Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 407

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О даргалж, шүүгч Ч.Ц, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00060 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч М.М-д холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 421 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн 15-р хорооны Хурд хотхоны 5А байрны 46 тоот байрыг 1 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулж, уг хугацаанд үүргээ биелүүлж байсан. 20 хоногийн өмнө байрнаас гарахаа мэдэгдэнэ гэсэн тул 1 сарын өмнө хариуцагчид мессежээр мэдэгдсэн тул гэрээний 5.8-д зааснаар амьдраагүй хоногийнхоо мөнгийг авах гэхэд дараагийн хөлслүүлэгчийг олох хугацаа олгоогүй тул өгөхгүй гэсэн. Байрыг хүлээлгэж өгөх гэтэл М.М завгүй гэх шалтгаанаар 2 өдрийн дараа хүлээж авч, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нүүсэн, энэ өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх 15 хоногийн түрээсийн төлбөрт 350 000 төгрөг, байрны халаалтын илүү төлөлт 13 127 төгрөг, цахилгааны төлбөрийн илүү төлөлт 7 243 төгрөг, ариун цэврийн гэрлийн засварт 25 000 төгрөг, цэвэр усны тоолуурын баталгаажилтын төлбөрт 25 000 төгрөг, нийт 421 070 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.У-д түрээсэлж, түрээсийн төлбөрийг 3 сараар авах гэтэл Б.У-ийн ээж Н.О төлбөрийг сар сард нь төлье гэхэд зөвшөөрсөн. Түрээсийн төлбөрөө цаг тухайн үед нь төлөөгүй учир дараагийн сараас нь нотариат дээр очиж гэрээ байгуулж, байрны түрээсийн хугацааг сунгах эсвэл байрнаасаа гарах болсон тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэж дараагийнхаа түрээслэгчийг олдог талаар хэлсэн. Гэрээний 5.4 д хөлслөгч ямар нэгэн шалтгааны улмаас гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол дараагийн хөлслөгчийг олох боломжит хугацаа өгч 20 хоногийн өмнө хөлслүүлэгч талд бичгээр мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг хоногоор нь тооцож хөлслүүлэгчээс авч болно гэж заасан атал надад бичгээр мэдэгдээгүй. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлбөрөө шилжүүлж, мессеж бичсэн байсан тул дараагийн сард буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байрнаасаа гарах юм байна гэж ойлгож, зар өгсөн. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “би өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байрнаасаа гарсан, хэзээ тооцоо нийлж, байраа хүлээлгэж өгөх үү” гэж мессеж бичсэн байсан. Надад байр хүлээлгэж өгөөгүй, байрнаас гарах талаараа мэдэгдээгүй атлаа 350 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Байр халаалтын хөлсний илүү төлбөр 13 127 төгрөг, цахилгааны төлбөр 7 243 төгрөг, ариун цэврийн өрөөний монтажны төлбөр зэргийг би төлөхгүй. Харин цэвэр усны тоолуур баталгаажуулсны төлбөр 25 000 төгрөгийг төлнө. Хөлслөгчөөс шалтгаангүйгээр тус байрны цахилгаан болон сантехникийн угсралттай холбоотой гэмтэл, доголдол илэрсэн үед хөлслүүлэгч нь уг доголдлыг арилгах үүргээ биелүүлэх, саад болж байвал нэмэлт засвар үйлчилгээ хийж, гаргасан зардлыг баримтжуулан хөлслүүлэгчээс гаргуулах авах эрх үүрэгтэй гэж гэрээнд заасан тул цэвэр усны тоолуурын баталгаажилтын төлбөр 25 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 302-р зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар М.Мөнхзулаас 25 000 /хорин таван мянга/ төгрөг гаргуулж Б.О олгож, нэхэмжлэлээс 396 070 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 282 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас 25 000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хариуцагчийн худал тайлбар гаргасан бөгөөд зардлыг нотлох баримтыг гаргасан. Хариуцагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж дараа оны 01 дүгээр сард гэрээ байгуулснаа өөрөөр тайлбарлаж, мөн гэрээний 5.4-д хөлслөгч ямар нэгэн шалтгааны улмаас гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 20 хоногийн өмнө хөлслүүлэгч талд бичгээр мэдэгдэж үлдэгдэл төлбөрийг хоногоор нь тооцон хөлслүүлэгчээс авч болно гэж заасан тул нэг сарын өмнө зөвшилцөлд хүрэх зорилгоор эхлээд бичгээр гарах болсноо мэдэгдсэнээс хойш хариуцагч холбоо бариагүй бөгөөд хүлээн зөвшөөрч байраа хөлслөх зар өгөн өөрөө дараагийн хөлслүүлэгчийг олох болсон тул өдөр бүр байр үзэх гэсэн хүмүүс хаалга тогшин тайван амьдрах боломжгүй болгосон. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4-т заасныг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулсан тул байрыг чөлөөлж, дараагийн хөлслүүлэгчийг олоход нь хангалттай хугацаа олгосон. Урьдчилан мэдэгдэхгүйгээр манайд ирж хяналт тавьдаг байсан зэрэг гомдолтой байгаа тул хохирлыг гаргуулах хүсэлтэй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.5 дахь хэсэг, 302 дугаар зүйлийн 302.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 396 070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ

 

                Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь хариуцагч М.М-д холбогдуулан 421 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ байрнаас гарах талаараа 20 хоногийн өмнө мэдэгдэх ёстой атал мэдэгдээгүй гэж маргажээ.

 

                Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээгээр 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар хөлслүүлж, хөлслөгч тал сар бүр 700 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

                Нэхэмжлэгч нь тухайн байранд 2017 оны 11 дүгээр сараас амьдарч байгаад 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байрнаасаа гарсан тул 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрт 350 000 төгрөг гаргуулахаар, хариуцагч нь нойлын өрөөний цахилгааны монтажны төлбөрт 25 000 төгрөг нэхэмжилснийг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. /хх19/

 

                Нэхэмжлэгч  Б.О-ээс Б.У-д олгосон итгэмжлэлд төлөөлөгч Б.У гарын үсэг зураагүй нь Иргэний хуулийн 64 дугаар зүйлийн 64.2.1-д заасан шаардлагыг хангаагүй тул мөн зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болно.

 

                Иймд Б.Ундрааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч гэж үзэхгүй тул анхан шатны шүүх хуралдаанд түүнийг оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00060 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 282 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛСАН ШҮҮГЧ                                 Ж.О

                                 ШҮҮГЧИД                                  Ч.Ц

                                                                                    А.О