Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 509

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Б баг, Д 40-1-1 тоотод оршин суух, Харнууд овогтой Д.О-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох

Д.О, Ч.Х нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 18 дугаар байрны ард байрлах орон сууц, дэлгүүрийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0518001098 дугаартай 62 м2 гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 м2 2 өрөө дэлгүүр, үйлчилгээний зориулалттай барилга, 96 м2, талбай бүхий 15 жилээр эзэмших эрхийн газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулсан  2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 361 дүгээр захирамжаар 52.865.006,76 төгрөгийг Ч.Х, Д.О нараас гаргуулан Хас банкинд олгохоор шийдвэр гарч тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Бид зээлийн барьцаанд 62 м2 гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 м2 2 өрөө дэлгүүр, үйлчилгээний зориулалттай барилга, 96 м2 талбай бүхий 15 жилээр эзэмших эрхийн газрын хамт, 2 контайнер, хүнсний дэлгүүрийн гадна талд байрладаг агуулахын зориулалттай ашигладаг 20 тонны даацтай саарал өнгөтэй төмөр чингэлэг зэргийг барьцаалсан юм. Тус алба дуудлага худалдааг зохион байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг миний хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанаас эхлэн бүхэлд нь зөрчин Д.О миний оролцогч байх эрхийг хангаагүй. Тухайлбал зөвхөн нэг заалтыг дурдахад мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлнө гэжээ. Гэтэл надаас үнийн санал аваагүй, мөн хуулийн 55.3-т шийдвэр гүйцэтгэх хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө, мөн хуулийн 66.3-т “шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” болон хуульд заасан бусад эрхийг эдлүүлээгүй болно. Мөн төлбөр төлөгч миний нөгөө тал болох Ч.Хд Д.О би өөрийгөө төлөөлөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг Иргэний хуульд заасны дагуу олгоогүй болно. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчмыг зөрчин миний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй явуулсан Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн зохион байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000 оноос эхлээд тогтвортой бизнес эрхэлж байтал 2016 онд нөхөр гэмтээд түүнээс хойш зээлээ төлж чадахаа больсон. Тэгээд барьцаа хөрөнгөөрөө зээлээ төлнө гэж нөхөртэйгөө ярилцаад шийдвэр гүйцэтгэгч Ц хамт очиж байсан. Хас банк надаар зээл төлүүлэх биш миний 2 давхар байшинг маань авах зорилготой байсан. Анхны дуудлага худалдаа нь 09 сард болсон, 2 дахь дуудлага худалдаа нь 10 сард болсон. Анх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр хэрэг маань очиж байхад нөхөр тархины хүнд гэмтэлтэй хэвтэрт байсан. Анхны дуудлага худалдаа нь оролцогч ороогүй болсон. Харин 2 дахь дуудлага худалдаанд нь Ховд аймгийн Хас банкны захирал нь орсон. Тиймээс энэ дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн  нэхэмжлэл гаргасан. Манай энэ барьцаат хөрөнгө шүүхээр ороод тогтоол нь гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очих үед хавтаст хэрэгтэй нь танилцсан. Хас банк бол 52 сая төгрөгийг 56 сая гэж нэхэмжилсэн байсан. Байрны үнэлгээ тогтоох үед хотод эмчилгээтэй байсан. Надад өөр хаягтай байшингийн үнэлгээ ирсэн байдаг. Би тэр үед нь энэ манай байшингийн үнэлгээ  биш байна гэдгийг нь хэлсэн. Гэтэл ажлын 5 хоногт байдаг юм. Би хот руу явж байна одоо ямар ч боломжгүй гэж шийдвэр гүйцэтгэгч Ц нь хэлж байсан. За яах вэ? нэгэнт тогтоогдчихсон юм чинь би төлөх нь үнэн гэж бодоод гомдол гаргаагүй. Одоо хоёр дахь дуудлага худалдаагаа хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.О нь тус хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Говь-Аптай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 361 дүгээр шүүгчийн захирамжаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн иргэн, ДЮ72011070 регистрийн дугаартай, Д.О, ДП75041507 регистрийн дугаартай Чойжамцын Хишигмаа нараас 56.865.006,76 /тавин зургаан сая найман зуун жаран таван мянга зургаан төгрөг далан зургаан/ мөнгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Д.О, Ч.Х нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийг Хас банк нь тус хэлтэст шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16050577 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч Ч.Хгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001098 дугаарт бүртгэлтэй  90 м.кв талбайтай 3 өрөө, 34 м.кв 2 өрөө орон сууц, дэлгүүрийн зориулалттай битүүмжлэн хурааж, Гэр бүлийн тухай Монгол Улсын хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д заасны дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/10 дугаар захирамжаар Д.Оын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр Чойжамцын Хишигмааг тогтоосон байх тул  Иргэний хуулийн  177 дугаар  зүйлийн   177.1-д  заасны  дагуу  үнийн  санал  авахад талууд  харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ийг томилж, мэргэжлийн үнэлгээчнээр дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон. Тус хэлтэс нь төлбөр төлөгч Ч.Хд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шинжээчийн үнэлгээг мэдэгдсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу "Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ" гэж заасны дагуу Д.О Ч.Х нар нь Улаанбаатар хотод байсан тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан 'мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр   дамжуулан   мэдэгдэж   болно" гэж зааснаар утсаар холбогдож мэдэгдсэн. Тус хэлтэс нь төлбөр төлөгч  Ч.Хд бүх ажиллагааг мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан байх тул шүүхэд    гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь Д.О, Ч.Х нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийг Хас банк хүсэлт гаргасны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 16050575 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан байдаг. Ажиллагаа хуульд заасан дүрмийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан байна. Үүнд манай байгууллагаас тухайн эд хөрөнгийн битүүмжилснээс хойш 1 сарын дотор 02 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээчин томилоод  04 дүгээр сарын 03-ны өдөр үнэлгээ нь гараад ажлын 3 хоногт талуудад мэдэгдэнэ гэж заасны дагуу Ч.Х, Д.О нарт утсаар мэдэгдсэн байдаг. Энэ нь тэмдэглэлээр баталгаажсан. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2 дахь дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарсан. Дуудлага худалдаа явуулахаас 30 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг. Зарлахдаа дуудлага худалдаа явуулах газар, байршил, бүх зүйл нь тодорхой бичигдсэн байдаг. Зууны мэдээ сонин болон миний нутаг телевизээр мэдээллийг олон нийтэд  мэдэгддэг, оролцогч иргэдийг бол чөлөөтэй бүртгэдэг. Дуудлага худалдаа болохоос урьд өдөр нь дэнчин авдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Ховд аймгийн Хас банкны захирлыг оролцуулсан гэсэн зүйл ярьдаг. Хас банкны захиалгаар энэ хүн оролцсон уу? эсвэл Хас банк оролцогчид бүрдүүлсэн байна уу? гэдэг тал дээр дээр хяналт тавих боломжгүй. Үнийн санал болон чөлөөтэй орох эрхээр хангаад өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлалыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.Оын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан Д.О, Ч.Х нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 18 дугаар байрны ард байрлах орон сууц, дэлгүүрийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0518001098 дугаартай 62 м2 гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 м2 2 өрөө дэлгүүр, үйлчилгээний зориулалттай барилга, 96 м2, талбай бүхий 15 жилээр эзэмших эрхийн газрын хамт албадан дуудлага худалдаанд   оруулсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 361 дугаартай шүүгчийн захирамжаар Д.О, Ч.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 52.865.00,76 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор тогтоосон байна. Уг шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр 361 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 459 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж, тус ажиллагааны хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10/11 тоот “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол” гарч дуудлага худалдаа зохион байгуулагдсан боловч оролцогчгүй байсан тул 2017 оны 10 дугаар сарны 20-ны өдөр хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас “....шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчмыг зөрчин миний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй, намайг Улаанбаатар хотод байхад дуудлага худалдаанд оролцуулаагүй, Хас банкны Ховд аймаг дахь салбарын захирлаар ажилладаг хүнийг оролцуулсан, дуудлага худалдааны үнийг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлд шинжээчийн тогтоосон үнийн дүнгийн 70 хувиар тогтоохоор байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 50 хувиар тогтоосон зэрэг нь хууль зөрчсөн тул хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэж, хариуцагч талаас “...тус хэлтэс нь төлбөр төлөгч Ч.Хд бүх ажиллагааг мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч Ч.Хд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Улаанбаатар хотод байхад утсаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд дуудлага худалдаанд оролцох эрхийг нь хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т ...үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэж заасан байдал нь дуудлага худалдааны товыг мэдэгдэх зэрэг байдлаар хэрэгжсэн гэж үзэхээр байгаа бөгөөд харин 176 дугаар зүйлд заасан дуудлага худалдааг зогсоох, түр хойшлуулах үндэслэлд нэхэмжлэгчийн дурдсан шалтгаан хамаарахгүй байна.

Иргэний хуульд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тухайн байгууллагын ажилтан буюу өөр нэг салбарын захирал, эсхүл барьцаалагч гэх мэт нь оролцохгүй байхаар хязгаарласан хориглосон зохицуулалт байхгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ...хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж, энэ хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг ...эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж тус тус заасан байгаа бөгөөд хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа энэ журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Д.О, Ч.Х нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 18 дугаар байрны ард байрлах орон сууц, дэлгүүрийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0518001098 дугаартай 62 м2 гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 м2 2 өрөө дэлгүүр, үйлчилгээний зориулалттай барилга, 96 м2, талбай бүхий 15 жилээр эзэмших эрхийн газрын хамт албадан дуудлага худалдаанд   2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр оруулсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Харнууд овогтой Д.Оын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 72 дугаар зүйлийн 72.1, 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Д.О, Ч.Х нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 18 дугаар байрны ард байрлах орон сууц, дэлгүүрийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0518001098 дугаартай 62 м2 гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 м2 2 өрөө дэлгүүр, үйлчилгээний зориулалттай барилга, 96 м2, талбай бүхий 15 жилээр эзэмших эрхийн газрын хамт албадан дуудлага худалдаанд   оруулсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Харнууд овогтой Д.Оын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.        

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш  14  хоногийн  дотор  нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН