Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00382

 

Г.М, Ц.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02301 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1850 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Г.М, Ц.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Оюунмэнд ХХК-д холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Түрээсийн төлбөр, барьцаанд шилжүүлсэн 1,282,500 төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэл: Хохиролд 4,669,010 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгч нарын төлөөлөгч О.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Мөнхбат, Ц.Алтантуяа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэл болон тайлбартаа: ...Г.Мөнхбат нь 3, 4 дүгээр хороололд байрлах барилгын материалын захад лангуу түрээсэлдэг байсан. 2018 онд тухайн захын барилгыг Номин компани худалдан авах болсон, түрээслэгч нарыг гаргана гэсэн яриа гарсан. Гэтэл замын хойд талд байрлах Оюунмэнд ХХК-ийн Аривдах захад лангуу түрээсэлнэ гэхээр нь түрээслэгч нар очиж уулзсан байдаг. Аривдах төв нь барилгын материалын лангуу түрээслэхэд бэлэн биш тул засвар хийх шаардлагатай тухайгаа хэлсэн байдаг. Нийт 20 орчим хүн уулзсан бөгөөд зураг төсөл гаргасан энэ зургаас лангуугаа сонго гэсэн байсан. Ингээд Оюунмэнд ХХК нь Г.Мөнхбаттай 2019-02-13-ны өдөр В/20 тоот лангууг түрээслэх гэрээ байгуулж, сарын түрээсийн төлбөр 337,500 төгрөг, барьцаа 375,000 төгрөг нийт 712,500 төгрөгийг тушаасан. Оюунмэнд ХХК-иас энэ мөнгөөр захиалга өгсөн, цонх шилэн хаалт хийнэ гэж хэлсэн байдаг. Гэрээ хийснээс хойш 7 хоногийн дараа бүх зүйл бэлэн болно гэсэн боловч 1 сарын дараа гэхэд юу ч хийгээгүй байсан. Ингээд 2019-03-13-нд Г.Мөнхбат бусад түрээслэгчтэй очиж уулзахад хүлээж бай гэсэн байдаг. Ингээд албан ёсны шаардлага хүргүүлсэн байсан. 2019-03-15-нд Г.Мөнхбат албан ёсоор лангуу түрээслэхгүй гэдгээ мэдэгдсэн тул үүгээр гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Талбай түрээслэх гэрээний 4.1-д заасны дагуу гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний 1.1-д заасан талбайг хүлээлгэн өгөх, түрээслэгчид шилжүүлэн өгнө гэж заасан. Иймд 712,500 төгрөгийг Оюунмэнд ХХК-иас шаардаж байна. Хаалт, цонх зэрэг нь Оюунмэнд ХХК-д өмч болж үлдэж байгаа. Ц.Алтантуяагийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь адилхан. Түүнтэй В/06 дугаартай лангууг түрээслэх гэрээ хийж түрээсийн төлбөр 270,000 төгрөг, барьцаа 300,000 төгрөг нийт 570,000 төгрөгийг хариуцагчид тушаасан. Иймд Оюунмэнд ХХК-иас нийт 1,282,500 төгрөг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, өмнөх түрээслэгч нартай ямар харилцаатай байсан нь дараагийн түрээслэгч нарт хамааралгүй. Г.Мөнхбатад зориулж хаалга, хаалт хийлгэсэн нь баримтаар тогтоогдохгүй, энэ худалдааны төвд нэгч өдөр ажиллаагүй тул урсгал зардал хамааралгүй гэжээ.

Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: ...Манай компани Арвидах хүнсний зах ажиллуулаад 3 жил болж байна. 2018 оны сүүлээс эдгээр түрээслэгч нар барилгын материалын лангуу түрээслэх хүсэлтэй, лангуу гаргаж өгнө үү гэж уулзах болсон. Ганц нэг хүнд барилгын материалын лангуу гаргах боломжгүй гэхэд 10 гаруй хүн ирсэн, талбай гаргаад өгвөл үйлчлүүлэгчээ өөрсдөө татна гэсэн. Нэхэмжлэгч нар ... манай барилгын материалыг Номин авсан, ажлын байргүй болсон, 4 сараас гарах шаардлага ирсэн гэсэн. Тухайн үед манай талбай задгай байсан. Барилгын материалын лангуу задгай байх боломжгүй тул павильон хийж өгөх санал гаргасан. Мөн хүний тооноос хамаараад шийдвэр гаргана гэж ярилцаад тохирсон. Цагаан сарын дараа хүмүүс план зурагтай танилцаад 13-нд гэрээ хийсэн. Гэрээ хийх үед хүнсний зах ажиллаж байсан бөгөөд гэрээ хийсний маргааш орох боломжгүйг талууд мэдэж байсан. 7 хоногийн дараа гэхэд оруулна гэсэн аман тохироо байгаагүй. Эдгээр хүмүүсийн хүсэлтээр павильон хийж өгсөн. 2 талдаа орж гарах гарцтай хаалт хийлгэхээр болж 2 сард гэрээгээ байгуулаад 1 сарын түрээс, барьцаа мөнгө төлүүлсэн. Нэхэмжлэгч нар 10 гаруй жил ажилласан байрандаа хэд хоног ч болтугай ажилламаар байна гэхээр нь 2019-04-15-нд орохоор тохирсон. Гэрээний дараа дахин мэдэгдэл хүргүүлсэн. Цонх, хаалт хийлгэх захиалга өгөхөд 10 гаруй сая төгрөг болсон. Үүнээс хойш гэрээ цуцлах юм бол тушаасан мөнгө буцахгүй гэдэг мэдэгдлийг дахин хүргүүлсэн бөгөөд эдгээр хүмүүс бүгд зөвшөөрч гарын үсэг зурсан. Манайхаас үйл ажиллагаагаа татан буулгаж шинээр үйл ажиллагаа эхэлж байгаа учир ийм нөхцөлтэй гэрээ хийж байгаагаа хэлсэн. Нэхэмжлэгч нарын хүсэлтээр хуучин газартаа 10 орчим хоног ажиллах сонирхолтой байна гэсэн хүсэлтийг нь харгалзаад хүлээсэн ч ирээгүй. 17-нд дахин мэдэгдсэн. Нэхэмжлэгч нар болилоо гэж бичгээр хэлээгүй. 20-д гарч байхад Номин-той харилцан тохирсон, хуралдаан хийж байгаа танай талбайд орохгүй гэж хэлсэн. Зарим хүмүүс нь орно гэж байсан. Манайхаас 100 хувь үүргээ гүйцэтгээд хүлээсэн. Нэхэмжлэгчийн хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй гэдэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Мөнхбат түрээслэнэ гэж ирээгүй бол өмнөх түрээслэгчтэй хэвийн ажиллаж байх байсан. Г.Мөнхбатын түрээслэх лангуунд зориулан 1,770,850 төгрөгийн үнэтэй хаалт, хаалга, мөн олох байсан орлого 1,380,000 төгрөг, цахилгаан дулаан 417,960 төгрөг гээд нийт 3,569,810 төгрөгийг Г.Мөнхбатаас гаргуулах, мөн Ц.Алтантуяагаас түрээсийн орлого 910,000 төгрөг, ашиглалтын зардалд 189,200 төгрөг гээд нийт 1,099,200 төгрөгөөр тус тус хохирсон тул гаргуулж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 102/ШШ2019/02301 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1, 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюунмэнд ХХК-иас 712,500 төгрөг гаргуулж Г.Мөнхбатад, 570,000 төгрөг гаргуулж Ц.Алтантуяад тус тус олгож, Г.Мөнхбатаас 3,569,810 төгрөг, Ц.Алтантуяагаас 1,099,200 төгрөг гаргуулахыг хүссэн Оюунмэнд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,650 төгрөг, Ц.Алтантуяагаас төлсөн 17,750 төгрөг, Оюунмэнд ХХК-иас төлсөн 102,996 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюунмэнд ХХК-иас 21,650 төгрөг гаргуулж Г.Мөнхбатад, 17,750 төгрөг гаргуулж Ц.Алтантуяад тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1850 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02301 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Оюунмэнд ХХК-д холбогдох 712,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Мөнхбатын, 570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Алтантуяагийн нэхэмжлэл болон Г.Мөнхбатаас 3,569,810 төгрөг, Ц.Алтантуяагаас 1,099,200 төгрөг гаргуулах тухай Оюунмэнд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,996 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,603 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч О.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаж байна. Оюунмэнд ХХК-ийн захирал Л.Батбаатар давж заалдах гомдол гаргасан байх боловч анхан шатны шүүхээс надад болон нэхэмжлэгч нарт гомдол ирсэн талаар мэдэгдээгүй юм. Хавтаст хэргийн 123-р хуудсанд шүүгчийн туслах 2019-10-11-нд О.Баяраад 888115300 дугаарт залгаж мэдэгдэв. гэж тэмдэглэл бичсэн байх боловч надад ерөөсөө мэдэгдээгүй. Мөн давж заалдах шатны шүүхээс ч хурлын товыг надад урьдчилан мэдэгдээгүй, намайг хөдөө ажлаар явж байх үед шүүх хурлыг явуулсан нь Иргэний хууль, ИХШХШТХ-д заасан оролцогч миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна. Иймд хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхэд буцаан, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бидний түрээсэлж байсан байрыг Номин компани худалдаж авах, түрээслэгч нар байрнаас гарах асуудал яригдаж байх үед Оюунмэнд ХХК-ийн захирал анх биднийг манай компанийн байрыг түрээсэлж болно гэсэн санал тавьсан, үүний дагуу гэрээ байгуулж 1 сарын түрээсийн төлбөр, барьцааны мөнгө өгсөн. Гэрээндээ анх лангууг 7 хоногийн дотор өгнө гэсэн боловч өмнөх түрээслэгч нараа гаргах павильон хийхээр болсон. Хийсэн зүйл нь их хугацаа орох ажил биш, шилэн хаалт л хийсэн, 2019 оны 3 дугаар сард бид гэрээнээс татгалзъя, хуучин байрандаа үргэлжлүүлэн ажиллахаар боллоо, төлбөрийн зохих хэсгийг суутгаад үлдэх мөнгөө авъя гэхэд зөвшөөрөөгүй, мөнгийг бүхэлд нь суутган тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Мөнхбат, Ц.Алтантуяа нар Оюунмэнд ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 1,282,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...түрээсийн гэрээ байгуулж, 1 сарын түрээсийн төлбөр , барьцааны мөнгө төлсөн, ...лангуу, павильоныг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул төлбөрөө буцаан гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...түрээсэлж байсан байрыг Номин компани авахаар болсон, ...20-иод хүн ажлын байргүй боллоо, талбайгаа түрээслээч гэсэн хүсэлтийн дагуу хүнсний захаа татан буулгаж, өмнөх түрээслэгчидтэй гэрээг цуцалж, хаалт, павильон хийлгэж 4 сарын 15-наас лангууг шилжүүлэхээр тохирсон боловч өөрсдөө гэрээнээс татгалзсан, төлбөрийг хохиролд тооцно гэж маргасан байна.

Хариуцагч, хаалт, хаалганы зардал, олох байсан орлого, цахилгаан, дулааны төлбөрт Н.Мөнхбатаас 3.569.010 төгрөг, Ц.Алтантуяагаас 1.090.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг, нэхэмжлэгч нар зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх ...хариуцагч түрээсийн зүйлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нар лангуу павильоныг ашиглаагүй, түрээсийн төлбөр, барьцааг буцаан олгохгүй гэсэн тохиролцоо нь илтэд хохиролтой, ...үйл ажиллагаа явуулаагүй тул ашиглалтын зардал төлөх үндэслэлгүй, шинээр хийлгэсэн хаалга, хаалт нь хариуцагчид өөрт нь үлдсэн гэсэн агуулгатай дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан ба үндэслэлээ ...хариуцагч нь лангуу, павильоныг 2019.04.15-ны өдөр өгөх үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан, энэ тохиолдолд түрээсийн төлбөрийг буцаан олгохгүй байхаар талууд тохирсон гэсэн байна.

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч нарын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

1. Хэргийн баримтад авагдсан 2019.02.13-ны өдрийн гэрээгээр Г.Мөнхбат, Ц.Алтантуяа нар Оюунмэнд ХХК-ийн Арвидах худалдааны төвийн В1 давхарт талбай түрээсэлж, түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон нь тогтоогдсон бөгөөд энэхүү тохиролцоо нь түрээсийн гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Г.Мөнхбат, Ц.Алтантуяа нар барилгын материалын худалдаа эрхлэх буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулж ашиг олох зорилгоор Оюунмэнд ХХК-ийн лангуу, павильон түрээслэхээр тохирсон байх тул зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг шаардсан, энэ шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болдог байна.

Зохигч гэрээг бичгээр байгуулсан, харин түрээсийн зүйл нь тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй хөрөнгө бус хөрөнгийн хэсэг байх тул улсын бүртгэлийг шаардах боломжгүй юм.

Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд хууль зөрчихгүй, хүчин төгөлдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй байна.

2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

а/. Анхан шатны шүүх түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх хугацааг зохигч тохиролцсныг анхаараагүй, гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхдээ нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчжээ.

Гэрээ байгуулагдмагц 1 сарын түрээсийн төлбөрт Г.Мөнхбат 337.500 төгрөг, Ц.Алтантуяа 270.000 төгрөг, барьцаа болгож Г.Мөнхбат 375.00 төгрөг, Ц.Алтантуяа 300.000 төгрөгийг Оюунмэнд ХХК-д төлснийг хариуцагч маргаагүй байна.

Харин тухайн цаг хугацаанд хариуцагч түрээсийн талбайг шилжүүлэн өгөх боломжгүй, уг байранд хүнсний зах ажиллаж байсныг татан буулгаж, талбайг барилгын материалын худалдаа эрхлэх зориулалттай болгон өөрчлөх, үүний дараа буюу 2018.04.15-ны өдөр лангуу, павильоныг шилжүүлэн өгөх, энэ хугацаанд гэрээнээс татгалзвал төлбөрийг тооцон авах Оюунмэнд ХХК-ийн саналыг нэхэмжлэгч нар хүлээн авсан баримт хэрэгт авагджээ.

б/ Хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааны талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч тус шүүх түрээсийн төлбөр болон барьцааг хариуцагч өөртөө үлдээх ямар эрх зүйн үндэслэлтэйг бүрэн дүгнээгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар өмнө түрээсэлж байсан ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллахаар болсон шалтгааны улмаас гэрээнээс татгалзсан нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.

Гэрээнээс татгалзах журмыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заахдаа аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 204.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан байна.

Гэрээ бодитоор хэрэгжээгүй, лангуу, павильоныг хүлээлгэн өгөх хугацаа болоогүй байхад буюу 3 дугаар сард гэрээнээс татгалзахаа мэдэгдсэн гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, гэрээнээс татгалзах хугацааг хариуцагч тогтоож өгсөн нь нотлогдоогүй байх тул нэхэмжлэгч нарын мэдэгдсэн үеэс гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй байна.

Иймээс нэхэмжлэгч нар шилжүүлсэн мөнгөө буцааж авах эрхтэй, харин түрээслүүлэгч нь гэрээний дагуу лангуу, павильоныг түрээслэгчид шилжүүлээгүй тул нэхэмжлэгч нар эд хөрөнгийг буцаах үр дагавар үүсэхгүй.

Нэхэмжлэгч нар түрээсийн зүйлийг ашиглаагүй хэдий ч тэдний санаачилгаар гэрээнээс татгалзвал төлсөн төлбөр, барьцааны мөнгийг буцааж өгөхгүй байхаар талууд тохиролцсон нь түрээслүүлэгч хохирол тооцох агуулгатай гэж үзэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасантай нийцэж байна. Тухайлбал, түрээслүүлэгч 2019.02.15-наас 3 сарын 15-ны хооронд түрээсийн орлогоор хохирсон байх тул Г.Мөнхбатын түрээсийн төлбөрт төлсөн 335.000 төгрөг, Ц.Алтантуяагийн 270.000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар хариуцагчид учирсан хохиролд тооцон үлдээх нь зөв гэж үзлээ.

Харин хариуцагч өмнөх түрээслэгч нартай байгуулсан гэрээгээ цуцалж, хүнсний захаа барилгын материалын зориулалттай болгох 2 сарын хугацаанд учирсан хохирлыг нэхэмжлэгч бүхэлд нь хариуцах үндэслэл тогтоогдоогүй тул барьцааны мөнгийг нэхэмжлэгч нар шаардах эрхтэй.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж, хаалт, хаалганы зардал, олох байсан орлого, цахилгаан дулааны төлбөрт Н.Мөнхбатаас 3.569.010 төгрөг, Ц.Алтантуяагаас 1.090.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Г.Мөнхбат, Ц.Алтантуяа нарын төлсөн түрээсийн төлбөрийг хохиролд тооцсон учир өмнөх түрээслэгчийг түрээсийн төлбөрөөс чөлөөлснөөс учирсан хохирол гэж шаардах үндэслэлгүй, лангуунд зориулан хаалт, хаалга хийлгэсэн нь тухайн түрээсийн байранд үлдэж байгаа тул уг зардлыг нэхэмжлэгч нараас шаардах боломжгүй юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг зөрчихгүй байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д зааснаар давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ...нарт танилцуулна.

Шүүх хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргасан тухай нэхэмжлэгч нарын төлөөлөгч О.Баяраад мэдэгдсэн баримт хэргийн 123 дугаар талд авагдсан тул давж заалдах гомдлыг танилцуулаагүй гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Г.Мөнхбат, Ц.Алтантуяа нарт мэдэгдсэн баримт хэргийн 125-р талд авагдсан бөгөөд нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд ирээгүй, төлөөлөгчөө шүүх хуралдаанд ирүүлээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчдод хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1850 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02301 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар Оюунмэнд ХХК-аас 507.500 төгрөг гаргуулж, Г.Мөнхбатад 337,500 төгрөгийг, Ц.Алтантуяад 270.000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 675.000 төгрөгт холбогдох шаардлагыг болон Г.Мөнхбатаас 3,569,810 төгрөг, Ц.Алтантуяагаас 1,099,200 төгрөг гаргуулахыг хүссэн Оюунмэнд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад 21,650 төгрөг гэснийг 10,775 төгрөг гэж, 17,750 төгрөг гэснийг 8,750 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Алтантуяагаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 17,750 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

                                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                                                           ШҮҮГЧИД                              Х.СОНИНБАЯР

                                                                                                                         Б.УНДРАХ

                                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД