Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 44

 

А.Хид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Шүүгдэгч А.Х

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШТ/19 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурорын 19 дүгээр эсэргүүцлээр А.Хид холбогдох эрүүгийн 1814004070265 дугаар хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А.Х, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяагүй, урьд 2015 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2016 оны 12 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2018 оны 10 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн 2019 оны 4 дүгээр сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

А.Х нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу унины модоор иргэн О.Оийн баруун нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах 3 дугаар халуун усны гадаа тавьсан байсан иргэн Т.Сийн мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                   

Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Хид хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д, бусдын мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот тогтоолд:

…шүүгдэгч А.Х нь урьд нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 255 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нь уг ялыг эдэлсэн эсэх, эсхүл уг ялаас зайлсхийсэн эсэх талаар хавтаст хэрэгт холбогдох нотлох баримтыг хавсаргаагүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэж, өмнөх оногдуулсан ялыг нэмж нэгтгэх эсхүл тусад нь эдлүүлэх талаар шийтгэх тогтоолд зааж шийдвэрлэх боломжгүй гэж үзээд, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр Баянхонгор аймгийн прокурорт буцааж шийдвэрлэлээ гэжээ.

Прокурор Э.Гантулга гаргасан 19 дүгээр эсэргүүцэлдээ: ...А.Х нь анхан шатны шүүхийн 2018 он 10 сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ. Шүүхээс шүүгдэгч А.Хтэй хамт ял шийтгүүлсэн Б.Аын ялыг эдлүүлэхээр 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх баримт бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн бөгөөд А.Хийн ялыг эдлүүлэх талаар гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлээгүй байна. Иймд А.Х нь ялыг эдлээгүй байх бөгөөд түүнийг ялаас зайлсхийсэн гэж үзэх үндэслэл байхгүй байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ; Хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломж хуульд байгаа тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

А.Х нь Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 270 тоот тогтоолоор А.Хийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу унины модоор иргэн О.Оийн баруун нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 1814004070265 тоот эрүүгийн хэргийг,

 Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 264 тоот тогтоолоор А.Хийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах 3 дугаар халуун усны гадаа тавьсан байсан иргэн Т.Сийн мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 1814000000259 тоот хэрэгт Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 тоот тогтоолоор нэгтгэж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллах дүгнэлт үйлджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 64-65,172, 101, 122-123,177 дугаар тал/

Гэтэл А.Х нь Б.Нтай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор сумын 3-11-34 тоот хашаанаас М.Эы эзэмшлийн 5-20 БНЗ улсын дугаартай UB-175 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.850.000 төгрөгийн хохирол, Б.Н, М.С, Б.А, Н.Ш нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Баянхонгор сумын 7-16-71 тоот хашаанаас Т.Пийн эзэмшлийн 8 тооны мал хулгайлж 320.000 төгрөгийн хохирол, Б.Атай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3-1-02 тоот хашаанд Ц.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 255 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт тус тус зааснаар тус тус 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна./ 2 дугаар хавтаст хэргийн 239-250 дугаар тал/

Мөн А.Х нь Т.Гтэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Завсарын булаг гэх газарт байх Т.Жийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйл хулгайлан 470.000 төгрөгийн хохирол, А.Х нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг Завсарын булаг гэх газарт байх Т.Жийн гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар монетон ээмэг,бөгж хулгайлж 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгэээр сарын 03-ны өдрийн 94 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн бичлэн эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна./ 2 дугаар хавтаст хэргийн 108-118 дугаар тал/

Шүүгдэгч А.Хийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу унины модоор иргэн О.Оийн баруун нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах 3 дугаар халуун усны гадаа тавьсан байсан иргэн Т.Сийн мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үйлдлүүдийг нэг мөр нэг шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэх байтал хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болох бөгөөд тэдгээрийг хэрхэн нэмж нэгтгэх талаар одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуульд зохицуулалтгүй, шүүгдэгч А.Хид анхан шатны шүүхээс Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг хэрхэн эдлүүлэх нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн Дөчин есдүгээр бүлэг буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл байгаа эсэх, А.Хид холбогдох хэргийг шүүхээс шийдвэр гарах үед мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан болон хөнгөн, хүнд ялтай хуулийн зүйл, хэсэг, заалтыг хэрхэн хэрэглэх зэргийг сайтар хянан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгч А.Хийн эрх зүйн байдалд нөлөөлөх байдлыг харгалзалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолоор А.Хид 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шийдвэрт анхан шатны шүүх гүйцэтгэх баримт бичиг бичсэн, хүргүүлсэн болон уг ялыг биечлэн эдэлсэн эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүгдэгч А.Х нь уг ялыг эдлээгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болохыг дурдах нь зүйтэй юм.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШТ/19 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                              Б. БОЛОР-ЭРДЭНЭ