Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 125/ШШ2020/0011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Сонгуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/653 дугаар “Ц.Сонгуульд сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Сонгууль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ц.Сонгууль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/653 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг эрх зүйн акт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг үндэслэж гарсан. 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус сургуульд аймгийн ёс зүйн зөвлөлийн ажлын хэсэг ажилласан. Ингэж ажиллахдаа 20 орчим хүнтэй уулзаж, ярилцлага хийж, дүгнэлт гаргаж захирлын дэргэдэх зөвлөлд танилцуулсан. Дараа нь албан бланк дээр уг дүгнэлтийг гаргаж  явуулна гэсэн. Холбогдох дүрэм журамд нь ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга дүгнэлтээ албан бланк дээр үйлдэж тухайн этгээдэд гардуулна гэж заасан. Гэтэл надад албан ёсоор баталгаажуулсан дүгнэлт ирээгүй.

Мөн тус сургуулийн 2019 оны төгсөлтийн 12 А ангийн сурагчдаас “охидын үзлэг, эрүүл мэндийн үзлэг”-тэй холбоотой гомдлыг анги удирдсан багш нь гаргасан. Хэрвээ надад албан ёсоор ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүргүүлсэн бол би 30 хоногийн дотор тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар ёс зүйн зөвлөлд хандаж өөрийнхөө болон тухайн гомдолтой холбоотой тайлбарыг хэлэх байсан.

Минжит Булган цогцолбор сургуульд нэг дарамтлагч ирээд суучихсан, хүн болгоныг ялгаварлан гадуурхдаг зүйл байдаг мэтээр яриад байгаа. Гэтэл төрийн ажил явагдаж байна. Бид ямар шаардлагаар хэрхэн ажиллахаа сайн мэднэ. Ажлын байрны шаардлагыг хангаж ажиллаагүй талаарх шийдвэрийг захирал гаргадаг ч гэсэн шагнах асуудал нь зөвхөн захирлын эрх хэмжээний асуудал биш. Ажлын хэсгийн дүгнэлтээр хамгийн өндөр оноо авсан багш, ажилчдыг шагнаж урамшуулдаг. Гарцаагүй сахилгын шийтгэл оногдуулах асуудал байвал захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. Д.Нургүл багш нь надаас болж сургуулиас гарсан мэтээр яриад байна. Гэтэл Д.Нургүл багш өөрөө эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авсан. Би энэ байгууллагад 20 гаруй жил ажиллахдаа гавьяа байгуулаагүй гэхэд гай тариагүй. Ундрах, Болормаа гэх багш нар улсын шалгалтын материалыг  хурааж авсны дараа нөгөө ангийн хүүхдүүдэд шалгалтын материалыг оруулж өгсөн. Үүнээс болоод би уг 2 багшид сахилгын сануулах шийтгэл оногдуулсан. Эдгээр хүмүүс өс хонзон санасан ч юм уу нэг тийм байдал ажиглагдаад байгаа. Бадамханд багшийн өргөдлийн тухайд ажлын цагаар ажил тасалдаг, архи дарс уусан учир сахилгын шийтгэл оногдуулсан. Ийм зүйлээр дөрөөлж намайг буруутгаж байна.

Сургуулийн болон эмнэлгийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсанаар  2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр сургуулийн ахлах ангийн сурагчдад эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулсан. Үзлэг хийсэн эмч манай өрөөнд орж ирж үзлэгийн талаар тайлбарласан. Охидын үзлэгээр янз бүрийн зүйл яригдсан учир захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж холбогдох хүүхдүүдтэй уулзсан. Гэтэл намайг тэдгээр хүүхдүүдийг жирэмсний тестээр үз гэж зааварчилгаа өгсөн мэтээр ярьсан байна. Надад тийм эрх байхгүй. Сургууль дээр ажиллаж байгаа сургуулийн эмчид ч хүүхдийг тестээр үзэх эрх байхгүй. Тэр бол мэргэжлийн эмчийн өгсөн зааврын дагуу сургуулийн эмч ажлаа хийсэн. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хийсэн охидын үзлэгийн талаарх асуудлыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан. Журамд зааснаар гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх ба 2019 оны 6 сард гаргасан гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой, тэгэх боломжгүй бол дахин 30 хоногоор сунгаж болдог. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр үйл ажиллагаа ёс зүйн зөвлөл ажиллаж дүгнэлт гаргасан нь гомдол хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын шийтгэл гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах ёстой. Ажлын хэсэг дүгнэлт гаргаснаар зөрчлийг илрүүлж байна гэж ойлгож байгаа. Зөрчил илрүүлснээс хойш 30 хоногийн дотор хариуцлага тооцох арга хэмжээг авах ёстой. Гэтэл уг хуульд заасан хугацааг хэтрүүлж сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус юм.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Сонгууль нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Ц.Сонгуулийн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах шаардлагатай гэж үзэж буцаасан. Гэтэл Ц.Сонгууль нь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан байдаг. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-д зааснаар аймгийн Засаг даргын захирамжийг өөрөө, эсхүл Ерөнхий сайд хүчингүй болгохоор заасан.

Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөлд 3 гомдол ирсний дагуу аймгийн Засаг даргын 2019 оны А/357, А/546 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Минжит булган цогцолбор сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд Цагаан сарын баяраар тус сургуулийн казак багш нарыг хариуцлагатай жижүүрээр ажиллуулсан хэрнээ Наурызын баяраар казак багш нарыг ажиллахыг шаардаж, багш нарыг ялгаварлан гадуурхсан нь ёс зүйн дүрмийн 2.1.7 дахь заалтыг, 2018 оны 12 сард сургуулийн дотуур байрны хооллох өрөөнд багш ажилчидтай баяр тэмдэглэж архи уусан нь ёс зүйн дүрмийн 3.1.4 дэх заалтыг, багш нарыг хэл амаар доромжилсон нь ёс зүйн дүрмийн 4.2.2 дахь заалтыг, багш ажилчдыг ажлын байранд дээр дарамталдаг нь ёс зүйн дүрмийн 4.3.4 дэх заалтыг, сургуулийн орчин хүүхдийн эрх зөрчигдөж байгаа байдалд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаагүй нь ёс зүйн дүрмийн 4.2.4, 4.3.3 дахь заалтыг зөрчиж багш, ажилтныг зөв удирдлагаар хангаагүй, хүүхдийн эрхийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан тул сахилгын шийтгэл оногдуулсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Булган сумын Минжит булган цогцолбор сургуулийн багш, сурагчдаас тус сургуулийн захирал Ц.Сонгуульд холбогдуулж Ховд аймгийн Засаг даргад 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус тус гомдол ирсэн.

Үүний дагуу Засаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөл хуралдаж Засаг даргаас захирамж гаргаж ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэг 2 удаа Минжит булган цогцолбор сургуульд очиж холбогдох хүмүүстэй уулзаж тайлбар авч дүгнэлт гарган, дүгнэлтээ нэхэмжлэгчид танилцуулсан байдаг. Дүгнэлтэд Ц.Сонгууль нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус насан туршийн багш, удирдах ажилтан болон бусад багшийн ёс зүйн дүрмийн 2.1.7, 3.1.4, 4.2.2, 4.4.3, 4.4.6 дахь заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон гэх гэсэн ба уг дүгнэлтээ аймгийн Засаг даргад танилцуулсан. Аймгийн Засаг дарга уг дүгнэлтийг үндэслэж Ц.Сонгуульд сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Сонгуулиас Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/653 дугаар “Ц.Сонгуульд сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хэргийн оролцогч, төлөөлөгчийн тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хууль болон мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан гэж маргаж, хариуцагчаас  сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан маргана.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухайд: Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/653 дугаар тушаалыг 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Сонгуульд гардуулж өгсөн[1] талаар тушаалын хуудсын ард хэсэгт тэмдэглэжээ.

Нэхэмжлэгч Ц.Сонгууль нь тушаалыг хүлээн авсны дараа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр уг тушаалыг хүчингүй болгуулахаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Улмаар Ц.Сонгууль нь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр[2] хариу өгч, нэхэмжлэгч 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ....шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Маргааны үйл баримтын талаар:

1. Аймгийн Засаг даргын дэргэдэх Ёс зүйн зөвлөлд 2019 оны 05 сарын 17-ны өдөр Үенч сумын Хөх үзүүр багийн иргэн С.Далелханаас, 2019 оны 05 сарын 20-ны өдөр Булгын сумын Минжит булган цогцолбор сургуулийн багш Д.Нургүлаас, 2019 оны 07 сарын 05-ны өдөр Минжит булган цогцолбор сургуулийн 12А ангийн нэр бүхий 15 сурагчаас тус тус өргөдөл ирүүлснийг хүлээн авчээ.[3]

2. Аймгийн Засаг даргын 2019 оны 06 сарын 06-ны өдрийн А/357 дугаар[4] захирамжаар Д.Нургүлийн өргөдөл, 2019 оны 08 сарын 14-ны өдрийн А/546[5] дугаар захирамжаар нэр бүхий сурагчдаас ирүүлсэн өргөдлийн дагуу шалгалт явуулж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилжээ. 

3. Ажлын хэсгээс өргөдлийн дагуу Минжит булган цогцолбор сургуульд ажиллаж, 2019 оны 06 сарын 13-ны өдөр, 2019 оны 09 сарын 05-ны өдөр тус тус дүгнэлт гаргаж[6], Ёс зүйн зөвлөлд хүргүүлсэн байна.  

4. 2019 оны 09 сарын 17-ны өдөр хуралдсан Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар Минжит булган цогцолбор сургуулийн захирал Ц.Сонгуулийг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөнд тооцож, хариуцлага тооцуулахаар шийдвэрлэжээ.[7]

 

Маргааны хууль зүйн үндэслэлийн талаар:

1. Ховд аймгийн Засаг даргын 2019 оны А/357, А/546 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын сайдын 2018 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын 3.3.2-т “...Ёс зүйн зөрчлийг хянан шалгахаар томилогдсон ажилтан, ажлын хэсэг нь гомдол, хүсэлттэй холбоотой нотлох баримт цуглуулж, тухайн асуудалд хамааралтай этгээдүүдтэй ярилцлага хийсний үндсэн дээр дүгнэлт, санал гарган Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн захирлын зөвлөлд танилцуулж шийдвэрлэнэ...”. гэж зааснаар Минжит булган цогцолбор сургуулийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, тус сургуулийн багш ажилчидтай уулзаж, тодруулга авч, холбогдох баримтууд цуглуулж ажиллаж нэхэмжлэгч Ц.Сонгуулийг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж танилцуулсан байна.

Иргэн С.Далелхан, Д.Нургулын өргөдлийн дагуу шалгалт явуулсан аймгийн Засаг даргын 2019 оны А/357 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2019 оны гаргасан 06 сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл[8], 2019 оны гаргасан 06 сарын 13-ны өдөр гаргасан дүгнэлтэд дурдсан асуудлуудын талаар  шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулж, Минжит булган цогцолбор сургуулийн багш ажилчдаас гэрчийн мэдүүлэг авч, хэрэгт холбогдох нотлох баримтуудыг цуглуулж үнэлээд нэхэмжлэгч нь зарим ажилчидтай харилцахдаа ялгаварлах, хэл амаар доромжлох хандлага гаргадаг, хамт олны шүүмжлэлийг хүлээн авдаггүй зэрэг удирдах албан тушаалтны ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн талаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт хийснээр “ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллаагүй” гэх ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

Минжит булган цогцолбор сургуулийн 12А ангийн сурагчдын гомдлын дагуу аймгийн Засаг даргын 2019 оны А/546 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс шалгалт явуулж 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан дүгнэлтэд  “...Ц.Сонгууль нь сургуулийн багш, ажилтныг зөв удирдлагаар хангаагүй, хүүхдийн эрхийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж ёс зүйн дүрмийг хэрэгжүүлж ажиллаагүй тул ёс зүйн дүрмийн 5.1-д заасны дагуу хариуцлага тооцох саналыг ёс зүйн зөвлөлийн даргад уламжилж байна...” гэжээ.

2019 оны 03 арын 20-ны өдөр болсон сургуулийн жилийн үйл ажиллагааны  төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ”Шилжилтийн насны сурагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн удирдамжаар[9] 10-12 дугаар ангийн  охид, хөвгүүдийг үзлэгт хамруулжээ. Уг үзлэгийн дүнг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж[10], хурлын дараа өдөр буюу 2019 оны 03 сарын 21-ний өдөр тэмдэглэлд дурдсанаар “эргэлзээтэй”гэх оноштой 12А ангийн охидтой уулзалт хийсний улмаас мэдээлэл тарсан, хүүхдийн эрх, эрх ашигт нөлөөлөхүйц байдал үүссэн болох нь охидын бичгээр гаргасан гомдол, анги удирдсан багш Ш.Ундрахын мэдүүлэг[11],гэрч С.Баярсайханы мэдүүлгээр[12] тогтоогдож байна гэж үзлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 4.2.4-д “Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэнд хохирох, бэлгийн дарамтад өртөх, үе тэнгийнхэн болон гадаад орчин, цахим орчны сөрөг нөлөөнд автахыг анхаараагүйгээс тэдний эрх, эрх ашиг хохирох байдалд хүргэхээс сэргийлэх, 4.3.3-д “Хүүхэд, гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагчтай холбоотой мэдээллийн нууцыг хадгалах” гэж заажээ.

Иймд Ц.Сонгууль нь сургуулийн багш, ажилтныг зөв удирдлагаар хангаж ажиллаагүй, хүүхдийн эрхийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж, ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Сонгууль нь сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.гэжээ.

Ажлын хэсгийн дүгнэлт нь шалгалтаар тогтоогдсон үйл баримтыг илтгэх ба уг үйл баримтад холбогдох үйлдлийг зөрчилд тооцох эсэх талаар эцсийн шийдвэрийг Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн дүгнэлтийг эцсийн шийдвэр гэж үзэхгүй.      

Ц.Сонгуульд холбогдох гомдлын хугацааны хувьд тухайлбал, тус сургуулийн 12А ангийн сурагчдын гомдол дурдсан үйл явдал 2019 оны 3 дугаар сарын 20-ноос 21-ний өдөр болсон ба түүнээс хойш 4 сарын дараа буюу 7 сарын 05-ны өдөр Ёс зүйн зөвлөлд гомдлыг хүлээн авч ажлын хэсэг томилон шалгаад 8 сард гаргасан дүгнэлтийг Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар хэлэлцэж, нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоож, хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн байх тул энэ өдөр зөрчил илрүүлсэнд тооцно.

Иймд Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/653 дугаар захирамжаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/653 дугаар “Ц.Сонгуульд сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв .

Нэхэмжлэгчээс ажлын хэсгийн дүгнэлтийг албан ёсоор танилцуулаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй гэж маргасан ч ажлын хэсэг тухайн үед дүгнэлтийг танилцуулсан, сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө сонсох ажиллагаа явуулсан талаар баримтууд хэрэгт авагдсан байх тул захиргаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.“зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчөөгүй гэж үзлээ. 

  Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/  төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Сонгуулийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/653 дугаар “Ц.Сонгуульд сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ОЮУНГЭРЭЛ

 

 

[1] хх1-ийн 5-р хуудас

[2] хх1-ийн 6-р хуудас

[3] хх1-ийн 16-26-р хуудас

[4] хх1-ийн 67-р хуудас

[5] хх1-ийн 68-р хуудас

[6] Хх1-ийн 69-72-р хуудас

[7] хх1-ийн 73-р хуудас

[8] хх1-ийн 84-98-р хуудас

[9] хх1-ийн 52-р хуудас

[10] хх1-ийн 100-102-р хуудас

[11] хх1-ийн 42-43-р хуудас

[12] хх1-ийн 45-46-р хуудас