Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01383

 

 

 

 

 

 

 

 

 

Р.К.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/00518 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн Р.К.Д,

Хариуцагч “ҮЦТХТ” ХХК, Д.Б, “Т” ХК-д холбогдох,

2009 оны ногдол ашиг 562 705 000 төгрөг, 2010 оны ногдол ашиг 1 330 030 000 төгрөг, 2011 оны ногдол ашиг 1 399 600 800 төгрөг, 2012 оны ногдол ашиг 154 488 100 төгрөг, 2012 оны ногдол ашигт ногдох алданги 77 244 050 төгрөг, нийт 3 524 068 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Р.К.Д-ийн өмчлөлд байсан “Т” ХК-ийн 1.023.100 ширхэг хувьцааг бусдад шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, эдгээр хувьцааг Р.К.Д-ийн нэр дээрх хадгаламжийн дансанд буцааж шилжүүлэхийг “ҮЦТХТ” ХХК-д даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, Х.Цогтсайхан,

Хариуцагч “ҮЦТХТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамъяндорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Р.К.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын иргэн К.Д.Р нь “Т” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааг эзэмшдэг бөгөөд Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу “ҮЦТХТ” ХХК-д бүртгүүлж, харилцах данс нээлгэсэн. 2008-2009 онд хувьцааны ногдол ашиг болох 408 307 915 төгрөгийг өөрийн биеэр болон итгэмжилсэн төлөөлөгч М.Буяннэмэхээр дамжуулан авсан ба түүнээс хойш тус компаниас ногдол ашиг аваагүй.

2010-2013 онд хуваарилсан ногдол ашгийг авахыг хүсч "ҮЦТТТХТ ХХК-д удаа дараа хандаж байсан боловч томоохон дүнтэй ногдол ашгийг тус төвд шилжүүлдэггүй, харин жижиг дүнтэйг шилжүүлдэг гэх тайлбарыг өгсөн. Ногдол ашгийн асуудлаар Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гомдол гаргасан бөгөөд уул гомдлын мөрөөр тус Хорооноос шалгалт явуулж, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн 5/4109 дугаар албан бичгээр миний нэр дээр 2010 онд 1 341 730 000 төгрөг, 2011 онд 1 411 912 800 төгрөг, 2012 оны 155 847 100 төгрөгийн ногдол ашиг хуваарилагдсаныг компани өөр хүнд олгосон байх ба харин 2013 оны ногдол ашиг болох 790 588 600 төгрөг хуваарилагдаагүй, компани дээрээ хадгалагдаж байгаа нь тодорхой болсон. 2009 оны жилийн эцсийн ногдол ашиг болох 562 705 000 төгрөг, 2010 оны жилийн эцсээр хуваарилсан ногдол ашиг 1 330 030 000 төгрөг, 2011 оны жилийн эцсээр хуваарилсан ногдол ашиг 1 399 600 800 төгрөг, 2012 оны жилийн эцсээр хуваарилсан ногдол ашиг 154 488 100 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Энэ хэрэгт шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20265 (20266) дугаартай захирамж гарч Романовскийн нэр дээр бүртгэлтэй “Т” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцаатай холбоотой хөдөлгөөнийг зогсоож, хэргийг шийдвэрлэх хүртэл бусдад шилжүүлэн бүртгэхгүй байхыг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д даалгажээ. Гэтэл энэ хэргийн хариуцагчаар эрх залгамжлан оролцож байгаа “ҮЦТХТ” ХХК бусад хариуцагч, гуравдагч этгээдтэй хуйвалдан дээрх хувьцааг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төвлөрсөн хадгаламжийн 61-85 бүртгэлээр “ТТТ” ХХК-д шилжүүлжээ. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлд байсан “Т” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааг бусдад шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, эдгээр хувьцааг К.Д.Романовскийн нэр дээрх хадгаламжийн дансанд буцааж шилжүүлэхийг “ҮЦТХТ” ХХК-д даалгах шаардлага гаргаж байна. Д.Б нь Романовский К.Д-д хуваарилсан ногдол ашгийг банк дахь өөрийн дансанд шилжүүлэн авч байсан нь “Т” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой тул нэхэмжилж буй ногдол ашиг, хууль, гэрээнд заасан алданги нь “Т” ХК-д хамааралтай. Үүнээс үүдэн Д.Б-ийг хамтран хариуцагчаар оролцуулсан шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч “ҮЦТХТ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.К.Д нь 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дугаар захирамж гарч, дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу “Т транс” ХХК-д “Т” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааны өмчлөх эрх үүссэн. Улсын дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 432 дугаар тогтоолоор дээрх гэрээг хүчин төгөлдөр болохыг баталж, Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчинтэй хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу ОХУ-ын иргэн Р.К.Д-ийн төвлөрсөн хадгаламжийн дансан дахь “Т” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 1/35957 албан тоот, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 1/38050 албан тоотуудын дагуу тухайн үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 304 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх заалтуудын дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Т транс” ХХК-д албадан шилжүүлсэн гэжээ.

Хариуцагч “Т” ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К.Д.Р нь “Т транс” ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан хувьцаагаа худалдсан бөгөөд үүнээс үүссэн, К.Д.Р-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 542 дугаар тогтоол гарч хүчин төгөлдөр болсон. Уг тогтоолд К.Д.Р нь 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээсээ татгалзсан.

Р.К.Д нь 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээсээ татгалзсан талаар дээд шүүхийн тогтоол гарснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Хувьцаа худалдах гэрээгээр өмчлөх эрхээ шилжсэнийг шүүхийн өмнө зөвшөөрсөн худалдагч К.Д.Р өмчлөгчийн эрх буюу ногдол ашиг авах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлыг дахин тогтоохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхнасан нь шүүх хуралдааны явцад Д.Б-д холбогдуулан гаргасан шаардлага байхгүй, шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдаанд гаргасан бүх хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуульд заасан журмын дагуу ногдол ашиг авахаар нэхэмжлэл гаргасан боловч ногдол ашиг авах эрхгүй юм. Учир нь К.Д.Р “ТТТ” ХХК-ийн хооронд 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Т ХК-ийн 10231 ширхэг /1 023 000/ хувьцааг худалдах, худалдан авах гэрээний маргаан буюу энэ үйл баримтыг шүүх шийдвэрлэснээр тогтоогдсон юм.

Ногдол ашиг авах эрх нь хувьцаа эзэмших эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд хувьцаа эзэмших эрх, ногдол ашиг авах эрхийг зохицуулсан гэрээ нь бүхэлдээ маргааны зүйл болох тул шүүх гэрээний зүйл, заалт бүрээр хэргийг шийдвэрлэх боломжгүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг бүхэлд нь хянах, тал бүрээс нь бодитой, шуурхай шийдвэрлэх, шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх зарчмуудыг алдагдуулна. К.Д.Р дээрх гэрээг байгуулаагүй байхад “Т” ХК ногдол ашгийг нь зохих журмын дагуу өгөхгүй байсан бол энэ нэхэмжлэлийг гаргаж болох байсан, харин 2010 онд гэрээ байгуулан үүрэг хүлээсэн түүний хувьд шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар ийнхүү нэхэмжлэх нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй юм.

Мөн К.Д.Р 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс үүсэх шаардах эрхээ бүрэн хэрэгжүүлсэн тул ногдол ашиг авахаар маргах эрхгүй. К.Д.Р хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг нь дээрх гэрээний үүрэг хүлээснээр дуусгавар болсон нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон тул “Т” ХК, “ҮЦТХТ” ХХК түүний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаагүй байна. 2011 онд ТТТ ХХК нь Чингэлтэй дүүргийн шүүхэд 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэх явцад К.Д.Р Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган, өөр хэрэг үүссэн гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хан-Уул дүүргийн шүүх дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах Р.К.Д-н нэхэмжлэл бүхий хэргийг шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 542 дугаар тогтоолоор К.Д.Р гэрээ хүчин төгөлдөр болохыг зөвшөөрч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан. Ингэснээр тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар дахин маргах эрхгүй болсон юм. “ТТТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Тээвэр хөгжлийн банкинд холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дугаар захирамж гарч, хүчин төгөлдөр болсон. 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр К.Д.Р-н өмчлөх эрх дуусгавар болсныг шүүх тогтоосон тул тэрээр Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлэхгүй, үүнээс үүсэх аливаа шаардлагыг өөр этгээдэд холбогдуулан гаргах эрхгүй байна.

“ТТТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2100 дугаар захирамж гарч, К.Д.Р-н Т ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааг битүүмжилснээр түүний хувьцаатай холбоотой бүхий л эрхийг хязгаарласан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ТХ банкХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Т транс” ХХК-тай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаад хувьцааны эзэмших эрхийг “Т транс” ХХК-д шилжүүлсэн. Тийм учраас ногдол ашиг хуваарилахыг даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Хан-Уул дүүргийн шүүхэд Романовский 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181 тоот магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хэрэг Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед Романовский 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзаж Улсын дээд шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 542 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийм учраас нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас буюу хувьцааг эзэмшихээс татгалзаад шилжүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.6 дахь хэсэгт зааснаар “Т” ХК, “ҮЦТХТ” ХХК-д холбогдох 2009 оны ногдол ашиг 562 705 000 төгрөг, 2010 оны ногдол ашиг 1 330 030 000 төгрөг, 2011 оны ногдол ашиг 1 399 600 800 төгрөг, 2012 оны ногдол ашиг 154 488 100 төгрөг, 2012 оны ногдол ашигт ногдох алданги 77 244 050 төгрөг, нийт 3 524 068 000 төгрөг гаргуулах,

Р.К.Дийн өмчлөлд байсан “Т” ХК-ийн 1.023.100 ширхэг хувьцааг бусдад шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, эдгээр хувьцааг Р.К.Д-ийн нэр дээрх хадгаламжийн дансанд буцааж шилжүүлэхийг “ҮЦТХТ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Р.К.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхнасан нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 674 343 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2006 оноос ОХУ-ын иргэн К.Д.Р Монгол Улсын аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийж “Т” ХК-ийн 1 023 100 ширхэг хувьцааг худалдан авч эзэмшиж ирсэн ба 2008 онд бизнесээ өргөжүүлэхийн тулд зохих хууль тогтоомж, гэрээ хэлцлийн үндсэн дээр уг хувьцааг Тээвэр хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан бөгөөд энэхүү зээл болон барьцаатай холбоотой асуудлаар 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүгчийн 816 дугаартай хувьцааг зээлийн төлбөрийн хэрэгсэл болгосон шүүгчийн захирамж гарсан байдаг. Дээрх банкнаас авсан зээлийн төлбөрийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийн тулд тухайн үед хувьцаа эзэмшигч К.Д.Р зээлийг төлж барагдуулах үүднээс 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Т транс” ХХК-тай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж хувьцаагаа худалдах гэсэн боловч зээлдэгч тал болох ТХ банк энэхүү гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шүүхэд хандаж маргасан учраас Т ХК-ийн зүгээс тус банкны удирдлагад эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулсан үйл ажиллагаа болон шүүхийн маргаан ар араасаа өрнөж тодорхой хугацааны дараа эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болж хаагдаж, харин банкны зээлийн барьцаанд байсан хувьцааг бусдад шилжүүлэх гэсэн асуудал хүчин төгөлдөр бус хэлцэл гэж Хан-Уул дүүргийн шүүхээс 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 252 дугаартай шийдвэр гарч 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн УДШ-н 405 тогтоолоор баталгаажиж хуулийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр гарсан байдаг. Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр болон 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Т транс” ХХК болон ТХ банкны хооронд “Говь урал” ХХК-ийн зээлийн барьцаанд байсан хувьцааг тухайн зээл барьцаанд огт хамааралгүй хөндлөнгийн компанид банкны зүгээс барьцааг чөлөөлж эвлэрлийн гэрээ гэсэн зохиомол 2 ширхэг дүр үзүүлсэн баримт үйлдэгдэж үүнийгээ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхээс 2044 захирамжаар баталгаажуулсан гэх илт хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдсаны үр дүнд “Т транс” ХХК нь хувьцааны өмчлөгч болж хувирдаг бөгөөд тухайн үед 5-6 тэрбум төгрөгийн үнэтэй байсан хувьцаа 800 000 ам.доллараар худалдагдсан мэт болж харин Р.К.Д-н хувьд хувьцаагүй болж үлддэг нөхцөл байдал нь шүүхээр хянан хэлэлцэх явцад илэрсэн бөгөөд 2014 оны 02 дугаар сард 800 000 ам.доллар төлсөн санхүүгийн баримт нотолгоо огт байхгүй байгаа бөгөөд энэхүү төлбөрийн хэрэгсэл баримт хаана ч байхгүй байгааг анхан шатны шүүх өөрсдийн үзэмжээр төлөгдсөн мэтээр мушгин тайлбарладаг боловч гуравдагч этгээд болох Тээвэр хөгжлийн банкны дансанд огт ороогүй гэдэг буюу төлбөр огт төлөгдөөгүй байхад болон үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг биржийн арилжааны бус хэлцлээр шилжүүлэхийг хориглосон Санхүүгийн Зохицуулах хорооны шийдвэрийг давхар зөрчсөн явдлыг шүүх зөнд нь орхиж шийдвэрлэж байгаа нь зохих хууль тогтоомж зөрчин нэхэмжлэгчийг давхар хохироосон шийдвэр гэж үзэж байна.

            Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой маргаантай холбоотойгоор урьд нь олон шатны шүүхийн шийдвэрүүд гарч байсан бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Улсын дээд шүүхийн 755 тогтоол гарч байсан ба “Т транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Тээвэр хөгжлийн банк”-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг бөгөөд энэ маргаанд хувьцаа эзэмшигч Р.К.Д гуравдагч этгээдээр оролцож байсан боловч энэхүү хэргийг хэзээ шийдсэн талаарх асуудлыг тодруулахыг нэхэмжлэгч талын зүгээс хүссэн боловч шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг зориуд хэрэгсэхгүй болгосон явдал нь шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг харахыг ч хүсээгүй гэдэг нь нэг талаар хэргийн бүрдлийг хангаагүй нөгөө талаар Улсын дээд шүүхийн шийдвэрт тусгасан дүгнэлт тайлбарыг хэрэгжүүлэхээс татгалзсан санаатай хууль бус үйл ажиллагаа байсан ба бидэнд олдсон мэдээллээр бол 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүгчийн захирамж гарсан буюу 6 хоногийн дараа дахин 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 5710 дугаартай бас нэг захирамж гарсан байдаг. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн 19142 дугаартай шүүгчийн захирамж гарч 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20265 дугаартай хувьцаатай холбоотой хөдөлгөөнийг зогсоож, энэхүү хэргийг шийдвэрлэх хүртэл бусдад шилжүүлэн бүртгэхгүй байхыг даалгасан шүүгчийн захирамж гарсан бөгөөд “Т” ХК-ийн нийт хувьцааны 1.94 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын иргэн К.Д.Р-н өмчлөлийн хувьцаанд 2009-2013 онуудад олгосон ноогдол ашгийг түүнд олгоогүй явдал нь нэг талаар Компанийн тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа ба нөгөө талаар түүний нэр дээр бүртгэлтэй хувьцаанаас олгогдох ёстой байсан орлогыг бусдад олгосон явдал нь нэхэмжлэлд дурдагдсан зарим нэг хариуцагч нарын илт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийн нотолгоо буюу зээлийн барьцаанд байсан хувьцааны ноогдол ашгийг олгох ёстой хүнд нь хувьцаа битүүмжлэгдсэн, барьцаалагдсан гэж тайлбарлаж байгаа мөртлөө өөр бусад этгээдэд олгож болдог нөхцөл байдал шүүхээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой баримтаар илэрч тогтоогдсон бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг зөрчиж түүнийг хохироосон үйл явдал нь нэг талаар шүүхийн шийдвэрийг зохих байгууллага, хуулийн этгээд нар огт огт биелүүлдэггүй, нөгөө талаар гуравдагч этгээд болох “Т транс” ХХК-д давуу байдал олгож, түүний эзэмшилд шууд шилжүүлдэг үйл ажиллагааг анхан шатны шүүх зөвтгөж байгаа нь илт нэг талд үйлчилсний нотолгоо гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хэрэгт цугларсан хөдлөшгүй нотлох баримтуудаар нэхэмжлэгч К.Д.Р нь “Т” ХХК-ийн 1 023 100 ширхэг хувьцааны хууль ёсны эзэмшигч байсан гэдэг нь тодорхой бөгөөд 2009-2012 онуудад тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ноогдол ашгийг хуваарилах тухай хурлын тогтоол, нэрсийн жагсаалт, ноогдол ашиг тараах гэрээ зэрэг баримтуудаар тухайн жилийн ноогдол ашгийг нэр заасан хувьцаа эзэмшигчид олгох тухай хангалттай тогтоогдож Компанийн тухай хуулийн дагуу зөвхөн хувьцаа эзэмшигч К.Д.Р-д хуулиараа төлөгдөх ёстой байтал шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа явдал нь нэг талаар хуулийн хүчин төгөлдөр Улсын дээд шүүхийн 405 дугаар тогтоолыг зөрчиж хэрэгжүүлээгүй буюу нөгөө талаар Санхүүгийн зохицуулах хорооны 12 тогтоолд дурдсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг биржийн арилжааны бус хэлцлээр худалдахтай холбоотой харилцааг хориглосон явдлыг үл тоомсорлоод зогсохгүй 2014 онд шүүгчийн захирамжаар болон шүүхийн бүрэлдэхүүнтэй шийдвэрээр хувьцааг битүүмжилсэн байхад 2016 онд тус компани нь бусдад шилжүүлж шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн хариуцагчийн хууль бус үйлдлийг ор тас мартан хууль болон шүүхийн шийдвэрийг зөрчин хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэж байгаа энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэдгийн тод жишээ билээ.

2014 оны 816 дугаар шүүхийн шийдвэртэй үүргийн биелэлтийг хангах ёстой байсан хувьцааг нь зээлийн барьцаанаас сулласан, 2014 онд хувьцааг шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байхад зарим нэг нэгдмэл сонирхолтой субьектууд нарийн зохион байгуулалттай үгсэн тохирч хуйвалдан, бусдын өмчлөлийн хувьцааг нэг ч төлбөр төлөхгүйгээр үнэ төлбөргүйгээр зарж бие биендээ шилжүүлээд авчихдаг, болсон үйл явдлыг мушгин гуйвуулж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж маргааныг шийдсэн алдаатай буруу шийдвэрийг давж заалдах шатны шүүх анхаарах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Р.К.Д нь хариуцагч “Т” ХК, болон Д.Б-д холбогдуулан 1 023 100 ширхэг хувьцааны 2009 оны ногдол ашиг 562 705 000 төгрөг, 2010 оны ногдол ашиг 1 330 030 000 төгрөг, 2011 оны ногдол ашиг 1 399 600 800 төгрөг, 2012 оны ногдол ашиг 154 488 100 төгрөг, 2012 оны ногдол ашигт ногдох алданги 77 244 050 төгрөг, нийт 3 524 068 000 төгрөгийг гаргуулах, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д холбогдуулан Т ХК-ийн 1 023 100 ширхэг хувьцааг бусдад шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, хувьцааг Р.К.Д-д буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Б-д холбогдуулсан шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар Т ХК-ийн 1 023 100 ш хувьцааны хууль ёсоор эзэмшигч нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд /ҮЦТТТХТ гэх/ бүртгүүлсэн, хуулийн дагуу баталгаажсан хувьцааны ногдол ашгийг мөн хуулийн 467 дугаар зүйлийн 467.7.2, 468 дугаар зүйлийн 468.8 дахь хэсэгт зааснаар үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг гагцхүү түүнд нэр заасан этгээд эдэлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж байсан 10 231 багц буюу 1 023 100 ширхэг хувьцаагаа Тээвэр хөгжлийн банкнаас зээлсэн 800 000 ам. долларын зээлийн барьцаанд барьцаалсан, улмаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар захирамжаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох хувьцаагаар хангахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсан, шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь дурдсан зээлийн төлбөрийг төлөхийн тулд 2010 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр дээрх Т ХК-ийн 1 023 100 ширхэг хувьцаагаа Т транс ХХК-д худалдсан гэж тайлбарласан ба уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан, уг татгалзлыг баталсан Улсын Дээд шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 542 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.7 дахь хэсэгт зааснаар зөвшөөрлийн үнэт цаасыг шилжүүлж байгаа этгээд түүний хүчин төгөлдөр байдал болон эрх шилжүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх 2010 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж буй хувьцааны хүчин төгөлдөр байдал болон эрх шилжүүлэх үүрэг хүлээсэн этгээд нь нэхэмжлэгч буюу худалдагч тал байна. Гэвч хувьцаагаа худалдсан Романовский К.Д нь дээрх байдлаар гэрээ хүчин төгөлдөр болохыг зөвшөөрсөн, маргах эрхгүй атлаа Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.7 дахь хэсэгт зааснаар эрхээ шилжүүлээгүй, хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй байна. Иймд үүрэг зөрчсөн худалдагч талыг хувьцааны хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь “Т транс” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсан, гэрээний үнэ болох 800 000 ам.долларыг тус компанийн дансанд буцаан шилжүүлсэн гэж тайлбарлан 800 000 ам.долларыг гуравдагч этгээд “Т транс” ХХК-ийн ХХБ дахь дансанд 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн гэх боловч гэрээнээс татгалзах саналыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан журмаар нөгөө талд мэдэгдсэн баримтгүй, харин Т транс ХХК нь Тээвэр хөгжлийн банкинд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, худалдах, худалдан авах гэрээний биелэлтийг хангуулах, 10 231 хувьцааг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардсаныг анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 1107 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 740 дүгээр магадлал, хяналтын шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 755 дугаар тогтоолоор хянаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байснаас үзвэл  худалдан авагч буюу санал гаргаагүй тал нь хугацаа тогтоох хуульд заасан журам хэрэгжээгүй, мөн хуулийн 204.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

Иймд хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэдгээ бодит үйлдлээр илэрхийлсэн байхад шүүх уг баримтыг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, хувьцаа худалдах, худалдан авах 2010 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг зөвшөөрч талууд гарын үсэг зурснаас хойш 1 023 100 ширхэг хувьцаатай холбоотой эдлэх аливаа эрхийг алдсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах болон ногдол ашгийг өгөөгүйгээс учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах  мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

ТХ банкны нэхэмжлэлтэй Т транс ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 405 дугаар тогтоолоор 2010 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч барьцаалагч Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 дүгээр тогтоолоор 2010 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг дэмжин зөвшөөрсөн нь анхнаасаа уг гэрээг хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрсөн, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн Улсын Дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 432 дугаар тогтоол хэрэгт авагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн 2010 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон УДШ-ийн 405 дугаар тогтоолыг шүүх үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны уг үйл баримтыг дахин нотлохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөрчихгүй.

Дээрх үндэслэлүүдээр Т ХК-ийн 1 203 100 ширхэг хувьцааны 2009-2012 оны ногдол ашиг, алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд харин шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.6 дахь заалтыг баримталсан нь оновчгүй байгааг зөвтгөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон агуулга бүхий өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Гуравдагч этгээд Т транс ХХК нь ТХ банканд холбогдуулан хувьцаа барьцаанаас чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хувьцааг өмчлөх эрх үүссэнийг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрсэн, талууд эвлэрлийн гэрээнд Романовский К.Д, Т транс ХХК нарын хооронд 2010 оны 2 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээг ТХ банк дэмжин зөвшөөрч, 10 231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлөх, хувьцааны өмчлөх эрх Т транс ХХК-д үүсэх, гэрээний үнэ 800 000 ам.доллар төлөгдсөн гэж заасан ба зохигчдын эвлэрлийг баталсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дүгээр захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон, уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10548 дугаар захирамж, мөн өдрийн 442 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн нь хэрэгт авагджээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, түүнийг үндэслэн гарсан шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг биелүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны удаа дараагийн шаардлагаар Р.К.Д-ийн нэр дээр бүртгэлтэй байсан 1023 100 ширхэг хувьцааг Т транс ХХК-д шилжүүлсэн  ҮЦТТТХТөвийн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Шүүгч И.Амартөгсийн нарийн бичгийн дарга байхдаа оролцсон Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны 2011 оны 11 дүгээр 24-ний өдрийн хуралдаанаар Т транс ХХК-ийн нэхэмжлэлтэй Тээвэр хөгжлийн банканд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн, энэ хэргээс өөр хэрэг байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй, шүүгч татгалзан гарах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/00518 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.6-д зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 674 343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ