Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 358

 

 

 

 

 

 

 

 

 

“Н-У”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Б даргалж, шүүгч Д.Ц, А.Онарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02860 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Н-У”  ХХК-ийн хариуцагч “С ” ХХК-д холбогдуулан гаргасан сэндвичэн дээврийн гадна болон дотор талыг чанаргүй гүйцэтгэснээс учирсан хохиролд 41 933 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Г нар оролцов.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 50 000 000 орчим төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэсэн. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ажлыг хүлээн авснаас хойш доголдол үүссэн. Ажлын хөлсийг хоёр хувааж бүрэн төлсний дараа амаар, албан бичиг болон утсаар гүйцэтгэсэн ажил доголдлын талаар мэдэгдэхэд доголдлыг 2 долоо хоногийн дотор засаж өгнө гэсэн албан бичиг ирүүлсэн боловч засаагүй тул нэхэмжлэгч тал “засч өгөөгүй тохиолдолд манайх өөрсдийнхөө хөрөнгөөр засна” гэж 2 удаа бичиг явуулсан. Сэндвичэн дээврийнх нь ховил хэсгээр ховхорч унасан, силикон нь ангархай зайтай, дээрээс нь ус алдсан, хөөс дутуу шахсан, хөөс нь галд шатамхай материалаар хийсэн байсан. “Н-У”  ХХК нийт 20 239 000 төгрөгийн зардал гаргасан. “ӨЖА ” ХХК-иар ажил гүйцэтгэж байгаа үнийн дүн боловч материалын зардалд 20 329 700 төгрөг манайх гаргасан. “ӨЖА ” ХХК-д гадна засварын 5 780 000 төгрөг, сэндвичний дотор заслын ажилд 8 344 000 төгрөгийн гэрээ байгуулсны дараа хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбоо чанаргүй барилга баригдсан гэсэн дүгнэлт гаргасан. Дахин ус алдахад 6 980 000 төгрөг, дүгнэлт гаргуулахад 500 000 төгрөг нийт 41 933 700 төгрөг болсон гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд 47 500 000 төгрөгийн дээврийн ажил хийх гэрээ байгуулсан. Уг ажлыг гүйцэтгэн 2016 оны 9 дүгээр сард актаар ажлаа хүлээлгэж өгсөн. “Н-У”  ХХК-ийн ерөнхий инженер, барилгын инженер, “С ” ХХК-ийн захирал нар чанарын шаардлага хангасан сайн гүйцэтгэсэн гэж хүлээж авсан атлаа дээврийн ажлыг чанаргүй гүйцэтгэсний улмаас дусаал гоожиж, их хэмжээний борооны ус барилгад нэвтэрсэн гэсэн байна. Гэтэл борооны ус биш цасны ус нэвчсэн байсан талаар их хэмжээний цас овоорсон учраас нэвчсэн гэж инженерүүдийн холбооноос дүгнэсэн. 2018 оны 2 дугаар сард энэ талаар хэлэхэд нь С  ХХК-ийн захирал болон ажил гүйцэтгэх хүмүүс нь очоод “үүнийг янзалж өгнө, татгалзах зүйл байхгүй” гэсэн. Тухайн үед “Н-У”  ХХК нь “6, 8 ширхэг сэндвичний нөхөөс бэлдчихье, эргээд яръя” гэж 2 хоногийн дотор гүйцэтгэнэ гэсэн. Ингээд дахин “Н-У”  ХХК-ийн инженерүүд нь дуудаагүй. Гэнэт 5 дугаар сард Нар-Урт ХХК-ийн захирал нь “танайх хугацаандаа гүйцэтгэсэнгүй” гэсэн албан бичиг явуулсан. Энэ талаар 6 дугаар сарын 04-ний өдөр “С ” ХХК-ийн захирал албан бичгээр “манайх татгалзах зүйл байхгүй, гэхдээ танай инженерүүд буруу ойлгуулсан байна, бид хэзээд ч ажлаа хийхэд татгалзахгүй” гэсэн. “С ” ХХК-ийн гүйцэтгэсэн дээврийн ажлын хөөс нь галд тэсвэртэй байхаар заасан ч дээврийн хэсгээс гарсан хөөс нь галд шатамхай болох нь тогтоогдсон гэж нэхэмжлэлд бичсэн байна. Гаалийн байцаагч галд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн дүгнэлт гаргасныг өмнөх шүүх хуралдаанд гаргасан. Хяналтын инженерүүдийн холбооноос гаргасан дүгнэлтэд анхнаасаа архитекторын хяналтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл, зураггүй хийсэн барилга буюу захиалагчийн буруутай үйл ажиллагаа байсан талаар зөвлөх инженерийнх тайлбарт дурдагдсан. Материалын зардалд 20 539 000 төгрөг гэсэн атлаа “ӨЖА ” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 9 494 870 төгрөгийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.1 дэх заалтаар “гэрээний нийт үнэд НӨАТ орсон, 8 344 000 төгрөгийг захиалагч гүйцэтгэгч талд эргүүлэн төлөх төлбөрөөс өөр бусад аливаа төлбөр байхгүй, гэрээний үнэнд материал, тээвэр, багаж хэрэгсэл, зөөвөр, ажлын хөлс, хүн хүч, хоол унааны төлбөр багтана гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, материалтайгаа гэрээ байхад материалын зардлыг оруулсан. Мөн “ӨЖА ” ХХК-тай 5 491 000 төгрөгийн гэрээ байгуулахдаа тамга дараад гарын үсгээ зурчихсан. Уг гэрээний 2.2 дахь хэсэгт гэрээний нийт төлбөрт НӨАТ төлсөн дүнгээр 5 780 000 төгрөг, энэхүү гэрээний материал, тээвэр, багаж хэрэгсэл, зөөвөр, ажлын хөлс зэрэг багтана гэж тодорхой зааж өгсөн. Талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан атал дахин ямар материал нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй тул 20 539 800 төгрөг үгүйсгэгдэж байна. Мөн ус алдалтаас болж дахин 5 139 000 төгрөгийн зардал гарсан талаар баримтгүй тул 41 933 700 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гүйцэтгэсэн ажлыг хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул “Н-У”  ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна” гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримт талуудын тайлбарт “С ” ХХК нь барилгын дээврийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн нь нотлогдоно. Харин шүүх тухайн маргааны зүйлийг барилга байшин биш гэж үзэн нэг жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жил, барилга байшингийн дээрх дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гаргана гэж заасан тул гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй байна. Хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Ч.Э-08/18 дугаар дүгнэлтээр “С ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын дээврийн угсралтын ажил нь дээврийн үйлдвэрлэлийн процессын технологийн дагуу бус, норм дүрмийн шаардлагын хэмжээнд хийгдээгүй болохыг тогтоосон атал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт эсрэгээр нь дээрх дүгнэлтээс үзэхэд хариуцагч “С ” ХХК-ийн буруутай үйлдлээс гүйцэтгэсэн ажилд доголдолд үүссэн, эсхүл гэрээний нөхцлийг зөрчсөн болох нь тогтоогдоогүй” гэж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Н-У”  ХХК хариуцагч “С ” ХХК-д холбогдуулан сендвичэн дээврийн гадна болон дотор талыг чанаргүй гүйцэтгэсний улмаас учирсан хохиролд 41 933 700 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ нэхэмжлэлийн үнийн дүн бодит биш, үндэслэлгүй шаардлага гэж тайлбарлажээ. /хх67/

Ажил гүйцэтгэх гэрээ хэрэгт авагдаагүй боловч талууд гэрээ байгуулсан эсэхэд маргаагүй, гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж, үүнтэй холбоотой албан бичгүүд хэрэгт авагдсан.

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 25/59 тоот хариу албан бичигт 2 удаа очиж шаардлагатай засвар үйлчилгээг хийсэн гэснээс үзвэл гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил доголдолтой байсныг хариуцагч үгүйсгээгүй, харин нэмэлт ажил гүйцэтгэхэд гарсан зардал, түүний дотор нэхэмжилж буй материалын зардалд 20 239 000 төгрөг гарсан нь тогтоогдоогүй талаар маргасан.

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ийн гаргасан дээврийн хөөсний галд тэсвэртэй чанарт дүгнэлт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлт нь /хх68/ талуудын маргааны зүйл буюу нэмэлт ажилд зарцуулсан материалын хэмжээг тогтооход ач холбогдолтой байж болохоор байхад  анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй /хх69/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журамд нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргаж буй зардлын талаарх үйл баримтад дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02860 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н-У”  ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 618 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.Б

                                 ШҮҮГЧИД                                Д.Ц

                                                                                  А.О