Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00409

 

Д.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00465 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр магадлалтай,

Д.А нэхэмжлэлтэй

Б.Д холбогдох

8,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ...Миний бие 2016-05 сард Завхан аймгийн Завханмандал суманд очсон ба Б.Долгорсүрэн гэх хүнтэй танилцсан. Б.Долгорсүрэн нь Завханмандал сумаас алт олборлож байна, би ашигтай ажиллаж байгаа гэж өөрийгөө танилцуулсан. Мөн Б.Долгорсүрэн нь надад мөнгө зээлээч 7 хоногийн дараа би буцаагаад төлнө, чадахгүй бол алт болгож өгье гэхэд нь би итгэж өөрийн Хаан банкны 5005204141 дугаартай данснаас 2016.07.25-ны өдөр Б.Долгорсүрэнгийн Хаан банкны 5077316395 тоот дансруу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би Б.Долгорсүрэнтэй утсаар ярихаар удаахгүй өгнө, өнөөдөр, маргааш гэсээр өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Нийт 50,000,000 төгрөгнөөс 41,300,000 төгрөгийг буцааж өгсөн, одоо үлдэгдэл 8,700,000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд Б.Долгорсүрэнгээс зээлсэн 8,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: ...2016 онд Завхан аймгийн Завханмандал суманд байхад Д.Ариунжаргал нь та нартай хамтран бизнес хиймээр байна гээд 50,000,000 төгрөг данс руу хийсэн. Удалгүй тэр өдрөө билүү маргааш нь билүү мөнгөө буцааж авлаа өөр хүмүүстэй ажиллахаар боллоо гээд гаргуулаад авсан. Мөнгөө аваад Б.Бадамцэцэг, Д.Дашдорж нартай хамтран алтны наймаа хийсэн гэсэн. Тэр хүмүүс нь энэ явдлыг гэрчилж, цаг хугацааг тодорхойлох байх. Миний бие нэхэмжлэлд бичсэн шиг би ашигтай ажиллаж байгаа, 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч, төлөхгүй бол алт болгож өгье гэж хэлж мөнгө аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 153/ШШ2019/00465 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ариунжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Долгорсүрэнд холбогдох 8,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ариунжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.05.31-ний өдрийн 001/ХТ2019/00831 дугаар тогтоолд ...нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үүрэг эсхүл хамтран ажиллах гэрээний үүрэг шаардаж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг хэрэгжүүлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх боломжгүй юм... гэжээ. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, 001/ХТ2019/00831 дугаар тогтоолын биелэлтийг хангаагүй Дээд шүүхийн тогтоолд заасан хуулийг бичсэн бөгөөд Эрдэнэсийн сангийн тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. учир нь Иргэний хуулийн 56.1.1 зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56.5-т Энэ хуулийн 56.1-т заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөн Иргэний хуулийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл нь үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр алт олборлож ашиг олох зорилгоор хамтран ажиллах тухай тохиролцоо хийсэн бөгөөд улмаар Д.Ариунжаргал нь 2016.07.25-ны өдөр 50 сая төгрөгийг Б.Долгорсүрэнгийн Хаан банкны дансанд шилжүүлж талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Хамтран ажиллах гэрээний дагуу олборлосон алт Д.Ариунжаргалд өгөх үүргийг Б.Долгорсүрэн хүлээсэн бөгөөд тэр 41,700,000 төгрөг оногдох үүргээ биелүүлсэн. Үүнээс цааш талуудын хамтран ажиллах уг гэрээ хэрэгжээгүй. Иргэний хуулийн 205.1-т гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелүүлснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Хариуцагч Б.Долгорсүрэн нь үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж түүний дансанд шилжүүлсэн 50 сая төгрөгний үлдэгдэл 8,700,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйд гомдолтой байна. Шийдвэрт ...гэрч нарыг шүүх хуралдаанд асуусан бөгөөд мэдүүлэг өгсөн гэрч нар нь дараагийн мэдүүлэг өгч байгаа гэрчийн мэдүүлгийг сонсож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.6-д зааснаар нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжгүй учир эдгээр гэрч нарын мэдүүлгүүдийг хэрэгт баримтаар үнэлээгүй болно. Учир нь шүүх хуулийн 40.1-д зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан үүргийн дагуу нэхэмжлэгч Д.Ариунжаргалын Хаан банкны 5005204141 тоот дансны хуулга эх хувь, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Ц.Ангирмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Долгорсүрэнд холбогдох иргэний хэрэгт 2018.03.14-ний өдөр гэрч Д.Ариунжаргалын өгсөн мэдүүлэг, шүүхээс хүсэлт гаргуулан хариуцагч Б.Долгорсүрэнгийн дансны хуулганы лавлагаа зэргийг гаргуулсан. Мөн нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь өөрийн Хаан банкны 5005204141 дугаартай данснаас 2016.07.25-ны өдөр Б.Долгорсүрэнгийн Хаан банкны 5077316395 тоот данс руу 50 сая төгрөгийг шилжүүлсэн Д.Ариунжаргалын Хаан банкны 5005204141 дансны хуулгаар нотлогдон тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Гэрч Г.Гэрэлт-Од шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт ...Б.Долгорсүрэнд Д.Ариунжаргал нь 50 сая төгрөг өгснийг мэднэ. Тухайн үед машин дотор би тус мөнгийг нь хараад сууж байсан бөгөөд хэдэн хоног манасан. Д.Ариунжаргал надад одоо Долгорсүрэн 10 сая төгрөг өгөх ёстой дээрээс нь би ажилласан цалин, машинаар үйлчилсэн хөлсөө авна гэж ярьж байсан. Долгорсүрэн нь тухайн үед Ариунжаргалд 10 сая төгрөг өгөх юм шүү эвий дээ гэж хэлдэг байсан. 50 сая төгрөг авсан үед машинд бидний хажууд Бадамцэцэг, Оюунчимэг гэдэг хүмүүс байгаагүй... гэх мэдүүлэг, Гэрч Г.Хадбаатар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт ...Д.Ариунжаргал нь Б.Долгорсүрэнд 50 сая төгрөг өгснийг нь мэднэ, харин буцааж авч байсныг нь мэдэхгүй. Д.Ариунжаргал надад хэлэхдээ Б.Долгорсүрэнгээс үлдэгдэл мөнгөө авах гэж байна гэдэг байсан. Д.Ариунжаргал бид хоёрыг очиход Б.Долгорсүрэн би чиний мөнгийг 8,700,000 төгрөгийг 10 сая төгрөг болгоод өгье гээд хэлээд энэ ажил дуустал чи энд байж байгаад мөнгөө олж авна гээд Завханы Мандал суманд үлдсэн. Намайг хэд хэд очиход Д.Ариунцаргал мөнгөө авах гээд байж байна гэдэг байсан. Нэхэмжлэгч Ц.Ангирмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Долгорсүрэнд холбогдох иргэний хэрэгт 2018.03.14-ний өдөр гэрч Д.Ариунжаргалын өгсөн мэдүүлэгт ...Б.Долгорсүрэн бид 2 манай түншүүдээс 50 сая төгрөг аваад 3 машин чулуу авахаар ярилцсан 2016.05.27-ны өдөр 50 сая төгрөгийг Б.Долгорсүрэнгийн данс руу хийсэн. Надаас 50 сая төгрөг авсны дараа Б.Долгорсүрэн энд Байгалмаа, Ангирмаа, Шоогий нартай нийлсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь олон хүн оруулаад хэрэггүй би мөнгөө буцааж авъя гээд Б.Долгорсүрэнтэй ярилцсан. Тэр газар нь ажиллах их хэцүү байсан болохоор би хөрөнгө оруулах гэж байсан мөнгөө татсан. Б.Долгорсүрэн гэх хүнд маш их гомдолтой байна. Өмнө өгсөн 50 сая төгрөгийн үлдэгдэл 8,600,000 төгрөгөө авмаар байна... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Мөн хариуцагч Б.Долгорсүрэн нь Хаан банкны 5845058421 дугаартай дансны хуулгыг хавсаргасан бөгөөд тус дансны хуулгаар 2016-07-25-ны өдөр 50сая төгрөгийг орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Гэвч 50сая төгрөгийг зарлага хийгдсэн боловч уг мөнгийг нэхэмжлэгч Д.Ариунжаргалд буцааж өгсөн эсэх нь талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэнд гомдолтой байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн гэж 153/ШШ2019/00465 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 166 дугаар зүйийн 166.4-т заасныг тус тус зөрчсөн. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Ариунжаргал, хариуцагч Б.Долгорсүрэнд холбогдуулан 8,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...мөнгө зээлэх хүсэлтийн дагуу 2016.07.25-ны өдөр 50,000,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн, хамтарч ажиллана, олсон ашгаа хувааж авна гэж ярьсан, 41,300,000 төгрөгт алт авсан, үлдэх мөнгөө гаргуулна гэснийг, хариуцагч эс зөвшөөрч, хамтарч ажиллахаар 50,000,000 төгрөг шилжүүлж өгсөн боловч болилоо гэсэн, тэр өдөртөө мөнгийг данснаас авч бэлнээр өгсөн гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар 2016.07.25-ны өдөр Д.Ариунжаргал нь Б.Долгорсүрэнгийн Хаан банкны 5077316395 тоот дансанд 50,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогджээ.

Зохигч дээрх шилжүүлсэн мөнгөний зориулалт, үүссэн эрх зүйн харилцааг өөрөөр тайлбарласан байна. Тухайлбал, нэхэмжлэгч мөнгийг зээлсэн гэсэн бол хариуцагч хамтран ажиллахаар тохирч шилжүүлж авсан гэжээ.

2. Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөнгийг хариуцагчийн захиран зарцуулах эрхэд буюу өмчлөлд шилжүүлэх үүргийг нэхэмжлэгч, тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөх үүргийг хариуцагч тус тус хүлээж зохигчийн хэн алины хүсэл зориг илэрхийлэгдэж зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

3. Зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд зохигч 2016 оны 05 дугаар сараас Завхан аймгийн Завханмандал суманд очиж 3 машин чулуу /алттай/ олборлон авах, үүнээс ашиг гаргаж хувааж авахаар тохирсон нь гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна.

4. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.5, 15.10.6, 15.10.22-т зааснаар ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, үүсмэл орд ашиглах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэнэ гэж заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21, 4.1.22-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг, хуулийн этгээд гэж Иргэний хуулийн 33.1-д заасан компани, нөхөрлөлийг хэлнэ гэж тус тус заажээ.

Эдгээр зохицуулалтаас үзвэл, ашигт малтмал буюу алт олборлох нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр энэ төрлийн үйл ажиллагаа явуулсан бол хуульд нийцэхгүй гэж үзнэ. Зохигч хэн аль нь энэ талаар мэдэх боломжтой, мэдэж байжээ. Иймд тэдний хамтран ажиллах үйл ажиллагаа, гэрээний зүйл нь агуулгын хувьд хуулиар хориглосон буюу хууль зөрчсөн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Шүүх эдгээр нөхцөл байдалд хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

5. Хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй байхад нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас 50,000,000 төгрөгийг авсан даруйд данснаас авч нэхэмжлэгчид бэлнээр буцааж өгсөн гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

6. Гэрээ хүчин төгөлдөр бус бол хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заажээ.

Нэхэмжлэгч 41,300,000 төгрөгт алт хүлээн авсан гэж, үлдэх 8,700,000 төгрөгийг шаардсан бөгөөд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй гэсэн нь хариуцагч мөнгийг буцаан өгсөн нь тогтоогдоогүй тухай дүгнэлттэй зөрчилтэй болсноос гадна нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах хууль зүйн үндэслэл байгаа эсэх, өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн хэлцлийн улмаас үүсэх үр дагаврын талаар хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө нь гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийн гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заасан байна.

Иймд хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгө нь хуулиар хориглосон үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж үзэх тул нэхэмжлэгчийн хувьд мөнгөө гэрээний нөгөө тал болох хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй.

Дурдсан үндэслэлээр хариуцагчаас 8,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүйг залруулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00465 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3- т гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 154,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                                                   ШҮҮГЧИД,                                Б.МӨНХТУЯА

                                                                                                                     Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД