Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/02301

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт оршин суух Х овогт Ц-ийн Ал,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт оршин суух, М овогт Г-ийн М нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэгт үйл ажиллааа явуулдаг  О ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 1 282 500 төгрөг гаргуулах, хариуцагч О ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй Ц.хохирол 1 099 200 төгрөг, Г.М-ээс 3 569 810 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов. 

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М нь 3,4 дүгээр хороололд байрлах Барилгын материалын захад лангуу түрээсэлдэг байсан. 2018 онд тухайн захын барилгыг Н компани худалдан авах болсон, түрээслэгч нарыг гаргана гэсэн яриа гарсан. Гэтэл замын хойд талд байрлах О ХХК-ийн А захад лангуу түрээсэлнэ гэхээр нь түрээслэгч нар очиж уулзсан байдаг. А төв нь барилгын материалын лангуу түрээслэхэд бэлэн биш тул засвар хийх шаардлагатай тухайгаа хэлсэн байдаг. Нийт 20 орчим хүн уулзсан бөгөөд зураг төсөл гаргасан энэ зургаас лангуугаа сонго гэсэн байсан. Ингээд О ХХК нь Г.М-тай 2019 оны 2-р сарын 13-ны өдөр В/20 тоот лангууг түрээслэх гэрээ байгуулж, сарын түрээсийн төлбөр 337 500 төгрөг, барьцаа 375 000 төгрөг нийт 712 500 төгрөгийг тушаасан. О ХХК-аас энэ мөнгөөр захиалга өгсөн, цонх шилэн хаалт хийнэ гэж хэлсэн байдаг. Гэрээ хийснээс хойш 7 хоногийн дараа бүх зүйл бэлэн болно гэсэн боловч 1 сарын дараа гэхэд юу ч хийгээгүй байсан. Ингээд 2019 оны 03-р сарын 13-нд Г.М бусад түрээслэгчтэй очиж уулзахад хүлээж бай гэсэн байдаг. Ингээд албан ёсны шаардлага хүргүүлсэн байсан. 2019 оны 3-р сарын 15-нд Г.М албан ёсоор лангуу түрээслэхгүй гэдгээ мэдэгдсэн тул үүгээр гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Талбай түрээслэх гэрээний 4.1-д заасны дагуу гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний 1.1-д заасан талбайг хүлээлгэн өгөх, түрээслэгчид шилжүүлэн өгнө гэж заасан. Иймд 712 500 төгрөгийг О ХХК-иас шаардаж байна. Хаалт, цонх зэрэг нь О ХХК-д өмч болж үлдэж байгаа. Нэхэмжлэгч Ц.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь адилхан. Түүнтэй В/06 дугаартай лангууг түрээслэх гэрээ хийж түрээсийн төлбөр 270 000 төгрөг, барьцаа 300 000 төгрөг нийт 570 000 төгрөгийг хариуцагчид тушаасан. Иймд О ХХК-иас 570 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Я шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хүнсний зах ажиллуулаад 3 жил болж байна. 2018 оны сүүлээс эдгээр түрээслэгч нар барилгын материалын лангуу түрээслэх хүсэлтэй, лангуу гаргаж өгнө үү гэж уулзах болсон. Ганц нэг хүнд барилгын материалын лангуу гаргах боломжгүй гэхэд 10 гаруй хүн ирсэн, талбай гаргаад өгвөл үйлчлүүлэгчээ өөрсдөө татна гэсэн. Нэхэмжлэгч нар ...манай барилгын материалыг Н авсан, ажлын байргүй болсон, 4 сараас гарах шаардлага ирсэн гэсэн. Тухайн үед манай талбай задгай байсан. Барилгын материалын лангуу задгай байх боломжгүй тул павильон хийж өгөх санал гаргасан. Мөн хүний тооноос хамаараад шийдвэр гаргана гэж ярилцаад тохирсон. Цагаан сарын дараа хүмүүс план зурагтай танилцаад 13-нд гэрээ хийсэн. Гэрээ хийх үед хүнсний зах ажиллаж байсан бөгөөд гэрээ хийсний маргааш орох боломжгүйг талууд мэдэж байсан. 7 хоногийн дараа гэхэд оруулна гэсэн аман тохироо байгаагүй. Эдгээр хүмүүсийн хүсэлтээр павильон хийж өгсөн. 2 талдаа орж гарах гарцтай хаалт хийлгэхээр болж 2 сард гэрээгээ байгуулаад 1 сарын түрээс, барьцаа мөнгө төлүүлсэн. Нэхэмжлэгч нар 10 гаруй жил ажилласан байрандаа хэд хоног ч болтугай ажилламаар байна гэхээр нь 2019 оны 4-р сарын 15-нд орохоор тохирсон. Гэрээний дараа дахин мэдэгдэл хүргүүлсэн. Цонх, хаалт хийлгэх захиалга өгөхөд 10 гаруй сая төгрөг болсон. Үүнээс хойш гэрээ цуцлах юм бол тушаасан мөнгө буцахгүй гэдэг мэдэгдлийг дахин хүргүүлсэн бөгөөд эдгээр хүмүүс бүгд зөвшөөрч гарын үсэг зурсан. Манайхаас үйл ажиллагаагаа татан буулгаж шинээр үйл ажиллагаа эхэлж байгаа учир ийм нөхцөлтэй гэрээ хийж байгаагаа хэлсэн. Нэхэмжлэгч нарын хүсэлтээр хуучин газартаа 10 орчим хоног ажиллах сонирхолтой байна гэсэн хүсэлтийг нь харгалзаад хүлээсэн ч ирээгүй. 17-нд дахин мэдэгдсэн. Нэхэмжлэгч нар болилоо гэж бичгээр хэлээгүй. 20-д гарч байхад Н-той харилцан тохирсон, хуралдаан хийж байгаа танай талбайд орохгүй гэж хэлсэн. Зарим хүмүүс нь орно гэж байсан. Манайхаас 100 хувь үүргээ гүйцэтгээд хүлээсэн. Нэхэмжлэгчийн хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй гэдэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Я шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М манайхтай гэрээ хийх санал гаргасан бөгөөд түүнд санал болгосон нь гурил будааны лангуу байсан. Тухайн үед тухайн лангууны гэрээний хугацаа дуусаагүй байсан тул түрээслэгчийг 2019 оны 2, 3 дугаар сарын төлбөрөөс чөлөөлсөн. М түрээсэлнэ гэж гэрээ байгуулаагүй бол өмнөх гэрээгээр хэвийн ажиллаж байх байсан. Мөн М-ын түрээслэх лангуунд зориулан 1 770 850 төгрөгийн үнэтэй хаалт, хаалга хийлгэсэн. Мөн олох байсан орлого 1 380 000 төгрөгийг түрээсийн орлогыг алдагдуулсан бөгөөд цахилгаан, дулааны М-ын лангуунд оногдох хэмжээг тогтоогоод 417 960 төгрөг гэж үзэж нийт 3 569 810 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй байна. Ц.А-гийн хувьд үйл явдал нь адилхан бөгөөд дотуур хувцас зардаг лангууг түрээсэлсэн. Энэ лангууны түрээсийн төлбөр сарын 360 000 төгрөг. Ц.А-гийн хувьд тусгайлан вакум хаалт хийлгээгүй, хулсан хөшиг хийсэн. Түрээсийн орлого 910 000 төгрөг, ашиглалтын зардалд 189 200 төгрөг гээд нийт 1 099 200 төгрөгөөр тус тус хохирсон тул гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Г.М 3 569 810 төгрөг, Ц.А 1 099 200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнөх түрээслэгч нартай хэрхэн харилцаатай байсан нь дараагийн түрээслэгч нарт хамааралгүй бөгөөд тухайн компанийн өөрийнх нь үйл ажиллагаа шүү дээ. 2019 оны 2, 3 сард Г.М, Ц.А нар түрээслээгүй, энэ худалдааны төвд нэг өдөр ч ажиллаагүй тул ашиглалтын зардал хариуцахгүй, вакум хаалт, хаалга, гипсэн хаалт хийсэн гэх боловч М-д зориулан хийлгэсэн талаар баримт байхгүй. Эдгээр хаалт, хаалга нь компанийн өмч, гэтэл ийм их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь ойлгомжгүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А, Г.М нар нь О ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 1 282 500 төгрөг гаргуулах, хариуцагч О ХХК нь Ц.А 1 099 200 төгрөг, Г.М 3 569 810 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 О ХХК нь Ц.А, Г.М нартай 2019 оны 2-р сарын 13-ны өдөр Б дүүрэгт байрлах  худалдааны төвтэй гэрээ байгуулж, 6 тоот лангууг түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрт сард 300 000 төгрөг төлөх, Г.М В/20 тоот талбай түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрт сард 375 000 төгрөг төлөхөөр тус тус тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 318-р зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад барилгын материалын худалдаа хийх зорилгоор лангуу шилжүүлэх, түрээслэгч нь тохирсон хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй.

 

Түрээслэгч Ц.А нь 2019 оны 2-р сарын 13-ны өдөр 4-р сарын түрээсийн төлбөрт 270 000 төгрөг, барьцаа 300 000 төгрөг нийт 570 000 төгрөг, Г.М нь 2-р сарын 12-ны өдөр 4-р сарын түрээсийн төлбөрт 337 500 төгрөг, барьцаа 375 000 төгрөг нийт 712 000 төгрөг тус тус бэлэн мөнгөний орлогын баримтаар /хх 4/  төлжээ.

 

 Харин түрээслүүлэгч нь түрээсийн талбайг түрээслэгч нарт шилжүүлээгүй, түрээслэгч нар Арвидах худалдааны төвд зориулалтын дагуу лангуу, павильоныг ашиглан барилгын материалын худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Талууд гэрээний 3-р зүйлийн 3.9 дэх хэсэгт зааснаар түрээслэгч түрээсийн төлбөрийг өмнөх сарын 25-ны дотор төлөхөөр тохирсон, өөрөөр хэлбэл, тогтмол хугацаанд төлөхөөр тохирсон байна.  Гэрээний энэ заалт, түрээслэгчийн хөлс төлсөн баримтаас дүгнэвэл түрээслэгч нар 2019 оны 3-р сарын түрээсийн төлбөрийг төлсөн гэж үзэхээр байна.

 

Харин түрээслүүлэгч гэрээ байгуулах үед болон түрээсийн төлбөрийг  төлүүлсэн хугацааны аль алинд нь түрээслэгчид шилжүүлэх лангуу, павильоныг бэлэн болгоогүй, өөрөөр хэлбэл,  түрээслэгч төлбөрөө төлсөн боловч түрээсийн зүйлийг зориулалтын дагуу эзэмших, ашиглах нөхцөл бүрдээгүй, үүгээр түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзнэ.

 

Гэрээний 8-р зүйлд гэрээг хугацаанаас өмнө цуцлах журмыг зохицуулсан байх ба 8.1-8.6 хүртэл заалтууд бүхэлдээ түрээслэгчийн буруутай үйл ажиллагаанаас гэрээ цуцлах үндэслэлийг заажээ. Харин түрээслүүлэгч буруутай  бол гэрээг хугацаанаас өмнө цуцлах түрээслэгчийн эрхийг орхигдуулсан, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 294-р зүйлийн 294.1.3-т заасан гэрээнд заасан үндэслэлээр түрээслэгч гэрээг цуцлах боломжгүй, хэт нэг талыг барьсан гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлаас шалтгаалж гэрээ цуцлах хугацаа 3 сар байх боломжгүй, түрээслүүлэгчийн буруугаас түрээслэгч гэрээгээ цуцалсан, талуудын хооронд барьцаагаар үүрэг гүйцэтгэх шаардлага үүсээгүй байна.

 

Түүнчлэн гэрээ байгуулсны дараа буюу 2019 оны 2-р сарын 15-ны өдөр түрээслүүлэгч талаас түрээслэгч нарт ...павильоны хаалт хуваалт хийхэд 19 400 000 төгрөгийн төсөв гарч байна, захиалгыг 2-р сарын 15-нд хийх болсон, үүнээс хойш гэрээ цуцалсан тохиолдолд төлсөн барьцааны болон түрээсийн төлбөрийг буцаан олгохгүй...байхыг мэдэгдэж, түрээслэгч нараар гарын үсэг зуруулсан нь түрээслэгч нарт илтэд хохиролтой болсон гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэгч нараас түрээсийн төлбөр, барьцаа нэрээр авсан мөнгийг О ХХК-иас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

                           

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч О ХХК нь Г.М, Ц.А нараас гэрээний улмаас учирсан хохирол гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг түрээслүүлэгчийн буруугаас, өөрөөр хэлбэл, түрээсийн лангуу, павильоныг зориулалтын дагуу эзэмших, ашиглуулахаар түрээслэгчид шилжүүлээгүй буруутайн улмаас гэрээ цуцлагджээ.

 

Түрээслэгч Г.М, Ц.А нар гэрээний дагуу тухайн лангуу, павильоныг зориулалтын дагуу ашиглаагүй байх ба Оюунмэнд ХХК нь өмнөх түрээслэгч нартай гэрээгээ дуусгавар болгож 2019 оны 2, 3 дугаар сарын төлбөрөөс чөлөөлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй,  түрээслэгч С.А, Б.П нарын 2019 оны 1, 2-р сарын төлбөр төлсөн баримт нь дараагийн төлбөрөөс чөлөөлөгдсөнийг нотлоогүй. Олох байсан орлого 1 380 000 төгрөг, 910 000 төгрөгөөр хохирсон  гэх хариуцагчийн шаардлага үндэслэлгүй байна.

 

О ХХК нь 2019 оны 2-р сарын 20-ны өдөр Н ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 16 399 006 төгрөгийн үнэ бүхий хаалт, хаалгыг 2019 оны 3-р сарын 20-ны дотор хийж гүйцэтгүүлэхээр тохирчээ.

 

Гэрээгээр тохирсон хугацаанд тухайн ажлыг гүйцэтгэсэн, захиалагч гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан нь тогтоогдоогүйгээс гадна ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу хаалт, хаалга нь захиалагчийн өмчлөлд шилждэг.

 

Өмчлөгч О ХХК нь өөрийн өмчлөлийн зүйлд гаргасан зардлаа нэхэмжлэгч Ц.М-аас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, 1 770 850 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар  хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд хэрэглэгч О ХХК нь хэрэглэсэн цахилгаан, дулааны төлбөрийг эрх бүхий байгууллагад төлсөн байна.

 

Ц.М, Ц.А нар нь Арвидах худалдааны төвд үйл ажиллагаа явуулаагүй байхад ашиглалтын зардалд 417 960 төгрөг, 189 200 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг,  116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 294-р зүйлийн 294.2.1, 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан О- ХХК-иас 712 500 /долоон зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж Г.М-д, 570 000 /таван зуун далан мянга/ төгрөг гаргуулж Ц.А-д тус тус олгож, Г.М-аас 3 569 810 /гурван сая таван зуун жаран есөн мянга найман зуун арав/ төгрөг, Ц.А-аас 1 099 200 /нэг сая ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн О ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 650 төгрөг, Ц.А-аас 17 750 төгрөг, О ХХК-иас төлсөн 102 996 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 21 650 төгрөг гаргуулж Г.Мөнхбатад, 17 750 төгрөг гаргуулж Ц.Алтантуяад тус тус олгосугай.  

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА