Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00408

 

Б.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2020/00002 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалтай,

Б.Т нэхэмжлэлтэй

Шим-Ус ОНӨААТҮГ д холбогдох

Газрын даргын Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2016.12.16-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар намайг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар томилон ажиллуулсан. Ажил олгогчоос ажилтан Б.Тамираа надтай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019.09.25-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлснийг хуульд нийцээгүй, Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: Нэг: Ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан 3 үндэслэлийн алийг нь баримталснаа заагаагүй буюу эрх зүйн үндэслэлээ тусгаагүй байна. Энэ нь ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн гэрээ болон бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргах хуулийн шаардлагыг зөрчиж байна. Мэдэгдэх хуудсанд заагдсан хугацаа дууссан гэдэг шалтгаан ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл огтхон ч биш. Хоёр: Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3-т болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор миний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажлын байр хэвээр хадгалагдаж байхад ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Гурав: Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэжээ. Ажил олгогчийн дээрх тушаалд ажилтан Б.Тамираа миний ажил хүлээлгэн өгөх хугацааг заагаагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Ингэсэн атлаа хөдөлмөрийн гэрээг дараагийн өдрөөр тасалбар болгон цуцалсан нь эрх зүйн зөрчилтэй байна. Дөрөв: Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэжээ. Гэтэл ажил олгогчийн дээрх тушаалд тэтгэмж олгох талаар тусгаагүй атлаа холбогдох тооцоог хийхийг ерөнхий санхүүчид даалгасан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Тав: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.2-т Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна гэжээ. Хуулийн дээрх заалтаар Шим-Ус ОНӨААТҮГ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц ажиллуулах үүрэгтэй. Гэтэл ажил олгогчоос ажилтан Б.Тамираа намайг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна. Зургаа: Шим-Ус ОНӨААТҮГ-ын бүтэц орон тоог тус газрын төлөөлөн удирдах зөвлөл тогтоодог дүрэмтэй. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019-06-06-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Шим-Ус ОНӨААТҮГ-ын 2019 оны орлого, зарлагын төлөвлөгөөг баталсан байна. Шим-Ус ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлаагүй байхад ажил олгогчоос ажилтан намайг ажлаас чөлөөлснийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019-09-25-ны өдрийн Б/42 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас Шим-Ус ОНӨААТҮГ-ын орон тоог хэтэрхий нэмэгдүүлсэн гэж үзэж 10 орон тоог хассан, бүтэц орон тоог ачаалалд нийцүүлэн оновчтой тогтоох, усны химич, бактериологич, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер зэрэг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэн оновчтой тогтоох үүрэг өгсөн. Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019.06.06-ны өдрийн 73 дугаар тогтоолын хавсралтаар Шим-Ус ОНӨААТҮГ-ын 2019 оны орон тоо, бүтцээр Усан хангамжийн химич, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ажиллуулахаар баталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар Б.Тамираад мэдэгдэх хуудсыг 2019-07-25-ны өдөр гардуулсан. Усан хангамжийн химич, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны орон тоо нэгтгэгдсэн бөгөөд Б.Тамираа нь химич мэргэжлээр төгсөөгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар бакалаврын боловсрол байхгүй учраас ажиллах боломж байхгүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.Тамираад ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгөхдөө болон тушаал гаргах үедээ дуудаж уулзаж өөр салбарт шилжин ажилла гэдэг санал тавьсан боловч хүлээн авалгүй би танай байгууллагад ажиллахгүй, миний тушаал гаргаад өг өөр ажилд орохоор боллоо гэх мэт тайлбар өгсөн байдаг юм. Иймд Б.Тамираагийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 153/ШШ2020/00002 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019-09-25-ны өдрийн Б/42 дугаартай Б.Тамираагийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас нь чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Тамирааг Ховд аймгийн Шим-Ус ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Шим-Ус ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,735,194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тамираад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,471 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Тамираагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Шим-Ус ОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Шим-Ус ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж нийт 112,913 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2020/00002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюуны давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 112,913 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Б.Тамираагийн Шим-Ус ОНӨААТҮГ-т холбогдох нэхэмжлэл Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргалд хуваарилагдсан. ХХША-ны явцад шүүгч С.Оюунжаргал ар гэрийн гачигдал гарч, чөлөө авсан тул Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.25-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний 164 дүгээр тогтоолоор хэргийг ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэд шилжүүлжээ. Шүүгч С.Оюунжаргалын чөлөөний хугацаа дууссан тул Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн шүүгчийн зөвлөгөөний 167 дугаар тогтоолоор тус хэргийг буцаан шүүгч С.Оюунжаргалд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын тогтоох хэсэгт шүүгч С.Оюунжаргалын нэрийг тусгаагүйг хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэгт тус иргэний хэргийг анх нэхэмжлэл хуваарилагдаж, ажиллагаа явуулсан шүүгч С.Оюунжаргал хянан шийдвэрлэсэн, хоёрт уг иргэний хэргийг өөр шүүгч хянан шийдвэрлээгүй байна. Шүүгч оролцож болохгүй, дахин оролцож болохгүй тухай хуулийн заалтыг зөрчсөн, хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаараа хянан хэлэлцсэн буюу бүрэн бус бүрэлдэхүүнээр, эсхүл шүүн таслах эрх олгогдоогүй буюу эрх нь дуусгавар болсон, шүүн таслах эрхийг түдгэлзүүлсэн хүнийг шүүгчээр оролцуулан хэлэлцсэн нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэнд хамаардаг. Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд шүүгч С.Оюунжаргалын нэрийг дурьдаагүй нь хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэнд хамаарахгүй, уг шалтгаан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш байхад хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч талыг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Магадлалд үндэслэх хэсэг дурьдагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-т заасныг зөрчиж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгохыг хүсье гэжээ.

Улсын дээд шүүхэд ирүүлсэн Б.Тамираа болон Шим-Ус ОНӨААТҮГ-ын дарга Н.Ганбат нарын хооронд 2021.03.23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд Б.Тамираад Шим-Ус ОНӨААТҮГазраас 6 сарын үндсэн цалин болон амралтын мөнгө болох 4,658,257 /дөрвөн сая зургаан зуун тавин найман мянга хоёр зуун тавин долоон төгрөг/-ийг Б.Тамираагийн Хас банкны 5001188276 тоот дансанд 2021 оны 03 сарын 31-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, 2019 оны 10-р сараас 2020 оны 03-н сарыг дуустал 6-н сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлтөөр баталгаажуулах нөхцөлийг талууд харилцан тохиролцлоо. Нэхэмжлэгч болох Б.Тамираа нь Улсын Дээд шүүхэд хандан гаргасан гомдлоо 2021.03.31-ний өдөр хүртэл хүсэлт бичиж нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзахаар тохиролцлоо. Зохигч энэхүү асуудлаар дахин маргахгүй бөгөөд эвлэрлийн гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр байгуулсан болно. гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Тамираа, Шим-Ус ОНӨААТҮГ-т холбогдуулан тус газрын даргын Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дүгээр зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гарсны дараа нэхэмжлэгч ...нэхэмжлэлээсээ татгалзсан бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж энэ талаархи хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2020/00002 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Шим-Ус ОНӨААТҮГ-т холбогдох тус газрын даргын Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Тамираа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                                                             ШҮҮГЧИД                                     Б.МӨНХТУЯА

                                                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД