Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2018/00518

 

 

 

 

2018 оны 03 сарын 16 өдөр

   Дугаар 182/ШШ2018/00518

Улаанбаатар хот

                                                                                                                                            

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, шүүгч И.Амартөгс, Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Р.К.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТТ” ХК,

Хариуцагч: ҮЦТХТ

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

2009 оны ногдол ашиг 562,705,000 төгрөг, 2010 оны ногдол ашиг 1,330,030,000 төгрөг, 2011 оны ногдол ашиг 1,399,600,800 төгрөг, 2012 оны ногдол ашиг 154,488,100 төгрөг, 2012 оны ногдол ашигт ногдох алданги 77,244,050 төгрөг, нийт 3,524,068,000 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэгч Р.К.Д-ын өмчлөлд байсан “ТТ” ХК-ийн 1.023.100 ширхэг хувьцааг бусдад шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, эдгээр Р.К.Д-ын нэр дээрх хадгаламжийн дансанд буцааж шилжүүлэхийг “ҮЦТХТ” ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х Х.Ц, хариуцагч “ҮЦТХТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ТТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, “ТХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, иргэдийн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.К.Д-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ОХУ-ын иргэн Р.К.Д нь “ТТ” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааг монголын хууль тогтоомжийн дагуу эзэмшдэг бөгөөд Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу “ҮЦТХТ” ХХК-д бүртгүүлж, харилцах данс нээлгэсэн. Би 2008-2009 онд хувьцааны ногдол ашиг болох 408,307,915 төгрөгийг өөрийн биеэр болон итгэмжилсэн төлөөлөгч Монгол Улсын иргэн М.Буяннэмэхээр дамжуулан авсан ба түүнээс хойш тус компаниас ногдол ашиг аваагүй. Хувьцааны 2010-2013 онд хуваарилсан ногдол ашгийг авахыг хүсч миний бие "ҮЦТХТ” ХХК-д удаа дараа хандаж байсан боловч “томоохон дүнтэй ногдол ашгийг тус төвд шилжүүлдэггүй, харин жижиг дүнтэйг шилжүүлдэг” гэх тайлбарыг тус төвийн ажилтнууд гаргаж, ногдол ашгийг харилцах дансаар шилжүүлэн надад олгохоос зайлсхийж ирсэн нь тухайн байгууллага Монголын үнэт цаасны тухай хууль тогтоомжид заасан үүргээ бүрэн биелүүлж буй эсэхэд эргэлзэхэд хүргэсэн болно. Иймд би ногдол ашгийн асуудлаар Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гомдол гаргасан бөгөөд уул гомдлын мөрөөр тус Хорооноос шалгалт явуулж, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5/4109 дугаар албан бичгээр надад хариу ирүүлжээ. Дээрх албан бичигт дурдсанаар, миний нэр дээр 2010 онд 1,341,730,000 төгрөг, 2011 онд 1,411,912,800 төгрөг, 2012 оны 155,847,100 төгрөгийн ногдол ашиг хуваарилагдсаныг компани өөр хүнд олгосон байх ба харин 2013 оны ногдол ашиг болох 790,588,600 төгрөг хуваарилагдаагүй, компани дээрээ хадгалагдаж байгаа юм байна.

2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр анхлан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн удаа нэмэгдүүлсэн. Үүнд: 2010-2012 оны үйл ажиллагааны үр дүнгээр 1,023,100 ширхэг хувьцаанд хуваарилсан ногдол ашиг болох 2,051,582,100 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтдээ 2011-2012 оны нэгтгэсэн дүнгээр 777,044,450 төгрөгийн алданги “ТТ” ХК-иас гаргуулахаар тус тус нэхэмжпэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг шүүх хүлээн авсан.

“ТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2009-2012 оны жилийн эцсийн дүнгээр нэгж хувьцаанд олгохоор тогтсон ногдол ашгийн хэмжээг үндэслэн нэхэмжпэлийн шаардлагыг өөрчилсөн. Ийнхүү тооцвол:

1.2009 оны жилийн эцсийн ногдол ашгийг нэгж хувьцаанд 55 000 төгрөгөөр тооцсон ба Р.К.Д-н 10 231 (1 023 100) ширхэг хувьцаанд 562,705,000 төгрөг хуваарилагдсаныг хариуцагч Д.Бат-Эрдэнэ хууль бусаар авсан.

2.“ТТ” ХК-ийн Удирдах зөвлөлөөс 2010-2012 оны жилийн эцсийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахтай холбоотойгоор гаргасан тогтоолуудыг Санхүүгийн зохицуулах хорооноос судалж шалгасныг үндэслэн 2010-2012 оны ногдол ашгийн хэмжээг тодруулж нэхэмжилж байна. Үүнд: 2010 оны жилийн эцсээр хуваарилсан ногдол ашиг 1,330,030,000 төгрөг, 2011 оны жилийн эцсээр хуваарилсан ногдол ашиг 1,399,600,800 төгрөг, 2012 оны жилийн эцсээр хуваарилсан ногдол ашиг 154,488,100 төгрөг.

 

Р.К.Д нь эзэмшил хувьцааныхаа 2010, 2011, 2012 оны жилийн эцсийн дүнгээр хуваарилсан ногдол ашгийг авахаас татгалзаагүй. Ногдол ашгийг хэн нэг этгээдэд тухайлбал, хариуцагч Д.Б-д зөвшөөрөөгүй.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарт “ногдол ашиг авахаас нэхэмжпэгч өөрөө татгалзсан, эсхүл “ТТТ” ХХК болон Р.К.Д нарын хооронд 2010 онд байгуулсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-гээр тэрээр өмчлөх эрхгүй болсон мэтээр дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Хувьцаа худалдах-худалдан авах тухай дээр дурдсан гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүх тогтоосон бөгөөд 1,023,100 ширхэг хувьцааг өмчлөх эрх нэхэмжлэгчид хадгалагдаж буй тохиолдолд ногдол ашиг буюу үр шимийг түүнээс өөр хүн авах эрхгүй гэж үзнэ. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.11. “Компани ногдол ашгаа энэ хуулийн 46.10-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх...”-өөр заасан.

“ТТ" ХК, “ҮЦТТТХТ” ХХК-ийн хооронд 2014 онд байгуулсан 05/04 дугаар гэрээний 4-ийн 13-т “Ногдол ашгийн мөнгийг хувьцаа эзэмшигчийн анхны хүсэлтээр гаргаж өгөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр зуучлагч хоног тутам 0.3%-ийн алданги төлнө. Ногдол ашгийн мөнгө нь зуучлагчийн дансанд орж ирээгүй тохиолдолд алдангийг компани төлнө” гэж заасныг үндэслэн алданги нэмж нэхэмжилсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., дээр дурдсан гэрээний холбогдох заалтыг үндэслэн 2012 оны ногдол ашиг болох 154,488,100 төгрөгт ногдох алданги 77,244,050 төгрөгийг “ТТ” ХК-иас нэхэмжилж байна.

Энэ хэрэгт шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20265 (20266) дугаартай захирамж гарч Р.К.Д-ын нэр дээр бүртгэлтэй “ТТ” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцаатай холбоотой хөдөлгөөнийг зогсоож, энэхүү хэргийг шийдвэрлэх хүртэл бусдад шилжүүлэн бүртгэхгүй байхыг “ҮЦТХТ” ХХК-д даалгажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхээс авсан эдгээр арга хэмжээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байх ёстой. Гэтэл энэ хэргийн хариуцагчаар эрх залгамжлан оролцож байгаа “ҮЦТХТ” ХХК бусад хариуцагч, гуравдагч этгээдтэй хуйвалдан дээрх кувьцааг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төвлөрсөн хадгаламжийн 61-85 дугаартай “ТТТ” ХХК-д шилжүүлжээ. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлд байсан “ТТ” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааг бусдад шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, эдгээр хувьцааг Р.К.Д-н нэр дээрх хадгаламжийн дансанд буцааж шилжүүлэхийг “ҮЦТХТ” ХХК-д даалгах шаардлага гаргаж байна. Нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүсье. Нэхэмжлэгчийн шаардлагаар Д.Б-ийг хамтран хариуцагчаар татсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.К.Д-н эзэмшил хувьцааны ногдол ашгийг хууль зүйн ямар үндэслэлээр хэдэн төгрөг олгосон нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан өөрчлөх шаардлагатай гэж үзлээ. Д.Б нь Р.К.Д-д хуваарилсан ногдол ашгийг банк дахь өөрийн дансанд шилжүүлэн авч байсан нь “ТТ” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой тул нэхэмжилж буй ногдол ашиг, хууль, гэрээнд заасан алдангийг “ТТ” ХК-д хамааралтай. Үүнээс үүдэн Д.Б-ийг хамтран хариуцагчаар оролцуулсан шаардлагаас татгалзаж байна гэв. 

 

Хариуцагч “ҮЦТХТ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

ОХУ-ын иргэн Р.К.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Р.К.Д нь 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дугаар захирамж гарч, дээрх худалдах худалдан авах гэрээний дагуу “ТТТ” ХХК-д “ТТ” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааны өмчлөх эрх үүссэн байдаг. Улсын дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 432 дугаар тогтоолоор дээрх гэрээг хүчин төгөлдөр болохыг баталж, Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчинтэй хэвээр үлдээн шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу ОХУ-ын иргэн О.К.Д-ын төвлөрсөн хадгаламжийн дансан дахь “ТТ” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 1/35957 албан тоот, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 1/38050 албан тоотуудын дагуу тухайн үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 304 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183.1 дэх заалтуудын дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “ТТТ” ХХК-д албадан шилжүүлсэн гэв.

 

Хариуцагч “ТТ” ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Р.К.Д нь “ТТТ” ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан хувьцаагаа худалдсан байдаг бөгөөд үүнээс үүссэн, Р.К.Д-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дэд шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 542 дугаар тогтоол гарч хуулийн хүчинтэй болсон. Уг тогтоолд Р.К.Д нь 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээсээ татгалзсан. 

Мөн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дүгээр шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэж, гэрээний дагуу “ТТТ” ХХК-д өмчлөх эрх үүссэнийг тогтоосон байдаг.

Манай компани Монгол улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж тус тус заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүндэтгэн биелүүлсэн болно. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын даргын орлон гүйцэтгэгч Т.Ж-ын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичиг нь хууль зүйн ямар ч үр дагавар үүсгэхгүй бөгөөд тус байгууллага шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн хэрэг маргааны талаар заавар, санал дэвшүүлэх эрхгүй юм.

Р.К.Д нь 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээсээ татгалзсан талаар дээд шүүхийн тогтоол гарсанаар ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлд зааснаар тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Хувьцаа худалдах гэрээгээр өмчлөх эрхээ шилжсэнийг шүүхийн өмнө зөвшөөрсөн худалдагч Р.К.Д-ын өмчлөгчийн эрх буюу ногдол ашиг авах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлыг дахин тогтоохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь шүүх хуралдааны явцад Д.Б-д холбогдуулан гаргасан шаардлага байхгүй, шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдаанд гаргасан бүх хүсэлтээсээ татгалзаж байна. Шүүх хуралдааны явцад хувьцаа худалдах, худалдан авах наймаанаас буцсан гэж тайлбарлаж байна. Энэ буцсан наймаа энэ 3 хариуцагч нартай ямар хамаатай вэ, өмчийн халдашгүй байдалд яаж халдсан юм бэ, яаж хэн рүү шилжүүлсэн юм. “ҮЦТХТ” ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байх ба дур мэдэн хувьцааг шилжүүлэх үйлдэл хийгээгүй байна. Энэ 3 хариуцагч биш бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн бол хэн тогтоосон юм бэ. Эрхийг зөрчсөн гэдгийг хэн нотолсон юм бэ гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ТТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ОХУ-ын иргэн Р.К.Д нь “ТТ” ХК-ийн 1,023,000 /10231/ ширхэг хувьцааны ногдол ашиг, алданги, дээрх хувьцааг бусдад шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д: “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, мөн хуулийн 117.1-д: “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг пгүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуульд заасан журмын дагуу ногдол ашиг авахаар нэхэмжлэл гаргасан боловч “ногдол ашиг авах эрхгүй тухай” үндэслэл нь Р.К.Д “ТТТ” ХХК-ийн хооронд 2010 оны 02 дугаар сарын 06- ны өдөр байгуулсан “ТТ” ХК-ийн 10231 ширхэг /1 023 000/ хувьцааг худалдах худалдан авах гэрээний маргаан буюу энэ үйл баримтыг шүүх шийдвэрлэснээр тогтоогдсон юм. Тус гэрээний 1.4-т:“Худалдан авагч энэ гэрээгээр тохиролцсон төлбөрийг Худалдагчийн заасан дансанд шилжүүлмэгц багц хувьцааг өмчлөх эрх үл маргах журмаар Худалдан авагчид шилжих...”, 1.6-д: “энэ гэрээний 1.4-т заасны дагуу багц хувьцааны төлбөрийг төлмөгц өмчлөх эрх худалдан авагчид шилжиж байгаа тул үүнээс хойш Худалдагчийн өмчлөх эрх бүрэн дуусгавар болж, тэрээр хувьцааг бусдад худалдах, барьцаалах гэх мэт багц хувьцаатай холбоотой ямар ч эрхийг эдлэхгүй болно”, 1.7-д: “Худалдан авагчид өмчлөх эрх шилжмэгц тэрээр ногдол авах, худалдах гэх мэт багц хувьцаатай холбоотой бүх эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.

Ногдол ашиг авах эрх нь хувьцаа эзэмших эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд хувьцаа эзэмших эрх, ногдол ашиг авах эрхийг зохицуулсан гэрээ нь бүхэлдээ маргааны зүйл болох тул шүүх гэрээний зүйл заалт бүрээр хэргийг шийдвэрлэх боломжгүй, энэ нь ИХШХШТХ-д заасан хэргийг бүхэлд нь хянах, тал бүрээс нь бодитой, шуурхай шийдвэрлэх, шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх зарчмуудыг алдагдуулна. Р.К.Д дээрх гэрээг байгуулаагүй байхад “ТТ” ХК ногдол ашгийг нь зохих журмын дагуу өгөхгүй байсан бол энэ нэхэмжлэлийг гаргаж болох байсан, харин 2010 онд гэрээ байгуулан үүрэг хүлээсэн түүний хувьд шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын /хэргийн оролцогч байсан/ талаар ийнхүү нэхэмжлэх нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй юм.

Хоёр. Р.К.Д 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс үүсэх шаардах эрхээ бүрэн хэрэгжүүлсэн тул ногдол ашиг авахаар маргах эрхгүй. Р.К.Д хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг нь дээрх гэрээний үүрэг хүлээснээр дуусгавар болсон нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон тул “ТТ” ХК, “ҮЦТХТ” ХХК түүний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаагүй байна. 2011 онд “ТТТ” ХХК нь Чингэлтэй дүүргийн шүүхэд 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулах нэхэмжлэл /хариуцагчаар ТХБ, гуравдагч этгээдээр Р.К.Д / гаргасан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэх явцад Р.К.Д Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган “өөр хэрэг үүссэн” гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хан-Уул дүүргийн шүүх дээрх гэрээг хүчин     төгөлдөр бусад тооцуулах Р.К.Д нэхэмжлэл бүхий хэргийг /хариудагч “ТТТ” ХХК, гуравдагч этгээд ТХБ/ шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 542 дугаар тогтоолоор Р.К.Д гэрээ хүчин төгөлдөр болохыг зөвшөөрч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан юм. Ингэснээр тэрээр ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар дахин маргах эрхгүй болсон юм.

“ТТТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТХБ-д холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дугаар захирамж гарч, хүчин төгөлдөр болсон. Дээрх байдлаар хууль зүйн хувьд гэрээний талаар хожим шүүхэд мэдүүлэх илүү өргөн эрхгүй болсон Р.К.Д банканд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нөлөөлөхгүй” гэсэн зарчмын маш зөв дүгнэлтийг хийсэн юм.

2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр Р.К.Д-ын өмчлөх эрх дуусгавар болсоныг шүүх тогтоосон тул тэрээр Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг эдлэхгүй, үүнээс үүсэх аливаа шаардлагыг өөр этгээдэд холбогдуулан гаргах эрхгүй байна.

Гурав.“ТТТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 2100 дугаар захирамж гарч, Р.К.Д-ын “ТТ” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааг битүүмжилсэнээр түүний хувьцаатай холбоотой бүхий л эрхийг хязгаарласан юм. ИХШХШТХ-ийн 70 дугаар зүйлд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээнээс учирсан хохирол, үр дагаврын талаар зохицуулсан. Тэгвэл шүүхийн шийдвэрээр “ТТ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан, Р.К.Д-ын өөрийн эрх ашиг зөрчигдөөгүйг шүүхийн өмнө баталсан тул тэрээр энэ талаарх аливаа хохирол шаардах эрхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ТХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ТХБ-ээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ногдол ашиг хүртэхийг шаардах эрх бол хувьцаа эзэмшигчийн шаардах эрх байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “ТТТ” ХХК-тай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаад хувьцааны эзэмших эрхийг “ТТТ” ХХК-д шилжүүлсэн. Тийм учраас ногдол ашиг хуваарилахыг даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэх боломж байсан. Хан-Уул дүүргийн шүүхэд Р.К.Д-ын 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаад Хан-Уул дүүргийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 159 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181 тоот магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээд шүүхээр хянан шийдвэрлэх үед Р.К.Д-ын хувьд 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзаад Улсын дээд шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 542 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн хувьд тухайн худалдах, худалдан авах нэхэмжлэлийн шаардлагаас буюу хувьцааг эзэмшихээс татгалзаад шилжүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас ногдол ашгийг хуваарилахыг шаардаад, буцааж хувьцаагаа шилжүүлэхийг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.К.Д нь хариуцагч “ТТ” ХК, “ҮЦТХТ” ХХК болон Д.Б-д холбогдуулан 1,023,100 ширхэг хувьцааны 2013 оны ногдол ашиг болох 790,588,600 төгрөгийг “ТТ” ХК-иас гаргуулах, өөрийн нэр дээр нээсэн харилцах дансанд шилжүүлэн, өөрт олгуулж байхыг хариуцагч “ТТ” ХК, “ҮЦТХТ” ХХК-д даалгуулах нэхэмжлэлийг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргажээ.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд, хэдэн удаа нэмэгдүүлж, хамгийн сүүлийн байдлаар 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, одоо хариуцагч “ТТ” ХК, “ҮЦТХТ” ХХК болон Д.Б-д холбогдуулан 2009 оны ногдол ашиг 562,705,000 төгрөг, 2010 оны ногдол ашиг 1,330,030,000 төгрөг, 2011 оны ногдол ашиг 1,399,600,800 төгрөг, 2012 оны ногдол ашиг 154,488,100 төгрөг, 2012 оны ногдол ашигт ногдох алданги 77,244,050 төгрөг, нийт 3,524,068,000 төгрөг гаргуулах,

нэхэмжлэгч Р.К.Д-ын өмчлөлд байсан “ТТ” ХК-ийн 1.023.100 ширхэг хувьцааг бусдад шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, эдгээр хувьцааг Р.К.Д-ын нэр дээрх хадгаламжийн дансанд буцааж шилжүүлэхийг “ҮЦТХТ” ХХК-д даалгах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Р.К.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг бүхий итгэмжлэлийг Ж.Э 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эх хэл дээр олгосон /4-р хх-62/, үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар гадаад хэл дээрх баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэсний дагуу орчуулж, хэрэгт хавсаргасан /3-р хх 285/. Дээрх итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхтэй байх ба өөрт олгогдсон эрхийн хүрээнд хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, энэ талаар бичгээр шүүхэд өгсөн.   

 

Шүүх хуралдаан даргалагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.-д зааснаар шүүх бүрэлдэхүүн болон оролцогчдыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад зохигч хэн аль нь татгалзах зүйлгүй гэж хариулсан атлаа хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х нь архивт хадгалагдаж байгаа хэрэгт үзлэгт хийлгэх хүсэлт гаргасан, хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч нь хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасныг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д заасны дагуу дээрх хүсэлтүүдийг даруй шийдвэрлэж, хангахгүй орхиж, шүүхийн тогтоол гаргасан.    

Гэтэл хүсэлтийг хангахгүй орхисонтой холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан ба татгалзан гаргах эрх дуусгавар болсон тул шүүх хуралдааныг дэгийн дагуу үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй ба хуулийн уг зохицуулалтад хамаарах үндэслэл үүсээгүй.

Харин энэ зүйлийн 92.2.-т “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн  даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Шүүх хэргийн оролцогчдоос шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар хэлэлцэхээс өмнө татгалзах үндэслэл байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч тал татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсан атлаа хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотойгоор татгалзсан нь “татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол” гэх үндэслэлд хамаарахгүй болно.

Өөрөөр хэлбэл шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай болно. Шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй юм. Иймээс шүүх хуралдааныг дэгийн дагуу үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч нь шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтээсээ татгалзсан болохоо илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хариуцагч “ТТ” ХК болон “ҮЦТХТ” ХХК-д холбогдуулан гаргасан Р.К.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь:

 Р.К.Д-ын өмчлөлд 10,231 ширхэг хувьцаа байсан талаар талууд маргаагүй бөгөөд тэрээр 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “ТТТ” ХХК-тай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 10,231 ширхэг хувьцааг 800,000 ам.доллараар худалдахаар харилцан тохиролцож, төлбөрийг 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бэлэн бусаар шилжүүлж, төлбөрийг шилжүүлмэгц багц хувьцааг өмчлөх эрх үл маргах журмаар худалдан авагчид шилжихээр харилцан тохиролцож, хэлцэл хийсэн байна. /1-р хх-68-71/

Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 186 дугаар тогтоолоор “ТТ” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 526,652 ширхэг хувьцааг нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52,665,200 ширхэг энгийн хувьцаанд хуваасан байна. /1-р хх 79/

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 816 тоот Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар ТХБ-ын нэхэмжлэлтэй, “ГУ” ХХК-д холбогдох зээлийн төлбөр 1,270,622,483 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын талаар зохигч эвлэрснийг баталж, ...“ТТ” ХК-ийн 11660 ширхэг хувьцаагаар... үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсоныг дурдаж шийдвэрлэжээ. /2р хх 33-35/. Мөн 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Р.К.Д-ээс Б.Д-д олгосон итгэмжлэлээр ТХБ-ын зээлийн барьцаанд байгаа “ТТ” ХК-ийн 10,231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлөх, захиран зарцуулах эрхийг олгож байсан /2-р хх-77-78/ байх ба дээрх баримтуудаас дүгнэхэд 816 дугаар шийдвэрт дурдагдсан хувьцаа нь 2010 оны Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр “ТТТ” ХХК-д шилжсэн хувьцаа, ТХБ-ын барьцаанд байсан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн “ТТТ” ХХК-иас 800,000 ам.доллар төлсөн талаар “ГУ” ХХК-ийн 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа чөлөөлүүлэх тухай 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 тоот Зээлийн төлбөрийг хойшлуулах тухай, “ТТТ” ХХК-ийн 2010 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/46, 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/49 албан бичиг, ТХБ-ын 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/1-2010-74 тоот албан бичгүүдээр дээрх нөхцөл байдал давхар нотлогдож байна гэж үзэхээр байна. /2-р хх-10-13, 83-85/     

Үүнээс хойш 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаж, шүүх гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж, удаа дараагийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон байна.

1.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1107 тоот шийдвэрээр “ТТТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТХБ-д холбогдох 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, “ТТ” ХК-ийн 10,231 ширхэг хувьцааг ТХБ-ын барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг /1-р хх 134-141/ Нийслэлийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 740 тоот магадлалаар өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 755 тоот тогтоолоор 1107 тоот шийдвэр, 740 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ /1-р хх-142-159/.  

2.Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 159 дүгээр шийдвэрээр Р.К.Д-ийн нэхэмжлэлтэй, “ТТТ” ХХК-д холбогдох 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасныг шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ТХБ нь гуравдагч этгээдээр оролцсон байна. Уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1-р хх-30-52/. Гэтэл Р.К.Д нь “ТТТ” ХХК-тай байгуулсан гэрээнээс үүдэн хохирсон зүйл байхгүй, гэрээний үүргээ зөрчсөн буруугаа ойлгож, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж байна” гэх агуулга бүхий хүсэлт /1-р хх 61-63/  гаргасны дагуу Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 542 тоот тогтоолоор нэхэмжлэгч Р.К.Д-г 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, 159 тоот шийдвэр, 181 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн /1-р хх-53-56/.

3. Тээвэр хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, “ТТТ” ХХК-д холбогдох 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг барьцаалагч ТХБ-ын зөвшөөрөлгүйгээр барьцаалсан гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага гаргасныг Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56.2.9, 162.1.2-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 405 тоот тогтоолоор 252 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /1-р хх 160-189/

4.”ТТТ” ХХК нь ТХБ-д холбогдуулан хувьцаа барьцаанаас чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хувьцаа өмчлөх эрх үүссэнийг тогтоолгох тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, хувьцаа барьцаанаас чөлөөлүүлж, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хувьцаа өмчлөх эрх үүссэнийг тогтоолгох шаардлага болгосон. Талууд өөрчилсөн шаардлагын хүрээнд эвлэрч, “ТТТ” ХХК, Р.К.Д нарын хооронд байгуулагдсан 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг ТХБ дэмжин зөвшөөрч, 10,231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлөх, хувьцааны өмчлөх эрх “ТТТ” ХХК-д үүсэх, гэрээний үнэ 800,000 ам доллар ТХБ-д төлөгдсөн гэж эвлэрлийн гэрээ байгуулсаныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2044 тоот шүүгчийн захирамжаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Түүнчлэн дээрх захирамжид Р.К.Д нь уг маргаанд оролцохгүй, эрх зөрчигдөхгүй гэсэн болохыг дурджээ./1-р хх-190-193/

5. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 432 тоот тогтоолоор Р.К.Д-ийн нэхэмжлэлтэй, Тээвэр хөгжлийн банкинд холбогдох ТХБ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй, “ГУ” ХХК-ийн бие даасан шаардлагатай хэргийг хянаад “ТХБ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолд Улсын дээд шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 405 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр бус гэж үзсэн “ТТТ” ХХК болон Р.К.Д-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар дэмжин зөвшөөрч, гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр байсныг хүлээн зөвшөөрсөн, “ТТТ” ХХК-иас 800,000 ам.доллар төлсөн тохиолдолд 10,231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлнө гэсэн агуулга тусгагдсан, ТХБ хожим нь Худалдах, худалдан авах хэлцэлд зөвшөөрөл олгосон нь хууль зөрчөөгүй, гэрээг хэлбэрийн шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болсон болохыг дүгнэсэн байна.”

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. 

Нэхэмжлэгч тал нь “ТТТ” ХХК-тай байгуулсан гэрээнээс Р.К.Д нь татгалзсан, гэрээний үнэ болох 800,000 ам.долларыг “ТТТ” ХХК-д буцаан шилжүүлж өгсөн тул ногдол ашгийг авах эрхтэй гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан.

Хэдийгээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 252 тоот шүүхийн шийдвэр болон Улсын дээд шүүхийн 405 тоот тогтоолоор 2010 оны Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн боловч ТХБ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 33-7-1 тоот тогтоолоор 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг дэмжин зөвшөөрч, гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр байсныг хүлээн зөвшөөрсөн болохыг хууль зөрчөөгүй гэж Улсын дээд шүүхийн 2016 оны 432 тоот тогтоолд дурдсан, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2044 тоот шүүгчийн захирамжаар 2010 оны Худалдах, худалдан авах гэрээг ТХБ дэмжин зөвшөөрч эвлэрснийг баталснаар талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ шүүхийн дээрх шийдвэрүүдийн дагуу одоо хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр байснаар нэхэмжлэгч Р.К.Д нь 1,023,100 ширхэг хувьцааны өмчлөгч биш болж, гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон 2010 оноос хойш хувьцаатай холбоотой аливаа эрхийг эдлэхгүй болсон байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д зааснаар үнэт цаасыг өөр этгээдэд шилжүүлснээр түүгээр гэрчлэгдэж байгаа эрх бүхэлдээ шилжинэ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь 2009 оны ногдол ашиг 562,705,000 төгрөгийг шаардах үндэслэлээ 2009 оны ногдол ашиг нь 2010 онд хуваарилагдсан тул хариуцагч “ТТ” ХК-иас шаардаж байна гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч Р.К.Д шүүхэд 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бичгээр гаргасан нэхэмжлэлдээ 2008-2009 онд хувьцааны ногдол ашгийг биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авсан, түүнээс хойш ногдол ашгийг аваагүй гэж дурдсан байх тул /1-р хх 1-2, 5-8/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй.  

Иймээс хариуцагч “ТТ” ХК, “ҮЦТХТ” ХХК-д холбогдох 2009 оны ногдол ашиг 562,705,000 төгрөг, 2010 оны ногдол ашиг 1,330,030,000 төгрөг, 2011 оны ногдол ашиг 1,399,600,800 төгрөг, 2012 оны ногдол ашиг 154,488,100 төгрөг, 2012 оны ногдол ашигт ногдох алданги 77,244,050 төгрөг, нийт 3,524,068,000 төгрөг гаргуулах,

нэхэмжлэгч Р.К.Д-ын өмчлөлд байсан “ТТ” ХК-ийн 1.023.100 ширхэг хувьцааг бусдад шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, эдгээр хувьцааг Р.К.Д-ын нэр дээрх хадгаламжийн дансанд буцааж шилжүүлэхийг “ҮЦТХТ” ХХК-д даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрүүд нь 2010 оны Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шаардлага нь хувьцааны ногдол ашиг, алданги, хувьцаа шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, хувьцааг буцаан шилжүүлэхтэй холбоотой буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөр байх тул хүчин төгөлдөр шийдвэртэй гэх үндэслэлээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагч “ТТ” ХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ТТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болно.  

Шүүх 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19142 тоот шүүгчийн захирамжаар “ҮЦТХТ” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компани хуваагдаж, “АТТ” ХХК, “ҮЦТХТ” ХХК болсон, уг компанийн дүрэм хэрэгт авагдсан, 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлага нь “ҮЦТХТ” ХХК-д холбогдсон байгааг дурдах нь зүйтэй.   

 

 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,674,343 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.6-д зааснаар “ТТ” ХК, “ҮЦТХТ” ХХК-д холбогдох 2009 оны ногдол ашиг 562,705,000 төгрөг, 2010 оны ногдол ашиг 1,330,030,000 төгрөг, 2011 оны ногдол ашиг 1,399,600,800 төгрөг, 2012 оны ногдол ашиг 154,488,100 төгрөг, 2012 оны ногдол ашигт ногдох алданги 77,244,050 төгрөг, нийт 3,524,068,000 төгрөг гаргуулах,

Р.К.Д-ын өмчлөлд байсан “Таван толгой” ХК-ийн 1.023.100 ширхэг хувьцааг бусдад шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, эдгээр хувьцааг Р.К.Д-ын нэр дээрх хадгаламжийн дансанд буцааж шилжүүлэхийг “ҮЦТХТ” ХХК-д даалгах тухай Р.К.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Р.К.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,674,343 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.НАРАНЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧИД                               И.АМАРТӨГС

 

                                                                                Х.ДАШДЭЧМАА