Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 00060

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багийн 214-р байранд оршин суух, регистр ЕЙ67031506, Сартуул овогтой Батжаргалын Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 54-р байрны 38 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ХД85120300, Халх овогтой Мандуулын Мөнхзулд холбогдох орон сууц хөлслөх гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 421 070 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундраа, хариуцагч М.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзагпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундраа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 01-р сард Хан-Уул дүүргийн 15-р хорооны Хурд хотхоны 5А байрны 46 тоот байрыг 1 жилийн хугацаанд түрээслэж амьдрахаар М.Мөнхзултай гэрээ хийсэн. Түрээслэж байх үедээ гэрээний үүргээ биелүүлж, ямар нэгэн зөрчил гаргаагүй. Байрнаас гарахдаа 20 хоногийн өмнө түрээслүүлэгчид мэдэгдэнэ гэсэн боловч би 1 сарын өмнө М.Мөнхзул эгчид мессеж хэлбэрээр мэдэгдсэн. Одоо би гэрээний 5-р зүйлийн 5.8 дахь заалтын дагуу амьдраагүй хоногийнхоо мөнгийг авъя гэтэл М.Мөнхзул өгөхгүй гэсэн. Надад дараагийн хөлслүүлэгчийг олох хугацаа олгоогүй гэж хариуцагч тайлбарладаг. Би сарын өмнө мессежээр байрнаасаа гарах тухайгаа мэдэгдсэн. Байрнаасаа гарахдаа байраа хүлээлгэж өгөх гэтэл М.Мөнхзул завгүй гэх шалтгаанаар 2 өдрийн дараа байраа хүлээж авсан байгаа. Байр хүлээлгэж өгөхөд М.Мөнхзул сэтгэл хангалуун, баярлалаа гэж хэлээд байраа хүлээж авсан. Миний бие 2018 оны 10-р сарын 21-ний өдөр байраа хүлээлгэж өгч нүүсэн. Ингээд 2018 оны 10-р сарын 21-ний өдрөөс 2018 оны 11-р сарын 05-ны өдөр хүртэлх 15 хоногийн түрээсийн төлбөр 350 000 төгрөг, байрны халаалтын илүү төлөлт 13 127 төгрөг, цахилгааны төлбөрийн илүү төлөлт 7243 төгрөг, ариун цэврийн гэрлийн засварт 25 000 төгрөг, цэвэр усны тоолуурын баталгаажилтын төлбөрт 25 000 төгрөг, нийт 421 070 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч М.Мөнхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны Хурд хотхоны 5А байрны 46 тоот байрыг түрээслэхээр болж, уг байрыг анх 2018 оны 01-р сарын 05-ны өдөр Б.Ундраад түрээсэлсэн. Би байраа түрээслэхдээ 3 сараар байрныхаа түрээсийн мөнгийг авна гэсэн боловч Б.Ундраагийн ээж Н.Оюунчимэг би сар сард нь төлбөрийг чинь өгье гэхээр нь би зөвшөөрч, байраа түрээсэлсэн. Тэгээд Н.Оюунчимэг түрээсийн төлбөрөө цагт нь өгөөгүй учраас дараагийн сараас нь би Н.Оюунчимэгтэй нотариат дээр очиж гэрээ хийсэн. Хэрвээ та байрныхаа түрээсийн хугацааг сунгах эсвэл байрнаасаа гарах болсон ямар ч тохиолдолд надад 1 сарын өмнө мэдэгдээрэй, сарын өмнө мэдэгдэж байж би дараагийнхаа түрээслэгчийг олдог гэж хэлсэн. Түрээсийн төлбөрийн илүү 350 000 төгрөгийг би огт хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 5-р зүйлийн 5.4 дэх хэсэгт хөлслөгч ямар нэгэн шалтгааны улмаас гэрээг хугацаанаасаа өмнө цуцлахаар бол дараагийн хөлслөгчийг олох боломжит хугацаа өгөх үүднээс 20 хоногийн өмнө хөлслүүлэгч талд бичгээр мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг хоногоор нь тооцож хөлслүүлэгчээс авч болно гэж заасан байгаа. Надад бичгээр мэдэгдэл өгч, зөвшилцөөгүй. Эхний мессеж нь 2018 оны 10-р сарын 05-ны өдөр надад ирсэн, энэ өдөр төлбөрөө шилжүүлсэн байхаар нь дараагийн сар буюу 2018 оны 11-р сарын 05-ны өдөр байрнаасаа гарах юм байна гэж ойлгосон. Тэгээд би гэрээнийхээ дагуу зараа өгч эхэлсэн. Гэтэл 2018 оны 10-р сарын 22-ны өдөр ...би өчигдөр буюу 2018 оны 10-р сарын 21-ний өдөр байрнаасаа гарсан, хэзээ тооцоо нийлж, байраа хүлээлгэж өгөх үү...гэсэн мессеж явуулсан байсан. Байраа надад хүлээлгэж өгөөгүй. Мөн Б.Ундраагийн ээж нь надтай зүй бусаар харьцдаг. Надад байрнаасаа гарахдаа мэдэгдэж, зөвшилцөөгүй байж түрээсийн илүү төлбөр 350 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Байр халаалтын хөлсний илүү төлбөр 13 127 төгрөг, цахилгааны төлбөр 7 243 төгрөг, ариун цэврийн өрөөний монтажны төлбөр зэргийг би төлөхгүй. Харин цэвэр усны тоолуур баталгаажуулсны төлбөр 25 000 төгрөгийг би төлнө. Гэрээний 5-р зүйлийн 5.8 дахь хэсэгт хэрэв хөлслөгчөөс шалтгаангүйгээр тус байрны цахилгаан болон сантехникийн угсралттай холбоотой гэмтэл, доголдол илэрсэн үед хөлслүүлэгч нь уг доголдлыг арилгах үүргээ биелүүлэх, саад болж байвал нэмэлт засвар үйлчилгээ хийж, гаргасан зардлыг баримтжуулан хөлслүүлэгчээс гаргуулах авах эрх үүрэгтэй гэж байгаа болохоор цэвэр усны тоолуурын баталгаажилтын төлбөр 25 000 төгрөгийг төлнө. Бусад төлбөрийг төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь М.Мөнхзулд холбогдох орон сууц хөлслөх гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 421 070 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 25 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын бүртгэлийн Ү-2206017162 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш, 5-р байрны А блокийн 46 тоот 2 өрөө сууцны өмчлөгч М.Мөнхзул нь 2018 оны 01-р сарын 24-ний өдөр Б.Оюунчимэгтэй Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, тухайн сууцыг 2017 оны 11-р сарын 05-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хөлслүүлэх, хөлслөгч сард 700 000 төгрөгний хөлс төлөхөөр /хх 4-5/ тохирчээ.

 

Хөлслөгч нь тухайн байранд 2017 оны 11-р сараас амьдарсан, харин гэрээгээ цуцалж 2018 оны 10-р сарын 21-нд байрнаасаа гарсан тул 11-р сарын 5-ныг хүртэлх амьдраагүй хугацааны төлбөр 350 000 төгрөг, бусад зардлыг гаргуулахаар маргасан бол харин хариуцагч нь цэвэр усны тоолуур баталгаажуулсны зардал 25 000 төгрөгийг зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хөлслөгч нь 2018 оны 10-р сарын 05-ны өдөр 2018 оны 11-р сарын 05-ныг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 700 000 төгрөг төлсөн, энэ талаар талууд маргаагүй бөгөөд 2018 оны 11-р сарын 05-нд гэрээний хугацаа дуусахаар байна.

 

Харин хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 10-р сарын 21-нд байрнаас гарсан нь Иргэний хуулийн 289-р зүйлийн 289.2.4-т заасан хөлслөгч гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах эрхтэй гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна.

 

Нөгөө талаас, дараа сарын 5-нд байрнаасаа гарах болсон гэж мэдэгдсэн нь цаашид гэрээг сунгахгүй, гэрээний хугацаа дуусч байгааг мэдэгдсэн гэж үзнэ.

 

Хөлслөгч гэрээний үлдэх хугацаагаар тухайн сууцанд амьдраагүй нь хөлсийг буцаан шаардах үндэслэл болохгүй.

 

Гэрээний 5-р зүйлийн 5.8 дахь хэсэгт хэрэв хөлслөгчөөс шалтгаангүйгээр тус байрны цахилгаан болон сантехникийн угсралттай холбоотой гэмтэл, доголдол илэрсэн үед хөлслүүлэгч нь уг доголдлыг арилгах үүргээ биелүүлэх, гаргасан зардлыг баримтжуулан хөлслүүлэгчээс гаргуулах авах эрхтэй тул цэвэр усны тоолуур баталгаажуулсны төлбөр 25 000 төгрөгийг /хх 10/ хариуцагч төлөхөөр зөвшөөрсөн байна.

 

Харин бусад шаардлага баримтаар нотлогдоогүй тул хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 302-р зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мандуулын Мөнхзулаас 25 000 /хорин таван мянга/ гаргуулж Батжаргалын Оюунчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 396 070 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 282 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА