Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0367

 

 

 

 

 

 

 

 

2021 05 28 128/ШШ2021/0367

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Б овгийн Б.П ,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө,

Гомдлын шаардлага: улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452755 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Б.П, түүний өмгөөлөгч Б.А, С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: Б.П миний бие 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд ** дугаар тойрогт М намаас нэр дэвшсэн юм. Миний бие Улсын Их Хурлын сонгуульд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлж нэр дэвшсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргаагүй тул сонгуулийн зардлын данс нээлгээгүй билээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд сонгуулийн зардлын дансыг сонгуульд нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигч нар заавал нээлгэх ёстой гэж хуульчлаагүй бөгөөд тус хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа хийсэн тохиолдолд сонгуулийн зардлын данс нээлгэж төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхээр зохицуулсан байна. Миний бие 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд ** дугаар тойрогт М намаас нэр дэвшиж сонгуулийн сурталчилгаа огт хийгээгүй тул хуулийн дагуу буюу хуулийн хугацаандаа х тайлангаа гаргаж Үндэсний аудитын газарт өгсөн. Гэтэл Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө нь 2021 оны 01 дугаар сарын 14-ний өдөр 1452755 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" акт үйлдэж намайг 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр торгосон байна. Миний бие энэхүү торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэхүү торгууль нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн, үндэслэлгүй захиргааны акт юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлд сонгуулийн зардлын тайлангийн тухай зохицуулсан бөгөөд уг хуулинд нэр дэвшигч нь санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа хүргүүлэхээр зохицуулсан болохоос явцын тайлан гаргаж өгөх тухай заагаагүй, огт байхгүй тул миний бие явцын тайлан гаргаж өгөөгүй. Явцын тайлан гаргаж өгөөгүй явдал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль огт зөрчөөгүй болно. Мөн миний бие сонгуульд оролцохоор нэр дэвшсэний дараа сонгуулийн санхүүжилтын асуудал хүндээр тусаж нам болон өөрийн зүгээс мөнгөн хөрөнгө гаргах боломжгүй болсон тул сонгуулийн төлбөртэй болон төлбөргүй ямар ч сурталчилгаа хийгээгүй тул хандивын данс нээлгээгүй ба иргэдээс хандив, татвар аваагүй билээ. Энэ талаар М нам 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01/238 тоот албан бичиг хүргүүлж мэдэгдсэн.

Иймд Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дугаар сарын 14-ны өдрийн 1452755 дугаартай шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хэрэгт хавсаргасан Х банк дахь данс миний хувийн данс. Би Г ХХК-д хуульчийн туслах хийдэг. Энэ дансаар хийгдсэн гүйлгээ компанийн үйл ажиллагаатай холбоотой хийгдсэн гүйлгээ. 99048**** бол миний дугаар биш, миний дугаар 99048****. Та буруу дугаар тэмдэглүүлсэн байна гэж холбогдсон. 99498**** бол Н намын нягтлан бодогч Н.Д дугаар. Зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар мэдэгдэж холбогдох бичиг баримтуудыг авчраарай гэсэн. Тухайн үед Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон байсан учраас Н.Ц байцаагчийн майл хаягаар Н намын тодорхойлолт, Х тайланг явуулсан. Энэ асуудалтай холбоотой өөр гаргаж өгөх баримт байхгүй, өөрт байсан намын тодорхойлолт, Х тайлан гэсэн материалуудаа л өгсөн. Ц.Ө гэж байцаагчийг санахгүй байна. Н.Ц гэж татварын байцаагчид материалуудаа хүргүүлсэн. Шийтгэлийн хуудсыг 1 сарын сүүлээр гэрийн хаягаар авсан. гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч нар тайлбартаа: Б.П нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн ** дугаар тойрогт М намаас нэр дэвшсэн бөгөөд хувийн шалтгаан болох мөнгө санхүүгийн боломжгүй байдлаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн нэг ч зардал гаргаж сурталчилгаа хийгээгүй тул сонгуулийн зардлын данс нээлгэлгүйгээр сонгуульд оролцож Үндэсний аудитын газарт сонгуулийн эцсийн X тайлангаа хүргүүлсэн байдаг. Гэтэл улсын байцаагч Ц.Ө нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасан сонгуулийн явцын тайланг хүргүүлээгүй гэдэг үндэслэлээр гомдол, мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.27-д Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. зааснаар Б.Пд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1452755 дугаартай Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсаар 20 000 000 төгрөгийн торгууль ногдуулсан.

Гомдол гаргагч Б.П нь дээрхи шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчиж шийтгэл ногдуулсан болохыг тогтоолгож уг шийтгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан билээ.

Гомдол гаргагчийн эрхийг ноцтой зөрчсөн тухайд:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлд Сонгуулийн зардлын тайлан-г зохицуулсан ба энэ зүйлд явцын тайлан гаргаж өгөх талаар зохицуулаагүй бөгөөд 57.3-т Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. гэж зааснаар Б.П нь х тайлангаа хүргүүлсэн байдаг.

Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлд Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй ил тод байдал-ыг зохицуулсан тул дээрхи заалт нь гомдол гаргагч Б.Пд хамааралгүй байна.

Учир нь сонгуулийн зардлын данс нээлгэж зардал огт гаргаагүй, нэг ч сурталчилгаа хийгээгүй тул олон нийтэд мэдээлэх, тайлагнах тайлан байхгүй тул өгөх тайлан түүнд байгаагүй.

2. Нэхэмжлэгч Б.Пд ногдуулсан шийтгэл Зөрчлийн тухай хуульд заасан шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.3.1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэж зааснаар түүнд ногдуулсан зөрчлийн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээнд тохироогүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа юм. Учир нь Б.П нь мөнгө санхүүгийн боломжгүй нөхцөл байдлын улмаас сонгуулийн зардлын данс нээлгэж, сурталчилгаа огт хийгээгүй, тайлагнах тайлан байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож, мөн иргэд сонгогчдоос хандив, мөнгө аваагүй, хэн нэгэн хүнд хохирол учруулаагүй байхад түүнд 20 000 000 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй маш хүнд шийтгэл юм. Мөн түүнд шийтгэл ногдуулснаар хэн нэгний эрх сэргэхээргүй болно.

3. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гомдол гаргагчийн эрхийг зөрсөн байна. Үүнд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан холбогдогчийн эрхийг зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд огт эдлүүлээгүй бөгөөд холбогдогчид гомдолтой танилцаж тайлбар гаргах боломж олгоогүй, зөрчил хянан шийдвэрлэх үед гаргасан тогтоол шийдвэрийг огт танилцуулаагүй бөгөөд түүнд гомдол гаргах эрхээр хангаагүй, зөрчлийн хэрэгтэй огт танилцуулалгүй шийтгэл ногдуулсан зэрэг хуулиар олгосон нэг ч эрхийг зөрчилд холбогдогч Б.Пд эдлүүлээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна", 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.4-т торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй эсэх зэргийг тогтоогоогүй байна. Учир нь зөрчлийн хэрэгт авагдсанаар гомдол гаргасан хүний гомдлоор шууд зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж холбогдогч, болон бусад этгээдээс огт мэдүүлэг аваагүй, мөн торгуулийг шийтгэх хуудсан дээр 15 хоногийн дотор төлүүлэхээр заасан нь хуулийн дагуу шалган тогтоох асуудлыг бүрэн шалган тогтоогоогүй болохыг харуулж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна.", 2-т "Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно. гэж заасныг мөн адил зөрчсөн байна. Хавтаст хэргийн 54 дүгээр хуудасны эрх бүхий албан тушаалтан Ц.Өын 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн "Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай" тогтоол нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд тэрээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 14 хоногийн дотор зөрчлийн хэргийг шалгах ёстой байтал өөрт олгогдоогүй эрхийг эдэлж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 14 хоногоор сунгасан нь илт хууль бус юм.

Иймд гомдол гаргагч Б.Пын хуулиар олгосон эрх ашгийг ноцтой зөрчиж шийтгэл ногдуулсан, улсын байцаагч Ц.Ө нь өөрт олгогдоогүй эрх мэдлээ хэтрүүлж, хууль бусаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тогтоол гаргаж зөрчлийн хэргийг шалгасан болохыг тогтоож, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.

Б.П нь сонгуулийн зардлын данс нээлгээгүй, ямар ч ухуулга сурталчилгаа хийгээгүй учраас явцын тайлан өгөх шаардлагагүй гэж үзсэн. Эцсийн тайлан Х тайлан өгсөн, явцын тайлан өгөөгүй. Зөрчлийн хэрэгт Сангийн яам болон Үндэсний аудитын газраас ирүүлсэн хуулбар үнэн тэмдэг дарсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах байсан, өөр гаргаж өгөх нотлох баримт байгаагүй. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудтай захиргааны хэрэгт авагдсан дээрх албан бичгүүд агуулгын хувьд зөрүүтэй зүйл байхгүй.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийг зардал гаргах тохиолдолд хуулийн дагуу данс нээлгэж, үйл ажиллагаа явуулах ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл Б.П ямар нэгэн данс нээлгээгүй, сонгуулийн сурталчилгаа хийгээгүй, үйл ажиллагаа явуулаагүй. Хэрэгт авагдсан Х банкны данс сонгуулийн байгууллагад бүртгэгдээгүй хувийн данс. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасныг хэрвээ зардал гаргахаар бол уг дансыг нээлгэх ёстой гэж ойлгож байна. Х тайландаа аудит хийлгээгүй. Үндэсний аудитын газраас Х тайланд аудит хийлгэх шаардлагагүй гээд материалыг нь хүлээж авсан. Б.П нь сонгуулийн зардлын данс нээлгээгүй, ямар ухуулга сурталчилгаа хийгээгүй учраас явцын тайлан өгөх шаардлагагүй гэж үзсэн. гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452755 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагатай танилцаад дор дурьдсан тайлбарыг гаргаж байна. 1. Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн ** дугаар тойрогт М намаас нэр дэвшигч Б.П нь сонгуулийн зардлын дансны явцын санхүүгийн тайланг өгөөгүй болох нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичиг, Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичиг дээр нэр дэвшигчдийн мэдээллийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлийг зөрчсөн болох нь нотлогдсон. Мөн дахин Үндэсний аудитын газарт хүсэлт тавин 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/333 дугаар албан бичгээр Б.П нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ заасныг зөрчсөн тухай албан тоотоор мэдээлсэн байна.

2. Гомдолд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйл заалтаар зохицуулагдсан гэж дурьджээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг хэрэгжүүлэн ажилласан. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын сонгуулийн ** дугаар тойрогт М намаас нэр дэвшигч Б.П нь сонгуулийн зардлын дансны явцын санхүүгийн тайланг өгөөгүй болохыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичиг, Монголын Үндэсний аудитын газрын 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичиг дээр нэр дэвшигчдийн мэдээллийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25,27 дугаар зүйлийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Мөн дахин Монгол Улсын Үндэсний аудитын газарт хүсэлт тавин 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 01/333 дугаар албан бичгээр Б.П нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т Нэр дэвшигч, нам эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасныг зөрчсөн тухай албан тоотоор мэдээлсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үеэр гомдол гаргагч Б.Пыг эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцах боломжоор хангахаар ажиллагаа явуулсан. Улсын байцаагч Ц.Ө нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед Б.Пын 99048**** дугаарын утсаар холбогдох гэж удаа дараа залгасан. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан тэмдэглэл үйлдсэн байдаг. Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх хугацааны хувьд улсын байцаагч Ц.Ө нь өөрөө эрх бүхий албан тушаалтан учир хэргийн хугацааг сунгасан, мөн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зөрчлийн хэргийг сунгах тухай Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 638 дугаартай тогтоол байдаг. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2/384 дугаартай Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн албан бичгийн хавсралтын мэдээллийн дагуу Б.Птай утсаар удаа дараа холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй талаар хэрэгт нотлох баримт авагдсан. Гомдол гаргагч нь Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл цаг хугацаандаа хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас зөрчил илэрсэн. Иймд улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хуулийн дагуу гарсан гэж үзэж байна.

Тухайн үед Ц.Ө хэлтсийн даргаар ажиллаж байгаад бүртгэлийн мэргэжилтэн болсон. Тухайн хэрэг дээр улсын байцаагчийн эрхтэй зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гэдэг утгаараа Ц.Ө өөрөө шалгасан. Зөрчлийн хэргийг холбогдогчид танилцуулах гэж удаа дараа холбогдсон. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Б.П нь түүнийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн 1452755 дугаартай шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй, зөрчлийн хэргийн хугацааг эрхээ хэтрүүлэн сунгасан гэсэн үндэслэлүүдээр хууль бус гэж хүчингүй болгуулахаар маргажээ.

1. Зөрчлийн талаар.

Б.П нь Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн ** дугаар тойрогт М намаас нэр дэвшсэн байх бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т Нэр дэвшигч ... авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй зөрчилд зохих хариуцлага хүлээлгэх талаар Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 тоот, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст мэдээлэл ирүүлж, мэдээллийн дагуу Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэн, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452755 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д заасан зөрчилд торгох шийтгэл оногдуулжээ.

Тодруулбал Үндэсний аудитын газар нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд, сонгуулийн зардлын дансны явцын тайлан ирүүлээгүй 114 нэр дэвшигч, эцсийн тайлан ирүүлээгүй 137 нэр дэвшигч байсан тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг хэрэгжүүлээгүй нэр дэвшигчдэд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27-д зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 тоот албан бичгээр зөрчилд хамаарах нэр дэвшигчдийн мэдээллийг хүргүүлсэн, улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 тоот албан бичгээр харьяалах дүүргийн Төрийн сангийн хэлтэст мэдээллийг хүргүүлж, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнуудад үүрэг болгосон, эдгээр нэр дэвшигчдийн 117-д ** дугаар тойрогт М намаас нэр дэвшигч Б.П явцын тайлан ирүүлээгүй талаар мэдээлэл багтсан байдаг.

Үндэсний аудитын газраас шүүхэд ирүүлсэн тодруулгаас үзвэл Б.П нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ заасныг хэрэгжүүлээгүй буюу сонгуулийн зардлын явцын тайлан хүргүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Ийнхүү М намаас ** дугаар тойрогт дэвшсэн Б.П нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг хэрэгжүүлээгүй буюу сонгуулийн зардлын явцын тайлан хүргүүлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд, тэрээр явцын тайлан гаргаж хүргүүлээгүйтэй маргаагүй, зөрчил үйлдээгүй хэмээн маргаж, энэ үндэслэлээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлд нэр дэвшигч нь санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа хүргүүлэхээр зохицуулсан, уг хуулинд явцын тайлан гаргаж өгөх тухай заагаагүй тул явцын тайлан гаргаж өгөөгүй, хууль зөрчөөгүй хэмээн тайлбарлажээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар бүлэгт сонгуулийн зардлын талаар нарийвчлан зохицуулсан, тухайлбал уг бүлгийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Сонгуульд оролцож байгаа ... нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргана., 49.2-т Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ: 49.2.1 хандив, 49.2.2 намын өөрийн хөрөнгө, 49.2.3 нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, 49.3-т Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна., 49.4Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно., 51 дүгээр зүйлийн 51.1-д Сонгуульд оролцож байгаа ... нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна., 51.3-т ... нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ., 51.4-т ... нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй., 57 дугаар зүйлийн 57.3-т нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ., 58 дугаар зүйлийн 58.2.3-т төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэгтэй, 58.4-т нэр дэвшигч ... авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл сонгуулийн сурталчилгааны зардлыг төрийн аудитын байгууллага хянахаар, нэр дэвшигч хандив аваагүй, өөрийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгаа явуулах байсан ч сонгуулийн байгууллагад нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа данс нээж, дансны мэдээллээ сонгуулийн санал хураалтаас өмнө тогтоосон хугацаанд төрийн аудитын байгууллагад бүртгүүлэхээр, зардлын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэхээр, зардлын эцсийн тайланг санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр, төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэхээр тодорхой хуульчилсан байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчих 17.1 дүгээр зүйлийн 27-д нэр дэвшигч ... хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр ... торгох-оор заажээ.

Иймд Б.П нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д заасан зөрчлийг гаргасан болох нь ийнхүү тогтоогдож байна.

Б.П нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4-т зааснаар сонгуулийн сурталчилгааны зардлын данс нээлгэж, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд шүүхэд гаргасан гомдолдоо хавсарган ирүүлсэн Х банк дахь түүний хугацаагүй хадгаламжийн данснаас сурталчилгааны хугацаанд тодорхой үнийн дүнтэй орлогын гүйлгээ хийгдэж, улмаар ижил 50,000, 200,000 төгрөгийн дүнтэйгээр 30 гаруй иргэнд хоолны мөнгө, цалин гэх утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн, тэрээр энэ гүйлгээг өөрийн ажилладаг хуулийн компанийн ажил үйлчилгээний гүйлгээ бөгөөд данс нь аудитын байгууллагад сонгуулийн сурталчилгааны зардлын дансаар бүртгэгдээгүй тул энэ хэрэгт хамаарахгүй хэмээн тайлбарласныг тэмдэглэх нь зүйтэй.

2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх талаар.

Гомдол гаргагч нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлээ зөрчлийн хэргийн хугацааг улсын байцаагч эрхээ хэтрүүлэн сунгасан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй хэмээн тайлбарладаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22 дахь заалтаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан зөрчлийг нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч шалгаж шийдвэрлэхээр харьяалуулсан бөгөөд хариуцагч Ц.Ө нь зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авч, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байх үедээ Баянзүрх дүүргийн Төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, 2020 оны 12 дугаар сарын 10-наас тус хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр томилогдон ажилласан, зөрчлийн хэргийг шийдвэрлэж дууссанаас хойш 2021 оны 1 дүгээр сарын 20-ноос өөр байгууллагад шилжин ажилласан, тэрээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А254 дүгээр тушаалаар нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагчийн эрх авсан, өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т заасан эрх бүхий албан тушаалтан байна.

Зөрчлийн хэргийн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сунгах үед тэрээр Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагчийн эрхтэй ажиллаж байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хоногоор сунгасныг буруутгахгүй, эрх олгогдоогүй гэж үзэхгүй.

Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр зөрчилд холбогдогч нэр дэвшигчийн талаарх хаяг, холбоо барих утасны дугаарын мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос авсан, Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2/384 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэст харьяалах тойргийн зөрчилд хамаарах нэр дэвшигчдийн регистрийн дугаар, хаяг, холбоо барих утасны дугаарын мэдээллийг хүргүүлсэн, хариуцагч нь зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар мэдэгдэхээр, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд дуудаж оролцуулахаар, тайлбар, нотлох баримт шаардахаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн мэдээлэлд авагдсан Б.Пын холбоо барих утасны дугаараар буюу 99048**** дугаараар ажиллагаа явуулсан, тухайлбал 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 99048**** дугаар холбогдох боломжгүй байсан, 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 99048**** дугаар дээр Б.П гэдэг хүн байхгүй гэсэн хариу өгсөн тэмдэглэлийг хариуцагч улсын байцаагч Ц.Ө зөрчлийн хэрэгт үйлдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр холбогдох байгууллагаас авсан мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар холбогдогчийг дуудах ажиллагааг хийсэн байна.

Улмаар М намын нягтлан бодогч 99498**** дугаарын утаснаас холбогдож Б.П нь тайлан өгсөн учир Үндэсний аудитын газарт очиж шүүлгэнэ гэсэн талаар тэмдэглэлийг хариуцагч зөрчлийн хэрэгт үйлджээ. Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрх бүхий этгээдтэй зөрчилд холбогдогч Б.Пын зөрчлийн хэргийн талаар холбогдож, нотлох баримт гаргаж өгөх талаар мэдэгдсэн 99498**** дугаар нь М намын нягтлан бодогч Н.Дх болохыг гомдол гаргагч тодорхойлсон бөгөөд тус намын нягтлан бодогч Н.Д нь нэр дэвшигч Б.Пын сонгуулийн зардлын эцсийн тайланг бэлтгэсэн байдаг. Нэр дэвшигч Б.П нь сонгуулийн зардлын эцсийн тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн, энэ талаар талууд маргаагүй юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүрэн холбооны компаниас Сонгуулийн ерөнхий хорооноос зөрчлийн хэрэгт ирүүлсэн мэдээлэлд авагдсан 99048**** дугаар хэний эзэмшилд бүртгэлтэй, Б.Пын эзэмшилд ямар дугаар бүртгэлтэй талаар лавлагаа авахад гомдол гаргагч Б.Пын эзэмшилд түүний шүүхэд гаргасан гомдолдоо заасан утас бүртгэлтэй болохыг ирүүлсэн, өөрөөр хэлбэл Сонгуулийн ерөнхий хорооноос эрх бүхий албан тушаалтанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн мэдээлэлд авагдсан 99048**** дугаар түүний эзэмшилд бүртгэлгүй, алдаатай мэдээлэл байна.

Хэдийгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчилд холбогдогчийг оролцуулаагүй, зөрчилд холбогдох тайлбар, нотлох баримт аваагүй буюу холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй байх ч энэ нь шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэхээргүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ. Учир нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчилд холбогдогчийг оролцуулах зохицуулалтын зорилго нь зөрчилд холбогдуулж тайлбар, нотлох баримт авахад орших бөгөөд шүүхэд гомдол гаргагч Б.П нь түүнийг буруутгасан зөрчлийн талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нэмж өөр нөхцөл байдлыг тогтоох нотлох баримт, тайлбар гаргаж өгөх байсан гэж маргаагүй.

Тодруулбал зөрчил үйлдээгүй болохоо буюу явцын тайлан өгсөн болохоо нотлох баримт гаргаж өгөх байсан гэж маргаагүй, сонгуулийн зардлын эцсийн х тайлан өгсөн талаарх, М намаас түүнийг сонгуулийн төлбөртэй болон төлбөргүй аливаа сурталчилгаа хийгээгүй, зардал гаргаагүй болохыг тодорхойлсон талаарх баримтыг гаргаж өгөхөөр байсан гэж тайлбарлаж байх бөгөөд түүнийг зардлын эцсийн тайлан ирүүлсэн эсэхэд талууд маргаагүй тул энэ үйл баримтыг тодруулах нотлох баримт, тайлбар нь явцын тайлан ирүүлээгүй зөрчлийг нь үгүйсгэх баримт болохгүй.

Нэгтгэн дүгнэвэл гомдол гаргагч нь сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн зардлын эцсийн тайлан өгсөн, харин явцын тайлан өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, тэрээр явцын тайлан өгсөн гэж биш явцын тайлан өгөх талаар хуульчлаагүй хэмээн маргасан, дээр дүгнэсэнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаанд хандив авсан эсэхээс, сонгуулийн төлбөртэй, төлбөргүй сурталчилгаа хийсэн эсэхээс, зардал гаргасан эсэхээс үл хамааран дансаа бүртгүүлэх, зардлын явцын болон эцсийн тайлан өгөх үүрэгтэй, энэ үүргийг буюу сонгуулийн зардал гаргасан эсэхийг төрийн аудитын байгууллага хянахаар, нэр дэвшигч үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тодорхой хуульчилсан байх тул түүнийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д заасан зөрчил гаргасан гэж торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хууль бусаар халдаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн 1452755 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн 1452755 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Б.Пын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА