Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2860

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 19 өдөр                  Дугаар 183/ШШ2018/02860                             Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Н ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:,  С ХХК /РД: /-д холбогдох,

сэндвичэн дээврийн гадна болон дотор талыг чанаргүй гүйцэтгэсэний улмаас учирсан хохирол 41,933,700 төгрөг  гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг, түүний  өмгөөлөгч Ц.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2016.06.02-ны өдөр 50-иад сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн байгаа. 2016.09.12-ны өдөр ажлыг хүлээж авсан, түүнээс хойш доголдол үүссэн. Ажлын хөлс 50-иад сая төгрөгийг манайх 2 хуваагаад төлбөрийг нь бүрэн гүйцэд төлсөн. Төлбөрийг олгосноос хойш манайх албан бичгээр, амаар болон утсаар олон удаа мэдэгдэж байсан. Танай гүйцэтгэсэн ажил доголдолтой байна гэж 2-оос 3 удаа албан бичгээр мэдэгдсэний дараа С ХХК-иас албан бичиг ирсэн. Уг албан бичигт манайх 2 долоо хоногийн дотор засаж өгье гэсэн боловч  засаж өгөөгүй. Манайх албан бичигтээ “хэрвээ танайх засаж өгөөгүй тохиолдолд манайх өөрсдийнхөө хөрөнгөөр засна” гэж 2 удаа явуулсан. Ямар доголдол үүссэн бэ гэхээр сэндвичэн дээврийнх нь ховил хэсгээр ховхорч унасан, силикон нь ангархай зайтай, дээрээс нь ус алдсан гэх мэт асуудал зөндөө гарсан. Мөн хөөс дутуу шахсан, хөөс нь галд шатамхай материалаас хийсэн доголдол илэрсэн. Н ХХК-иас гарсан нийт зардал нь 20,239,000 төгрөг байдаг. Өү Жэй Ай ХХК-иар ажил гүйцэтгэж байгаа үнийн дүн боловч материалынх нь зардалд 20,329,700 төгрөг манайхаас гарсан. Өү Жэй Ай ХХК-тай гадна засварын 5,780,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Сэндвичний дотор заслын ажил гүйцэтгэх гэрээгээр 8,344,000 төгрөгийн гэрээ байгуулж ажилласан. Үүний дараа хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбоогоор манайх чанаргүй барилга баригдсан гэдэгт дүгнэлт гаргуулсан. Энэ нь 500,000 төгрөгийн дүгнэлт гарсан. Дахин ус алдахаар нь 6,980,000 төгрөгийн материалын зардал Н ХХК-иас гарсан. Нийтдээ 41,933,700 төгрөг болсон” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Н ХХК нь 2016 онд С ХХК-иар 47,500,000 төгрөгийн дээврийн ажил хийх  гэрээ байгуулсан. Уг ажлыг гүйцэтгээд 2016 оны 09 дүгээр сард актаар ажлаа хүлээлгэж өгсөн. Н ХХК-ийн ерөнхий инженер болон барилгын инженер мөн С ХХК-ийн захирал нар чанарын шаардлагатай сайн гүйцэтгэлээ гэж хүлээж авсан. Нэхэмжлэлд дээврийн ажлыг чанаргүй гүйцэтгэсний улмаас дусаал гоожиж их хэмжээний борооны ус барилгад нэвтэрсэн гэсэн байна. Энэ нь 2018 оны 2 дугаар сард болсон байдаг. Борооны ус биш цасны ус нэвчсэн байдаг. Үүнийг инженерүүдийн холбооноос гаргасан дүгнэлтэд дурдсан. Их хэмжээний цас овоорсон учраас нэвчсэн байна гэсэн байдаг. 2018 оны 2 дугаар сард ийм зүйл боллоо гэхээр нь С ХХК-ийн захирал болон ажил гүйцэтгэх хүмүүс нь очоод “үүнийг янзалж өгнө, татгалзах зүйл байхгүй” гэсэн байдаг. Тухайн үед Н ХХК нь “6, 8 ширхэг сэндвичний нөхөөс бэлдчихье, эргээд яръя” гэхэд нь ямар хугацаанд гүйцэтгэх вэ гэхэд 2 хоногийн дотор гүйцэтгэнэ гэж хэлсэн. Ингээд дахин Н ХХК-ийн инженерүүд нь дуудаагүй. Тэгсэн гэнэтхэн 5 дугаар сард Н ХХК-ийн захирал нь “танайх хугацаандаа гүйцэтгэсэнгүй” гэсэн албан бичиг явуулсан. Энэ талаар 06 дугаар сарын 04-ний өдөр С ХХК-ийн захирал албан бичгээр “манайх татгалзах зүйл байхгүй, гэхдээ танай инженерүүд буруу ойлгуулсан байна, бид хэзээд ч ажлаа хийхэд татгалзах зүйл байхгүй” гэдэг хариу өгсөн. 2-р асуудал нь С ХХК-ийн гүйцэтгэсэн дээврийн ажлын хөөс нь галд тэсвэртэй байхаар заасан ч дээврийн хэсгээс гарсан хөөс нь галд шатамхай болох нь тогтоогдсон гэж нэхэмжлэлд бичсэн байна. Гаалийн байцаагчийн гаргасан галд ямар нэгэн асуудал байхгүй гэдэг дүгнэлт гарсан байсныг өмнөх шүүх хуралдаанд хэрэгт хавсаргаж өгсөн. Хяналтын инженерүүдийн холбооноос гаргасан дүгнэлтэд анхнаасаа архитекторын хяналтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл зураггүй хийсэн барилга буюу захиалагчийн буруутай үйл ажиллагаа байдаг. Тэр нь зөвлөх инженерийнх нь тайлбарт нь дурдагдсан. 3-р асуудал нь материалын зардалд 20,539,000 төгрөг гэсэн атлаа Өү Жэй Ай ХХК-тай 2018.05.23-ны өдөр 9,494,870 төгрөгийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.1 дэх заалтаар “гэрээний нийт үнэнд НӨАТ орсон, 8,344,000 төгрөгийг захиалагч гүйцэтгэгч талд эргүүлэн төлөх төлбөрөөс өөр бусад аливаа төлбөр байхгүй, гэрээний үнэнд материал, тээвэр, багаж хэрэгсэл, зөөвөр, ажлын хөлс, хүн хүч, хоол унааны төлбөр батгана гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл материалтайгаа гэрээ байна. Тэгсэн мөртлөө материалын зардлыг оруулсан. Мөн Өү Жэй Ай ХХК-тай 5,491,000 төгрөгийн гэрээ байгуулахдаа тамга дараад гарын үсгээ зурчихсан. Уг гэрээний 2.2 дахь хэсэгт гэрээний нийт төлбөрт НӨАТ төлсөн дүнгээр 5,780,000 төгрөг, энэхүү гэрээний материал, тээвэр, багаж хэрэгсэл, зөөвөр, ажлын хөлс зэрэг багтана гэж тодорхой зааж өгсөн. 2 тал гарын үсгээ зураад баталгаажуулсан байхад дахиад ямар материал нэхээд байгааг ойлгохгүй байна. Үүнээс 20,539,800 төгрөг үгүйсгэгдэж байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. Мөн ус алдалтаас болоод дахин хийсэн зардалд 5,139,000 төгрөгийн зардал гэж байна. Үүнд ямар нэгэн баримт болон гэрээ байхгүй. Эдгээр нөхцөл байдлууд бий болж байгаа учраас нэхэмжлэлийн үнийн дүн 41,933,700 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна” гэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Нар-Урт ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь сэндвичэн дээврийн гадна болон дотор талыг чанаргүй гүйцэтгэсэний улмаас учирсан хохирол 41,933,700 төгрөгийг хариуцагч С ХХК-иар төлүүлэхийг шаардсан, хариуцагч тал үндэслэлгүй шаардлага, нэхэмжлэлийн үнийн дүн бодитой биш, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Талууд хоорондоо байгуулсан гэх ажил гүйцэтгэх гэрээг шүүхэд ирүүлээгүй боловч 2 компанийн хоорондын албан тоот, талуудын тайлбараар Нар-Урт ХХК, С ХХК-ийн хооронд 2015, 2016 онд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Хэргийн баримтаас үзэхэд 2 компанийн хооронд байгуулсан 2016.07.22-ны өдрийн NU2016043 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу С ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах худалдаа үйлчилгээний 3 дугаар барилгын дээврийн сэндвичэн хавтан Си төмөр бэлтгэн нийлүүлж, угсрах ажлыг гүйцэтгэсэн байх бөгөөд 2018.02.24 болон 2018.03.02-ны өдрүүдэд уг барилгын дээврээс удаа дараа ус алдсан, гэрээний 6.1, 6.2-т зааснаар 2018.03.16-ны дотор засварын ажил эхлүүлэх, 1 сарын хугацаанд иж бүрэн засвар хийхийг мэдэгдэж байсан болох нь Нар-Урт ХХК-ийн 2018.03.12-ны өдрийн 1/047, 2018.05.26-ны өдрийн 1/116 дугаар албан тоотоор тогтоогдсон байна.

Харин С ХХК-ийн 2018.06.04-ний өдрийн 25/56 албан тоотод 2015 онд байгуулсан гэрээний дагуу дээврийн сэндвичэн хавтангийн угсралтын ажлыг гүйцэтгэсэн, 2016, 2017 онуудад Нар-Урт ХХК-ийн дуудсан цаг тухайд нь дээврийн засварын ажлыг гүйцэтгэж байсан талаар, мөн ажил хүлээлцсэн актад 2016.09.19-нд чанарын шалгалт хийж хүлээж авсан, дутуу хийгдсэн ажил байхгүй талаар тус тус дурдсан байна.  

          Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2.-т зааснаар захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүнг дээврийн засварт материалын зардалд 20,539,800 төгрөг,  Өү Жэй Ай ХХК-тай байгуулсан гэрээний ажлын хөлс 14,985,870 /9,494,870+5,491,000/ төгрөг, дүгнэлт хийлгэсэн хөлс 500,000 төгрөг, ус алдсанаас дахин хийгдсэн ажлын зардал 5,119,300 төгрөг нийтдээ 41,933,700 төгрөг гэж тодорхойлжээ. 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Нар-Урт ХХК-ийн худалдаа үйлчилгээний барилгын сэндвич дээврийн ажлын чанар, одоогийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх биет судалгааны ажлыг 2018.06.20-ний өдөр хийж гүйцэтгэсэн байх бөгөөд барилгын сэндвич дээврийн үйлдвэрлэлийн процессууд технологийн дагуу, норм дүрэм зураг төслийн шаардлагын хэмжээнд хийгдээгүй болохыг тогтоосон Хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны 2018.06.25-ны өдрийн Ч.Э-08/18 дугаар дүгнэлт гарсан байна.

          Дээрх дүгнэлтээс үзэхэд хариуцагч С ХХК-ийн буруутай үйлдлээс гүйцэтгэсэн ажилд доголдол үүссэн, эсхүл гэрээний нөхцөлийг зөрчсөн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэлд хавсаргасан гэх санхүүгийн зарим баримтууд нь уншигдах боломжгүй,  Өү Жэй Ай ХХК-тай гэрээ байгуулахаас өмнөх огноотой, засварын ажилд зарцуулсан эсэх нь тогтоогдоогүй, 2016.09.19-нд гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсанаас хойш нэг жилийн дотор гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул Нар-Урт ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно”, 349.2-т “хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно” гэж тус тус заасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас 41,933,700 төгрөг гаргуулахыг хүссэн Нар-Урт ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ