Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2657

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02657                               Улаанбаатар хот

                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” УТҮГ

Хариуцагч: “И” ТТБ нарт холбогдох,

Засварын зардалд 26,800,000 /хорин зургаан сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагч “Б” УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч М.Ариунболд, хариуцагч “И” ТТБ-ын төлөөлөгч Ц.П, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.П нь Нийслэлийн бодлогоор Монголын уламжлалт ёс заншил, соёл, сургалт сурталчилгааны Богд хаан-2 төв байгуулж Монголын түүхэн дурсгалт байшин, соёлын биет өвийн нэг болох Богд хааны номын өрөөний 178 м2 байшинг сэргээн засварлах ажлын хүрээнд та өөрийн хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгэж өгөөч, Нийслэлийн төсөв зардлыг нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дээрх байшинг сэргээн засварлах бодлого баримталж байгаа гэсэн хүсэлт гаргасан. Тухайн үед Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.П нь Монголын Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх И гэх ТББ байгуулчихсан, өөрөө тэргүүнээр нь ажилладаг байсан, НЗД-ын 2008 оны 9 сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжаар 664 м2 газрыг Түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар эзэмшдэг, 2008 оны 11 сарын 14-ний өдөр Нийслэлийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан ба Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтыг хариуцах зорилгоор өмчлөгчийг төлөөлж Нийслэлийн өмчийн харилцааны газар, хамгаалагчийг төлөөлж Монголын Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх И ТББ-ын хооронд түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Миний бие соёлын ажилтны хувьд Соёлын тухай хуулийн 5.1, 5.4-т заасан соёлын талаархи иргэний үүргээ биелүүлэх зорилгоор Ц.Птэй ямар нэг гэрээг бичгээр хийлгүйгээр итгэлцлийн үндсэн дээр түүний хүсэлтийг хүлээн авч, тус байгууламжийн гаднах болон доторх хэсгийн засварыг хийж гүйцэтгэн засварын зардалд нийт 26,800,000 төгрөг зарцуулсан. Энэхүү засварын зардлыг үнэн зөв, бодит үндэслэлтэй болохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, прокурорын газарт Ц.П нь шалгагдаж байх үед Хөрөнгө Эстимэйт ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоосон. Дээрх засварын зардал 2010-2012 онд эргэн төлөгдөх байсан хэдий ч тухайн цаг үед тодорхойгүй шалтгааны улмаас шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд миний бие холбогдох зардлаа эгүүлэн авах тухай хүсэлтээ тухайн үеийн Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зэрэг тодорхой албан тушаалтнуудад гаргаж байсан. НЗДТГ-ын зүгээс хууль, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсний дагуу Ц.Пд холбогдуулж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 1 сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Засгийн газрын 2015.10.19-ний өдрийн 408 дугаар тогтоолоор Богдын зуны ордон, мужааны байрыг Удирдлагын академийн үндсэн хөрөнгийн блансанд  бүртгэлтэй байсныг БСШУЯ-д, 2016.11.23-ны өдөр Богдын зуны ордон, Богдын торгон цэргийн байр, Дондогдуламын сэрүүн лавринг Удирдлагын академийн блансаас Бд шилжүүлсэн. Иймд одоогийн Бн өмчид бүртгэлтэй Богд хааны номын өргөөг сэргээн засварлахад миний өөрийн хөрөнгөөр зарцуулсан 26,800,000 төгрөгийг Иргэний хуулийн 496.2-т зааснаар “Б” УТҮГ, Иргэний хуулийн 343.1-д зааснаар “И” ТББ-ын аль хариуцах этгээдээс нь гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Б” УТҮГ-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт орших Богд хааны торгон цэргийн байр нь 2010 онд буюу иргэн Б.Мийн засвар хийх үед Удирдлагын академийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн өмчийн барилга байсан. Тухайн үед мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар төрийн байгууллага нь өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах үүрэгтэй. 2010 онд Удирдлагын академийн зүгээс өөрийн балансанд бүртгэлтэй барилгад өөр хуулийн этгээд засвар үйлчилгээ хийх үед нь дээрх хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл Удирдлагын академи буюу үндсэн эзэмшигч эс бөгөөс Төрийн өмчийн хорооноос ямар нэгэн үүрэг даалгавар авалгүй, эрх үүргийн харилцаа үүсгэлгүйгээр Ц.П нь дур мэдэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан ба албан тушаалаа ашиглан шийдвэр гаргаснаар Б.Мийг хохироосон байна. Удирдлагын академийн өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй түүхэн барилгуудад хайхрамжгүй хандсанаас орхигдож бусдын дураараа авирласан үйлдэл хийх нөхцлийг бүрдүүлсэн. Аливаа түүхэн дурсгалт барилга байшинг Соёлын өвд бүртгэхдээ түүний түүх, соёл шинжлэх ухааны ач холбогдлыг нь харгалзан үздэг. Засварын ажлыг сэргээн засварлах зураг төсөвгүй хийсэн нь тухайн үед мөрдөж байсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 21.2-т заасан “Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төсөл, төсвийн дагуу гэрээгээр гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн байна. Богд хааны торгон цэргийн байр нь ЗГ-ын 2016 оны 157 дугаар тогтоолоор Бд балансаас балансад шилжсэн. Нэхэмжлэлд дурдагдаж байгаа үйл явдал энэ шийдвэрээс цаг хугацааны хувьд өмнө болсон бөгөөд Б.Мтэй энэ барилгын асуудлаар ямар нэгэн эрх үүрэг байхгүй, гэрээ хэлцэл байгуулж үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайн үеийн эзэмшигч байсан, хэлцэл хийсэн этгээд хариуцах ёстой гэв. 

 

Хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2005-2013 оны хооронд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргаар ажилласан бөгөөд 2002 онд ардын урлагаа, уламжлалт өв соёлоо хадгалж хамгаалах “Икэл” ТББ-ыг зорилго нэгт нөхдүүдтэйгээ байгуулж, төрийн соёлын бодлогыг хэрэгжүүлж, 2007 оноос ажиллаж байсан тус ТББ-ын гүйцэтгэх захирлуудын идэвхитэй зүтгэл санаачилгаар Удирдлагын Академийн балансад бүртгэлтэй төрийн өмч болох Богд хааны сэрүүн ордон, Номын өргөөг устаж үгүй болох аюулаас хамгаалж авч үлдэх үүднээс тухайн үед тэнд амьдарч байсан айлуудад газар, гэр, хашаа барьж өгөх зэргээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж, НИТХ-ын 2007 оны 197 дугаар тогтоолоор албан ёсны хамгаалагч байгууллага болж өнөөдрийг хүртэл хамгаалж ирсэн. Энэ үед төрөөс соёлын өвийг хамгаалах хөрөнгө, мөнгө хомс, манай газар 5 мэргэжилтэнтэй нийслэлийн соёлын салбарыг бүрэн хариуцдаг тул хүн хүч дутмаг байсан үед төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийн хүрээнд ТББ-ын хүчийг ашиглан МУ-ын ЗГ-ын 2008 оны 175 дугаар тогтоол, НЗД-ын 2008 оны 148, 357, 464 тоот захирамжууд гаргуулан кадастр хийлгэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулж хамгаалалтын бүс тогтоолгон хашаа барьж манаачтай болгон, устаж үрэгдэх аюулаас хуулийн дагуу бүрэн хамгаалж чадсан юм. Энэ үед манай газрын харъяа байгууллага Хан-Уул дүүргийн Соёлын ордны захирлаар томилогдсон Б.М дээрхи объектыг сонирхон Ардын урлагийн сургалт судалгааны төв болгон сэргээн засах, төрийн соёлын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмтэй, хүүхэд залуучуудад соёл ёс заншлаа дээдлэн суралцдаг газар болгох гэж байгааг мэдээд 2009-2010 онд тэрээр, хөрөнгө оруулж засаад үйл ажиллагаанаасаа оруулсан хөрөнгөө эхний ээлжинд гаргаж авах саналыг удаа дараа тавьсан. Энэ үед дээрхи байшинд Удирдлагын академи мужаан цехээ ажиллуулж байгаад айлууд тойруулж газрыг нь авч гишгэх газаргүй шахам болж ажиллахаа байсан, гудамжны хүмүүс орж гал түлж амьдарч хүнд байдалд байсан. Ингээд Б.Мийн тавьсан саналыг дэмжиж, зураг төсөв хийлгэж холбогдох байгууллагаар батлуулах, санхүүгийн хяналт дор хөрөнгө оруулж засварлаж болох талаар санал солилцож байх хооронд шууд дур мэдэж засвар эхэлсэн байсан. Энэ үед миний бие соёлын өв хариуцсан мэргэжилтэн М.Отгончимэгийг явуулж газар дээр нь шалгуулж зураг авахуулан баримтжуулж ажлыг нь зогсоох оролдлого хийсэн ч тойроод айлын хаусууд шахаж барьсан, тоос шороо бужигнасан, барилгын материалууд буулгасан нөхцөл хүнд байсан тул Б.Мийг дуудан ажил дураараа эхэлснийг нь хэлж зэмлэсэн ч би зургаа хийлгэж байгаа гэхээс өөр үг хэлж чадахгүй дүлэгнэж байгаад явсан. Хаврын улирал, шороо тоос, орчны нөхцөл байдал хүнд байсан тул оруулсан хөрөнгийг нь аудит хийлгэж тогтоохоос өөр аргагүй байдалд хүрч ажил үргэлжилсээр тухайн байшингийн ханыг хөнгөн блокоор өрж, шалыг цутгаснаар ажил зогссон. Ингээд 2011-2013 онд Б.М дулаан бохирын асуудлыг шийдүүлэхээр судалж байна, хөөцөлдөж байна, айлуудтай тохиролцож байна гэсээр цаг хугацааг өнгөрөөсөн ба 2013 оны 10-11 сард би БНХАУ-д эмчлүүлж байгаад ирэхэд зогсоо зайгүй мессеж бичиж, одоо дулаан бохирын асуудлыг шийдэх гэж байна, оршин суугчид шугам хоолойг янзлахад 1 тэрбум төгрөг нэхэж байна, яаралтай уулзмаар байна гэснээр миний бие номын өргөөний хажуу байрныхан болон Нийслэлийн дулааны газрын хүмүүстэй хамтран уулзсан. Тэгэхэд байрны оршин суугчид М гэдэг хүн үлгэр шиг юм яриад алга болсон, бид мөнгө нэхээгүй, манай байрны худаг руу бохироо хаяж болно гэсэн, дулааны байгууллагынхан ч 15 саяд бүх ажил багтана гэсэн, гадаа хүйтэрлээ хавар дулаан орохоор хийлгэнэ гээд Б.М тэр хүмүүстэй үлдсэн. Үүнээс хойш 2014 онд би Хөх хотод эмчилгээнд яваад ирэхэд Б.М хаягдсан байсан соёлын өвийг хөрөнгө оруулж зассан, Нийслэлийн музейд өгч оруулсан хөрөнгөө авна гэж Нийслэлийн 375 жилийн ой угтсан төлөвлөгөөнд тусгуулсан байсан. Бид ойн комисст ТББ-д албан тоот хүргүүлж Б.М засвар хийсэн ч хэдэн төгрөг оруулсныг нь мэдэхгүй, хууль ёсны хамгаалагч байгууллага нь “Икэл” ТББ байгаа гээд НИТХ-ын тогтоол, НЗД-ын захирамж зэрэг хууль ёсны бичиг баримтыг хавсарган төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлж болохгүй тухай мэдэгдсэн. Хот ч хууль бус үйлдэл байна гээд Б.Мт албан ёсоор мэдэгдэж дээрхи хууль бус үйлдэл зогссон. Үүнээс хойш М нь ССАЖ-ын сайдад хүсэлт гаргахдаа НСУГ-ын дарга Ц.П нь Нийслэлийн бодлогоор Богдхаан-1, Богдхаан-2 төв байгуулна, нийслэлээс эргэн төлөх нөхцөлтэй засвар хийлгэсэн гэх мэтээр хүмүүсийг төөрөгдүүлэх, намайг гүтгэх үйл ажиллагаа эхэлсэн. М нь удирдах ажил хийж байгаа хүний хувьд нийслэлийн бодлогоор болон эргэн төлөгдөх санхүүжүүлэх бүх ажил НЗД-ын нийгэм эдийн засгийн зорилт болон хэвлэгдэж нийслэлийн харъяа байгууллагуудад ном болон хэвлэгдэн тараагддагийг мэдэх юм. Энэ явуургүй үйл ажиллагаа нь үргэлжилж байх хооронд ССАЖЯам татан буугдаж соёлын өвтэй холбоотой цогц асуудлыг шийдэх сайдын тушаалаар байгуулагдсан комисс БСШУЯам дээр байгуулагдаж би болон М комиссын хуралд тайлбар өгсөн. Энэ үед Мийг төрийн өмчид зөвшөөрөлгүй засвар хийсэн нь хууль бус үйл ажиллагаа болсон гэж яригдсанаас хойш 2015 оны 5 сарын 04-ны өдөр ХУД-ийн ЦХ-т өргөдөл гаргаж, өгсөн байцаалтдаа дээрхи байшинг Ц.П өмчилж авсан, хувийн өмчдөө хууран мэхэлж хөрөнгө оруулуулсан, 2010 онд засвар хийж дууссан гэх зэргээр урдны гүжир гүтгэлгүүдээ улам лавшруулж миний нэр төрд бүдүүлгээр халдаж эхэлсэн. Намайг 2010 оноос хойш хууран мэхэлж мөнгө өгөхгүй байна гэж байгаа ч 2010-2013 онд мөн л хууль зөрчин засварын ажлаа үргэлжлүүлсээр байсан нь баримтаар нотлогдож байна. Мөн хувийн өмчилсөн газар, хувийн өмчдөө хөрөнгө оруулсан гэж гүтгэсэн нь тухайн үед ч төрийн өмчид байсан, одоо ч байсаар байгаа, дээрхи өвийг устаж үгүй болохоос баттай хамгаалсан нь төр засгийн шийдвэрүүдээр бүрэн батлагдана. Дээрхи номын өргөө нь 2015 оны 10 сарын 19-ны өдрийн 408 тоот тогтоолоор Удирдлагын академийн балансаас БСШУЯамны баланст шилжсэн нь Соёлын өвийн хэлтсийн даргын 2015.11.11-ны 10/10719 албан тоот, МУ-ын ЗГ-ын 408 тогтоолоор батлагдаж байна. М дээрхи асуудлыг хариуцан хамгаалагч байгууллагатай хамтран зохих байгууллагад албан ёсоор тавьсан бол аль хэдийн шийдэгдэх байсан. Гэтэл 2014 оноос эхлэн Нийслэл, ССАЖЯам, БСШУЯамны холбогдох хүмүүст буруу ойлголт өгч хууран мэхлэх замаар төрөөс хөрөнгө гаргуулж авах гэсэн зальт үйлдэл нь одоог хүртэл үргэлжилж миний нэр төрийг нийслэл, салбарын яам, харъяа байгууллага хамт олны дунд санаатайгаар гутааж, улмаар намайг эрүүгийн хүнд гэмт хэрэгт санаатайгаар гүтгэж миний нэр төр, эрүүл мэнд, цаг завыг олон жилийн турш сэвтээж байгаад гомдолтой байна. Бид БСШУЯ-д болсон ажлын хэсгийн хурал дээр М тухайн үедээ зөвшөөрөл аваагүй ч соёлын өвийг сэргээж зассан тул оруулсан хөрөнгийг нь олгож өгөх тухай санал хэлж байсан. Энэ хагас дутуу зассан байшингаа хамгаалагч болон эзэмшигч байгууллагад хүлээлгэж өгдөг ч үгүй, хэр хэмжээний мөнгө төгрөг орсноо тогтоолгохгүй яваад байгаа нь бас л нэг эргэлзээ төрүүлж байна. Бид мөрдөн байцаалтын шатанд санал тавьж аудит хийлгэсэн. Тус номын өргөөг соёлын өв болохынх нь хувьд “И ТББ” нь хуулийн дагуу ИТХ-ын шийдвэр гаргуулж хамгаалалтын жагсаалтад оруулах, кадастрын зураг хийлгэх ЗД-ын захирамж гаргуулж хамгаалалтын бүс тогтоолгох, газар эзэмших захирамж гаргуулах зэргээр эрх зүйн бүх баримтуудыг Мийн нэхэмжлэл болгосон хавтаст хэрэгт эх хувиас нь баталгаажуулан хавсаргасан нь Мийн хувийн өмч гэх мэтээр мэдүүлэг болгондоо янз бүрээр гүтгэснийг үгүйсгэсэн юм. 2016 онд шат шатны прокурорын тогтоол гарч намайг болон “Икэл" сан ТББ-ыг холбогдолгүй болохыг тогтоож, иргэний журмаар бусад байгууллагад хандах тухай шийдвэр гарсан. Иргэний хуулийн 343.1-д хийсэн ажлын үр дүнг хүлээн авах гэж байна. Гэтэл би хүлээн авах үүрэггүй, одоо Бд шилжсэн тул эднийх хариуцахаас манайх хариуцахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.М нь “Б” УТҮГ, Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ нарт холбогдуулан засварын ажлын зардалд гаргасан 26,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийслэлийн соёл урлагийн газрын дарга, Сангийн тэргүүн Ц.Пгийн хүсэлтээр засварын ажлыг хийсэн, одоо уг ордон “Б” УТҮГ-ын балансад шилжсэн тул аль хариуцах этгээдээс нь засварын зардлаа гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч “Икел сан” ТББ нь ажлын үр дүнг хүлээн авах үүрэггүй, одоо Бд шилжсэн тул манайх хариуцахгүй гэж, “Б” УТҮГ нь манай балансад шилжсэн байгаа ч үйл явдал энэ шийдвэрээс цаг хугацааны хувьд өмнө болсон, Б.Мтэй гэрээ хэлцэл байгуулаагүй, үүрэг хүлээгээгүй, хэлцэл хийсэн этгээд хариуцах ёстой гэж маргаж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Богд хааны зуны ордны зарим барилгыг Нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалд хамруулсан ба уг үл хөдлөх хөрөнгөөс “Номын өргөө”-г газрын хамт Нийслэлийн Засаг даргын захирамжаар Монголын ардын урлагийг хөгжүүлэх “И” ТББ-д эзэмшүүлж, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаар гэрээг байгуулжээ.

 

Тухайн үед уг “Номын өргөө” нь Удирдлагын академийн эзэмшилд бүртгэлтэй мужаан цехийн зориулалтаар ашиглагдаж байсныг Монголын ардын урлагийг хөгжүүлэх “И” ТББ нь дээрх гэрээний үндсэн эзэмшиж, урсгал засвар үйлчилгээг өөрсдөө хариуцан хийхээр гурвалсан гэрээгээр тохирсон байна.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна. 

 

Б.М нь 2010 онд “Икел сан” ТББ-ын эзэмшил, хамгаалалтад байсан Хан-Уул дүүргийн 11 хорооны нутагт байрлах Богд хааны Хайстайн ламиран цогцолборын Номны өргөөний 178 м2 талбай бүхий байшинг сэргээн засварлах ажлыг хийхээр Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга болон “Икел сан” ТББ-ын Тэргүүн Ц.Птэй харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар болон Хан-Уул дүүргийн Прокурорын 2016 оны 1 сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоол болон прокурорын хариу мэдэгдэх хуудсуудаар тогтоогдож байна.

 

Дээрх тогтоолд Б.М нь Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Птэй харилцан тохиролцон түүний үүсгэн байгуулсан “Икел сан” ТББ-ын эзэмшил, хамгаалалтад байсан Хан-Уул дүүргийн 11 хорооны нутагт байрлах Богд хааны Хайстайн ламиран цогцолборын Номны өргөөний 178 м2 байшинг сэргээн засварлах ажлыг 2010 онд хийж гүйцэтгэсэн үндэслэлийг дурджээ.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

Тухайн тохиолдолд “Икел сан” ТББ-ын Тэргүүн Ц.Пгийн Б.Мийн тавьсан саналыг дэмжиж, зураг төсөв хийлгэж холбогдох байгууллагаар батлуулах, санхүүгийн хяналт дор хөрөнгө оруулж засварлаж болох талаар санал солилцож байх хооронд шууд дур мэдэж засвар эхэлсэн байсан талаархи тайлбар болон засварын ажил гүйцэтгэж байсныг зогсоогоогүй эс үйлдэхүйгээр талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж зааснаар хэлцэл хийгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болон агуулгаас дүгнэхэд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Б.М нь засварын ажлыг гүйцэтгэх үүргээ биелүүлсэн, “И” ТББ нь өөрийн эзэмшил, хамгаалалтад байсан Номын өргөөний барилгын засварын ажлыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.1-д зааснаар хүлээн авах, зохих журмын дагуу хөлс, зардлыг төлөх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь эрүүгийн журмаар гомдол гаргаж, шалгагдах явцад Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс “Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилж, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтийг гаргажээ.

 

Дээрх дүгнэлтээр ажлын хөлсийг 10,752,865 төгрөг, материалын зардлыг 10,653,769 төгрөг, бусад зардлыг 3,823,366 төгрөг буюу Богд хааны номын өргөөнд хийсэн хөрөнгө оруулалтын өртгийг 25,230,000 төгрөг гэж тодорхойлсон, хариуцагч нь үүнийг маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тул энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэлийн үлдэх 1,570,000 төгрөг гаргуулах шаардлага нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасан байна.

 

Тухайн Номын өргөөг засварлах ажил нь “Б” УТҮГ-ын балансад шилжихээс өмнө болсон үйл баримт байх бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх хуулийн зохицуулалтаар шаардах эрхгүй байх тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,230,000 төгрөг гаргуулан, Б.Мт олгож, шаардлагаас үлдэх 1,570,000 төгрөг гаргуулах болон “Б” УТҮГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 291,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ТББ-аас тэмдэгтийн хураамжид 284,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1.1 дэх хэсэгт заасныг баримтланИ” ТТБ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,230,000 /хорин таван сая хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулан, Мт олгож, шаардлагаас үлдэх 1,570,000 төгрөг гаргуулах болон “Б” УТҮГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 291,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ТББ-аас тэмдэгтийн хураамжинд 284,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ