Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2021/0034/З |
Дугаар | 128/ШШ2021/0380 |
Огноо | 2021-06-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2021/0380
2021 06 02 128/ШШ2021/0380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х овогт М.М /РД:*********/,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/**, 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/***, 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэст мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М миний бие байгаль орчны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр 30-аад хуулийн төсөл, Засгийн газрын 18 тогтоолын төсөл, 20-иод журам, аргачлал боловсруулж батлуулсан. Хуулийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах чиглэлээр 19 хуулийн төслийг боловсруулж, хууль шүүхийн байгууллагад яамыг төлөөлж 23 эрүүгийн, 6 иргэний, 80-аад захиргааны хэрэг маргаанд оролцож, хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ боловсруулах, хууль эрх зүйн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэйгээр ажиллаж ирсэн.
Нэгдүгээрт. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн М.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/** дугаар тушаалын тухайд:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, ... хооронд энэ хуулийн 48 ... дугаар зүйлд заасан асуудлаар гарсан маргаан ... хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ., Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтран батлагдсан тушаалаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргана. гэж заасны дагуу зориг гарган өөрийн эрх ашгийг хамгаалж, Төрийн албаны зөвлөлд 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан.
Төрийн албаны зөвлөл уг гомдлыг шалган 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/**** дүгээр албан бичгээр Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/** дугаар тушаал нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 4.1 дэх хэсгийг үндэслэсэн нь захиргааны байгууллагын гаргасан шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэснийг зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгох, мөн төрийн байгууллагын удирдах албан тушаалтан Л.Э албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын байрны дарамт учруулж байгаа үйлдэл нь төрийн алба, иргэний төрд итгэх итгэлийг бууруулсан тул дахин хянан үзэж, иргэний мэдээллийг шалган хэрхэн шийдвэрлэсэн талаар Төрийн албаны зөвлөлд 2020 оны 08 дугаар сарын 07-ны дотор хариу илүүлэхийг үүрэг болгосон. Гэтэл энэ талаар огт хариу өгөөгүй, миний бие удаа дараа албан бичиг цохогдсон Г.Бд хандаж асуухад удахгүй шийднэ, Л.Эыг яамны ёс зүйн зөвлөлөөр шалгуулна гэсээр хугацаа алдсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/** дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.6, 37.1.7, 37.1.13, 48.1.2 дахь заалтыг үндэслэсэн нь хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3-т заасан үндэслэл, 1.4-т заасан зарчим, 1.6-д заасан сахилгын шийтгэлийг заавал шалган тогтоож, өөрт нь мэдэгдсэн байна, 2.2-т заасан дээд шатны албан тушаалтан, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар шалгаж тогтоогоогүй, 2.4.5, 2.6-д заасан дүгнэлт гаргаж, танилцуулж, гарын үсэг зуруулаагүй гэснийг тус тус зөрчсөн.
Тодруулбал: 1. Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авсан хувилбарт өөрөө дур мэдэн өөрчлөлт оруулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн гэх тухайд: Засгийн газрын тогтоолын төслийг анх Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Э боловсруулж надад өгсөн. Энэ төсөл дээр нь ажиллаад 2020 оны 02 дугаар сарын 27-ны 01/**** дугаартай албан бичгээр бүх сайд нар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаас санал авсан, төсөл дээр нь боловсруулсан М.М миний бие, С.Э, хянасан Хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Н, Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Э, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Б, Төрийн нарийн бичгийн дарга Д.Г, сайд Н.Ц нар гарын үсэг зурж явуулсан. Сангийн яам төсөв, орон тоо нэмэх боломжгүй талаар дэмжээгүй тул Сангийн яамны хариуцсан мэргэжилтэн О, газрын дарга нартай уулзалт хийхээр төлөвлөн 4 удаа уулзалт зохион байгуулсан боловч Л.Э байнга зугатаад уулзаагүй, тэгэхээр нь сайдад тайлбарлаж, Сангийн сайд Ч.Х-тай уулзаж энэ талаар зөвшөөрөл авах шаардлагатай талаар 2 удаа уулзсан. Ингээд Сангийн сайдад тайлбар хүргүүлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/*** дугаартай албан бичиг төлөвлөн хүргүүлсэн. Мөн удирдлагуудаас шадар сайдаас санал авах шаардлагатай гэж чиглэл өгсөн тул 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/*** дугаартай албан бичиг хүргүүлсэн. Сангийн яамнаас зөвшөөрөл ирэхгүй, дарга ч уулзахгүй гацаанд орсон тул Л.Э даргад Сангийн яамтай уулзалт хийхийг хэлээд байсан ч хийхгүй байсан тул 2021 оноос улсын төсөвт тусгаж тогтоолын төсөлдөө тусгаж хүргүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хариуцсан референт Д.Э-тай утсаар Л.Эыг яриулж зөвшөөрөл аваад албан бичгээ явуулахаар болсон. Яамдаас ирүүлсэн саналд дүрмийг хавсралтаар батлуулах шаардлагатай гэсэн тул боловсруулж, бусад хэсэгт өөрчлөлт оруулаагүй, харин уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах сургалтын төв байгуулахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар оролцоотой байсан бөгөөд, магадгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үед тэдэнд хариуцуулж болзошгүй талаар С.Э бид 2 санал солилцож байсан тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг нэмж тусгасан. Энэ нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг болох байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, экологийн боловсрол, хүмүүжил олгох ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэсэн заалт байсан. Энэ нь сайдын нэр төрийг унагаж, хорлох гэсэн үйлдэл огт биш юм.
Учир нь Л.Э нь тогтоолын төслийн үндэслэлд Төсвийн тухай хуулийн 14.2.12 гэх заалтыг 14.1.12 гэж андууран харсанаа Сайд, Төрийн нарийн бичгийн даргад буруу ойлголт өгсөндөө бантаж, намайг буруутан болгож өөрийгөө хайцаалах гэсэн л арга байсан. Миний бие Төрийн нарийн бичгийн даргад орж танилцуулан учир байдлыг ойлгуулж хэлэхэд чамайг сайд бид 2-ыг хорлох хүн, итгэлтгүй хүн, зориуд прокурорын заалтыг оруулж, сайдыг Засгийн газрын хуралдаан дээр эвгүй байдалд оруулах гэж байна гэж Л.Э хэлсэн, та 2 өөрсдөө учраа ол, би мэргэжилтэнтэй харьцдаг хүн биш, дарга нартай л харьцана гээд гаргасан. Энэ хуулийн заалт нь биш гэдгийг ойлгонгуутаа намайг буруутгах гэж сарын тайлан дүгнэхгүй, шалтаг шалтгаан хайж, өөрөөр минь ямар нэгэн тайлбар бичүүлж, ямар ч байсан чамд хариуцлага тооцуулна гэж ажлын байрны дарамт үзүүлж эхэлсэн. 2020 оны 3, 4 сард албан бичиг Л.Э даргын ширээн дээр сар гаран өнжсөн, би орох болгондоо асууна, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/**** дугаартай албан бичгээр хүргүүлэхэд боловсруулсан М.М, хянасан Л. Э, танилцсан Д.Г, сайд Н.Ц гарын үсэг зуруулан төвийн сургагч багш Б.М-р шууд хүргүүлсэн.
Сонсох ажиллагаа хийхэд Т.Б, С.Э нараас тайлбар тодруулга ав гэхэд огт аваагүй. Өөрөөр хэлбэл дур мэдэн өөрчлөлт оруулж, хорлож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт явуулсан зүйл байхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.
2. 2020 оны 1, 2, 3 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг хугацаанд нь хянуулаагүй гэх тухайд: Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 17-нд байгууллагын төлөвлөгөө болон газрын төлөвлөгөөнд саналаа өгсөн. Байгууллагын төлөвлөгөө 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан, газрын төлөвлөгөө 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, миний гүйцэтгэлийн төлөвлөгөө 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан. Яамны бүх нэгжүүд төлөвлөгөөгүй байсан учраас Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газраас 1-р улирлын төлөвлөгөө гэж гаргасан. Үүний дагуу миний бие саналаа өгч, 1, 2, 3 сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ гаргасан байсан. Гэвч байгууллага, нэгж, миний төлөвлөгөө батлагдаагүй байсан болохоор миний төлөвлөсөн ажил орох эсэх нь тодорхойгүй байсан. Гэвч ажлаа төлөвлөөд гүйцэтгэлийг хангаж ажилласан, орхигдуулсан ямар ч ажил байхгүй, харин ч даргын өгсөн даалгаваруудыг бүгдийг хийж гүйцэтгэсэн.
Журам батлах тухай Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар тогтоолын 1.3.1. гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж төрийн жинхэнэ албан хаагчаас энэ журамд заасны дагуу байгууллагын болон нэгжийн төлөвлөгөөг өөрийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан боловсруулсан нэг улирлын хугацаанд хэрэгжүүлэх зорилт, ажил үйлчилгээний төлөвлөгөөг; 2.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн төлөвлөгөө нь нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн байгууллагын нэгжийн төлөвлөгөө болно. 2.3. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж, 1 дүгээр сарын 10-ны дотор батална. 2.7. Төлөвлөгөөнд албан хаагч, нэгжийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарснаар түүнийг баталгаажуулсанд тооцно. гэсэн заалтууд зөрчигдсөн.
Миний ажлын байрны албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй, яамны болон газрын төлөвлөгөө, миний төлөвлөгөө батлагдаагүй байсан тул 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн газрын шуурхай хурал дээр миний бие газрын төлөвлөгөө хэзээ батлагдах вэ, албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй байна, юу хийх нь тодорхойгүй байна, ядаж миний төлөвлөгөөнд тусгуулсан ажлуудаас алийг нь газар, яамны төлөвлөгөөнд тусгаж байгаа нь тодорхой бол биелэлтээ гаргаж баймаар байна. Манай яам, газар бүгд ингэж төлөвлөгөөгүй явж болохгүй талаар тодруулж асуусан. Л.Э яамны байгууллагын төлөвлөгөө, нэгжийн төлөвлөгөө гараагүй байна гээд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ гаргахгүй байж болохгүй, хийсэн ажлаа тайлагнаад 2020 оны 04 дүгээр сарын 22-ны дотор буюу ирэх 2 дахь өдөр гэхэд бүгд 1, 2, 3 сард хийсэн ажлаа миний ширээн дээр тавиарай, хэрэв тавиагүй бол би дүгнэхгүй гэсэн. Энэ үед нэг ч албан хаагч ажлаа дүгнүүлээгүй байсан. Газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шуурхайн төлөвлөгөөнд мөн тусгаж, үүрэг даалгавар өгсөн. Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 22-ноос өмнө 20-нд 1, 2, 3 сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ өгсөн боловч Л.Э 4 дүгээр сарын 29-ний өдөр дүгнэхгүй гээд буцаасан.
3. ...гаргасан алдаа зөрчлийн талаар 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэл үйлдэн мэдэгдсэн, тайлбар ирүүлэх хугацааг сунгаж, үндэслэл бүхий тайлбар ирүүлэх хугацаа заасан бичгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрт нь гардуулсан боловч тайлбар өгөөгүй гэх тухайд: Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолд дурдсан.
Хоёрдугаарт. Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/*** дугаар тушаалын тухайд: Миний бие Төрийн албаны зөвлөлөөс удаа дараа 51-26**** дугаарын утсаар хариуцсан шинжээчээс тодруулахад танай яамнаас удахгүй шийдвэрлэж хариу ирүүлнэ гэсэн хариуг өгч байсан. Уг албан бичиг цохогдсон хариуцсан мэргэжилтнээс удаа дараа асуухад завгүй байна, амжихгүй байна, ёс зүйн зөвлөлөөр шийдвэрлэнэ гэсээр байсан. Гэтэл надад мэдэгдэлгүйгээр, сонсох ажиллагаа, дүгнэлт хийлгүйгээр, Л.Эыг шалгаж, хууль зүйн үндэслэлийг тогтоолгүйгээр Төрийн нарийн бичгийн даргын Тушаалд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/*** дугаар тушаал гаргуулж, Б/** тушаалыг хүчингүй болголгүй харин ч тушаалын үндэслэх хэсгийн 4.1 гэснийг 5.1, 5.2 гэж өөрчлөн Төрийн албаны зөвлөлд хариуг хүргүүлсэн байсныг Төрийн албаны зөвлөлөөс 51-26**** дугаарын утсаар, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12.20 цагт хүний нөөцийн мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчээс гардан авч, олж мэдсэн. Уг Б/** дугаар тушаалыг дахин хянан үзэж, Л.Эыг шалгах, хугацаа хэтрүүлэн шийдвэрлээгүй албан тушаалтныг шалгаж хариу өгөх талаар миний бие Төрийн нарийн бичгийн даргад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тайлбар, гомдол гаргасан. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний түр орлон гүйцэтгэгч өрөөндөө дуудан Гомдолд хариу өгөх тухай хариуг өгсөн. Үүнд гомдлыг шийдвэрлээгүй, харин зохих шийдвэр гаргах талаар дурдсан байсан. Энэ талаар тодруулахад та өөрөө мэдээд ойлго гэсэн.
Тайлбар, гомдлын хариу нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2.2-т захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх гэснийг зөрчин тамгаггүй, албан бланкгүй, он сар өдөргүй цагаан А4 цаасан дээр бичиж, Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан хууль бус захиргааны акт байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Гуравдугаарт. Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалын тухайд: Тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 37.1.8-д өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх; гэснийг үндэслэсэн байна. Миний бие өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлж ирсэн. У Их Сургуулийг бакалаврын зэрэгтэй, сэтгэл зүйч-багш мэргэжлээр, М Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг 2003-2007 онд эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2009-2011 онд Захиргааны торгуулийн арга хэмжээг боловсронгуй болгох эрх зүйн зохицуулалт сэдвээр магистрийн зэрэг /92 оноо/ хамгаалж, 2016 оноос тус сургуулийн докторантаар суралцаж байна. У академийг 2005-2007 онд Төрийн удирдлагын менежер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй тус тус суралцсан. Өөрийн мэргэжил боловсролыг байнга дээшлүүлж, 30-аад удаагийн гадаад, дотоодын урт, богино хугацааны сургалт, семинарт хамрагдсан.
Үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний хэрэгжилтээр 2012 онд 96 оноо А, 2013 онд 97 оноо А, 2014 онд 95 оноо А, 2017 онд 92 оноо А, 2018 онд 95 оноо А, 2019 онд 89 оноо В үнэлгээтэй ажиллаж, ажлын үр дүнгээр үнэлэгдэн жуух, тэргүүн, хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одон төрийн дээд шагналаар шагнагдсан, төрийн албанд 25 жил тасралтгүй ажиллах хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, манлайлж, өөрийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцаж, үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг чанартай гүйцэтгэж, үр дүнг бүрэн хүлээж, хариуцлагаа ухамсарлан ирсэн. Төрийн албанд ажиллах хугацаанд төрийн ажил алдагдуулж, хариуцлагагүй, хувийн ашиг сонирхлоор хандаж байгаагүй болно. Энэ нь тушаалд дурдсан зөрчилд хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.
Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 37.1.15-т харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах; гэснийг зөрчсөн гэжээ. Миний бие дээр заасанчлан харьяа дээд шатны албан тушаалтнуудыг бодлого, шийдвэр гаргах үйл явцад хуульд нийцсэн баримт, мэдээ мэдээлэл, үндэслэл бүхий хууль зүйн мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж ирсэн. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээнд (тус яамны ой, ус, тусгай хамгаалалт, газрын бодлого, аялал жуулчлалын бодлого, хүрээлэн буй орчны бодлого, хяналт шалгалт, төрийн албаны маргаан, худалдан авах ажиллагаа, хууль тогтоомж боловсруулах, судалгаа хийх зэрэг хууль зүйн асуудлыг хариуцдаг) мэргэшсэн төрийн албан хаагчийн хувьд удирдлагаас гадна албан хаагчид, шинэ залуу болон орон нутгийн харьяа байгууллагын албан хаагчдад мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, байнга зөвлөж тусалж ирсэн. Энэ нь тушаалд дурдсан зөрчилд хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.
Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 37.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, Хөдөлмөрийн дотоод журмын 11.3 дахь хэсэгт гэснийг зөрчсөн гэжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай журмын 11.3-т Албан хаагч нь ажлын нэг өдөр буюу 8 цагаас дээш хугацаагаар шалтгаангүйгээр ажил тасалсан тохиолдолд тухайн газар, хэлтсийн даргын саналыг үндэслэн Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна. гэснийг зөрчсөн гээд тушаалын тушаах нь хэсэгт ажлын цаг ашиглалт хангалтгүй нь хяналт шалгалтаар илэрсэн гэжээ.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдэл, түүний дагуу мэргэжилтэн А.Т, А.Ц нарын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэл, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Бгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэлд дурдсан асуудлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Сонсох ажиллагаанд А.Т Төрийн нарийн бичгийн даргын шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн дагуу ажлын цаг ашиглалттай холбоотойгоор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжлтнүүдийн хамт байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үдийн цайны өмнө ба хойно цаг бүртгэлийн шалгалт хийсэн. Тухайн үед хэд хэдэн мэргэжилтэн Койкагийн сургалтанд хамрагдаж байгаа болохыг цаг ашиглалт шалгасан баримтдаа тусгаж авсан. Гэтэл та бүхнийг сургалтанд суулгах талаар тодорхой тушаал шийдвэр, зөвшөөрөл олгоогүй байхад дур мэдэн ажлын байраа орхиж явсан шалтгаан нь арга хэмжээ оногдуулах үндэслэл болж байна. Уг сургалтын асуудлаар сургалтад хамрагдсан дээрх хүмүүст арга хэмжээ авах үндэслэл бүрдсэн. Төрийн нарийн бичгийн даргаас өгсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэр гараагүй, чөлөө зөвшөөрөл олгоогүй байхад дур мэдэн сургалттай гээд ажил хаяж явсан. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг харахад онлайн буюу цахим сургалт байсан. Хэрэв ийм сургалтад суух байсан бол тухайн сургалтанд оролцох нэр бүхий албан хаагчид ажлын цагаараа байгууллагын хурлын танхимд цаг аваад сургалтаа орох бололцоо байсан. гэсэн байна.
Сонсох ажиллагааны явцад надад цаг ашиглалт шалгасан баримтыг үзүүлээгүй тул үзэх хүсэлтэй байгаагаа хэлсэн ч байхгүй байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн удирдах ажилтны 19 дүгээр шуурхай зөвлөгөөнөөс Төрийн нарийн бичгийн даргын өгсөн үүрэг даалгаврын 13-т Дотоод ажлын дэвтэр хөтөлж хэвших, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар өгсөн үүрэг даалгаврын 3-т Албан хаагчдын ажлын цаг ашиглалт, түүнд тавих хяналтыг сайжруулах-ыг газар, хэлтсийн дарга нарт өгөгдсөн байна. Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цаг ашиглалтын байдалд хяналт тавихад яамны 9 мэргэжилтэн БНСУ-ын Койка, М ХХК-иас онлайнаар зохион байгуулсан Монгол Улсад уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах цахим сургалтын хаалтын үйл ажиллагаанд Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв УТҮГ-ийн байранд /Яармагт/ оролцож байсан. Эдгээр 9 мэргэжилтнээс хэнээс нь ч тайлбар, тодруулга аваагүй, бүгд энэ өдрүүдэд сургалтанд оролцсон гэдгээ нотолж гарын үсэг зурж, баталгаажуулсан. М ХХК-иас ирүүлсэн тайлбар тодруулга дээр сургалтын өдөр бүрийн зураг, гарын үсэг, халуун хэмжсэн баримтаар нотлогдоно.
Төрийн нарийн бичгийн даргын тушаал шийдвэр, зөвшөөрөл олгоогүй, мэдээгүй тухайд: Зөвхөн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар сургалтанд хамрагддаг зохицуулалт дүрэм журамд байхгүй. БНСУ-ын Койка, М ХХК-иас онлайнаар зохион байгуулсан Монгол Улсад уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах цахим сургалт 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилсэн ба 10 дугаар сарын 05-ны өдөр сургалтын хаалт болж, 4 багт хуваагдан peresentation бэлтгэн танилцуулж, сертификат гардан авсан, энэ талаар яамны хэвлэл мэдээллийн албанаас ирж зураг авч, яамны сайтад гаргасан. Миний хувьд 2020 оны 08 -10 сарын цагийн бүртгэлээр ажил тасалсан өдөр байхгүй. Ер нь миний бие ажлын цаг тасалж, хувийн ажил амжуулж явдаггүй, үдийн хоолоо гэрээсээ бэлдэж ирээд өрөөндөө хооллодог. Автомашины түгжрэл, машин паркалж тавих зогсоол байхгүйгээс хамааран өглөөд 5, 10 минут хоцрох тохиолдол байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын 2020 оны 08.24-09.07, 09.08-09.22, 09.23-10.07, 10.08-10.22-ны өдрүүдийн ажлын цагийн тооцоог Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Б хянаж, нягтлан бодогч шалгаж цалинг бүрэн олгосон. Бусад газрын дарга нар цалингийн баримтад мөн адил бусад мэргэжлтнүүд сургалтанд хамрагдсан талаар тодорхой тусгагдсан байгаа.
Мөн харьяа байгууллагуудад хог преслэгч гардуулах арга хэмжээг Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв УТҮГ-ийн байранд /Яармагт/ зохион байгуулах үеэр сургалтын өрөө болон сургалтын үйл ажиллагааны талаар Сайд, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б нарт М ХХК-ийн захирал Т.К, менежер Б.Б нар тодорхой танилцуулсан. Сургалтанд яамны 9 мэргэжилтэн, сургалтын төвийн 3 багш хамрагдаж байсан бөгөөд 1 сургагч багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, БНСУ-ын талаас нөхөн 1 сургагч багш авч сургалтанд хамруулах тухай хүсэлтийг Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Бд миний бие 2 удаа танилцуулсан тул энэ талаар мэдэгдээгүй гэх нь үндэслэлгүй байна.
Дур мэдэн ажлын байраа орхиж явсан гэх тухайд: Монгол Улсад уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт судалгааны төв байгуулах замаар нөхөн сэргээлт хийх чадавхийг сайжруулах зорилготой төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам /хуучнаар/, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам/хуучнаар/, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/хоорондын хэлэлцээрийн протоколд 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр талууд гарын үсэг зурсан.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагын 5.8 сая ам долларын буцалтгүй тусламжийн төслийг 2016 оноос албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 2125 м2 талбайтай лекц, лаборатори, мэдээллийн танхим бүхий судалгаа, шинжилгээний төвийг барилга байгууламжийг барьж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын комиссын актаар хүлээн авсан. Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар тушаалаар төвийн барилгыг инженерийн шугам сүлжээгээр хангах, барилгыг барих, ашиглалтанд оруулахтай холбоотой асуудлыг Төрийн захиргаа удирдлагын газарт, төслийн хүрээнд уул уурхайн сөрөг нөлөөлийг бууруулах менежментийн мастер төлөвлөгөө боловсруулах, Налайхын уурхайн жишиг нөхөн сэргээлтийн зураг төсөл боловсруулах зэрэг ажлуудыг хийж, сургалтын хөтөлбөр боловсруулах, төсөл хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах асуудлыг Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газарт тус тус хариуцуулсан. Миний бие сургалтын төвийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, дэд бүтэц, барилгын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, сургагч багш, ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах, нээлтийн үйл ажиллагаа болон өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, номын сан байгуулах, сургалтын зохион байгуулалтыг хариуцан ажилласан.
Сургагч багш бэлтгэх сургалтын талаар БНСУ, Монгол талын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн уулзалтаар хэлэлцэн яамны 10 мэргэжилтэн, сургалтын төвийн 3 сургагч багшийг БНСУ-д сургаж дадлагажуулах талаар хэлэлцээд цар тахал гарсантай холбогдуулан сургалтын төвд онлайнаар сургахаар тохиролцсоны дагуу зохион байгуулсан. Уг уулзалтад Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Б, Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Э нар оролцож, сургалтанд оролцох мэргэжилтнүүдийн нэрсийг гаргасан. Эдгээр хүмүүсээс тодруулах талаар А.Т хэлсэн ч тодруулаагүй. Энэхүү сургалт нь өмнө 2 удаа БНСУ-д зохион байгуулагдаж байсан, төслийн үргэлжлэн хийгдэж байгаа ажил юм. Төслийн талаар хоёр тал цахимаар болон биечлэн уулзаж зохицуулсаар өдийг хүрсэн бөгөөд ямар ч асуудал гарч байгаагүй бөгөөд дур мэдэн ажлын байраа орхиж явсан гэх нь үндэслэлгүй юм. Сургалтанд оролцсон мэргэжлтнүүдэд ямар ч хариуцлага тооцоогүй, асуугаагүй, зөвхөн надад хариуцлага тооцож байна.
Цахим сургалтыг яамны Хаан танхимд зохион байгуулах байсан гэх тухайд: Сургалтын төв Яармагт байрладаг бөгөөд эхний өдрийн сургалтанд очиход 2 цаг, буцаж явахад 2-3 цаг замын түгжрэлд орж байсан тул бид сургалтыг яам, эсвэл ойролцоо Их, дээд сургуулиудын интернеттэй сургалтын танхимд хийх хүсэлтийг удаа дараа М ХХК-д тавьсан боловч, нэгэнт шинээр сургалтын төв байгуулж, сургалтын өрөө зориулан тохижуулж, интернет болон бусад асуудлыг бэлтгэсэн, БНСУ-ын багш нарыг бэлдсэн тул өөрчлөх боломжгүй талаар хариу өгч, бидэнд зориулан унаа захиалж хүргэж өгдөг байсан. Нөгөө талаас Хаан танхимд сургалтын бүх өдрүүдэд /08.27-нд 10:00-12:30, 08.31-нд 10:00-17:00, 09.03-нд 09:30-15:00, 09.04-нд 10:00-17:00, 09.07-нд 11:00-15.00, 09.10-нд 10:30-17:30, 09.11-нд 9:00-11:00, 09.14-нд 13:00-15:00, 09.17-нд 10:30-15:00, 09.18-нд 15:00-17:00, 09.21-нд 13.00-17.00, 09.24-нд 09.00-17.00, 09.25-нд 09:30-17:00, 09.28-нд 09:30-12:25, 10.05-нд 09:00-16:00/ байнгын арга хэмжээтэй, зохион байгуулах боломжгүй байсан. Хариуцагчийн гарган ирүүлсэн цагийн бүртгэл нь илт хуурамч, хоорондоо тохирохгүй, сургалтын төв дээр байсан цагийн бүртгэл, зургаар нотлогдоод байхад хуурамч бүртгэл гарган ирүүлж шүүхийг хуурч байна.
Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9 дэх заалтад төрийн албан хаагч мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтанд хамрагдах эрхтэй, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.4 дэх заалтад яам нь яамны стратегийн болон үйл ажиллагааны зорилттой уялдуулан албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл яам албан хаагчдыг сургалтанд хамруулах үүргээ, мэргэжилтнүүд эрхээ зөрчсөн гэж ойлгох уу. Сургалтанд хамрагдсан 9 мэргэжилтний сургалтын хөтөлбөрийг цагийн бүртгэлд тооцон оруулж, газрын дарга нар хянаж гарын үсэг зурсан. Бид ажлаа цалгардуулалгүйгээр зохицуулан ажилласан, дур мэдэн ажлын байрыг хаяж явсан зүйл үгүй болно. Сургалтанд хамрагдсанд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно., 25.1.1 дэх заалтад ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2 дахь заалтад оролцогчийг сонсож, тайлбар гаргуулах,, 25.1.4 дэх заалтад гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах гэснийг зөрчин сургалтанд тус яамнаас хамрагдсан надаас бусад 9 албан хаагчдаас асууж тодруулаагүй, сургалтыг хэлэлцэж, зохион байгуулсан Койка ОУБ, М ХХК болон Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Б, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Л.Э нарын удирдлагуудаас тодруулаагүй, 25.1.5 дахь заалтад баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах, 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас хөтлөөгүй зэрэг зөрчил гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3.1-д Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн, 1.3.3-т хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй гэжээ. Одоог болтол тухайн албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй байхад үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэсэн хэдий ч миний бие ажлыг цалгардуулж орхигдуулсан зүйл огт байхгүй.
Тушаалын тушаах нь хэсэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тус яамны өргөдөл гомдлын 2020 оны 3 дугаар улирлын тайланг алдаатай боловсруулж илгээсэн гэжээ. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар Хуулийн хэлтсээс Төрийн захиргааны удирдлагын газрын сайдын зөвлөлийн хуралдаан, байгаль орчны нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажилласан. Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин мэдэгдэл өгч, 11 дүгээр сарын 9-ны дотор тайлбар өгөхийг үүрэг болгосон.
Мэдэгдэлд дурдсан өргөдөл гомдлын тайлангийн тухайд: Намайг ажил авахад өмнөх албан тушаалтан нэг ч ажил хүлээлгэн өгөөгүй тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээч Д.Ч биечлэн уулзаж, өргөдөл гомдлын тайлан гаргах загварын дагуу гарган 2019 оны жилийн эцэс, 2020 оны 1, 2, 3 дугаар улирлын тайланг хүргүүлсэн. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр сайдын зөвлөлд танилцуулсны үндсэн дээр Засгийн газарт хүргүүлэх гэсний дагуу сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл хавсарган сайдын нэр дэр хүргүүлдэг байсан. Гэтэл 2020 оны 2 дугаар улирлын тайланг боловсруулан Төрийн нарийн бичгийн даргад оруулахад туслахаараа дамжуулан сайдын зөвлөл хуралдаагүй, сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл хавсаргах шаардлагаггүй, мөн сайдын нэрээр явуулах ч шаардлагагагүй, миний нэр дээр явуул гэсэн, туслахад нь тайлбарлаж дахин оруулахад дахин тэгж тайлбарласан тул сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг хавсаргахаа больсон. Төрийн нарийн бичгийн дарга Д.Г нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаад яаманд 2 сард ирсэн тул тэгж ойлгоод 2020 оны 2, 3 дугаар улирлын тайланг сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлгүй, Төрийн нарийн бичгийн даргын нэрээр явуулсан.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ХЭГ/**** дугаартай албан бичигт дурьдсан зөрчил байхгүй, танилцуулга хавсаргасан, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан, зөрүүтэй замбараагүй бичвэр байхгүй, тоо баримт зөрөх ямар ч боломжгүй, яамны дотоод хэрэгцээнд ашигладаг аble программ дээр хүлээн авсан, шилжүүлсэн, шийдвэрлэсэн, шийдвэрлээгүй, хугацаа хэтэрсэн гээд өргөдлүүд автоматаар бүртгэгддэг бөгөөд түүнийг тайлангийн хугацаагаар тасалж оруулахад тоо нь гараад ирдэг учир гарсан тоог тайланд тусгаж бичдэг, миний зүгээс тоог өөрчлөх, нэмэх хасах ямар ч боломжгүй юм. Өмнөх тайлангууд шинжээчийн өгсөн зааврын дагуу ижил боловсруулагдаж байсан бөгөөд буцааж байгаагүй. Үүнд Төрийн нарийн бичгийн дарга хувийн байдлаар хандаж, өмнө ажиллаж байсан байгууллагаас бичиг ирүүлсэн гэж үзэж байна.
Өргөдөл, гомдлын тайлан өмнө хэрхэн явдаг байсан, түүнд сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл хавсаргаж байсан эсэх, сайдын нэрээр явуулдаг байсан эсэх, тайланг Төрийн нарийн бичгийн дарга болиулж өөрийн нэрээр явуулж болох эсэх, сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг хавсаргаж явуулахыг Төрийн нарийн бичгийн дарга болиулсан зэргийг тайлбарлаж хэлээд байхад шалтгаан нөхцлийг огт судалж тогтоогоогүй. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа хамаарах нөхцөл байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг хангалттай бүрдүүлж, үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж тогтоон шийдвэрээ гаргах ёстой ч Захиргааны ерөнхий хуулийн 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно., 25.1.1 дэх заалтад ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2 дахь заалтад оролцогчийг сонсож, тайлбар гаргуулах,, 25.1.4 дэх заалтад гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах гэснийг зөрчин хууль бус захиргааны акт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-д төрийн албанаас халах гэснийг үндэслээд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас халсугай гэжээ.
Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаар Ажлаас халах сахилгын шийтгэл гаргах тухай захиргааны актад Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 27.5 дахь хэсэгт заасан тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 27.3.2 дахь заалтад захиргааны шийдвэр эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтыг танилцуулаагүй, 27.3.3 дахь заалтад захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл-ийн талаар огт мэдэгдээгүй.
Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.6-д төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байх гэснийг зөрчин ажлаас халах сахилгын шийтгэлийн талаар мэдэгдээгүй, цар тахлын үеэр гэртээ цахимаар ажиллаж байх үед 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарсан тушаалыг 12 дугаар сарын 10-ны өдөр утсаар мэдэгдсэн. Журмын 2.1-д Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно. гэсний дагуу гомдол хэн ч гаргаагүй, баримтыг зориуд санаатай ирүүлсэн. 2.4.5-д цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, 2.6-д албан хаагч дүгнэлттэй танилцах гэсний дагуу дүгнэлт гаргаагүй, танилцуулаагүй, 3.2, 3.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн.
Захиргааны ерөнхий хуулийн 32.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогчийг танилцах боломж олгоно. гэж заасныг зөрчсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 6.1 Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна., 1.4 хариуцлага гарцаагүй байх, сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх, ил тод байх, хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Б/**, Б/*** дугаар тушаалуудаар хүлээлгэсэн шийтгэл нь хууль зүйн үндэслэлгүй, хүчингүй болгох талаар Төрийн албаны зөвлөл мэдэгдсэн ч Захиргааны ерөнхий хууль зөрчин хэрэгжүүлээгүй, Б/*** дугаар тушаалд дурдсан дээрх 2 зөрчлийн шинж байдал нь төрийн албанд ажиллуулахгүй байх, төрийн албанаас халах хууль зүйн үндэслэлгүй байна.
Дөрөвдүгээрт. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хууль ёсны эрх ашгийг зөрчиж, албан тушаалын дарамт шахалт үзүүлж, ялгаварлан гадуурхаж, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.
Төрийн албаны тухай хуулийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахыг хориглоно., 49.2-т энэ хуулийн 62.1.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас халахыг хориглоно., гээд 62.1.2-т Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх;, 31.2-т Энэ хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилоход Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно., гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар түүнийг төрийн албанаас халахыг хориглосон хуулийг зөрчиж, Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр төрийн албан хаагчдийг байнга дарамталж, шалтаг шалтгаан хайж, ажлын байрыг нь булаан авч, өөрсдийн намын гишүүдээр яамыг дүүргэсэн.
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын Нам олонхоор парламент бүрдүүлж, Засгийн газраа байгуулснаар тус яамны сайд, төсвийн ерөнхийлөн захирагчаар Д.С, Төрийн нарийн бичгийн дарга, төсвийн шууд захирагчаар Д.Г нар томилогдсноос хойш надад ажлын байрны дарамт шахалт илт бий болсон. Тухайлбал: Цар тахал ковид 19 гарсантай холбогдуулан албан хаагчдын эрүүл мэндийг үзлэгийг зохион байгуулах тушаалын төслийг боловсруулан 2020 оны 4 сард Төрийн нарийн бичгийн даргад оруулахад шийдвэрлэхгүй, авч үлдсэн, дахин ажлын хэсэг байгуулах тушаал боловсруулан ажилласан ч цар тахалтай давцсан албан хаагчид 2020 оны эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж чадаагүй, үүний улмаас яаманд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ авалгүй олон албан хаагчид ковид цар тахлын халдвар авч, эрүүл мэндээр хохирсон.
Байгаль хамгаалагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг нэмэгдүүлэх талаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулан оруулахад авч үлдэн буцааж олголгүй, яамдаас ирүүлсэн санал алга болсон, тухайн ажлыг өөр албан тушаалтанд өгч дахин ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Ингэхдээ намайг уг ажлын хэсэгт гишүүнээр ажиллуулж, бүх судалгаа, баримт материалуудыг авсан.
Байгаль орчны судалгаа, шижилгээний төв УТҮГ байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, хавсралтаар дүрмийг боловсруулан Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор батлуулсан. Үүнтэй холбоотой тус төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай сайдын тушаалын төслийг боловсруулж оруулахад мөн л авч, өөр мэргэжилтнээр батлуулсан. Төрийн нарийн бичгийн даргад оруулсан бичиг баримт ерөөсөө гарч ирдэггүй, алга болдог.
Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Э.Б шинээр томилогдон ирснээс хойш 9, 10, 11 сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлээгүй, албан бичиг боловсруулж оруулахад гарын үсэг зурж танилцдаггүй аваад үлддэг. Тухайлбал, Байгаль орчны судалгаа шинжилгээний төвийн газар ашиглах гэрээ, гэрчилгээг сунгуулах албан бичиг, Жендерийн эрх тэгш байдлыг хангах мэргэжилтэн, манлайлагчдын уулзалтад урилга ирсэн байхад оролцуулаагүй, Койка, М ХХК хамтарсан уулзалтад оролцуулаагүй, 2 давхарт бие засах хооронд өрөөнд чинь ороход өрөөндөө байгаагүй, ажлын байр хаяж явлаа, тайлбараа бичиж өгөөрэй гэж хэлж дарамт үзүүлсэн, зандарсан байдалтай харьцдаг.
Хүний нөөцийн мэргэжилтний үүрэг гүйцэтгэгч нь өрөөний хажуугаар явах болгондоо л зөвхөн манай өрөөний ирцийг бүртгэн, тайлбар нэхдэг, хэн нэгэн ажил дотроо бие засах, цайны өрөөнд орох, хурлын танхимд уулзалтад оролцох зэрэг ажил байдаг ч байнгын түгшүүртэй болсон. Төрийн захиргааны удирдлагын газрын нэг ч мэргэжилтэн үлдээгүй, бүгдийг халж сольсон.
2020 оны 09 дүгээр сараас хойш надад нэг ч албан бичиг, өргөдөл цохоогүй, ажил даалгаагүй. Надад 7 хоногт 3 мэдэгдэл өгсөн. 2020 оны 10 дугаар сарын 22, 10 дугаар сарын 29, 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэл өгсөн. Цар тахлын үеэр албан хаагчид ээлжлэн ажиллахад надад нэг өдөр ч ажиллах хуваарь тавиагүй, бусад албан хаагчид ээлжлэн ажиллаад л байсан. Сарын тайлан гаргах хугацаа болсон гэж байж ирэхэд оруулахгүй байсан.
Эдгээр албан тушаалтнуудыг ирэхээс өмнө миний хувьд хэвийн нэр хүндтэй ажиллаж байсан. Тус яаманд өнөөдрийн байдлаар 50-аад албан хаагчид шинээр томилогдож, солигдож, төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа алдагдаж, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халж сольж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай тогтоол гарч, орон тооны хязгаарыг 121 хэвээр тогтоосон.
Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах гэж заасан. Миний бие Хуулийн хэлтсээс Төрийн захиргааны удирдлагын газарт ажил сайжруулахаар сэлгэн ажилласан. Одоо Хуулийн хэлтэст дахин томилогдох хууль зүйн үндэслэлтэй. Хуулийн хэлтэс болон Төрийн захиргааны удирдлагын газарт миний ажиллаж байсан ажлын байр хэвээр байгаа бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газарт сургалт, байгууллагын төлөвлөгөө, өргөдөл гомдол, агентлагийн асуудал хариуцсан мэргэжлтний албан тушаалд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг бөглөсөн.
Бүх нийтийн бэлэн байдал зарлаж байгаа энэ үед Засгийн газраас төрийн албан хаагчийг ажлаас халж чөлөөлөхийг хориглосоор байтал шалтаг шалтгаан хайж, байнгын албан тушаалын дарамт шахалт үзүүлж байна. Төрийн албаны тухай хуулийн 31.4-т Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно. гэж заасан, жирийн төрийн албан хаагч намайг нам бус гэж ялгаварлан гадуурхаж хууль бусаар төрийн албанаас халсан гэж үзэж байна. Миний бие ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ипотекийн 8 хувийн зээл төлдөг. Дэлхий нийтэд цар тахал гарч, ард иргэдийн эдийн засаг, орлого, амьжиргаа өдрөөс өдөрт дордож, эрүүл аюулгүй хэрхэн даван туулах, ажлын байрыг хадгалах талаар төр бодлого шийдвэр гарган, амьд үлдэх эсэх энэ хүнд цаг үед ажлаас халж байгаа хүнлэг бус харгис шийдвэрт гомдолтой байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэст мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоож, томилохыг Төрийн нарийн бичгийн даргад даалгах тухайд:
М.М нь 2019 онд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд итгэмжлэлээр оролцохдоо нотлох баримт хангалтгүй бүрдүүлж, удаа дараа эсрэг талд шүүхийн шийдвэр гаргасан бөгөөд давж заалдах болон дээд шүүхэд гомдол гаргаагүй зэрэг хариуцлагагүй байдал гаргасан гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулан, батлуулах ажлыг Хуулийн хэлтсийн дарга хариуцуулан үүрэг өгсөн. Гэтэл М.М нь дээрх үүргийг хэрэгжүүлээгүй, ажилдаа хайхрамжгүй хандаж Хуулийн хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоож захирах, захирагдах ёсыг баримтлан ажиллаж чадахгүй гэж үзэн нэгжийн дарга, удирдлагууд хооронд харилцан тохиролцсоны дагуу М.Мг сэлгэн ажиллуулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно. гэж заасны дагуу Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.Мг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тус газрын Сайдын зөвлөлийн хурал, байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан байна. Гэтэл ажиллаж байх хугацаандаа Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/** дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 10 хувь бууруулах сахилгын шийтгэл болон халах арга хэмжээ авагдсан тул хуулийн хэлтэст эргүүлэн томилох боломжгүй болно.
2. М.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/** дугаар тушаалын тухайд:
М.М нь тус яамнаас боловсруулсан Байгаль орчны судалгаа шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд яамд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санал авч, нэгтгэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Ингэхдээ Засгийн газрын тогтоолын төслийн хуулийн үндэслэл буюу тогтоох хэсэгт өөрөө дур мэдэн өөрчлөлт оруулж хүргүүлсэн байсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.6, 37.1.7 дахь хэсэгт тус тус заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, удирдах албан тушаалтнаас чиглэл өгөөгүй байхад Засгийн газрын тогтоолын төслийн хуулийн үндэслэлд төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн асуудлыг тусгаж тус яамны болон төрийн алан хаагчийн нэр хүндийг унагаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ. гэж, Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 3.1-д Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг өөрийн гарын үсгээр баталгаажуулан сар бүр батлагдсан загварын дагуу шалгуур үзүүлэлт бүрээр тайлагнана. гэж, мөн 3.2-т Албан хаагч төлөвлөгөөний сарын биелэлтийг тухайн сарын ажлын сүүлийн өдөр тайлагнана. гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй. М.М нь 2020 оны 1, 2, 3 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг нэгжийн удирдлагадаа хүргүүлж, тайлагнаагүй.
Энэ талаар Төрийн захиргааны удирдлагын газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шуурхай хурлаар албан хаагчдад гүйцэтгэлээ хугацаанд нь тайлагнах, дүгнүүлж хэвших талаар анхааруулж, гүйцэтгэлийн тайлангаа ирүүлэх тодорхой хугацаа тогтоосон боловч хугацаандаа ирүүлээгүй байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13 дахь хэсэгт заасан хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, ажлын гүйцэтгэлээ 3 сар дараалан тайлагнаж, дүгнүүлээгүй тул сахилгын шийтгэл хүлээлгэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзсэн болно.
Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын дагуу М.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мэдэгдэл, мэдэгдлийн дагуу тайлбар гаргаж өгөх тухай, мэдэгдэл өгсөн тухай 2020 оны 5 дугаар сарын 22-ны хурлын тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эы гарын үсэг бүхий дүгнэлт, тайлбар бичгээр ирүүлэх хугацаа сунгах тухай 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 35 минутанд үйлдсэн бичиг, сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлт зэрэг үйлдэж хууль журамд нийцүүлсэн.
3. Тушаалд өөрчлөлт оруулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/*** дугаар тушаалын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 5.1, 5.2 дахь заалт, Төрийн албан хаагчийн тухай Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01/*** тоот албан бичгийг тус тус үндэслэн.
М.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/** дугаар тушаалын үндэслэх хэсэгт ...журам-ын ...4.1 дэх гэснийг 5.1, 5.2 өөрчилсүгэй гэж М.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/** дугаар тушаалын үндэслэх хэсэгт захиргааны байгууллага өөрөө алдаатай актыг засаж хууль нийцүүлэн ажилласан. Тус засварыг нэхэмжлэгчид мэдэгдэж 2020 оны 11 дүгээр сарын 03-нд гардуулсан өгсөн байна.
4. М.Мг ажлаас халах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалын тухайд:
Тус тушаалыг гаргахдаа Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгэр зүйлийн 9.6.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.15, 37.1.16 дахь заалт, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3.1, 1.3.3, дахь заалт, 6.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11.3 дахь хэсгийг тус тус үндэслэл болгон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс Төрийн нарийн бичгийн даргын өгсөн үүрэг даалгаврын 13-т Дотоод ажлын дэвтэр хөтөлж хэвших, гэж 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг даалгавар 3-т албан хаагчдын ажлын цаг ашиглалт, түүнд тавих хяналтыг сайжруулах-ыг газар хэлтсийн дарга нарт үүрэг өгсөн.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх албан хаагчдын цагийн бүртгэл ба 2020 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд ажлын байранд хийсэн ажлын цаг ашиглалт, гадуур ажлын дэвтэр зэрэгт хяналт, шалгалт явуулсан ба М.М нь 1 өдөр тасалсан, 4 цаг 14 минут хоцорсон, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлын байран дээр байгаагүй нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 11.3-т Албан хаагч нь ажлын 1 өдөр буюу 8 цагаас дээш хугацаагаар шалтгаангүйгээр ажил тасалсан ... тохиолдолд тухайн газар, хэлтсийн даргын саналыг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдсэн.
М.М нь Яармагт байрлах Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв УТҮГ-ын байранд Койка, М ХХК-иас онлайнаар зохион байгуулсан Монгол Улсад уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах цахим сургалтад 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хамрагдсан байсан. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д ...Төрийн нарийн бичгийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ... гэж, 9.6.1-т ...Яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, яамны хэмжээнд мөрдөх дүрэм, заавар, журмыг хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалд нийцүүлэн баталж, мөрдүүлэх... гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 6.9-т Гачигдал гарсан болон албан хаагчийн өөрийн хүсэлтийг үндэслэн хэлтсийн дарга ажлын 1 өдөр, газрын дарга ажлын 1-3 өдөр, Төрийн нарийн бичгийн дарга ажлын 4-5 өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар олгоно. Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар хуанлийн 90 хүртэл хоногийн /3 сар хүртэлх/ чөлөөг олгоно. Уг тушаалд чөлөөг тэтгэмжтэй эсэх асуудлыг тусгаж өгнө. гэж дотоод журамд тусгаж өгсөн байдаг. Гэтэл М.М нь ямар нэгэн зөвшөөрөл, тушаал, шийдвэргүй дур мэдэн сургалтанд хамрагдаж ажил тасалж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг болон албан хаагчийн хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн байна.
Мөн М.М нь яамны өргөдөл, гомдол, сайдын зөвлөлийн хурал, газрын тайлан, шуурхайн биелэлт зэргийг тайлагнах, боловсруулах, нэгтгэх чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй нь дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2 ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, ажиллах гэж зааснаас үзэхэд Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг болон албан хаагчийн хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргийг тус тус зөрчсөн байна.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:, Хөдөлмөрийн дотоод журмын 11.3 Албан хаагч нь ... удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй ... тохиолдолд тухайн газар, хэлтсийн даргын саналыг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бий болсон.
М.М нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цаг уур орчны шинжилгээний газар, албан тушаалтанд хандсан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн 2020 оны 3 дугаар улирлын тайланг боловсруулан 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/**** тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байдаг. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ХЭГ/**** тоот албан бичгээр тус яамны өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2020 оны 3 дугаар улирлын тайланг буцаан хүргүүлсэн.
Уг Тайлан буцаах тухай албан тоотод тоон мэдээнүүд зөрүүтэй, танилцуулга болон Сайдын зөвлөлийн хурлын тэмдэглэл байхгүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангаагүй, бичвэр замбараагүй, дутуу, тоон үзүүлэлтийн хувийг буруу гаргасан, мөн Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлээр даалгасан асуудлыг хангаагүй талаар дурдаж тайланд их хэмжээний засвар хийж буцаан ирүүлсэн.
Дээрх М.Мгийн гаргасан зөрчил нь байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж, мөн төрийн албаны хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, удаа дараа зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул зохих шийдвэр гаргах бүрэн үндэслэлтэй байна.
Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 3.3-т заасны дагуу зөрчил гаргасан байдал, үр дагавар мөн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал, өмнө зөрчил гаргаж байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзвэл сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бий болсон байна.
Мөн журмын 3.4.3-т зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн нь сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд тусгажээ. Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасны дагуу мэргэжилтэн М.Мд албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтан зохих сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэл бий болсон байна.
Захиргааны ерөнхий хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу М.Мд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл болон 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдлийг албан өрөөний ширээ болон gmail хаягаар хүргүүлэн хууль, журамд нийцүүлсэн.
Иймд хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/**, 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/***, 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэст мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгах шаардлага гарган дуурх тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.
М.М нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тусгай хяналтын улсын байцаагч, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2006 оноос ажиллаж байгаад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2012 оноос тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын хамгаалалт, хяналт шалгалт, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Хуулийн хэлтэст эрх зүйн асуудал, хамгаалалт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газарт салбарын хууль тогтоомжийн боловсруулалт, хуулийн хэрэгжилт, хууль шүүхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар түүнийг тус газрын Сайдын зөвлөлийн хурал, байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулжээ.
Маргаан бүхий тушаалууд болох Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/** дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтэн М.Мг гаргасан алдааны талаарх тайлбар өгөөгүй, 2020 оны 1, 2, 3 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан тогтоосон хугацаанд нь хянуулаагүй, Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас авсан саналын хувилбарт дур мэдэн өөрчлөлт оруулж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн гэсэн 3 зөрчилд цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн, түүний гаргасан гомдлоор Төрийн албаны зөвлөлөөс дээрх Б/** дугаартай тушаал хуульд нийцээгүй байна, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй холбоотой мэдээллийг шалгаж шийдвэрлэ гэснээр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Б/** дугаар тушаалын үндэслэл хэсэгт баримталсан журмын заалт өөрчилсөн, мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар түүнийг ажлын цаг ашиглалт хангалтгүй, өргөдөл гомдлын тайланг алдаатай боловсруулж илгээсэн гэсэн 2 зөрчилд сахилгын шийтгэлээр төрийн албанаас халжээ.
Нэг. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд маргаан бүхий тушаалууд, тэдгээрийн үндэслэл тус бүрээр дараах байдлаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, дээрх маргаан бүхий тушаалуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/** дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг сахилгын шийтгэл хүлээлгэх болсон үндэслэл тус бүрээр дүгнэвэл:
Уг тушаалаар Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авсан хувилбарт дур мэдэн өөрчлөлт оруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн, гаргасан алдааны талаарх тайлбар өгөөгүй 2020 оны 1, 2, 3 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан тогтоосон хугацаанд нь хянуулаагүй гэсэн 3 зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.13-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн.
а/ Засгийн газрын тогтоолын төсөлд дур мэдэн өөрчлөлт оруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн гэх тухайд.
Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн М.М нь Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Э-н хамт Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв УТҮГ байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, УТҮГ-ын дүрмийг боловсруулж, яамдаас болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас санал авах албан бичгийн төслийг Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хуулийн хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч нарт хянуулж, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулан сайдын гарын үсгээр хүргүүлсэн[1] байдаг. Улмаар яамдаас санал авч тусган тогтоолын төслийг дүрэм, танилцуулгын хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв УТҮГ байгуулах, дүрмийг батлах тухай Засгийн газрын 182 дугаар тогтоол 2020 оны 5 дугаар сарын 20-нд батлагджээ[2].
Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв УТҮГ байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авсан албан бичигт Төсвийн тухай хуулийн Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байна гэсэн 14 дүгээр зүйлийн 14.1.12 дахь заалтыг дур мэдэн оруулсан хэмээн мэргэжилтэн М.Мг буруутган сахилгын шийтгэл хүлээлгэхээр 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэл өгсөн байх бөгөөд тэрээр сонсох ажиллагааны үед тогтоолын төсөл хүргүүлсэн албан бичигт хуулийн заалт тусгаагүй, харин танилцуулгад Төсвийн тухай хуулийн 14.2.12 дахь заалтыг тусгасан хэмээн тайлбарласан байдаг.
Засгийн газрын тогтоолын төслийн хувилбарт Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох гэсэн төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийн заалтыг тусгасан[3] байна.
Өөрөөр хэлбэл тогтоолын төсөлд яамдаас санал авсан албан бичигт ч, танилцуулгад ч, тогтоолын төслийн аль ч хувилбарт Төсвийн тухай хуулийн Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байна гэсэн 14 дүгээр зүйлийн 14.1.12 дахь заалтыг оруулсан гэх зөрчил тогтоогдоогүй байна.
Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн тогтоолын төсөл дээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг дур мэдэн нэмсэн хэмээн буруутгаж ийнхүү сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болгожээ.
Тогтоолын төсөл хэд хэдэн хувилбараар гарсан, өөрөөр хэлбэл боловсруулалтын дунд засварлагдаж байсан, тэдгээр төсөлд сайд гарын үсэг зурсан[4], сайдын гарын үсэг зурагдаагүй төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн, уг төсөлд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг дур мэдэн нэмсэн гэх ч сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалд үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.6 харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.7 төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчөөгүй, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл үүсээгүй байна.
Тогтоолын төсөлд тусгасан гэх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалт нь байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, экологийн боловсрол, хүмүүжил олгох ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байгаль орчны асуудал эрхэлсэн яамны бүрэн эрхийн талаарх заалт бөгөөд тогтоолын төслийг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс үзвэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг бусад холбогдох хууль тогтоомжуудын хамт яамны харьяанд Байгаль орчны судалгаа шинжилгээний төв УТҮГ-ыг байгуулах, дүрмийг нь батлах шийдвэр гаргахдаа үндэслэсэн[5], Засгийн газрын тогтоолоор баталсан тус УТҮГ-ын дүрэмд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх судалгаа, шинжилгээний ажлыг олон улсын жишигт хүргэж, байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэх зорилго бүхий УТҮГ-ын төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэгч байгууллага нь яам байх бөгөөд яам нь төвийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах-аар заасан байна.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх судалгаа, шинжилгээний ажлыг олон улсын жишигт хүргэж, байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэх дүрмийн зорилго бүхий УТҮГ-ыг байгуулах Засгийн газрын тогтоолын төсөлд байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, экологийн боловсрол, хүмүүжил олгох ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байгаль орчны асуудал эрхэлсэн яамны бүрэн эрхийн талаарх заалтыг тусгасан нь ажлын байрны тодорхойлолттой уялдуулан боловсруулж баталсан тухайн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тогтоолын төслийн танилцуулга боловсруулахад шаардлагатай мэдээллээр хангах, тогтоолын төсөл боловсруулах ажил хэрэгжүүлэхээр тусгагдсантай болон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д заасан харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах нийтлэг үүрэгт нийцэж байна.
Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг болох байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, экологийн боловсрол, хүмүүжил олгох ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх заалтыг тогтоолын төсөлд тусгасныг буруутгахааргүй байна.
Хариуцагч нь ийнхүү тогтоолын төсөлд заалт нэмж тусгасан үндэслэлийн талаар тогтоолын төслийг хамт боловсруулсан, хянасан албан тушаалтнуудаас тодруулга аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, захиргаа шийдвэр гаргахдаа мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ач холбогдол бүхий нөхцөл байдал, үндэслэлийг тогтоох ажиллагааг хийгээгүй байна.
б/ гаргасан алдааны талаарх тайлбар өгөөгүй гэх тухайд.
Тайлбар бичиж өгөхийг хугацаа тогтоон шаардсан мэдэгдэл өгсөн тухай 2020 оны 4 дүгээр сарын 22-ны хурлын тэмдэглэлээс үзвэл Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв УТҮГ байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авсан албан бичигт Төсвийн тухай хуулийн Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байна гэсэн 14 дүгээр зүйлийн 14.1.12 дахь заалтыг дур мэдэн оруулсан хэмээн мэргэжилтэн М.Мг буруутгасан байх бөгөөд тэрээр сонсох ажиллагааны үед уг заалтыг тусгаагүй талаар тайлбарласан, ийм зөрчил тогтоогдоогүй ч, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн заалтыг нэмж тусгасан асуудлаар тайлбар бичиж өгөхийг шаардсан, гэхдээ чухам аль заалтыг хаана тусгасныг яагаад буруу гэж үзсэнээ тодорхойлоогүй, дараа нь 4 дүгээр сарын 29, 5 дугаар сарын 22-нд тогтоолын төсөлд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг дур мэдэн нэмсэн хэмээн буруутгаж тайлбар шаардаж хугацаа тогтоож, улмаар тогтоосон хугацаанд тайлбар ирүүлээгүйг сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болгожээ.
Дээрх хэсэгт дүгнэснээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн Засгийн газрын тогтоолын төсөлд хуулийн заалт нэмж тусгасан нь хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчөөгүйн дээр тайлбар бичгээр ирүүлээгүйг сахилгын зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Сахилгын зөрчил гэж үзсэн үйлдлийн талаар тайлбар авах ажиллагаа нь зөрчилд холбогдогчид тухайн асуудлаар тайлбарлах, нотлох боломж олгосон зохицуулалт болохоос, ийнхүү тайлбар ирүүлээгүй нь өөрөө зөрчилд тооцогдохгүй, сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох ёсгүй.
в/ 2020 оны 1, 2, 3 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан тогтоосон хугацаанд нь хянуулаагүй гэх тухайд.
Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар гүйцэтгэлийн тайлан өгөх хугацааг 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18.00 цагаар тогтоосон[6], мэргэжилтэн М.М 1, 2, 3 дугаар сарын гүйцэтгэлийн тайланг[7] 4 дүгээр сарын 21-ний өдөр батлуулахаар өгснийг Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Э 4 дүгээр сарын 29-нд баталгаажуулалгүйгээр буцааж өгсөн[8], энэ талаараа тайлан дээр нэгжийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гараар тэмдэглэж гарын үсэг зурсан байдаг.
Тухайн жилийн байгууллагын төлөвлөгөө, түүнд уялдуулж нэгжийн төлөвлөгөө батлагдсанаар байгууллагын болон нэгжийн төлөвлөгөөг албан тушаалын тодорхойлолттой уялдуулан боловсруулсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг нэгжийн дарга 1 дүгээр сарын 10-ны дотор батлах бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч гүйцэтгэлийн төлөвлөгөөний сар бүрийн тайланг нэгжийн даргад хянуулах учиртай.
Тус яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталсан[9], Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн М.Мгийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг нэгжийн дарга 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр баталсан[10] байгаа нь дээрх хугацаанд нийцээгүй, нөгөө талаас ийнхүү хийх ажлын төлөвлөгөө батлагдаагүй байхад гүйцэтгэлийн тайлан гаргах боломжгүй, тайланг хугацаанд нь гаргаж хянуулаагүйг зөрчил гэж үзэхгүй. Байгууллага, нэгж, албан хаагчийн төлөвлөгөө батлагдаагүй ч нэгжийн дарга тайлан гаргах хугацаа тогтоож өгсөн, тогтоож өгсөн хугацаанд нь ийнхүү гаргаж өгснийг хянаагүй буцаасан атал тогтоосон хугацаанд тайланг хянуулаагүй хэмээн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иймд тушаалд баримталсанчлан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.13-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн гэх сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлүүд тогтоогдохгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/** дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/*** дугаар тушаалын хувьд дүгнэвэл:
М.М нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/** дугаар тушаалаар өөрт нь сахилгын шийтгэл хүлээлгэсэн үндэслэлийн талаар, ажлын байрны дарамтын талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 01/**** тоот албан бичгээр уг Б/** дугаартай тушаалыг хүчингүй болгож, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй холбоотой мэдээллийг шалгаж шийдвэрлэж хариу ирүүлэх-ийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдсэн байна.
Төрийн жинхэнэ албан хаагчаас сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлоор Төрийн албаны зөвлөл эрх хэмжээний хүрээнд шалгаад уг шийдвэрийг хуульд нийцээгүй болохыг тогтоосон ч Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хүчингүй болгож шийдвэрлэсэн тогтоол гаргаагүй, харин хүчингүй болгож шийдвэрлэхийг, мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтны асуудлыг шалгаж шийдвэрлэж хариу ирүүлэхийг хариуцагчид албан бичгээр ийнхүү мэдэгджээ.
Хариуцагч нь Б/** дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг, сахилгын зөрчил тогтоогдсон эсэхийг дахиж шалгаагүйн дээр Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй холбоотой ажлын байрны дарамт үзүүлсэн гэх мэдээллийг мөн шалгаагүй, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй байх бөгөөд тушаалын үндэслэл хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын заалтад л өөрчлөлт оруулсан байна.
Дээр дүгнэсэнчлэн сахилгын шийтгэл хүлээлгэсэн үндэслэл тогтоогдоогүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/** дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул уг тушаалд үндэслэл болгосон сахилгын зөрчлийг шалгаж тогтоохтой холбоотой журмын заалтад өөрчлөлт оруулснаар уг тушаал хуульд нийцсэн болохгүй юм.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн М.Мг ажлын цаг ашиглалт хангалтгүй, өргөдөл гомдлын тайлан алдаатай боловсруулж илгээсэн зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.15, 37.1.16-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Тушаалын хууль зүйн үндэслэлийг сахилгын шийтгэл хүлээлгэх болсон үндэслэл тус бүрээр дүгнэвэл:
а/ ажлын цаг ашиглалт хангалтгүй буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажил тасалсан гэх зөрчил тогтоогдсонгүй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/-тай хамтран 2014 онд Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар тушаалаар төсөл хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газарт үүрэг болгосон.
БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацын (МИРЕКО) Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс уг төслийн сургагч багш бэлтгэх цахим сургалтын төлөвлөгөө боловсруулж, сургалтын агуулгыг тогтоож, 2020 оны 8 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 5-ныг дуустал 11 өдрийн сургалтын хөтөлбөр баталсан, сургалтад яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас 7, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газраас 1, Төрийн захиргааны удирдлагын газраас 1, нийт 9 мэргэжилтэн, ахлах мэргэжилтнүүд хамрагдсан, үүнд нэхэмжлэгч М.М багтсан, өөрөөр хэлбэл тэрээр энэ хугацаанд бусад 8 мэргэжилтний хамтаар цахим сургалтад хамрагдаж, 10 дугаар сарын 5-ны өдөр сертификат олгогдсон байдаг. Хариуцагч нь энэхүү сургалтад бусад 8 албан хаагчийн хамт тухайн өдрүүдэд М.М оролцсон эсэхэд маргаагүй, сонсох ажиллагааны үед уг сургалтад оролцсон талаарх баримтууд хангалттай авагдсан, гэвч уг сургалтад оролцуулахаар яамны эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгоогүй буюу сургалтад оролцуулахаар ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэргүй сургалтад хамрагдсан гэх үндэслэлээр сургалтын сүүлийн өдөр буюу 10 дугаар сарын 05-ны өдөр ажил тасалсан гэх зөрчил гаргасан гэж үзжээ. Гэтэл ийнхүү сургалтад бусад албан хаагчийн хамт оролцсоныг үгүйсгээгүй атлаа бусад албан хаагчийн ирцийг ажил тасалснаар бүртгээгүй, ажил тасалсан гэж үзэж тэдгээрт сахилгын хариуцлага хүлээлгээгүй атлаа зөвхөн нэхэмжлэгчийг ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй.
Төслийн сургагч багш бэлтгэх энэ сургалт нь Хан-Уул дүүрэгт Яармагт байрлах Байгаль орчны судалгаа шинжилгээний төв УТҮГ-ын сургалтын танхимд сургагч багш нар болон БНСУ-аас багш мэргэжилтнүүд хооронд цахимаар холбогдож сургалт явагджээ. Тодруулбал Төрийн захиргааны удирдлагын газраас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16.00-16.30 цагт яамны албан хаагчдын ажлын цагийг бүртгэх шалгалт хийгдсэн, тус газрын мэргэжилтэн М.Мг тухайн бүртгэлд сургалт Койка хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд тэрээр Яармаг дахь Байгаль орчны судалгаа шинжилгээний төв УТҮГ-ын сургалтын танхимд бусад 8 албан хаагчийн хамт сургалтад оролцож байсан, сургалтын хөтөлбөрт зааснаар сургалтын сүүлийн өдөр болох тухайн өдрийн сургалт 17.00 цаг хүртэл үргэлжилсэн, сургалтын дараа сертификат гардуулах үйл ажиллагаа болсон ч, ажлын цаг бүртгэх дээрх шалгалтаар ажил тасалсан гэх зөрчилд түүнд сонсох ажиллагаа хийж, төрийн албанаас халах сахилгын шийтгэлийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна.
Хэдий эрх бүхий этгээдээс алба хаагч нарыг сургалтад хамруулахаар ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй ч, яамны харьяа Байгаль орчны судалгаа шинжилгээний төв-д, ажлын чиг үүргийн хүрээнд сургагч багшаар бэлтгэгдэж сургалтад хамрагдсаныг ажил тасалсан гэж үзэхгүй.
Ийнхүү сургалтад хамрагдсан үйл баримт нь тогтоогдож[11] байхад уг баримтуудыг хэрэгсээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй байна.
б/ өргөдөл гомдлын тайланг сайдын зөвлөлийн хуралд танилцуулаагүй, алдаатай боловсруулж илгээсэн гэх зөрчилд нэхэмжлэгч М.Мг дангаар буруутгахааргүй, зөрчлийн шинж байдал нь төрийн албанаас халах сахилгын шийтгэлд тохироогүй байна гэж шүүх үзлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ХЭГ/**** тоот албан бичгээр тус яамны өргөдөл, гомдлын 3 дугаар улирлын тайланг тоон мэдээ зөрүүтэй, танилцуулга болон сайдын зөвлөлийн хурлын тэмдэглэл байхгүй хэмээн буцаасан байна.
Яам, Цаг уур орчны шинжилгээний газар, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын 2020 оны 3 дугаар улирлын тайланг танилцуулга, шийдвэрлэлтийн тоон мэдээ бүхий 2 хуудас хавсралтаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн М.М боловсруулж, тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б хянаж, Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/**** тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг.
Иргэдээс яам болон Цаг уур, орчны шинжилгээний газарт хандаж гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлт нь яамны бичиг хэргийн бүртгэлийн able cloud программд холбогдох нэгж, албан тушаалтан бүрээр бүртгэгддэг, тус бүртгэлээс нэгдсэн тайлан шийдвэрлэсэн, шийдвэрлээгүй, хугацаа хоцорсон, илгээгчийн төрөл, ирүүлсэн хэлбэр, өргөдөл гомдлын төрлөөр шууд хэвлэгддэг[12], өөрөөр хэлбэл тайлан гаргаж буй мэргэжилтэн эдгээр тоон мэдээгээр танилцуулга бэлдэхдээ алдаа гаргасан эсэхийг, тухайлбал ямар тоон мэдээ танилцуулгад программаас зөрүүтэй болохыг шалгаж тогтоогоогүй, тайланг газрын дарга хянасан, Төрийн нарийн бичгийн дарга танилцаж, гарын үсэг зурж хүргүүлсэн атал мэргэжилтнийг төрийн албанаас халах зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй болсон, зөрчлийн шинж байдалд шийтгэл тохирохгүй байна.
Нөгөөтэйгүүр өргөдөл, гомдлын танилцуулга бүхий тайланг Төрийн нарийн бичгийн дарга өөрөө албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн атлаа сайдын зөвлөлийн хуралд танилцуулаагүй хэмээн мэргэжилтнийг төрийн албанаас халах зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
М.М Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр 2019 оны 11 дүгээр сараас ажиллахдаа 2019 оны өргөдөл, гомдлын жилийн эцсийн тайланг, 2020 оны 1 дүгээр улирлын тайланг сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн танилцуулгын хамт сайдын гарын үсэгтэй албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн[13] байх бөгөөд харин 2020 оны хагас жилийн тайланг сайдын гарын үсэгтэй хүргүүлэх албан бичгийн төслийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Г танилцаад би явуулья хэмээн цохож, төсөл дээр 2020 оны 7 дугаар сарын 16-нд гарын үсэг зурж, албан бичгээр хүргүүлсэн, мөн 2020 оны 3 дугаар улирлын тайланг сайдын гарын үсэгтэй явуулах албан бичгийн төсөлд Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 10 дугаар сарын 8-нд танилцаж гарын үсэг зураад албан бичгээр хүргүүлсэн байдаг. Ийнхүү тайланг хүргүүлэх албан бичигт сайдын гарын үсэг зурагдахаар төсөл Төрийн нарийн бичгийн даргад танилцуулагдсан ч Төрийн нарийн бичгийн дарга өөрийн гарын үсгээр хүрүүлсэн, сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй байдаг.
Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлээр өргөдөл гомдлын тайланг сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хүргүүлэх-ийг даалгасан байхад ийнхүү сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүй би явуулья гэх шийдвэр гаргаж өөрийн гарын үсгээр хүргүүлсэн Төрийн нарийн бичгийн дарга өөрөө хариуцлага хүлээхгүйгээр сайдын гарын үсэг зуруулах албан бичгийн төсөл бэлдсэн мэргэжилтэнд сахилгын шийтгэл хүлээлгэж буй нь үндэслэлгүй болжээ.
Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг шалгаагүй, тодруулбал тушаалд баримталсанчлан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.15, 37.1.16-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн байдлыг тогтоогоогүйн дээр Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.3-т заасны дагуу зөрчил гаргасан байдал, үр дагавар мөн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарлыг сахилгын шийтгэл хүлээлгэх шийдвэр гаргахдаа харгалзаагүй байна гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч М.Мг ажлаас чөлөөлөх үндэслэлийн талаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэлээс үзвэл түүний ажиллаж буй Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд өмнө нь ажиллаж байсан албан хаагч шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсон, мөн сургалтад хамрагдаж ажил тасалсан, эдгээр үндэслэлээр түүнийг сахилгын арга хэмжээ авахгүйгээр ажлаас чөлөөлөх, эсхүл өөр ажилд шилжүүлэн ажиллуулах гэсэн саналууд тавьсан ч чухам ямар ажилд сул орон тоо байгаа, шилжин ажиллах боломжтой ажлын байрыг судлаагүй байна. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сургалтад зохих шийдвэргүй оролцсон тул 10 дугаар сарын 05-ны өдөр ажил тасалсан, мөн газар хэлтсүүдийн шуурхайн биелэлтийг нэгтгэн тайлагнах хугацаа хэтрүүлсэн сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Эндээс үзвэл төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалд заасан өргөдөл гомдлын тайланг сайдын зөвлөлийн хуралд танилцуулаагүй, алдаатай боловсруулж илгээсэн гэх үндэслэлийн талаар тайлбар, нотлох баримт гаргах сонсох ажиллагаа хийгээгүй байна.
4. Ийнхүү дээрх үндэслэлүүдээр хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн маргаан бүхий тушаалуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох төрийн албанаас сахилгын шийтгэлээр халагдсан 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэлх ажилгүй байсан 5 сар 19 хоногийн цалинг гаргуулан олгуулах үндэслэлтэй байна.
Тэрээр Төрийн захиргааны удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтнээр ТЗ-7-5 шатлалаар ажиллаж байсан тул үндсэн цалин 1,283,967 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25, зэрэг дэвийн 22 хувийн нэмэгдлийг тооцож (1 сарын цалин 1,823,473 төгрөг) ажилгүй байсан хугацааны нийт цалин 10,690,771 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилгүй байсан хугацааны цалинд ногдох хувь хэмжээгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэйг мөн дурьдах нь зүйтэй.
Хоёр. Харин нэхэмжлэлийн шаардлагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэст мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.Мг тус газрын Сайдын зөвлөлийн хурал, байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан байх бөгөөд тэрээр энэ тушаалтай маргаагүй, тухайн ажил үүргийг гүйцэтгэж байсан төдийгүй уг албан тушаалаас халсан шийдвэрийг хууль бус хэмээн маргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүх тогтоосон тохиолдолд тухайн албан тушаалд эгүүлэн тогтоох боломжтой гэж ойлгох бөгөөд, энэ зүйлд заасан урьд эрхэлж байсан албан тушаал нь энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд төрийн албанаас халагдах үед эрхэлж байсан Төрийн захиргааны удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалыг ойлгоно.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасан хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхэд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, сул орон тоог нөхөх төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт шүүх халдаж үндэслэлгүй халагдсан албан хаагчийг урьд эрхэлж байсан албан тушаалаас өөр албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй юм.
Зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхээ буюу нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь зөвхөн нэхэмжлэгчид хадгалагдах эрх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөрчилж, нэхэмжлэгчийн хүсэл зоригт тусгагдаагүй агуулгаар шийдвэрлэх боломжгүй.
Гурав. Нэхэмжлэгч нь маргаан бүхий 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/** тушаалын талаар Төрийн албаны зөвлөлд 6 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 7 дугаар сарын 29-ний өдөр албан бичгээр тушаалаа хүчингүй болгож, ажлын байрны дарамтын талаарх мэдээллээр албан тушаалтанд холбогдуулан шалгаж хариу ирүүлэх-ийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдэж, энэ талаар гомдол гаргагчид хариу хүргүүлсэн, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б/*** дугаар тушаалаар Б/** дугаар тушаалд өөрчлөлт оруулсан талаар 11 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэж, мөн өдөр Төрийн нарийн бичгийн даргад дээрх тушаалуудын талаар гомдол гаргасан, уг гомдолд 12 дугаар сарын 02-ны өдөр хариу өгснөөр[14] албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Б/*** дугаар тушаалтай хамтатган 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/**, 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/*** тушаалд маргах нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж шүүх үзсэн.
Шүүх хуралдааны явцад хэргийн 1 дүгээр хавтсын 136-138 дугаар хуудаст авагдсан хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтыг энэ нэхэмжлэлийн шаардлагаар шийдвэрлэгдэх маргаанд хамаарахгүй үндэслэлээр нотлох баримтаас хасаж шүүх үнэлээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан М.Мгийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/**, 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/***, 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан 5 сар 19 хоногийн цалин 10,690,771 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэст мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 157-171, 2 дугаар хавтсын 198-203 дугаар хуудас
[2] Хэргийн 2 дугаар хавтсын 71 дүгээр хуудас
[3] Хэргийн 2 дугаар хавтсын 227 дугаар хуудас
[4] Хэргийн 2 дугаар хавтсын 199, 201 дүгээр хуудас
[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 164 дүгээр хуудас
[6] Хэргийн 2 дугаар хавтсын 81 дүгээр хуудас
[7] Хэргийн 2 дугаар хавтсын 165, 170, 175 дугаар хуудас
[8] Хэргийн 2 дугаар хавтсын 175 дугаар хуудас
[9] Хэргийн 2 дугаар хавтсын 147 дугаар хуудас
[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 48 дугаар хуудас
[11] Хэргийн 2 дугаар хавтсын 188-190, 2 дугаар хавтсын 48-68 дугаар хуудас
[12] Хэргийн 2 дугаар хавтсын 209-214 дүгээр хуудас
[13] Хэргийн 2 дугаар хавтсын 93-95 дугаар хуудас
[14] Хэргийн 2 дугаар хавтсын 24-26 дугаар хуудас