Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00577

 

А.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МТ2020/00018 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: А.М нэхэмжлэлтэй

Хариуцагч: .............................. холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор болон төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аюурзана, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч А.Мөнхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018.01.10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ажлаасаа халагдсан. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2019.05.20-ны өдөр хүртэлх цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн олгох шүүхийн шийдвэр гарсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд Шүүхийн шийдвэрүүдэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаагаар тооцсон боловч өнөөдрийг хүртэл ажилдаа томилогдоогүй бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа хугацааныхаа цалин, төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулж, төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2019.12.30-ны өдөр Л.Батжаргал даргатай уулзаад ажилдаа орох, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх асуудал ярихад шүүхийн шийдвэрийг мэдээгүй байсан. 12.30-нд уулзаад ажилдаа оръё гэхэд хуучин хурлын даргаар ажиллаж байсан Т.Ганзориг гээд хүний шүүхэд байгаа нэхэмжлэлийг татуулчих, тэгвэл чамайг ажилд авна гэсэн. Би тэр асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Л.Батжаргал даргатай уулзахад 2 дугаар сарын эхээр намайг дуудсан. 04.13-нд Л.Батжаргал даргатай уулзсан. Энэ шүүхийн шийдвэртэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан 5,600,000 төгрөгийг олгоё гэдэг асуудлыг ярихад нь би хүлээн зөвшөөрөөгүй. Ажилдаа орох гэхээр авдаггүй, цалин нийгмийн даатгалаа төлүүлэх гэхээр төлдөггүй. Тийм болохоор ажилгүй байсан хугацааны цалингаа тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Батжаргал шүүхэд гаргасан тайлбарт: Захиргааны хэргийн шүүхээр маргаан хянагдаж дууссаны дараа А.Мөнхтөрийг биечлэн ирж ажилдаа томилогдох эсэх, эсвэл өөр ажил албан тушаалд томилогдох талаар санал асуухаар 2019 оны төгсгөлд туслахаараа удаа дараа утсаар яриулсан боловч хөдөө явж байна, хотод явж байна гэх шалтгаанаар ирэхгүй байсан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар өөрөө санаачилгагүй хандсан асуудал бий. Төрийн албаны тухай хуулиар 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар ажлаас халагдсан ба тухайн үед хурлын тэргүүлэгчид бодож үзээд энэ хүний үйлдлийг төрийн албанаас халах гэдгээр халсан болохоос биш тэргүүлэгчид буцаж хуралдаад ажлаас нь халах боломж байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч боловч хуралдааны дундуур хурлын заалыг түгжээд алга болдог, дараа нь тайлбар дээрээ хүүхэд өвчтэй байсан, утасны цэнэг дууссан гэх асуудлууд ярьдаг. Энэ хүн өнөөдрийн байдлаар ажлын албанд нэг ч удаа өөрийн гарын үсэгтэй хүсэлт, санал өгөөгүй байгаа. Хурлын ирц 50 хувиас дээш байхад санал хурааж шийдвэр гаргахад санал тэнцсэн тохиолдолд хурлын даргын санал өгсөн талд шийдвэрлэнэ гээд манай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 11.3 дээр заасан байдаг. Энэ заалтыг барьж энэ хүнийг ажлаас халсан. Хэлэлцэх асуудал дээр чөлөөлөгдөх гэж бичсэн байсан нь буруу болчхоод байгаа юм. Эдийн засгийн хувьд хэцүү, хүүхэд чинь өвчтэй байгаа бол цалинг чинь гаргаж өгье. Тэгээд Аудит манай дээр акт тавиад манайх төлөх байх тэр мөнгийг нь төлье гээд ажлын албаны даргад үүрэг өгсөн. Гэтэл энэ хүн дээр бас Аудитын акт ирсэн байсан. 1,600,000 төгрөгийн акт тавьсан байсан. Мөнгөн дүн дээр эвлэрч болно. Ажилд авах тал дээр бол үнэхээр энэ хүн бол төрийн албанд ажиллах ёс зүйтэй хүн биш. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн олонх нь энэ хүнийг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн хүн гэж үзэж байгаа учир гарсан тогтоолыг буруугүй гэж үзэж байгаа гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дугаар шийдвэрээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас ажилгүй байсан хугацаа 245 хоногийн олговорт 16,359,626 төгрөгийг гаргуулан Дархчууд овогтой Арилдийгийн Мөнхтөрд олгож, нэхэмжлэлээс төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч А.Мөнхтөрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ажлын албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 239,748 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МА2020/00018 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар 239,748 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс А.Мөнхтөрийг ажилдаа орохыг удаа дараа дуудуулахад огт ирдэггүй атлаа ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн А.Мөнхтөр нь төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт, сонгон шалгаруулалтад орж байгаагүй, захиргааны хэргийн шүүхээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд Л.Болормаа, А.Мөнхтөр нарын 2 хүнийг тогтоож хоёр хүний цалин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас гарахаар тус тус шийдвэр гарч байгаа нь төрд хохиролтой төдийгүй ойлгомжгүй шийдвэрүүд байдаг. ... Нэг албан тушаалд нэг л хүн ажиллах боломжтой, нэг цалингийн сантай. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

А.Мөнхтөр, Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, төлүүлэх нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ажлаас халсан нь буруу болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн, ажилд авахгүй байгаа гэснийг, хариуцагч зөвшөөрөөгүй, ажилдаа томилогдох эсэх, эсвэл өөр ажил албан тушаалд томилогдох санал асуухаар ярьсан боловч ирээгүй, ажилд орох санаачилга гаргадаггүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

1. Шүүх ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор шаардсан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч А.Мөнхтөрийг Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхээр хянагдаж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтныг ажилд нь эгүүлэн авах, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй байна. Ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдсон тул ажилд эргэж ороогүй байгаа нь нэхэмжлэгчээс шалтгаалсан гэж үзэхгүй.

Иймд А.Мөнхтөрийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019.05.20-ны өдрөөс 2020.04.27-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,359,626 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.

Дээр дурдсан хуулийн зүйл, заалтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан маргааны шүүхэд хандах эрхийн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан ба уг хугацаа 3 сар байна.

Гэвч ажилтан ажлаас халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь нэгэн адил зөрчигдөж эхлэх ба ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжлэх тул энэ хугацааны цалинг нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар шаардах эрхтэй байна.

3. Тухайн ажлыг эрхлээгүй тул ажлын гүйцэтгэлтэй холбоотой үр дүнгийн урамшуулал шаардах боломжгүй гэж уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

4. Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажлаа эрхлээгүй хугацаан дахь буюу энэхүү шийдвэрээр гаргуулж шийдвэрлэсэн цалин хөлснөөс зохих суутгал хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МА2020/00018 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч Л.Батжаргал хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 239,748 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЦАГААНЦООЖ

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                  ШҮҮГЧИД                                    Г.БАНЗРАГЧ

                               П.ЗОЛЗАЯА

                 Б.МӨНХТУЯА