нь хууль бус олголт болохыг Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т заасны дагуу хууль бус олголт, гэхдээ газар эзэмшигчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байгаа учраас гаргасан шийдвэрээ Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ нь Газрын тухай хуулийн 40.1.6 болон Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т заасан нөхцөл байдал, үндэслэл бүрдсэн. Үүнийг хэрэглэх хангалттай үндэслэл байсан гэж үзэж байна. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1351 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуульд заасан тавигдах шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Захиргааны байгууллага болон газар эзэмшигчид хуулиар олгогдсон эрх, үүргийн хэрэгжилтийг дүгнэж гаргасан захиргааны акт байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т заасан зүйл заалтын хэрэглээ болж байгаа хууль зүйн үндэслэлийг тайлбарлахтай холбогдуулаад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2009 оны 114 дүгээр тогтоолыг гаргах эрхтэй эсэх асуудал яригдаж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасанчлан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бусад захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх онцгой бүрэн эрхтэй. Уг бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийтийн эдэлбэрийн талбайг тогтоогоод бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон шийдвэр гаргасан нь хуульд нийцэж байгаа. Уг шийдвэрийг гаргах эрхтэй. Учир нь Газрын тухай хуульд нийтийн эдэлбэрийн талбай ийм байна гэж тайлбарласан боловч тийм байгууллага ингэж тогтооно гэсэн тусгайлсан зохицуулалт байхгүй. Нийтийн эдэлбэрийн талбайн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих, тэдгээрийг тохижуулах үндсэн чиг үүрэг захиргааны байгууллагад буюу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэрэгждэг. Тийм учраас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 114 дүгээр тогтоол нь нийтийн эдэлбэрийн газрыг хамгаалахтай холбоотой гарсан шийдвэр нь хууль болон нийтийн ашиг сонирхол нийцэж байна. Нөгөө талаар 2009 оны 114 дүгээр тогтоолыг үндэслээд Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т заасны дагуу нийтийн эдэлбэрийн талбайг тохижуулах үүргээ хэрэгжүүлээгүй, газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны үйл ажиллагаа болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн барьцаатай холбоотой асуудал яригддаг. Нэхэмжлэлийн шаардлагыг үзэхэд бид нар хууль ёсны дагуу барьцаа бүртгүүлсэн байсан гэсэн тайлбар хэлдэг. Газрын албанд Газрын тухай хуулийн дагуу тухайн газрыг зээлийн барьцаанд тавиад барьцааны гэрээ байгуулаад барьцааны гэрээгээ бүртгүүлсэн байгаа боловч тухайн барьцааны гэрээ хууль ёсны хүчин төгөлдөр барьцааны гэрээ гэж үзэхгүй байна. Учир нь энэ барьцааны гэрээг 2018 оны 9 дүгээр сард байгуулсан. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Газрын албанд бүртгүүлэх тухай хүсэлтээ гаргасан байдаг. Газрын алба барьцаанд байна гээд бүртгэл хийсэн байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, холбогдох бусад эрхийн тухай гээд одоогийн Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн өмнө байсан хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохоор байгаа. Тэгэхээр энэ хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Газрын албанд бүртгүүлснээ улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Улсын бүртгэлийн тухай хуулиараа бүртгүүлж хүчин төгөлдөр болох хуулийн заалт байгаа. Тийм учраас үүний дагуу бүртгүүлсэн бүртгэл байхгүй байгаа учраас эрх ашиг хөндөгдөж байна, бүртгүүлсэн гэж тайлбарлах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбараа гаргаж байна. 2019 оны 126 дугаар тогтоолын хувьд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1-т заасны дагуу нийслэлийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгч нар асуудал хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх эрхтэй байдаг. Үүний дагуу Засаг дарга 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1/2885 дугаартай албан бичгээр нийтийн эдэлбэр газраар тогтоох тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Тухайн тогтоолын төслийг тэргүүлэгчид 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хуралдаад тус хуульд заасны дагуу олонхоороо дэмжсэн тул нийтийн эдэлбэр газрыг тогтоох тухай 126 дугаар тогтоол батлагдсан. Тогтоолын хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.7-д заасны дагуу хуулиар бусад этгээдэд олгогдоогүй асуудлыг хурлын тэргүүлэгчид хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж шийдвэр гаргах эрхтэй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 20.1.1-т Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах эрхтэй. Газрын тухай хуулийн 30.1.2-т заасны дагуу тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг Засаг дарга бусдад эзэмшүүлж болохоор заасан байдаг. Энэ утгаараа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нийтийн эдэлбэр газраар тогтоож, бусдад эзэмшүүлж болохгүй газрын байршлыг тогтоох эрхтэй байна гэж дүгнэж байна. 126 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийх хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1351 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч тухайн маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандана гэсэнтэй нийцэхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий 126 дугаар тогтоол хөндөөгүй байна. Мөн хуулиар эрх олгогдсон байна. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тэргүүлэгчид нийтийн эдэлбэр газраар тогтоож, бусдын эзэмшилд ашиглуулж болохгүй газрын байршлыг зааж өгсөн байдаг. 114 дүгээр тогтоолын хавсралтын 8-д заасан газар нь НАХяамны ард талын Асашиоругийн цэцэрлэгт хүрээлэн гэж тусгагдсан байгаа нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай давхацсан байдаг юм байна. Тухайн актыг гаргахад Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6-д заасан нөхцөл байдал үүссэн учраас энэ нь илт хууль бус акт гэж нэхэмжлэгч тайлбарладаг. 126 дугаар тогтоолыг батлан гаргах эрхтэй юм байна гэсэнтэй мөн адилхан Тэргүүлэгчид 114 дүгээр тогтоолыг батлан гаргах эрх хуулиар олгогдсон байдаг. Нэхэмжлэгч 2012 онд анх Улаанбаатар хотын банк, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт газар эзэмших эрхийг олж авсан байдаг. Түүнээс хойш газар эзэмших эрх нэхэмжлэгчид шилжсэн байдаг. Түүний дараа 1351 дугаар захирамжаар Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ийм учраас 2009 оны 114 дүгээр тогтоолоор батлан гаргасан байршил буюу нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй болохоос 3 жилийн өмнө гарсан тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн, яаж хөндөөд байгаа нь ойлгомжгүй, тухайн тогтоол нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хоёр нь логикоор холбогдохгүй байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй болохоос өмнө төрийн эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоож, бусдад эзэмшүүлж болохгүйгээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гурван захиргааны актад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь дэмжиж байна. Худалдаа хөгжлийн банк энэ хэрэгт ямар учраас, ямар үндэслэлээр оролцож байгаа вэ гэдэг хуулийн үндэслэлээ тайлбарлая. Худалдаа хөгжлийн банк нь хуучны Улаанбаатар хотын банк, У.Б ХХК-ийн гаргасан 2017 оны зээл авах хүсэлтийн дагуу зээлийг судалж, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 3 сая ам долларын зээл олгоод талууд түүнээс хойш хүсэл, зоригоо илэрхийлж 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, одоогоор зээлийн гэрээ нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болохоор талууд харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээг байгуулж, зээл аваад тухайн зээлийг банк мэдээж өөрийн эрсдэл, тухайн зээлтэй тэнцэхүйц барьцаа хөрөнгийг барьцаалдаг. Үүний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр барьцааны гэрээг байгуулж, маргаан бүхий газрыг барьцаалсан байдаг. Одоо нийт зээлийн үлдэгдэл 7.991.910.854 төгрөг байгаа. Худалдаа хөгжлийн банк аливаа зээл олгохдоо өөрийн эрсдэл, мөн тухайн зээлтэй тэнцэхүйц барьцаа хөрөнгийг барьцаалсны үндсэн дээр зээлээ олгоно. Тухайн газрыг анх барьцаалахдаа тухайн газар маань холбогдох хууль тогтоомжид нийцэж байна уу, тухайн зээлтэй тэнцэх хэмжээний үнэлгээтэй байж чадах уу гээд бүх талаас нь зээлийн судалгааг хийж энэ талаар тайлан гаргадаг. Үүний үндсэн дээр холбогдох зээлийн хороонд шийдвэрлүүлж зээлийг олгодог. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1351 дугаартай захирамж гараад одоогийн маргаан бүхий газрыг хүчингүй болгосон. Энэ маргаан бүхий газрыг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу холбогдох барьцаалсан болон тухайн эзэмшигч этгээдэд мэдэгдэх үүрэгтэй. Хавтаст хэрэгт байгаа баримтуудаас үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр У.Б ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр газар эзэмших эрхийг чинь хүчингүй болгож байна гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Гэтэл Худалдаа хөгжлийн банкинд Захиргааны ерөнхий хуулийн 43.1-т заасан, мөн Газрын тухай хуулийн 40.2-т заасан үндэслэлийн дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан. Мөн энэ захиргааны актыг гаргахаас өмнө Худалдаа хөгжлийн банк нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдээс тайлбар авах үүргээ биелүүлээгүй. Хэрвээ биелүүлсэн байх юм бол Худалдаа хөгжлийн банк тухайн барьцаа хөрөнгийг өөрчлөх, эсвэл зээлийг зогсоох арга хэмжээг хууль болон зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр авах боломжтой байдаг. Гэтэл ингэж мэдэгдээгүй, энэ захиргааны актыг У.Б ХХК нэхэмжлэл гаргаад явсан учраас Худалдаа хөгжлийн банкнаас ч гэсэн гуравдагч этгээдээр оролцож маргааныг эцэслэн шийдвэрлүүлье гэж явж байгаа. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоол нь Газрын тухай хууль болон Газрын тухай хуулийн 12.2-т заасан нийтийн эдэлбэр газраар тогтоогоогүй У.Б ХХК-ийн эзэмшиж байсан газрыг хууль бус шийдвэрийн үндсэн дээр нийтийн эдэлбэр газар болгосон байгаа юм. Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох сонсох ажиллагаа, оролцогчдод тайлбар гаргах боломжийг олгоогүй. 2009 оны тогтоол нь мөн адил Захиргааны ерөнхий хуулийн 45.1.3, 45.1.6-д заасан үндэслэлүүд байгаа гэж үзэж байна. Тийм учраас үүнийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Одоогийн Газрын тухай хуулийн 35.3-т улсын бүртгэлд бүртгүүлэх тухай заасан. Мөн газар эзэмших, ашиглуулах тухай журам байгаа. Энэ журамд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тухайн гэрчилгээг бүртгүүлэх шаардлагатай. Тэгэхээр үүн дээр үл хөдлөх хөрөнгө биш, газар эзэмших гэрчилгээ байгаа учраас түүнийг холбогдох газрын албанд бүртгүүлсэн нь үндэслэлтэй гэж гуравдагч этгээдийн зүгээс тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. ...Энэ газрыг анх барьцаалахдаа Худалдаа хөгжлийн банк мэдээж зориулалтыг судална. Орчны тохижилттой олон давхар бүхий газар доор гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгээр ашиглах зориулалтаар авсан. Энэ нь анхнаасаа Улаанбаатар хотын банкинд байсан зориулалт байсан. Орчны тохижилт буюу тодорхой цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглаж явж байсан. Мэдээж ирээдүйд ч гэсэн тодорхой хөрөнгө оруулалт хийж газар доор гаражийн зориулалтаар ашиглах боломжтой гэдэг итгэл дээр үндэслэж Худалдаа хөгжлийн банк барьцаалсан байдаг. Хариуцагчийн тайлбарлаж байгаа тайлбарт Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль гарахаас өмнө бүртгүүлсэн бүх газрын газар эзэмшихээ барьцаалсан барьцааны бүртгэл хүчин төгөлдөр бус юм шиг ярьж байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28-д ч гэсэн тодорхой заасан. Үүнд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлийг хийнэ гэсэн. Өөрөөр хэлбэл үүнд барьцаалах тухай асуудлыг зохицуулаагүй. Газрын тухай хуулийн 38.5, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам байгаа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас баталсан 2008 оны 83 дугаар тушаал байдаг. Үүний 8 дугаар зүйлд тодорхой байгаа. Тэгэхээр энэ нь хууль ёсны дагуу бүртгэгдсэн барьцаа байна гэж үзэх боломжтой. Гэрчилгээн дээр бүртгэл нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэл нь хийгдсэн байдаг. гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч У.Б ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1351 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолын НАХЯ-ын урд талын Асашорюү цэцэрлэгт хүрээлэнд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. У.Б ББСБ ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хүчингүй болгосноор үйл ажиллагааны чиглэл нь өөрчлөгдөн У.Б ХХК болсон. У.Б ХХК болон Улаанбаатар хотын банк хооронд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулж маргаан бүхий газрыг барьцаалсан. 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын банк ХХК-ийг Худалдаа хөгжлийн банк ХХК-тай нэгтгэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Нэхэмжлэгч нь ...газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхийн тулд хүчин төгөлдөр хууль ёсны шийдвэрийн үндсэн дээр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана. Гэтэл Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон шийдвэрийг олгосон үеэсээ хууль зөрчсөн, хүчингүй акт гэж үзсэн. Иймд маргаан бүхий акт нь логик зөрчилтэй, хамтатган хэрэглэх боломжгүй эсрэг тэсрэг үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн хууль бус акт гэж маргажээ. Хариуцагч нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал ...Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нийтийн эдэлбэр газраар тогтоож, бусдад эзэмшүүлж болохгүй газрын байршлыг тогтоох эрхтэй байна. ... нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй болохоос өмнө төрийн эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоож, бусдад эзэмшүүлж болохгүйгээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхгүй байна. гэж, Хариуцагч нийслэлийн Засаг дарга захирамжийн үндэслэлээ Газар эзэмшигч нь А цэцэрлэгт хүрээлэнг эзэмших эрхийг олгосноос хойш тухайн газарт зориулалтын дагуу эзэмших, ашиглах талаар ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа хийгээгүй. ... Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т заасныг үндэслэл болгосон шалтгаан нь газар эзэмших эрх олгох үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх томоохон цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эдэлбэрийн газруудын байршил, хэмжээг тогтоогоод бусдад эзэмшүүлж, ашиглуулахыг хориглосон зохицуулалт бүхий шийдвэр гарсан. гэж тус тус маргажээ. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Нэхэмжлэгчийн гурван захиргааны актад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь дэмжиж байна. Худалдаа хөгжлийн банк нь хуучны Улаанбаатар хотын банк, У.Б ХХК-ийн гаргасан 2017 оны зээл авах хүсэлтийн дагуу зээлийг судалж, зээл олгоод талууд түүнээс хойш хүсэл, зоригоо илэрхийлж нэмэлт гэрээ байгуулж, одоогоор зээлийн гэрээ нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болохоор байна. Энэ зээлийн гэрээг байгуулж, зээл аваад тухайн зээлийг банк мэдээж өөрийн эрсдэл, тухайн зээлтэй тэнцэхүйц барьцаа хөрөнгийг барьцаалдаг. Үүний дагуу барьцааны гэрээг байгуулж, маргаан бүхий газрыг барьцаалсан байдаг. гэж тайлбарладаг. Дээрх үйл баримтууд, хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар шийдвэрлэлээ. 1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1351 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар[1] захирамжаар Улаанбаатар хотын банк ХХК-д маргаан бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 151/0076 дугаар бүхий 2400 м.кв газрыг Орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж[2], 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр[3] Улаанбаатар хотын банк ХХК-иас У.Б ББСБ ХХК-д шилжүүлэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/464[4] дүгээр захирамжаар уг газрыг У.Б ББСБ ХХК-д 15 жилийн хугацаатай Орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн[5] байна. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1351[6] дугаар захирамжаар Тагнуулын ерөнхий газрын урд байрлах нийтийн эдэлбэрийн А нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн бүхий газрыг эзэмшүүлэхдээ захиргааны байгууллага хориглосон газарт газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, түүнчлэн газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь тухайн газарт орчны тохижилттой газар доорх олон давхар гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл хэрэгжүүлэхээр зураг төсөл гаргаж байгаа гэж тайлбарласан хэдий ч одоог хүртэл орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын эскиз зураг төсөл батлуулаагүй, тухайн газарт ямарваа тохижилт, хөрөнгө оруулалт хийгээгүй, үйл ажиллагаа явуулаагүй байх тул зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг газар эзэмших эрхийг хадгалах хуулиар тогтоосон нөхцөл, болзлыг газар эзэмшигч биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгоно гэж, заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй. Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1351 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр[7] тогтоолоор нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбай, ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоож, үүнд маргаанд хамаарах НАХЯ-ны урд талын Асашорюү цэцэрлэгт хүрээлэн бүхий 0.26 га газар багтжээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрээр тогтоосон солбицол бүхий газруудыг хамгаалах, тохижуулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсний дагуу нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/344[8] дүгээр захирамжаар нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид маргаан бүхий газар болох Асашорюү цэцэрлэгт хүрээлэнгийн 2784.66 м.кв талбай бүхэлдээ багтжээ. Нийслэлийн Засаг даргаас 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/2885[9] дугаар албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэрийн газрын байршил хэмжээг тогтоох асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьж, тогтоолын төсөл, тогтоолын төсөлд санал авсан хуудас, Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоолын төслийн буюу хэлэлцэх асуудлын танилцуулгыг хүргүүлжээ. Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан тогтоолын төслийн энэхүү танилцуулгад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор 54 байршлын 25104.64 га газар, 2010 оны 180 дугаар тогтоолоор 32 байршлын 34.8 га газар нийт 86 байршилд эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглосон байхад, тогтоолууд хэрэгжээгүй, хяналт сул байснаас зарим байршилд тухайлбал, Чингэлтэй дүүрэгт НАХЯ-ны урд талын 2400 метр квадрат талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/464 тоот захирамжаар У.Б ХХК-д эзэмшүүлсэн талаар дурджээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 126 дугаар тогтоолоор нийтийн эзэмшлийн амралт зугаалга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Жуулчны гудамж, Тагнуулын Ерөнхий газрын урд талын А цэцэрлэгт хүрээлэн бүхий талбайг нийтийн эдэлбэрээр тогтоож талбайн солбицлыг баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д заасан Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2-т заасантай нийцэж байна. Тодруулбал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбайг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоосон, үүнд Чингэлтэй дүүрэгт тодорхой байршлууд тогтоосны нэг нь 1 дүгээр хороо, Тагнуулын ерөнхий газрын урд талын Асашорюү цэцэрлэгт хүрээлэн бүхий 2784 м.кв газар хамаарчээ. Хэдийгээр уг шийдвэрт нийтийн эзэмшилд тогтоосон газрыг солбицлоор заагаагүй ч байршлыг Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Тагнуулын Ерөнхий газрын урд талын А цэцэрлэгт хүрээлэн бүхий 2784 м.кв хэмээн тодорхой заасан нь нийтэд илэрхий үйл баримт болно. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор болон 2019 оны 126 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тагнуулын Ерөнхий газрын урд талын А цэцэрлэгт хүрээлэн бүхий талбайг нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэр газраар тогтоосон нь хуульд нийцсэн тул уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолын НАХЯ-ын урд талын Асашёорүю цэцэрлэгт хүрээлэн-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасан нөхцөл байдал үүссэн учраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоол нь энэ нь илт хууль бус акт гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.3-т Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж тус тус заажээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тодорхойлж өгсөн бөгөөд мөн зүйлийн 20.1.7-д Хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.2-т Хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар, 12 дугаар зүйлийн 12.2-т Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна, гэж заажээ. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлыг шийдвэрлэсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан шинжийг агуулаагүй тул илт хууль бусад тооцох боломжгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч У.Б ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, НИТХТхолбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1351 дугаартай захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолын НАХЯ-ын урд талын Асашёорүю цэцэрлэгт хүрээлэнд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий У.Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3-т заасныг тус тус баримтлан У.Б ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, НИТХТхолбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1351 дугаартай захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолын НАХЯ-ын урд талын Асашорюү цэцэрлэгт хүрээлэнд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий У.Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
|