| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2018/00515/и |
| Дугаар | 558 |
| Огноо | 2018-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 558
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Г.Х-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ж.С-д холбогдох
давхар бүрээстэй, шалтай, их таван ханатай гэр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 онд эхнэр Ж.С-тэй гэр бүл болсон. 2009 онд охин Н төрсөн, амьдрах 10 жилийн хугацаанд хоёулаа улсад хөдөлмөрлөж, амьдарч байсан. 2017 оны 11 дүгээр сараас миний бие Дорноговь аймагт салхин сэнсний суурины ажил эрхэлж байгаад 2018 оны 05 дугаар сард ирэхэд эхнэр маань өөр хүнтэй суугаад жирэмсэн болсон байсан. Одоо хүүхдийг нь төрүүлээд тэр хүнтэйгээ амьдарч байгаа. Ийм учраас 2018 оны 09 дүгээр сард шүүхийн шийдвэрээр гэр бүл салж би охиндоо тэтгэмж төлөх шийдвэр хүлээн авсан. Охиноо 18 нас хүртэл өөрийн зүгээс шалтгаалахгүйгээр тэтгэмжийг төлөх болно. Би одоо хийсэн ажилгүй, амьдрах гэргүй, аав ээжийгээ бараадаад амьдарч байна. Арван жилийн өмнө хурим хийхэд аав, ээжийн бэлдэж өгсөн гал голомтын гэрээ өөртөө авмаар байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч надад гэрийг минь олгуулж өгнө үү. Жич миний гэр бол нагац талын хүндтэй хүнээс маань надад өвлөгдөж ирсэн, хүндэлж, хадгалж авч явах ёстой гэр байгаа юм. Энэ тухай эхнэр байсан Ж.С ерөнхийд нь мэднэ. Бас Харзат 3-31 тоот дөрвөн тал хашааг бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа машинаараа сольж аваад амьдарч байсан юм гэжээ.
Хариуцагч Ж.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Г.Х-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргалаа. Бид 2008 онд гэр бүл болж ам бүл дөрвүүлээ амьдарч байгаад 2017 оноос тусдаа амьдрах болсон. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулах шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Г.Х эд хөрөнгийн маргаан хийхгүй би том охиндоо тэтгэлэг тогтоохгүй гэж тохирсон юм. Ингээд шүүхэд гэрээ нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний үйлчлүүлэгч С-тэй 2009 онд гэрлээд дундаасаа нэг хүүхэд гарсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулаад хүүхдээ Сарнайцэцэг нь өөрийн асрамжид авсан. Ж.С нь одоо өөр хүнтэй суусан, 2 өрөө байранд амьдардаг. Өөрийн гэрийг нь хураасан байдаг. Тухайн үед бол эд хөрөнгийн ямар нэг маргаан Ж.С нь гаргаагүй. Зөвхөн өөрийн гэр бүл цуцлах асуудлаар эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан. Гэтэл одоогийн байдлаар Г.Х нь орох орон гэргүй, айлаар амьдарсан байдалтай байна. Энэ нэхэмжилж байгаа гэр нь Г.Х-ын нагац ахаас уламжлагдаж өвлөгдөж ирсэн гэр юм. Энэ гэрийн талаар ч гэсэн гэрч Жигжид гуай тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Г.Х-ын өөрийн өмч болох гэрийг нь Ж.С-ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Ж.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ж.С, Г.Х нар нь гэрлэлтээ цуцлуулаад эд хөрөнгийн ямар нэг маргаангүйгээр тухайн ажиллагаа хийгдэж дууссан. Ж.Снь эд хөрөнгийн маргаан гаргаагүй ч Г.Х-ын зүгээс сөрөг нэхэмжлэлээр ямар нэг сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Энэ асуудал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр бол эд хөрөнгийн маргаангүй шийдвэрлэгдсэн болох нь шүүхийн эд хөрөнгийн шийдвэр дээрээс харагдаж байна. Ж.С нь одоо 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Г.Х-аас төрсөн нэг хүүхэд байдаг. Г.Х-тай амьдарч байх хугацаанд дагавар хүүхэд байсан. Том хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй, эд хөрөнгийн маргаан үүсэхгүй гэдэг үүднээс ярилцаад маргаан хийхгүй гэж тухайн үед нь амаар тохиролцоо хийж байсан. Үүнээс болоод тухайн үед эд хөрөнгийн маргаангүй асуудал шийдэгдэж байсан. Гэтэл гэрлэлт цуцалсны дараа Г.Х нь ийм асуудал ярьж байгааг Ж.С-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Гэр бүлийн дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваах ноогдуулах бол шүүхийн шийдэх асуудал. Харин хүүхдийн ашиг сонирхол болоод гэрлэгчдийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд тогтоодог. Тэгэхээс бол Г.Х-ын гэртэй байна уу? үгүй юу гэдэг асуудал дээр хамаарч энэ эд хөрөнгийг хуваах үгүй нь шийдэгдэхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Г.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г.Х нь Ж.С-т холбогдуулан давхар бүрээстэй, шалтай, их таван ханатай гэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Г.Х нь “...10 жилийн өмнө хурим хийхэд аав, ээжийн бэлдэж өгсөн гал голомтын гэрээ өөртөө авмаар байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч надад гэрийг минь олгуулж өгнө үү. Жич миний гэр бол нагац талын хүндтэй хүнээс маань надад өвлөгдөж ирсэн, хүндэлж, хадгалж авч явах ёстой гэр байгаа юм...” гэж тайлбарлаж, хариуцагч Ж.С нь“...Гэрлэлтээ цуцлуулах шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Г.Х эд хөрөнгийн маргаан хийхгүй би том охиндоо тэтгэлэг тогтоохгүй гэж тохирсон юм. Ингээд шүүхэд гэрээ нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, энэ гэр нь хуваарьт хөрөнгө биш дундын хөрөнгө юм...” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Г.Х, хариуцагч Ж.С нар нь 2008 онд гэр бүл болсон байх бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 133/ШШ2018/00452 дугаартай шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, охин Х.Н-гийг эх Ж.С-ийн асрамжид үлдээж, эцэг Г.Х-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Х, нь уг гэрийг гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэж үзэж байгаа үндэслэлээ нагац ахаас өвлөгдөж ирсэн гэр гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2 дахь хэсэгт өвийн журмаар шилжүүлэн авсан эд хөрөнгө нь хуваарьт хөрөнгө байхаар заасан байгаа боловч маргаан бүхий гэрийн хувьд өв залгамжлалын журмаар авсан хуваарьд хөрөнгө гэх байдал шууд нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Урьд нь гэрлэгчдийн гэр бүл цуцлах хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанаар нэхэмжлэгч дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгээ нэхэмжлээгүй, хариуцагч мөн сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг байдлаар маргаагүй учир гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар шүүх хэлэлцээгүй буюу маргаангүй гэснийг шийдвэртээ дурджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт цуцалсны дараа хувааж болохоор заасан байна. Энэ хэргийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байгаагийн агуулга нь гэр бол хуваарьт хөрөнгө бус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж байгаа агуулга байна. Гэрлэлт цуцлах хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байх ба Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо ...хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болохоор заасан байна.
Иймд хүүхдийн асрамжийн байдлыг харгалзан давхар бүрээстэй, шалтай, их таван ханатай гэрийг Ж.С-т үлдээж, нэхэмжлэгч Г.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан давхар бүрээстэй, шалтай, их таван ханатай гэрийг Ж.С-т үлдээж, Г.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН