Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 314

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Өнөр хороолол, 2-1 тоотод оршин суух, Д овогтой А-ийн М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин, төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.М, хариуцагчийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.М миний бие нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ажлаасаа халагдсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 471 дугаартай шүүгчийн захирамжаар А.М миний биеийг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгох шийдвэр гарсан. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн олгох шүүхийн шийдвэр гарсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд Шүүхийн шийдвэрүүдэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаагаар тооцсон. А.М миний бие нь өнөөдрийг хүртэл ажилдаа томилогдоогүй байгаа бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа хугацааныхаа цалин, төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал, нийгмйин даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулж, төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би Батжаргал даргатай уулзаад ажилдаа орох, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх асуудал ярихад шүүхийн шийдвэрийг би мэдээгүй гээд сууж байсан. Тэр хугацаанд төлөх боломж байсан. Төсөв нь хэмнэлттэй байсан, төсвийн тодотгол 12 дугаар сарын 05-нд хурлаар орж хэлэлцэж байсан. Тэр хурлаар миний цалингийн өрийг барагдуулах боломж энэ хүмүүст байсан. Гэвч энэ хүмүүс барагдуулаагүй.12 дугаар сарын 30-нд уулзаад ажилдаа оръё гэхэд хуучин хурлын даргаар ажиллаж байсан Г гээд хүний шүүхэд байгаа нэхэмжлэлийг татуулчих, тэгвэл чамайг ажилд авна гэсэн. Би бол тэр асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Г гэдэг хүн чинь өөр хүн, би нэг өөр хүн гэж хэлээд гарсан. Дараа нь шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байхаар нь шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан. Үүний дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх тодорхой ажлууд явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Батжаргал даргатай уулзахад 2 дугаар сарын эхээр намайг бас дуудсан. Тэр үед би Улаанбаатар хотод ажилтай явж байсан. Намайг хотод байж байхад Б дарга мөн Улаанбаатар хотод очсон. Тэгээд утсаар ярихад би уулзах боломжгүй байна. Аймаг дээр очиж байгаад уулзъя гэсэн хариу өгсөн. 04 дүгээр сарын 13-нд Б даргатай уулзсан. Энэ шүүхийн шийдвэртэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан 5.600.000 төгрөгийг чинь олгоё гэдэг асуудлыг ярихад нь би хүлээн зөвшөөрөөгүй. Энэ хугацаанд намын бүлэглэлээрээ энэ хүмүүс яриад улс төржсөн байдлаар намайг ажлаас халсан. Намын бүлгийн 12 дугаар сарын хурлаар намайг ажилд нь буцааж авна гээд энэ хүмүүс гарын үсэг зураад тэврэлдээд салсан байдаг. Ажилдаа орох гэхээр авдаггүй, цалин нийгмийн даатгалаа төлүүлэх гэхээр төлдөггүй. Тийм болохоор ажилгүй байсан хугацааны цалингаа тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн ИТХ-ын дарга Л.Б-д холбогдуулж, Есөнбулаг сумын Оргил баг, Өнөр хорооллын 2-1 тоотод оршн суух А.М 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж хариуцагчийн хувьд үзэж байна. Захиргааны хэргийн шүүхээр маргаан хянагдаж дууссаны дараа А.М-ийг биечлэн ирж ажилдаа томилогдох эсэх, эсвэл өөр ажил албан тушаалд томилогдох талаар санал асуухаар 2019 оны төгсгөлд өөрийн туслахаараа удаа дараа утсаар яриулсан боловч хөдөө явж байна. Хотод явж байна гэх шалтгаанаар ирэхгүй байсан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар өөрөө санаачлагагүй хандсан асуудал бий. Хариуцагчийн хувьд А.М нь шүүхийн шийдвэр гарах хүртэл цалин нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хариуцагч биечлэн уулзах саналыг хүлээж аваагүй учир нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Энэ хүний ажлаас халагдах болсон шалтгаан нь тухайн хүн төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлээгүй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр бол хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд энэ хүнийг ажлаас чөлөөлнө гэж оруулсан байсан. Яг хэлэлцээд явахад хурлын тэргүүлэгчид хэлэлцээд шийдвэр гардаг. Гарсан шийдвэр нь ажлаас халах гэсэн шийдвэр гарсан. Тэр шийдвэр буруу гээд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан болохоор яах билээ гэж тэргүүлэгчид бол хоорондоо ярилцдаг. Төрийн албаны тухай хуулиар 48 дугаар зүйлийн 48.1.3 гэдэг заалтаар энэ хүн ажлаас халагдсан. Тухайн үед Хурлын Тэргүүлэгчид бодож үзээд энэ хүний үйлдлийг төрийн албанаас халах гэдгээр халсан болохоос биш тэргүүлэгчид буцаж хуралдаад ажлаас нь халах боломж байсан. Би энэ хүнийг өөрийн алдаатай үйлдлээ ойлгосон гэж бодож байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэр гарсан болохоор би дахин, дахин түүнийг ярих нь илүү байх. Энэ хүнийг ажилд нь эргүүлж авахгүй гээд байгаа учир нь энэ хүн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч боловч хуралдааны дундуур хурлын заалыг түгжээд алга болдог. Тэгээд дараа нь тайлбар дээрээ хүүхэд өвчтэй байсан. Утасны цэнэг дууссан гээд жижиг асуудлууд ярьдаг. Тийм боловч энэ хүн хурлын маргаашнаас эхлээд ажлаа 3 хоног тасалсан. Төрийн албан хаагчид ёс зүй, жудаг байх ёстой байх. Энэ хүн бол тийм ёс суртахуунтай хүн биш. Энэ хүн хуульд байгаа жижиг алдааг ашиглаад цалин мөнгө авна гэсэн үйлдэл хийж байгаа. Энэ хүн үнэхээр шүүхийн шийдвэр гарсан байхад уулзаад, яриад, өөрөө саналаа гаргаад, хугацаандаа ирж очоод байсан бол өөр. Энэ хүн өнөөдрийн байдлаар ажлын албанд нэг ч удаа өөрийн гарын үсэгтэй хүсэлт, санал өгөөгүй байгаа. Тэгээд би хүндэтгэж үзээд эвлэрэх боломжоор хангаж өгье гээд Тэргүүлэгчийн хурал дээр албан бусаар танилцуулсан. Хэлэлцэх асуудалд оруулаад хэлэлцэх гэсэн боловч энэ хүн өөрөө оны дараа Улаабаатар хотод ажилтай явж байна гэсэн учраас нэг удаа хойшлуулаад дараа нь өөртэй нь биечлэн уулзаад ярилцаж ойлголцолд хүрээд Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцье гэж албан бусаар ярьсан зүйл байгаа. Ажлын албанд хүсэлт өгөөгүй. Хурлын ирц 50 хувиас дээш байхад санал хурааж шийдвэр гаргахад санал тэнцсэн тохиолдолд хурлын даргын санал өгсөн талд шийдвэрлэнэ гээд манай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 11.3 дээр заасан байдаг. Энэ заалтыг барьж энэ хүнийг ажлаас халсан. Хэлэлцэх асуудал дээр чөлөөлөгдөх гэж бичсэн байсан нь буруу болчихоод байгаа юм. Бусдаар бол өнөөдөр ажилд орсон ч маргааш дахиад халагдах ёс зүйтэй хүн. Би тэгээд эдийн засгийн хувьд хэцүү хүүхэд чинь өвчтэй байгаа бол цалинг чинь гаргаж өгье. Тэгээд Аудит манай дээр акт тавиад манайх төлөх байх тэр мөнгийг нь төлье гээд ажлын албаны даргад үүрэг өгсөн. Гэтэл энэ хүн дээр бас Аудитын акт ирсэн байсан. 1.600.000 төгрөгийн акт тавьсан байсан. Түүнийг эргүүлээд төлөх ямар боломж байгаа юм гэхэд ажлын албаныханд “Би төлөхгүй“ гэж хэлдэг гэсэн. Тэр мөнгийг нь суутгаад үлдсэн мөнгийг нь өгье гэсэн. Тэгээд эргэж уулзаагүй. Мөнгөн дүн дээр эвлэрч болно. Ажилд авах тал дээр бол үнэхээр энэ хүн бол төрийн албанд ажиллах ёс зүйтэй хүн биш. Би албан ёсоор хэлэхэд ямар нэгэн алдаа байвал тэр алдааг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хүлээх байх. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн олонх нь энэ хүнийг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн хүн гэж үзэж байгаа учир тэр гарсан тогтоолыг буруугүй гэж үзэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, төлүүлэх тухай нэхэмжлэгч А.М-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Б нь нэхэмжлэгч А.М нь шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар биечлэн уулзах саналыг хүлээж аваагүй учир нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч А.М нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ажлаасаа халагдаж, улмаар шүүхэд хандсанаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаартай шийдвэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.М-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаартай магадлалаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 471 дугаартай захирамжаар хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмгөөлөгч Ж.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан буюу захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаартай магадлалаар ажилд эгүүлэн тогтоосон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй буюу энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт хийхгүй юм.

Хариуцагч байгууллага шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлж ажлын байраар хангаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно. Иймд нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болдог байна.

Хариуцагчийн татгалзлын үндэслэл нь нэхэмжлэлийг хангахаас татгалзах үндэслэл болохгүй байх тул А.М нь шүүхийн шийдвэр гарах хүртэл цалин нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хариуцагчийн биечлэн уулзах саналыг хүлээж аваагүй учир нэхэмжлэл гаргах эрхгүй, энэ хүн бол төрийн албанд ажиллах ёс зүйтэй хүн биш гэх хариуцагчийн төлөөлөгч Л.Б-ын тайлбарыг ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хэлэлцэхэд шүүх хүлээн авах үндэслэлгүй буюу хамааралгүй байна. Харин хэргийг хэлэлцэхэд ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй үйл баримт нь тогтоогдож байна.   

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.М-ийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал нийт 245 хоногийн цалинтай тэнцэх олговорыг түүний урьд авч байсан сарын цалингийн дунджийг тооцон хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас гаргуулах үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал гаргуулах гэх шаардлагын тухайд энэ нь ажил албан тушаал эрхэлж ажиллахдаа үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг амжилттай гүйцэтгэн дүгнүүлэн авах ойлголт юм.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон хугацаанаас шүүх хуралдаан болсон хугацаа буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаа гэж тодорхойлсон болно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.М-ийн А000295625 дугаартай нийгмийн даатгалын  дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбараас тухайн ажилтны сүүлийн гурван сарын хугацааны цалингийн дундаж болох 2018 оны 10, 11, 12 саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 1.409.472+1.280.558+1.616.892=4.306.922 : 3 сар=1.435.640:21.5= 66.773 төгрөг байна. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал ажлын 245 өдрөөр тооцож үзвэл олговорын хэмжээ 66.773*245=16.359.626 /арван зургаан сая гурван зуун тавин есөн мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөг байна.  

Нэхэмжлэгч А.М-д 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал ажилгүй байсан нийт 245 хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны олговорт  16.359.626 /арван зургаан сая гурван зуун тавин есөн мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус зааснаар дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч А.М-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд даалгах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаан дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас А.М-ийг ажлаас халах асуудлыг шийдвэрлэсэн Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч А.М-ийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, төлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хуралдаанаар А.М-ийг ажлаас халсан нь үйл баримт үндэслэлтэй эсэхийг хэлэлцэхгүй, Захиргааны хэргийн шүүхин хүчин төгөлдөр шийдвэр тул уг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид  239.748 /хоёр зуун гучин есөн мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас ажилгүй байсан хугацаа 245 хоногийн олговорт 16.359.626 /арван зургаан сая гурван зуун тавин есөн мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан Д овогтой А-гийн М-д олгож, нэхэмжлэлээс төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч А.М-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ажлын албанд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид  239.748 /хоёр зуун гучин есөн мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН