Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 181/2019/03302/И |
Дугаар | 001/ХТ2021/00100 |
Огноо | 2021-05-18 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2021/00100
Т.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00449 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 797 дугаар магадлалтай,
Т.Б-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн ерөнхий боловсролын 6-р сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016.01.04-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 6-р сургуульд нярвын ажилд орж, 2016.09.27-ны өдөр жирэмсний амралтаа авч, 2016.11.18-ны өдөр охин Г.Анужинг төрүүлсэн. Хуучин эрхэлж байсан нярвын ажилд эргэн орох хүсэлтийг 2017.04 дүгээр сард өгсөн ба 2018.10.18-ны өдрөөс эхлэн ажиллуулсан.
Миний бие 2019.03.27-ны өдөр хүртэл ажиллаад, 6 сарын цалингүй чөлөөг 2019.04.10-ны өдрөөс 2019.10.15-ны өдрийг хүртэл авсан. 2019.10.15-ны өдөр хуучин эрхэлж байсан ажлын байрандаа орох хүсэлтийг гаргахад тус сургуулийн захирал Сүхбаатар дүүргийн төрийн сангийн даргатай уулзаад материалаа шалгуулаад ир гэж хэлсэн. Миний бие Сүхбаатар дүүргийн төрийн сангийн даргатай уулзахад материалын хувьд шаардлага хангаж байна, над руу явуулах шаардлагагүй байхад явуулсан байна, буцаж очоод ажилдаа ор гэж хэлсэн.
Гэтэл сургуулийн захирал нярваар ажиллуулах боломжгүй, бичиг хэргийн албан тушаалд ажиллах боломжтой гэж хэлсэн ба удалгүй 2019.10.20-ны өдөр бичиг хэргийн ажилтнаар ажиллуулах тушаалыг гаргасан байсан. Миний бие бичиг хэргийн ажилтнаар ажиллах хүсэлгүй байгаа тул хуучин эрхэлж байсан нярвын ажлын байранд ажиллах хүсэлтэй байгаагаа тус сургуулийн захиралд хүсэлт гаргасан хэдий ч одоогоор энэ ажлын байрандаа ажиллаж бай, 2020.01.03-ны өдөр нярвын ажлын байранд оруулна гэх хариу өгч, миний эрх ашгийг хөндсөн. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 1 сарын цалин 453,300 төгрөг, 2019.10.22-ны өдрөөс 2020.01.22-ны өдрийг хүртэл хугацааны цалин 1,359,900 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Б нь Нийслэлийн ерөнхий боловсролын 6-р сургуульд нярвын ажил эрхэлж байсан. Ажиллах хугацаандаа удаа дараа зөрчил гарган, тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, ажил цалгардуулж ажлын чадваргүй, хариуцсан ажлаа хийж чадахгүй байсан тул нярвын ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь 2018 оны жилийн эцсийн тайланг стандартын дагуу гаргаж чадаагүй, 2019.02 дугаар сарын үдийн цай хөтөлбөрийн хүүхдийн ирцийг цаг хугацаанд нь үнэн зөв нэгтгэж өгч чадахгүй ажлын хариуцлага алдсанаас болж сургуульд өр авлага үүсгэсэн, 2019.03 дугаар сард Нийслэлийн аудитын шалгалтад эд хариуцагчийн бараа материалын тайлангийн эцсийн үлдэгдлийг 8,962,600 төгрөгөөр дутуу тайлагнасан, нярвын тайлан хийгдээгүй зөрчил гаргаж зөвлөмж авсан, энэ зөрчлийн дагуу 2019.03.18-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар Нийслэлийн аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу залруулга тайлан гаргаж хамгаалах үүрэг өгсөн ч хийж чадахгүй байсан, 2019.03.15-ны өдрөөс чөлөө хүсэн өргөдөл гаргаж мэдлэг боловсролоо дээшлүүлэн ирнэ гэсэн боловч Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуульд 2019.03.26-ны өдөр архив бичиг хэргийн ажилтнаар орж ажилласан, 73 дугаар сургуульд хариуцсан ажлаа хийж чадахгүй хариуцлага алдан халагдсан, мөн чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэж ороход нь лаборант-мэдээллийн ажилтнаар ажиллах санал тавьсан боловч өөрийн хүсэлтээр захирлын нарийн бичгийн ажил хийнэ гэж ажилд эргэн ороод тухайн ажлыг хийж чадахгүй ажил хаяж төрийн ажил цалгардуулсан.
Нэхэмжлэгч Т.Б нь 2019.04.10-ны өдрийн Б/23 тоот тушаалыг мөн өдөр гардан авсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу Т.Б-ийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн. Т.Б нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ залруулж бичиж өгье гэж авч яваад авчирч өгөөгүй. Т.Б нь ажлаас чөлөөлөгдсөн учраас 73 дугаар сургуульд ажилд орсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00449 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн ерөнхий боловсролын 6-р сургуулийн захирлын 2019.10.16-ны өдрийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн ерөнхий боловсролын 6-р сургуулийн захиралд нэхэмжлэгч Т.Б-г нярвын ажлын байраар хангахыг даалгаж, Нийслэлийн ерөнхий боловсролын 6-р сургуулиас 1,359,900 төгрөгийг гаргуулан Т.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Т.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2020.01.30-ны өдөр төлсөн 36,790 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж Т.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 6-р сургуулиас 106,908 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 797 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00449 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна
Хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 6-р сургуулийн захирлын 2019.04.10-ны өдрийн Б/23 тоот тушаал нь хууль зөрчиж гарсан, өөрөөр хэлбэл ажлаас халсан тушаал бус ажлаас чөлөөлсөн тушаал гэж үзэн Т.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн билээ. Манай байгууллагын зүгээс Т.Б-г ажилд нь эгүүлэн тогтоож байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин цаашид ажиллахдаа өөрийн мэргэжлийн ур чадвараа сайжруулж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэж сурахад анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Харин ажилгүй байсан хугацааны цалин болох 1,359,900 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Т.Б нь 2019.10.21-ний өдрөөс бичиг хэргийн ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд өөрийн ар гэр, ахуй амьдралаа бодож байсан бол бичиг хэргийн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллаж, цалингаа цаг тухайд нь аваад явах бүрэн боломжтой байсан. Мөн 2019.10 дугаар сард 9 хоног ажилласан гэж үзэн 186,222 төгрөгийн цалинг нь бодож олгосон, 11 дүгээр сард 10 хоног ажилласан гэж үзэн 249,421 төгрөг, 12 дугаар сард листний мөнгө 86,168 төгрөгийг олгосон, 12 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг нь таслахгүйгээр үргэлжилсэн актаар тайлагнасан байдаг юм. Иймд 1,359,900 төгрөгөөс 838,089 төгрөгийг хасч тооцож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 6-р сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...Т.Б нь 2019.04.10-ны өдрийн Б/23 тоот тушаалыг мөн өдөр гардан авсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн, өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн...” гэсэн тайлбар гарган маргажээ.
Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаагийн гаргасан “...байгууллагын зүгээс Т.Б-г ажилд нь эгүүлэн тогтоож байгааг хүлээн зөвшөөрч байна, харин 1,359,900 төгрөгөөс 838,089 төгрөгийг хасч тооцож өгнө үү” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, хариуцагч талаас нэхэмжлэлийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар Т.Б-ийн жирэмсний чөлөөтэй байх хугацаанд ажил олгогч түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэйг заасан.
Ажил олгогч Нийслэлийн ерөнхий боловсролын 6-р сургуулийн захирлын 2019.04.10-ны өдрийн Б/23 тоот тушаалаар Т.Б-г 2019.04.10-ны өдрөөс 2019.10.15-ны өдөр хүртэл цалингүй 6 сарын чөлөө олгожээ. Т.Б 2019.10.15-ны өдөр нярвын ажилд эргэн орох хүсэлт гаргасан байхад хариуцагч байгууллага 2019.10.16-ны өдрийн Б/88 тоот тушаалаар түүнийг бичиг хэргийн ажилтнаар томилсон нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзнэ.
Харин шүүх нэхэмжлэгчийн “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...нярвын ажлын байраар нь хангахыг даалгаж...” гэж томьёолсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцээгүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 797 дугаар магадлалын 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00449 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтад “...нярвын ажлын байраар нь хангахыг даалгаж, ...” гэснийг “...нярвын ажилд эгүүлэн тогтоож, ...” гэж
өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.АЛТАНЧИМЭГ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН