Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 43

 

Ц.Дт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Уламбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Хохирогч А.М

Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр

Шүүгдэгч Ц.Д

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Дт холбогдох эрүүгийн 1814001150155 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц.Д, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Ц.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Гыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Өлзийтийнхэн овогт Ц.Дийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугээр зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Ц.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч А.Мийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хашаа байшин, малчин, цалингийн зээлд 29.302.006 төгрөг, амь хохирогчийг оршуулгын зардап болох 6.282.260 төгрөг, нийт 35.584 266 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар эүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч Ц.Дт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар Ц.Дийн 1 хос 2 ширхэг хагас түрийтэй гутал, Б.Бын 1 хос 2 ширхэг хагас дотоод гутал, хар өнгийн куртик, хромон гутал зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Ц.Дийн эзэмшлийн “..гар утас..."-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ц.Дт буцаан олгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Дт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчлэн ирүүлсэн Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэл зөв хэмээн үзэж түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар болон 2-3 удаагийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүд болон холбогдогчийн мэдүүлгээр Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байдаг. Учир нь: Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд “Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцэл, эсхүл харилцан итгэлцлэлээр хүлээсэн тусламж үзүүлэх асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан бол...” эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж заажээ.

Амь хохирогч болон холбогдогч нарын хувьд 10 жилийн нэг ангийн хүүхдүүд, хэн алиныгаа сайн таньж мэдэх хүмүүс. Холбогдогч Ц.Д нь шүүх хуралдаанд болон байцаалтандаа амь хохирогчийг их хэмжээний согтолттой байсан, мөн холбогдогчийн өөрийнх нь үйлдлээс болж гэмтэл авсан гэдгийг мэдэж байснаас гадна, гадаа хүйтэн байсан тул нимгэн цамцтай суугаад хөлдөж үхнэ шүү гэдгийг анхааруулаад орхин явсан гэж мэдүүлдэг. Энэхүү мэдүүлгээс болон бусад нотлох баримтаар холбогдогч нь амь хохирогчийг гэртээ харих боломжгүй, хүнд согтолттой, хөлдөх аюултай, мөн гэмтэлтэй гэдгийг мэдсэн байж хүйтэнд орхин явсан нь хохирогчийг нам хэмийн осголтоос болж амь насаа алдах аюулд хүргэсэн байх эс үйлдэхүй юм.

Гэтэл энэ асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд зааснаар холбогдогчийг шалгуулах хүсэлтийг өмгөөлөгч миний бие аль ч шатанд удаа дараалан гаргасан боловч амь хохирогч нь тухайн үедээ хөнгөн хохирол учирсан хохирогчийг явъя гэхэд жаахан сууж байгаад харъя гэж хэлэхээр нь үлдээгээд явсан гэсэн байгаа нь амь насанд аюултай нөхцөлд орхиж явсан гэж үзэхээргүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан мөн анхан шатны шүүхээс амь хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, шинжээчийн дүгнэлтэд дурьдсанаар бусдын туслалцаа шаардлагатай эсэх нь дурьдагдаагүй амь хохирогчийг аюултай байдалд орхиж явсан харилцан итгэлцлэлээр хүлээсэн тусламж үзүүлээгүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хэдий амь хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ч Эрүүл мэндийн болон Хууль зүйн сайдын хамтран баталсан гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн хохирол нь хүний эрүүл мэндийн байдлыг 4 долоо хоног хүртэл хугацаагаар сарниулдаг гэсэн үндэслэл байдаг. Амь хохирогч нь эрүүл мэндийн байдал сарнисан, хохирол учирсан, их хэмжээний согтолттой, аюултай байдалд байгааг мэдсээр байж учирч болох хохирлыг урьдчилан таамагласан, мэдсэн хирнээ орхиж явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулдаг юм. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 108 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл Ц.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 04-нд шилжих шөнийн 00 цагаас 01 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Гтай зодолдон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Энэ нь гэрч Б.Уийн “...Д.Г ахтай Б.Б, Ц.Д нар зодоон хийж байна, би салгаад явуулчихлаа, тэгтэл Б.Б, Ц.Д нарын араас Д.Г ах алхаад явж байна гэж ярихаар нь би талийгаач Д.Гын эхнэр рүү утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 81-83 дугаар тал/

Гэрч Ү.Бын “...талийгаач Д.Г нь зүүн талдаа бага зэргийн шалбарсан шархтай байхаар нь би одоо явж амар гээд хэлсэн чинь талийгаач Д.Г нь Ц.Д, Б.Б нарын араас явж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 78-80 дугаар тал/

Гэрч Д.Пийн “...би шөнө хашааны завсараар харахад миний таньж байгаагаар Б.Б гэх хүн 2 хүнтэй хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 76-77-р тал/

Шүүгдэгч Ц.Дийн “...Д.Г араас ална аа гээд гүйж ирээд намайг цохих гэхээр нь бултсан..., ...гэрт чинь хүргээд өгөх үү гэхэд Д.Г би жаахан суугаадхъя гээд явахгүй байсан...” /хх-ийн 1-р хавтас 85-88, 207-208 дугаар тал/ гэх мэдүүлгүүд болон хохирогч “...Д.Гын биед дух, хамар, чих, чамархай, эрүү, хүзүү, мөр, бугалга, шуу, тохой, бугуй, хуруу, өвдөг, шилбэ, тавхайд зулгаралт, зовхи, шуу, өвдөгт цус хуралт, зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй, талийгаач нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 18 тоот дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 488 тоот 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн давтан шинжилгээний шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 1-р хавтас 143-148, 187-192-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүхээс Ц.Д нь талийгаач Д.Гыг өөрийгөө хянах, биеэ авч явах чадваргүй байхад нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн 2018/ШЗ/671 тоот захирамжаар прокурорт буцаан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хүндрүүлэн өөрчлүүлсэн нь буруу байна.

Учир нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдэг нь бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлэх бөгөөд хэдийгээр хохирогч Д.Гын цус, ходоодны шингэнээс 2.6 хувь промилли спирт илэрсэн энэ нь согтолын хүчтэй зэрэгт хамаарч байгаа ч хэрэгт авагдсан нотлох баримтуудад тусгагдан бэхжигдсэн түүний шүүгдэгчтэй зодолдож байсан болон тухайн үед хийж байсан үйл хөдлөлөөс үзвэл биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтуудад анхан шатны шүүүхээс техникийн шинжтэй гаргасан зарим алдааг холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан аюултай байдалд орхих гэдэг нь байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн эсхүл эрүүл мэндийн /сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй гэх мэт/ хувьд болон бага насны хүүхэд, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй зайлшгүй бусдын туслалцаа авах шаардагатай этгээдэд тусламж үзүүлээгүй байхыг ойлгох тул Ц.Дт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан өмгөөлөгч П.Өлзийбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт прокуророос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 гэж бичин уг зүйлийн аль хэсгийг журамласан болох нь тодорхой бус байгааг болон хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр анх хүлээн авч хэрэгт авагдсан баримтуудад нэг мөр дүгнэлт өгөлгүйгээр нийт 3 удаа өөр өөр шалтгаанаар үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хэргийн оролцогчдыг чирэгдүүлэх, шүүгдэгчид ял завшуулах нөхцөл байдал үүсгэсэн байгаа зэргийг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4,

39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 11 дэх заалт болгон “...Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Ц.Дийг хохирогчийг бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Өлзийтийнхэн овогт Ц.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...шүүгдэгч Ц.Дт нь...” гэснийг “...шүүгдэгч Ц.Д нь...” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                    ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

           ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                М.МӨНХДАВАА