Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0841/З |
Дугаар | 128/ШШ2021/0414 |
Огноо | 2021-06-10 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2021/0414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч М.Батзориг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Б ХХК /РД: *******/,
Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын яам,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, иргэдийн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК М ХХК-д 2017 онд 100,000,000 зээлдүүлсэн, мөнгөө гаргуулж авахаар шүүхэд хандаж М ХХК зээлийн төлбөрт А аймгийн Ц сумын Хн ам нэртэй 284 гектар талбайтай, 22/** тоот гэрчилгээтэй, 56 жил 8 сарын хугацаатай, ****А дугаартай ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээг шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар баталсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын *** тушаалаар ****А дугаартай ашигт малтмал ашиглах лиценз Б ХХК-ийн нэр дээр шилжиж ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.
Тусгай зөвшөөрөл шилжсэн учир бид холбогдох ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө зэрэг бичиг баримтуудыг дахин боловсруулах шаардлага гарсан. М ХХК-иас нөөцийн тодорхойлолтыг гаргуулж авахыг хүсэхэд Ашигт малтмал, газрын тосны газраас манайд нөөцийн тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байна, Б ХХК-ийн нэрээр хандах нь зүйтэй гэсэн. Ашигт малтмал, газрын тосны газар М ХХК өмнөх тайлангуудаа өгөөгүй учраас нөөцийн тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй гэсэн. Тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш мэргэжлийн байгууллагаар маркшейдерийн хэмжилт хийлгэж, шав тэмдэг тавьсан, технологийн дээжлэлт авч Геологийн төв лабораторт шинжилгээ хийлгүүлэхээр хүргүүлсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж их хэмжээний зардал гаргаж ажиллаж байтал Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн *** дугаар шийдвэр гарч тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй, байгууллагыг хэт хохироосон үйлдэл болсон гэж үзэж байна.
Хариуцагч захиргааны байгууллагаас дээрх 2019 оны *** дугаар шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** дугаар дүгнэлтэд үндэслэн гаргасан гэж тайлбарлаж маргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** дугаар дүгнэлт хууль бус бөгөөд манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироосон гэж үзэж байна. Учир нь:
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/** тоот дүгнэлтийг гаргахдаа нөхцөл байдлыг газар дээр нь хянан шалгаж тодруулаагүй, манай компанийг оролцуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, огт мэдэгдээгүй зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн.
Мөн манай компанийг ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй байхад тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж гэсэн баримт нотолгоогүй тодорхой биш зүйл зааж, тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар гаргасан дээрх дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүйгээс гадна манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироох үндэслэл болсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019\** дугаартай хууль бус дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.
Маргаан бүхий захиргааны актууд гарахаас 1 сар 18 хоногийн өмнө шилжүүлэн авсан тусгай зөвшөөрлийн талбайд манай компани огт үйл ажиллагаа явуулаагүй байхад байгаль орчинд хортой нөлөө учруулсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна. Мөн энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан байдаг. Манай компанийн хувьд 1 сар 18 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа дээрх хуульд зааснаар ямар ч үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй. Энэ тухай хариуцагч тал Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээд нотлох, бүрэн судлах боломж хангалттай байсан. Гэвч ийм ажиллагаа хийгээгүйд гомдолтой байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчинд хортой нөлөө учруулсан гэсэн дүгнэлт иргэний эрх зүйн үр дагавар үүсэж байна. Байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан гээд дүгнэлт гаргачихаар иргэний хуульд заасан гэм хорын нэхэмжлэлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу Засаг дарга, төрийн бус байгууллагууд иргэний журмаар манай компаниас нэхэмжлэх нөхцөл үүсээд байна.
2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн маргаан бүхий акт яамны дүгнэлтэд үндэслэсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн *** дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй гэснийг үндэслэсэн байх бөгөөд сонсох ажиллагаа явуулснаар нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл бий болох зүйл байхгүй байтал үндэслэлгүйгээр сонсох ажиллагааг явуулалгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн тусгай зарчмыг зөрчиж сонсгох ажиллагааг явуулалгүй шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байхаас гадна, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр 40.2.3, 40.2.5-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах үндсэн шаардлагуудыг хангаагүй байна.
Манай компани нөхөн сэргээлт хийхгүй гэж татгалзаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт тодорхой заасан байгаа.
Байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан гэж М ХХК-ийн учруулсан үр дагаврыг халдаагаад байгаад нь гомдолтой байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолд Б ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглалт хийхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасан байгаль орчинд хортой нөлөө учруулсан ямар үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан, дээрх хяналт шалгалтаар ямар акт баримтаар тогтоогдсон, Байгаль орчин, аялал жуулчлал яамны ажлын хэсэг ямар баримтад үндэслэн дүгнэлт гаргасан, тус компанид тусгай зөвшөөрлийг цуцлах, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэл бүрдсэн эсэх, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэсэн. Хариуцагч талаас Б ХХК-ийг хортой үйл ажиллагаа явуулсан гэх нэг ч баримт байхгүй, М ХХК-ийн хортой үйл ажиллагааг нялзаах ямар эрх зүйн үндэслэл байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 онд 3 дугаар дүгнэлтээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа сайн судалж үзсэнгүй. Б ХХК ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн газар дээрээ 1 сарын хугацаанд хортой нөлөө үзүүлсэн эсэхийг магадлан шалгасангүй. Ямар нэгэн хор нөлөө үзүүлээгүй, гэм буруугүй этгээдээр хохирлыг нь барагдуулах гэж байна. Гагцхүү нөхөн сэргээхийг шаардаад явах эрх нь байгаа. Б ХХК байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан гэсэн нотлох баримт байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага нь хуульд заасан нөхөн сэргээх үүргээ биелүүлнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын *** тушаалаар ****А дугаартай ашигт малтмал ашиглах лиценз Б ХХК-ийн нэр дээр шилжсэн. Тодруулбал М ХХК-ийн олборлолт явуулж эвдрэлд оруулсан уг ашиглагдсан талбайг буюу эфель (шороо)-г дахин угааж төлбөрөө гаргуулж авахаар шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн авсан.
Шилжүүлэх шийдвэр гаргасан 2019 оны 7 дугаар сарын 03-ний өдрөөс хойш тусгай зөвшөөрлийг цуцалсан 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 1 сарын хугацаанд нэхэмжлэгч компанийн хувьд тухайн талбайг шинээр ухаж эвдрэлд оруулаагүй, гол усыг бохирдуулж шар ус алдаагүй болно. Энэ талаар ч орон нутгийн эрх бүхий байгууллагууд нь тодорхойлж нотолсон байгаа. Өөрөөр хэлбэл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ гаргаагүй болно.
Хариуцагч захиргааны байгууллагын Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэх тайлбар ямар ч үндэслэлгүй ба тухайн талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан М ХХК-ийн бурууг нэхэмжлэгч компанид тохож буруутган түүний тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагч захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна хууль, шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Хариуцагч захиргааны байгууллагууд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа үйлдэл гаргах ёсгүй.
Гэтэл нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан болон цуцлах дүгнэлтийг гаргахдаа нөхцөл байдал учир шалтгааныг тодруулж шалгаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч аль компанийн ямар үйл ажиллагаанаас болж байгаль орчинд хортой нөлөөлөл учруулсан болохыг тодорхой шалгаж тогтоосон баримтгүй, хяналт шалгалтын ямар ч үйл ажиллагаанд нэхэмжлэгч компанийг оролцуулаагүй, мэдэгдээгүй атлаа байгаль орчинд хохирол учруулсан эсэх, хамааралтай эсэх, гэм буруутай эсэхийг ялгамжтай авч үзэхгүйгээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг гэнэт цуцалж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн.
Тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг бүрмөсөн дуусгавар болгож хязгаарлах тул энэ талаар дүгнэлт гаргах албан тушаалтнуудад хууль тогтоомжоор тусгайлсан эрх олгогдсон байх учиртай.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 сарын 20-ны өдрийн 2019/** дугаар дүгнэлтийг гаргасан ...үүргийг орлон гүйцэтгэгч албан тушаалтнууд-д бусдын эрхийг зөрчсөн дүгнэлт гаргах эрх олгогдсон эсэх нь ч эргэлзээтэй байна.
Маргаан бүхий захиргааны акт нь ямар ч үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** дүгнэлт хууль зүйн үндэслэл шаардлага хангаагүй. Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтын акт, эрх бүхий байгууллагуудаас өгч байсан мэдэгдэл байдаг уу гэдэг талаар яамны зүгээс нотлох баримт гаргадаггүй. Энэ талаар мэдэхгүй зөвхөн орон нутгаас авах ёстой гэсэн асуудал ярьсан. Орон нутгаас нь аймгаас авахаар баримтуудыг удаа дараа шаардах зэргээр шүүх хуралдаан 5-6 удаа хойшилсон. Тиймээс энэ дүгнэлтийг гаргахдаа яам ямар ч нотолгоогүй, хууль зүйн үндэслэлгүй, зөвхөн аймгийн Засаг даргын орлогчийн албан бичигт үндэслэж гаргасан гэдэг нь тогтоогдож байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг зөрчиж гаргасан. Дээрх маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох, тайлбар авах ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгч байгууллагыг өөрийнхөө эрхээ хамгаалах талаар мэдүүлэг, тайлбар гаргах боломжийг олгохгүйгээр захиргааны актуудыг гаргасан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны дүгнэлтэд тусгай зөвшөөрөл цуцлуулах талаар арга хэмжээ ав гэсэн акт гаргасан атлаа энэ талаар захиргааны байгууллага ямар ч үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй, дараагийн тусгай зөвшөөрөл эзэмшигч рүү шилжээд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл Б ХХК-ийн нэр дээр байхад хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх талаар юм хийгээгүй атлаа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч компани маань өөрийнхөө эзэмшлийн талбай дээр 12 га газарт 32 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн ажиллагааг 2019 онд хийсэн. Иймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж гаргасан хууль бус захиргааны акт болох Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэр, Байгаль орчин аялал жуулчлалын 2019 оны 8 сарын 20-ны өдрийн 2019/** дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 03 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5 дахь заалтыг үндэслээд мөн Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг үндэслэж Б ХХК-ийн ****А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ Б ХХК нь байгаль орчинд хортой нөлөө учруулсан тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргахаар зохицуулсан байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйл болон 26 дугаар зүйлд заасны дагуу нутгийн захиргааны байгууллагууд тодорхой зөрчлийг арилгуулах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 0153 дугаартай хяналт шалгалтын дүгнэлт гаргасан байдаг. ****А тоот ашигт малтмалын ашиглалтын тухай зөвшөөрөл бүхий газар бол орон нутгийн энэ хяналт шалгалтад хамрагдсан. М компани нь уурхайд байх бичиг баримтыг бүрдэл хангагдаагүй, уулын ажлын төлөвлөгөө байхгүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад гэрээт аж ахуйн нэгж, иргэдийг уурхайн талбай руу оруулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 35 дугаар зүйлийн 35.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5 дах заалтуудыг, 2016-2017 оны ашиглалтын талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хаягдал усны далан хаалтыг чанаргүй хийснээр олон хоногийн борооноор хаягдлын далангууд задарч үйлдвэрийн ашигласан бохир ус голтой нийлж ус бохирдуулсан, цэвэр ус урсах зориулалттай сувгууд бөглөрч зарим газраар задарсан. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт, Засгийн газрын 2015 оны ******* дугаар тогтоолыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан.
Б ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг хэлнэ. Мөн энэ хуулийн 27, 35, 39 дүгээр зүйлүүдэд тус тус ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг тодорхой хуульчилж өгсөн. Энэ эрх, үүргийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Б ХХК нь эдэлж байсан. Эдгээр хуулийн заалтуудаас үзвэл тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан эсэхээс үл хамааран тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа талуудын хавсаргах баримт бичгийг тусгасан бөгөөд мөн энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.3-т уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг авснаар үүсэх эрх үүргийг хүлээн зөвшөөрч буй нотлох баримт гэж тогтоосон. Б ХХК-д тусгай зөвшөөрөл нь шилжиж байгаа болохоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай ****А дугаартай тусгай зөвшөөрлийн талаарх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Аймаг, Нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа. Нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр үйл ажиллагааг харьяалал хамаарахгүй хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах ийм арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд саналыг хүргүүлсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох нотлох баримт орон нутгаас ирсэн. Уг нотлох баримтуудаар бол Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар удаа дараа М ХХК-д үүрэг даалгавар биелүүлэх албан шаардлагыг хүргүүлсэн байдаг. Гэтэл үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Усны тухай хуулиар усны энгийн болон онцгой хамгаалалтын дэглэм бүхий тэмдэглэгээг хийх ёстой байдаг. Гэтэл уг тэмдэглэгээг хийгээгүй.
Орон нутгийн мэргэжлийн хяналтын газраас энэ талаар дүгнэлт, санал яаманд ирж байгаагүй. 2018 онд сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас буюу нутгийн өөрөө удирдах байгууллагаас санал ирсэн. Нутгийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэлийн Засаг даргаар дамжуулж яамтай харилцана гэсэн зохицуулалттай байсан. Ямар тусгай зөвшөөрлийн талбай вэ гэдэг нь тодорхой бус байсан. 2019 онд аймгийн Засаг даргаас тодорхой тусгай зөвшөөрлийн талбайг тодорхой дурдаж ирүүлсэн учир уг дүгнэлтийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уур уурхайн Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Кадастрын мэдээллийн санд А аймгийн Ц сумын нутаг Х ам нэртэй 284 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын ****А тоот дугаартай тусгай зөвшөөрлийг М ХХК-д Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот шийдвэрээр анх олгосон. 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 209 тоот шийдвэрээр Х ам нэртэй талбайн цэгт өөрчлөлт оруулж 323 гектар болсныг бүртгэсэн. 2003 оны 2 дугаар сарын 28-ны өдөр М ХХК-иас тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх хүсэлтийн нь дагуу 2003 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ****А тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн ******* дугаар захирамж, 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ******* дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн тусгай зөвшөөрөл шилжүүлэн бүртгэх тухай тоот албан бичгийг тус тус үндэслэн А аймгийн Ц сумын нутаг Х ам нэртэй 323 бүхий ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг Б ХХК-д шилжүүлснийг кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 332 тоот шийдвэрээр бүртгэсэн байдаг.
Гэтэл нэхэмжлэгч Б ХХК нь А аймгийн Ц сумын нутаг Х ам нэртэй 323 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын ****А дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байхдаа байгаль орчны орчинд хортой нөлөө үзүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа эсэх, нөхөн сэргээх байгаль орчны менежментэд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тул Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 417 тоот шийдвэрээр цуцалсан.
Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасныг үндэслэн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн нөхцөлд байдалд тохирсон, мөн энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т зааснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх гэснийг тус тус үндэслэн сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэрлэсэн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дах заалтын Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн 15 дугаар зүйлийн 15.1-т байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж тус тус заасан байна. Дээр дурдсан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн талаас гаргасан шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөрБ ХХК-ийн ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах 2019/** дугаар дүгнэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс яамны дүгнэлтийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Нэхэмжлэгч Б ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** дугаар дүгнэлт, уг дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, захиргааны байгууллагууд шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, сонсгох, тайлбар авах ажиллагаа хийгээгүй, тус компани байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүй, М ХХК-ийн үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг тус компанид нялзаасан хэмээн маргажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, талуудын тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, дараах дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
А аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/*** тоот албан бичгээр ашиглалтын MV- дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч Б ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 -д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсний дагуу тус яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** тоот дүгнэлтээр Б ХХК-ийн ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс яамны дүгнэлтийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Захиргааны байгууллагууд бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг оролцуулах, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх бололцоог хангах үүргээ хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь хуульд нийцээгүй, хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул шүүх тухайн шийдвэрүүдийг хууль бус гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** тоот дүгнэлтийн тухайд.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ орон нутгийн санал ирүүлсэн албан бичгээс өөрөөр баримт цуглуулаагүй, тусгай зөвшөөрөл бүхий талбайд хяналт шалгалт хийгээгүй, зөрчлийг газар дээр нь шалгаж тогтоогоогүй,Б ХХК тухайн талбайд хэдий хугацаанд ямар үйл ажиллагаа явуулсан, байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоогоогүй, өөрөөр хэлбэл бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс дүгнэлт нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан, өөрөөр хэлбэл нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзаж дүгнэлт гаргах эсэхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэхээр байна.
Нэхэмжлэгч Б ХХК нь маргаан бүхий актаар 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цуцлагдсан, А аймгийн Ц сумын нутаг Х ам нэртэй газарт орших 323.29 га талбайтай ашигт малтмалын ашиглалтын MV-005*** дугаар тусгай зөвшөөрлийг үүнээс 1 сарын өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу М ХХК-иас Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр шилжүүлэн авчээ. Өөрөөр хэлбэл анх ашиглалтын тусгай зөвшөөрөл 1999 онд олгогдсоноос хойш ийнхүү шилжүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх 20 жилийн хугацаанд тухайн талбайд М ХХК үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч Б ХХК тусгай зөвшөөрөл бүхий тухайн талбайд байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүйг яамны харьяа О голын сав газрын захиргаа[1], аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар[2], Цэнхэр сумын Засаг дарга[3] тус тус шүүхэд тодорхойлжээ.
Шүүх хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дүгнэлт гаргах үндэслэл болгосон баримтуудыг удаа дараа шаардсан хэдий ч Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/*** тоот албан бичгээс өөр баримт ирүүлээгүй, Архангай аймгийн Засаг даргын орлогчийн уг албан бичиг нь ямарваа хавсралт баримтгүй, түүнчлэн маргаан бүхий дүгнэлт гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тухайн газар дээр хяналт шалгалт хийгээгүй байна.
Шүүх Архангай аймгийн Засаг даргаас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/*** тоот албан бичгээр санал хүргүүлэх үндэслэл болсон баримтыг шаардсанаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эрх бүхий байгууллагуудтай хамтарч 2018 онд хийсэн хяналт шалгалтын танилцуулгыг ирүүлсэн байдаг.
Улмаар шүүх Архангай аймгийн Засаг даргаас тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч Б ХХК, өмнөх эзэмшигч М ХХК ямар үйл ажиллагаа явуулсан, байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн эсэх, яаманд тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлэх үндэслэл болгосон баримтууд, хяналт шалгалтын акт, дүгнэлтүүдийг нотлох баримтаар шаардсанаар 2015-2019 оны хооронд хийгдсэн хяналт шалгалтаар М ХХК-д өгч байсан улсын байцаагчийн албан шаардлага, актыг ирүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл Б ХХК-ийг ашиглалтын MV- дугаар тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан эсэхийг Архангай аймгийн Засаг дарга ч тэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам ч тэр шалгаж тогтоогоогүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зөвхөн Архангай аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэж нэхэмжлэгч Б ХХК-ийг байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан гэж ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасныг зөрчжээ.
2. Захиргааны аливаа байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргахдаа тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох үүрэгтэй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлуулахаар дүгнэлт гаргахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилж мэдэгдээгүй, оролцоог хангаагүй, шийдвэрийн үндэслэлийн талаар тайлбар, нотлох баримт гаргах эрхийг эдлүүлээгүйгээс аймгийн Засаг даргын саналд тусгагдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигч явуулсан эсэх, хэдийд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан болохыг ч тодруулаагүй байна.
Ийнхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх сонсох, оролцоог хангах ажиллагааг хийгээгүйгээс захиргааны шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасантай нийцээгүй, шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Хоёр. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийн тухайд.
1. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, тус компани байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүй, М ХХК-ийн үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг тус компанид нялзаасан хэмээх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлахаар, 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэр зөвхөн яамны дүгнэлтийг үндэслэсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж буй эсэхийг, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл хэдийд, хэний үйл ажиллагаагаар бий болсныг тогтоогоогүй, түүнчлэн тухайн талбайд 20 жил ашиглалтын үйл ажиллагаа явуулсан М ХХК-ийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж байсан эсэхийг шалгаагүй тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч Б ХХК нь маргаан бүхий актаар 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цуцлагдсан, А аймгийн Ц сумын нутаг Х ам нэртэй газарт орших 323.29 га талбайтай ашигт малтмалын ашиглалтын MV-00 дугаар тусгай зөвшөөрлийг үүнээс 1 сарын өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр М ХХК-иас шилжүүлэн авчээ.
Өөрөөр хэлбэл анх ашиглалтын тусгай зөвшөөрөл 1999 онд олгогдсоноос хойш ийнхүү шилжүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх 20 жилийн хугацаанд тухайн талбайд М ХХК болон уг компанитай гэрээ байгуулах байдлаар олон аж ахуйн нэгжүүд олборлолтын үйл ажиллагааг явуулж нөхөн сэргээлт хийгээгүй болох нь орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын удаа дараагийн шалгалтаар илэрч, улсын байцаагч зөрчлийг арилгуулах албан шаардлага, үйл ажиллагаа явуулахыг зогсоосон улсын байцаагчийн акт гаргаж байжээ.
Тухайлбал,
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Ц сумын О багийн нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын талбайнуудад, тухайлбал ****А тусгай зөвшөөрөлтэй алтны шороон ордод олборлолт явуулж буй үйл ажиллагаанд 2015 оны 9 дүгээр сард төлөвлөгөөт хяналт шалгалт хийж уурхайд байх баримт бичгийн бүрдэл хангаагүй туслан гүйцэтгэгч 24 аж ахуйн нэгжийг оруулж уулын ажлыг эмх замбараагүй явуулсан, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан, нөхөн сэргээлтийн ажлыг хийгээгүй, голын гольдролыг сэргээх арга хэмжээ аваагүйгээс үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж ус бохирдуулсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн болохыг тогтоож, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоож 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын байцаагчийн 03-05-0***** дугаартай албан шаардлага М ХХК-д хүргүүлсэн[4],
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Ц сумын О багийн нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал ****А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016 оны 6 дугаар сарын 7-ноос 9-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, уурхайд байх баримт бичгийн бүрдэл хангаагүй гэрээт аж ахуйн нэгжүүд оруулж үйл ажиллагаа явуулсан, 2015 онд нөхөн сэргээлт хийгээгүй, голын гольдролыг сэргээх арга хэмжээ аваагүйгээс хаягдал усны далан задарч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж ус бохирдуулсан зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан шаардлага хүргүүлсэн[5],
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч, байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хамтарч Ц сумын О багийн нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал ****А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016 оны 8 дугаар сарын 3-нд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоолгож, газар дээр нь тэмдэгжүүлээгүй, уулын ажлын төлөвлөгөө батлагдаагүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй, газар, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, газар, ус ашиглах гэрээ байгуулаагүй, нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгүүлэх гэрээт аж ахуйн нэгжүүдийг оруулж эфель угаасан, уурхайн ашиглалтын талбайгаар өнгөрөх цэвэр усны шуудууг нууртай нийлүүлсэн, хаягдал усыг хадгалах нуурын далан хаалтыг шаардлага хангахгүй хийснээс технологийн бохир ус голтой нийлж гол бохирдуулсан, нөхөн сэргээлт хийж эхлээгүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгээгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай албан шаардлага хүргүүлсэн[6],
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч, Цэнхэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Мөрдөн байцаах газар хамтарч 2017 оны 5 дугаар сарын 24-нд Ц сумын О багийн нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал ****А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, ТЭЗҮ-г шинэчлэн батлуулаагүй, уулын ажлын төлөвлөгөөний дагуу олборлолт явуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаагүй, хаягдал сангийн далан хаалтыг инженерийн тооцоонд тулгуурлан барьж байгуулаагүйгээс хур тунадас ихэссэн үед нэвчих, шүүрэх, сэтрэх зэргээр үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж ус бохирдуулсан, нөхөн сэргээлт хийгээгүй зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн 03-05-017/***, 03-05-017/***, 03-05-017*** дугаартай албан шаардлагыг биелүүлээгүй, уурхайд байх бичиг баримтыг бүрдүүлэлгүй гэрээт аж ахуйн нэгжүүдийг уурхайн талбайд оруулж үйл ажиллагаа явуулсан, ТЭЗҮ-г шинэчлэн батлуулаагүй, уулын ажлын төлөвлөгөөний дагуу олборлолт явуулаагүй, усны онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоогоогүй, эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй зөрчлүүдийг илрүүлж, үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар түр зогсоож, энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авахаар улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 03-05-017/** дугаартай акт үйлдэж[7],
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч, Цэнхэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамтарч 2017 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл Ц сумын О багийн нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал ****А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 09/063/**, 09/063/** дугаартай актаар уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоосон байхад гэрээт аж ахуйн нэгж, иргэдийг уурхайн талбайд оруулж 12 угаах төхөөрөмжийг суурилуулан хөрс хуулж, элс бэлтгэх, эфель галийг угаалганд бэлтгэсэн зөрчлүүд илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 03-05-017/*** дугаартай албан шаардлага бичсэн[8],
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамтарч 2017 оны 9 дүгээр сарын 20-22, 10 дугаар сарын 18-ны өдөр Ц сумын О багийн нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал ****А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, уурхайг улсын комисст хүлээлгэж өгөөгүй, уулын ажлын хөрс хуулалт ТЭЗҮ-д заасны дагуу хийгээгүй, хэт олон жижиг аж ахуйн нэгжийг оруулж уулын ажлын төлөвлөгөөг зөрчсөн, 2016 онд олборлолт хийсэн талбайд нөхөн сэргээлт хийгээгүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоолгож, газар дээр нь тэмдэгжүүлээгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгээгүй, хөрс элэгдэх, эдврэх, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээ аваагүй, ус ашиглах эрх аваагүй, ус авах цэгт тоолуур байршуулж баталгаажуулаагүй зөрчлүүд илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 03-05-017/*** дугаартай албан шаардлага өгсөн[9],
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Ц сумын О багийн нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал ****А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 5 дугаар сарын 20-ноос 31-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, 2016, 2017 онд ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, уурхайд байх бичиг баримтын бүрдэл хангаагүй, уулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад гэрээт аж ахуйн нэгжүүд, иргэдийг уурхайн талбайд оруулж олборлолтын үйл ажиллагаа явуулсан, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн эмх замбараагүй ашиглалтын улмаас уурхайн талбайд байгуулсан цэвэр ус урсгах зориулалттай суваг шуудуу бөглөрч, зарим газраар задарч карьер руу орсноос хаягдлын далангийн ус нэмэгдэж ус бохирдуулах нөхцөл үүссэн зөрчлүүд илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 03-05-017/*** дугаартай албан шаардлага хүргүүлсэн[10],
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч, аймгийн Засаг даргын ******* дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран Ц сумын О багийн нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал ****А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 7 дугаар сарын 13-наас 15-ны өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хаягдлын далангууд борооны усанд эвдэрч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус гол руу орж ус бохирдуулсан, цэвэр ус урсгах зориулалттай суваг шуудуу бөглөрч зарим газраар задарч карьер руу орсон, 2016, 2017 онд ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй зөрчлүүд илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 03-05-017/*** дугаартай албан шаардлага өгсөн[11],
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч, аймгийн болон Цэнхэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа болон аймгийн Цагдаагийн газартай хамтарч 2018 оны 4 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хууль бусаар олборлогч иргэд, нөхөрлөл, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан, хяналт шалгалтад Цэнхэр сумын нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын ***А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай багтсан, уг талбайн хувьд уурхайд байх бичиг баримтын бүрдэл хангалгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулалгүй олборлолт явуулж, 2016, 2017 онд ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, нөхөн сэргээлт хийж голын гольдролыг сэргээх арга хэмжээ аваагүйгээс хаягдал усны далан задарч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж, ус бохирдуулсан, цэвэр ус урсгах зориулалттай суваг шуудуу бөглөрч зарим газраар задарч карьер руу орсон, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоогоогүй, газар дээр нь тэмдэгжүүлээгүй зэргээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаарх хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаар хяналт шалгалтын танилцуулгад [12] тодорхой тусгагдсан байна.
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал ****А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, уурхайд байх бичиг баримтын бүрдэл хангалгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулалгүй гэрээт аж ахуйн нэгжүүд, иргэдийг уурхайн талбайд оруулж угаах төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн, 2016, 2017, 2018 онд ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, уурхайг улсын комисст хүлээлгэж өгөөгүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоогоогүй, газар дээр нь тэмдэгжүүлээгүй зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 03-05-017/** дугаартай албан шаардлага М ХХК-д хүргүүлсэн[13],
- Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудад, тухайлбал ****А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хяналт шалгалт хийж, уурхайд байх бичиг баримтын бүрдэл хангалгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулалгүй гэрээт аж ахуйн нэгжүүд, иргэдийг уурхайн талбайд оруулж угаах төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн, 2016, 2017, 2018 онд ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоогоогүй, газар дээр нь тэмдэгжүүлээгүй зөрчлүүд илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 03-05-017/*** дугаартай албан шаардлага М ХХК-д өгсөн[14] байдаг.
Ийнхүү Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмалын ашиглалтын ****А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд М ХХК өөрөө болон гэрээт аж ахуйн нэгж, иргэдээр олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа 2015 оноос 2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийгээгүй, уурхайд байх бичиг баримтын бүрдэл хангаагүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, ус, газар ашиглах гэрээ байгуулаагүй, үйлдвэрлэлд ашиглагдсан бохир усаар голын ус бохирдуулсан зэргээр байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага удаа дараагийн хяналт шалгалтаар илрүүлж, зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгч, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг түр зогсоож байжээ.
Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 10 дугаар сарын 18-нд 46 тоотоор, Цэнхэр сумын Засаг дарга мөн өдрийн ******* тоотоор М ХХК тус сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайд, тэр дунд ***А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийгээгүй, уурхайд байх бичиг баримтыг бүрдүүлэлгүй, зөвшөөрөлгүй хууль бусаар олборлолтын үйл ажиллагаа явуулж, Орхон гол руу бохир усаа алдаж голын усыг бохирдуулж, хүн малыг ундны усгүй, малын бэлчээргүй болгож хууль, тогтоомж зөрчиж байгаа тул тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж байсан ч, тус яам оролцсон ажлын хэсгийн хяналт шалгалтаар дээрх зөрчлүүд илэрсэн ч тухайн үед яам Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дүгнэлт гаргаагүй, үүнийгээ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон нутгийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргаар дамжуулж төрийн захиргааны төв байгууллагатай харилцах ёстой, аймгийн Засаг даргаар дамжуулаагүй, сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг яам хүлээж авахгүй гэж тайлбарладаг ч ийнхүү аймгийн Засаг даргаар дамжуулж хандах талаар буцааж мэдэгдээгүй байдаг.
Орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх удаа дараагийн хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч М ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 35.3.4, 35.3.7-д заасан баримт бичгийн бүрдэл хангаагүй, ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, газар, ус ашиглах тухай гэрээ байгуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулж, голын ус бохирдуулж, нөхөн сэргээлт хийгээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсоор байж.
Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ гэж, 39 дүгээр зүйлийн 39.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүргийг хүлээнэ, 39.1.1 ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулна, 39.1.2 байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлно, 39.1.3 байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгана, 39.1.4 байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хортой болон хор хөнөөл учруулж болзошгүй бодис, материалыг хадгалах, хяналт тавих, газрын гадаргуугийн болон гүний усыг хамгаалах, ашиглах, хуримтлуулах, уурхайн хаягдлын далан барих, уурхайн талбайн аюулгүй байдлыг хангах, нөхөн сэргээх арга хэмжээ, тухайн уурхайн ажиллагааны онцлогтой холбогдсон бусад арга хэмжээг тусгана, 39.1.5 байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ, 39.1.6 байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдмагц аймаг, сум, дүүргийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанд хүргүүлнэ, 39.1.7 уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлнэ. Тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ашигласан шинэ техник, технологи, үйлдвэрийг өргөтгөж хүчин чадлыг нь нэмэгдүүлсний улмаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, түүнтэй холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг тусгана, 39.1.9 тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална., 39.2-т байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална, 39.3-т Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна., 39.6-д байгаль орчныг нөхөн сэргээх мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга уурхайн тухайн жилийн олборлолтын ажлыг зогсоох эрхтэй, 39.7-д Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй., 39.9-д Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд түүнийг эзэмшигч нь шинэ техник, технологи нэвтрүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлөх шинэ нөхцөл, байдал үүсвэл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардана. гэж уул уурхайн үйл ажиллагааны улмаас тухайн нутаг дэвсгэрт хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болох сөрөг нөлөөллийг илрүүлэх, бууруулах, арилгах арга хэмжээг, түүнд нь тавих төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагын оролцоог тодорхой зохицуулсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т холбогдох хууль, уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг удаа дараа зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг хоёр сарын хугацаагаар зогсоох бөгөөд энэ хугацаанд зөрчлийг засаагүй бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцлахаар заасан ч ийнхүү удаа дараагийн хяналт шалгалтын дүнгээр энэ арга хэмжээг төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн захиргааны байгууллагууд хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж болох ч энэ тохиолдолд тухайн талбайн олборлолт явуулсан хэсэгт нөхөн сэргээлт хийсэн тухай байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг холбогдох дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримтыг зайлшгүй шаардаж байж тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эсэхийг шийдвэрлэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд тодорхой заажээ.
Гэтэл 2019 оны 7 дугаар сард тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрөл эзэмшигч М ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж буй эсэх, ашиглалтын үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг авсан эсэх, ашигласан талбайдаа нөхөн сэргээлт хийсэн эсэх, нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсан эсэхийг шалгалгүйгээр тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, өөрөөр хэлбэл ийнхүү тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болох нь орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсоор байхад энэ бүхнийг шалгах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүйгээр тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байдаг.
Ийнхүү тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа гэж үзээд шилжүүлсэн атал 1 сарын дараа байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэл зааж тусгай зөвшөөрлийг цуцалсан ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцээгүй, нэхэмжлэгч Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч Б ХХК ямар үйл ажиллагаа явуулсан, байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасанд нийцээгүй байна.
2. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох, тайлбар авах ажиллагаа хийгээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.1-д захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.5-д сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна, 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно, 28.2-т сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй гэж төрийн захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахаас өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэж, тайлбар нотлох баримт гаргах боломж олгохыг, тодорхой тохиолдолд л энэ ажиллагааг хийхгүй байж болохыг, энэ шалтгаанаа захиргаа өөрөө нотлохыг заасан.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-т мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-т төрийн захиргааны байгууллага ирүүлсэн баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ хэмээн тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө үндэслэлийн талаар тайлбар, нотлох баримт гаргах боломж олгохыг, тайлбар, нотлох баримтын үндэслэлийг хянан үзэж шийдвэрээ гаргахыг маш тодорхой, тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой шийдвэрийн хувьд тусгайлан заасан.
Гэтэл захиргааны байгууллага хуулиар ийнхүү тусгайлан тогтоосон сонсох ажиллагааг хийгээгүй бөгөөд үүнийгээ Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол гэсэн үндэслэл зааж тайлбарласан. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааг заавал хийхийг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар ийнхүү хугацааг нь тодорхой зааж хуульчилсан, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг шийдвэр гаргахдаа үндэслэл болгохыг заасан байхад сонсох ажиллагаа хийгээгүй байх бөгөөд сонсох ажиллагаа хийх нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ямар үндэслэл байгааг буюу сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотолсонгүй.
Иймд Б ХХК-ийн ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийн талаар, өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид шийдвэр гаргахаасаа ажлын 10 хоногийн өмнө мэдэгдэж сонсох ажиллагаа хийгээгүйгээс шийдвэр гаргах ажиллагаа хууль зөрчсөн, ийнхүү хууль зөрчсөн шийдвэр гаргах ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан тайлбарлах, нотлох боломж алдагджээ.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Б ХХК ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрөл цуцлагдсаны дараа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т заасан үүргийн дагуу тусгай зөвшөөрлийн 323.29 га талбайн 12 га талбайд 320.000.000 төгрөгийн техникийн нөхөн сэргээлт хийснийг аймгийн Засаг даргын 2019 оны А/*** дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 14-нд хүлээн авч акт үйлдсэн байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн нөхөн сэргээлт хийх үүргийг энэ байдлаар хүлээлгэх нь зүйтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах бас нэгэн үндэслэл болгосон. Учир нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг мөн адил шилжүүлэн авсан, үүнд эвдэгдсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, зардлыг хариуцах үүрэг хамаарна.
Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй. хэмээх энэ зохицуулалт, мөн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учруулсан гэм хорын хохирлыг гэм хор учруулсан этгээд хариуцах зохицуулалт 20 жилийн ашиглалтын үйл ажиллагаагаар байгаль орчинд хортой нөлөөлөл бий болгосон М ХХК-д хамаарна.
Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлж оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй хэмээн дүгнэлт гаргасныг шийдвэр гаргахдаа харгалзсан болно.
ИймдБ ХХК-ийн ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** дугаар дүгнэлт, дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийг тус тус хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.7, 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.2, 56.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/** тоот дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 37 дугаар хуудас
[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 38, 2 дугаар хавтсын 78 дугаар хуудас
[3] Хэргийн 2 дугаар хавтсын 76 дугаар хуудас
[4] Хэргийн 2 дугаар хавтсын 53 дугаар хуудас
[5] Хэргийн 2 дугаар хавтсын 58 дугаар хуудас
[6] Хэргийн 2 дугаар хавтсын 55-56 дугаар хуудас
[7] Хэргийн 2 дугаар хавтсын 62 дугаар хуудас
[8] Хэргийн 2 дугаар хавтсын 61 дүгээр хуудас
[9] Хэргийн 2 дугаар хавтсын 59-60 дугаар хуудас
[10] Хэргийн 2 дугаар хавтсын 64 дүгээр хуудас
[11] Хэргийн 2 дугаар хавтсын 63 дугаар хуудас
[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 157-160 дугаар хуудас
[13] Хэргийн 2 дугаар хавтсын 69 дүгээр хуудас
[14] Хэргийн 2 дугаар хавтсын 68 дугаар хуудас