Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 00002

 

 

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2020/00002

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Ц багийн .... айлын орон сууцны ... тоотод оршин суух, Г овогт Б-н Т //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар //-д холбогдох,

Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 153/2019/00496/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ...Ховд аймгийн Шим ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай Б.Т-гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Ховд аймгийн Шим ус ОНӨААТҮГ даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай тушаалын 1 дэх заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслээд Б.Тд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдэх хуудас өгч хугацаа зааж, заасан хугацаа нь дууссан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн агуулга бүхий тушаал байгаа. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцэхгүй байна. Чухам Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аль үндэслэлээр чөлөөлсөн тухайгаа тусгагдаагүй байна. Уг тушаалын үндэслэл болсон Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарын 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан ажлын  байр нь хэвээр байгаа бөгөөд уг тогтоолыг агуулгыг харвал хавсралтаар уг бүтэц орон тоог батлаагүй байгаа юм. Гэхдээ хавсралтаар нь бүтэц орон тоо гээд цалингийн санг нь тусгасан байгаа. Иймд нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан орон тоо нь шинэ бүтэц орон тоогоор хадгалагдаад хэвээр байна. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг аж ахуй нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд цуцлахыг хориглоно гэдэг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан заалт зөрчигдсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны орон тоо нь Шим ус ОНӨААТҮГ зайлшгүй байх ёстой орон тоо юм. Учир нь Шим ус ОНӨААТҮГ тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг аймгийн цэвэр усны ариутгалын ажлыг орон нутагт хэрэгжүүлдэг ИТХ-аас байгуулагдсан газар юм. Энэ нь Хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдлын тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсанаар батлагдаж байгаа юм. Хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т ажилтан ажлын байрны эрсдэл, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан, зөвлөл ажиллуулна гэсэн хуулийн зохицуулалттай. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д ажилтны орон тооны норматив, зөвлөхийн ажиллах зөвлөмжийг асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. Монгол улсын хөдөлмөрийн сайдын А/114 дүгээр тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал хамгаалсан зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах нормативыг баталж хэрэгжүүлдэг. Үүнд аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажлуулах нормативыг дор дурдсанаар баталсугай. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгж 50-100 ажилтантай бол 1 ба түүнээс дээш хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдлын ажилтантай, 100 дээш ажилтантай бол хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдлын зөвлөлтэй байна гэж заасан. Ажлын байрны эрсдэлийн төвшин ихтэй нүүрс, уурхайн ажил, хортой нөхцөлд ажилладаг бол ажилтны тооноос хамаарахгүйгээр 1 ба түүнээс дээш хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдлын ажилтан ажиллуулна. Энэ тушаалын А, Б заалтуудын аль ч тохиолдлоор авч үзвэл Шим ус ОНӨААТҮГ нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан авч ажиллуулах үүрэгтэй юм байна лээ. Тэгэхээр нэхэмжлэгчийн ажлын байрны талаар маш тодорхой заагаад өгчихсөн байгаа юм. Хариуцагчийн тайлбартай танилцахад Шим ус ОНӨААТҮГ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан ажиллуулахаар баталсан. Гэвч ус хангамжийн ажилтнаа уг ажлын байранд авч ажиллуулж нэхэмжлэгчийг чөлөөлсөн гэж тайлбарласан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл гэж тайлбарласан. Уг хуулийн ойлголт нь тухайн байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан 5 ажилтан байж байгаад 1 ажилтныг чөлөөлсөн бол энэ нь орон тоо цөөрч байна гэсэн үг. Хэрэв тухайн байгууллага тус ажилтанг огт ажиллуулахгүй гэж үзэж байгаа тохиолдолд орон тоо хасагдсан учраас тухайн ажилтанд нь тэтгэмжийг нь өгөөд халах ёстой. Харин ус хангамжийн мэргэжилтэнтэй уг ажлын байрыг нэгтгэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан зохицуулалтад хамаарахгүй ойлголт юм. Орон тоо хасагдаж, цөөрч  байгаа ойлголт биш юм....Нэхэмжлэгчийг бакалаврын боловсрол байхгүй учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж бичсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Б.Т нь химич мэргэжлээр төгсөөгүй гэж тайлбарлах бөгөөд энэ үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалттай илүү хамааралтай юм. Үнэхээр ажилдаа тэнцэхгүй байсан тохиолдолд комиссын дүгнэлт шийдвэр гарсны дараа чөлөөлөнө. Үүнд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж ажиллах ёстой. Ажил олгогчийн тайлбар нь хуульд нийцэхгүй байна. Тушаалд баримталсан хууль нь тушаалтайгаа нийцэхгүй байна....Гэтэл ус хангамжийн химич гэдэг ажлын байранд нэгтгээд нэхэмжлэгчийн ажлын байранд өөр хүн ажиллуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн зүйл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү....Нэхэмжлэгч Б.Т хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар их сургууль төгсөөгүй, ус хангамжийн химичийн мэргэжил эзэмшээгүй гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл биш юм....2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлээд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг дуустал 2 сар 28 хоног гэж тооцсон. Өнөөдрийг дуусталх тооцоогоор 1,774,665 төгрөг болсон. Энэ мөнгийг Шим ус ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгуулах....Нэхэмжлэгч 2019 оны 6 сард амраад 7 сард ажилдаа орсон гэж хэлсэн....Нэхэмжлэгчийг анх Ховд аймгийн Шим ус ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/63 дугаартай тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эхүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар туршилтын хугацаанд гэж томилогдож байсан. Байнгын ажлын байранд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан....гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Баатарзориг шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Тг ажлаас чөлөөлсөн нь шүүхэд маргаан үүсэхээр асуудал гэж хариуцагч ойлгоогүй. Б.Т нь асуудлыг ойлгож ажиллах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч тушаал гаргахдаа ажлын байр нэгтгэгдсэн гэж битгий бичээрэй би ажилгүйдлийн тэтгэмж авмаар байна гэдэг байдлаар тушаал бичүүлсэн. Үүнд шүүхэд хандахгүй гэж байтал намайг шүүхэд ханд бусад зүйлийг нь бид нар хийнэ гэсэн хувийн сэдэлтэй хүмүүсийн үгэнд орж шүүхэд хандсан гэдэг зүйлийг хүний нөөцөд ярьсан байсан. Б.Т нь хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал хариуцсан ажлын байранд эргэн орох хүсэл сонирхол байхгүй юм. Ус хангамжийн химич, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тоонд Б.Т шаардлага хангаагүй. Б.Т дээд боловсрол эзэмшээгүй, 2,3 гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн орон тоонд эргэн ажиллах боломжгүй хүн юм. Тухайн орон тоонд ажиллах шаардлага хангаагүй хүн юм. Б.Т нь шүүхэд маргаан гаргасан асуудал байгаагүй....Хариуцагчид хэлсэн тайлбараа хүний нөөц нь хариуцаад явах байх. Иймд шүүхэд албан ёсоор энэ талаар хэлж байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлийг баримталсан байна гэдэг зохицуулалттай. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлийг баримталсан байх ёстой. Б.Тгийн ажлын байр нэгтгэгдэж байгаа ойлголт нь орон тоо цөөрсөн, хасагдсан гэх ойлголт байхгүй. Тухайн байгууллагын орон тоо 10 хүнээр цөөрсөн бөгөөд Б.Тгийн орон тоо цөөрсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.1.1-д заасан үндэслэлийг баримталсан. Б.Т нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэх хуудсаа хүлээж авсан. Мэдэгдэх хуудсаа хүлээж аваад 9 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд мэдэгдэх хуудсаа хүлээж аваад гомдол гаргах эрх байсан боловч Б.Т нь гомдол гаргаагүй. Ингээд байж байгаад тушаал гарсны дараа шүүхэд хандсан. Б.Тгийн мэргэшүүлэх сургалтын 2, 3 удаагийн дотоодын сургалтууд улс төр, нийгэм судлал гэсэн боловсролтой болохоос дипломын боловсролтой биш юм. Эдгээр сургалт нь 45 хоногийн сургалтаар олгогддог боловсрол бөгөөд дипломын боловсрол байхгүй. Усан хангамжийн химичийн чиг үүрэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажлын чиг үүргийг хамтад нь хийх боломжтой учраас нэгтгэгдэж ажиллаж байна. Б.Тгийн хувьд эдгээр мэргэжлүүдийн аль алинаар нь төгсөөгүй. Боловсролын хувьд үнэхээр шаардлага хангаагүй....Нийт 70 ажилтантай байж байгаад 10 ажилтан нь чөлөөлөгдсөн. Хий орон тоон дээр олон хүн ажиллаж байгаа нь хүндрэл үүсгэж байна. Улсын төсвөөс биш орон нутгийн төсвөөс цалинждаг тул илүүдэл орон тоонуудыг хассан....Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталж ажлаас чөлөөлсөн тохиолдолд ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж маргах үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө нь ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоох боломжгүй, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх боломжгүй. Уг тушаал нь үндэслэл бүхий гарсан тушаал тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү....Ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр маргаж байна....Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас төсвийг хэлэлцэж баталдаг. Өмнө нь хийгдэж байсан ажлын хүрээнд төсвийг данхайлгасан байна. Орон тоогоо хасах хэрэгтэй гээд хариуцагч байгууллагын орон тоог 10 ажилтнаар орон тоог цөөрүүлнэ гэсэн шаардлага тавиад үүнтэй холбоотойгоор орон тоогоо батлуулахдаа 10 орон тоогоо хасаж батлуулсан....Одоо усан хангамжийн химич, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйч гээд нэг хүн хавсарч хийж байгаа. Гэхдээ ажил хавсарсаны нэмэгдэл гэж байхгүй ажиллаж байгаа... Б.Тгийн хувьд боловсролын хувьд шаардлага хангаагүй....Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б.Тгийн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд тушаал хүчингүй болно гэж үзэхгүй байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа....Тухайн байгууллагын ажилчдыг арваар цөөрүүлсэн. Ингээд боломжтой байх ёстой ажлуудаа хооронд нь нэгтгэсэн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагыг хариуцагч байгууллагаас 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,774,665 төгрөгийг гаргуулан Б.Тд олгуулах гэж тодруулав.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тухай Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун эс зөвшөөрч ....Б.Т-гийн ажлын байр нэгтгэгдсэн,...тухайн байгууллагын ажилтны тоог цөөрүүлсэн,...нэгтгэгдсэн албан тушаалд нэхэмжлэгч нь боловсролын хувьд шаардлага хангаагүй.... гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж мэтгэлцсэн болно.

Нэхэмжлэгч Б.Т нь Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/63 дугаартай тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/63 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдов. /хх-ийн 3 дугаар тал/

Б.Тг 2019 оны 7 сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх болсон тухай мэдэгдэх хуудас өгч заасан хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай Б.Т-гийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Ажил олгогч нь нэхэмжлэгчид 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халагдах тухай мэдэгдэх хуудас өгсөн, нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Баатарзориг нь нэхэмжлэгч Б.Т-г ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ....Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 сарын 06-ны өдрийн 73 дугаар тогтоолын хавсралтаар Ховд аймгийн НААҮ-ний Шим ус ОНӨААТҮГазрын 2019 оны орон тоо, бүтцээр Усан хангамжийн химич, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны орон тоо нэгтгэгдсэн. Б.Тамир нь химич мэргэжлээр төгсөөгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар бакалаврын боловсрол байхгүй учраас ажиллах боломжгүй.... гэх тайлбарыг ирүүлсэн болно.

Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б/42 дугаартай тушаал гаргаж, Б.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон, үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8 дахь заалт, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 сарын 06-ны өдрийн 73 тоот тогтоолоор батлагдсан орон тоо бүтцийг тус тус үндэслэжээ.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны албан тушаалд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 5-6 дугаар тал/

Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажлыг эрхэлж байсан байхад Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай Б.Т-гийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас нь чөлөөлөх тухай тушаалд нэхэмжлэгчийг хөдөлмөр аюулгүй ажилгаа эрүүл ахуйн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Мөн ажил олгогч нь Б.Т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн зэрэг үндэслэлүүдээс аль үндэслэлээр нь ажлаас чөлөөлснөө Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай тушаалд тусгаагүй.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...ажилтны тоог цөөрүүлсэн... гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ажилтны тоог цөөрүүлэх гэдэгт ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгоно.

Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 1 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны орон тоотой байсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд 1 байсан ажил, албан тушаал нь өөр ажил, албан тушаалтай нэгтгэгдсэн гэх тайлбар нь ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлд хамаарахгүй.

Иймээс ажил олгогч нь ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцэхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь шүүх хуралдаанд ....Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаартай тогтоолын хавсралтаар хариуцагч байгууллагын бүтэц орон тоог баталж, нэхэмжлэгчийн албан тушаалыг усан хангамжийн химич гэсэн албан тушаалтай нэгтгэсэн.... гэж тайлбарлав.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаартай Төлөвлөгөө батлах тухай тогтоолын 1 дэх заалтаар хариуцагч байгууллагын 2019 оны үйл ажиллагааны орлогын доод, зарлагын дээд хязгаар, цалингийн сан, ашгийг тус тус баталж, 2 дахь заалтаар хариуцагч байгууллагын 2019 оны үйл ажиллагааны санхүүгийн төлөвлөгөөг баталж, мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавихыг, байууллагын орлогыг нэмэгдүүлэн хөрөнгө, санхүүгийн үр ашгийг дээшлүүлж ажиллахыг холбогдох эрх бүхий этгээдүүдэд үүрэг болгожээ. /хх-ийн 77 дугаар тал/

Дээрх тогтоолоор хариуцагч байгууллагын бүтэц орон тоог баталаагүй, уг тогтоолд хавсралтаар баталсан зүйл байхгүй байхад Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаар тогтоолын хавсралт гэх бичвэртэй баримт байгаа нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн ажил олгогч нь нэхэмжлэгчийг химич мэргэжилгүй, дээд боловсролгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь шүүх хуралдаанд ....Б.Т нь асуудлыг ойлгож ажиллах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч тушаал гаргахдаа ажлын байр нэгтгэгдсэн гэж битгий бичээрэй би ажилгүйдлийн тэтгэмж авмаар байна гэдэг байдлаар тушаал бичүүлсэн....Б.Т нь хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал хариуцсан ажлын байранд эргэн орох хүсэл сонирхол байхгүй... гэж тайлбарлах боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай Б.Т-гийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас нь чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,774,665 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан ба нэхэмжлэгч нь 2019 оны 6, 7 дугаар сард ээлжийн амралттай байсан байх бөгөөд ажилтны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сараар тооцох боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн 2019 оны 7, 8 авсан цалин хөлсийг тухайн ажилласан хоногт хуваан нэг өдрийн цалин хөлсийг тооцох нь зүйтэй гэж үзлээ. /2019 оны 7 дугаар сар 501,500 төгрөг + 8 дугаар сар 590,000 төгрөг = 1,091,500 төгрөг / 2 сар = 545,750 төгрөг / 19.5 хоног = 1 өдрийн 27,987 төгрөг х ажлын 62 хоног = 1,735,194 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2019 оны 7 сард ажлын 17 хоног + 8 сард ажлын 22 хоног = 39 хоног / 2 = 19.5 хоног/. /хх-ийн 44 дүгээр тал/

Хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,735,194 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,471 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Иймд Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай Б.Т-гийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас нь чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Т Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,735,194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 39,471 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтиийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,735,194 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,713 төгрөг, нийт 112,913 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай Б.Т-гийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас нь чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч овд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,735,194 /нэг сая долоон зуун гучин таван мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,471 /гучин есэн мянга дөрвөн зуун далан нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамж нийт 112,913 /нэг зуун арван хоёр мянга есөн зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ