Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00612

 

Н.Т, Б.У, Б.Б, С.С,

Н.Б, Б.Б, С.Ж нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00375 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 954 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: Н.Т, Б.У, Б.Б, С.С, Н.Б, Б.Б, С.Ж нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХК-д холбогдох,

Хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 84,263,156 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.******* Кат машины оператор жолоочоор ажиллаж байгаад уранаас болж уушги бронхит, шулуун гэдэс цус алдаж үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөр 1999.10.08-ны өдрөөс 50 хувийн группт гарахад сарын дундаж цалин 224,416 төгрөг 7 сарын дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 1,571,915 төгрөг олгосон. 2000.11.08-ны өдөр хөдөлмөрийн чадвар 55 хувь болон өөрчлөгдсөн сарын дундаж цалин 224,416 төгрөг 9 сарын нөхөн төлбөрт 2,019,744 төгрөгийг олгоогүй, 2001.11.08-нд хөдөлмөрийн чадвар 60 хувь болон өөрчлөгдсөн сарын дундаж цалин 224,416 төгрөг 9 сарын нөхөн төлбөр 2,019,744 төгрөг олгоогүй, 2004.10.29-ний өдөр хөдөлмөрийн чадвар 65 хувь болон өөрчлөгдсөн сарын дундаж цалин 224,416 төгрөг 9 сарын нөхөн төлбөр 2,019,744 төгрөг олгоогүй,

2.******* Кат машины оператор жолоочоор ажиллаж байгаад уранаас болж уушги бронхит, шулуун гэдэс цус алдаж үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөр 2003.01.25-ны өдөр 50 хувийн группт орсон. Нэг сарын дундаж цалин 248,763 төгрөг, 7 сарын нөхөн төлбөрт 1,741,347 төгрөг олгосон. 2004.11.25-ны өдөр хөдөлмөрийн чадвар 55 хувь болон өөрчлөгдөхөд нэг сарын дундаж цалин 248,763 төгрөг, 9 сарын нөхөн төлбөр 2,052,549 төгрөг олгоогүй, 2011.11.25-ны өдөр хөдөлмөрийн чадвар 60 хувь болж өөрчлөгдөхөд нэг сарын дундаж цалин 887,885 төгрөг, 9 сарын нөхөн төлбөр 7,990,965 төгрөг олгоогүй,

3.******* ОПЭ машинчаар ажиллаж байгаад зүүн гараа тасдуулж үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөр 1993.08.26-ны өдрийн комиссын шийдвэрээр тахир дутуугийн 2-р групп тогтоож, 1 сарын дундаж цалин 18,593 төгрөг, 2 сарын нөхөн төлбөрт 37,186 төгрөг олгосон. 1999 онд хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувь болж өөрчлөгдсөн нэг сарын дундаж цалин 61,632 төгрөг, 18 сарын нөхөн төлбөр 1,109,376 төгрөг олгоогүй, 2008.09.04-ний өдөр хөдөлмөрийн чадвар 65 хувь болж өөрчлөгдсөн нэг сарын дундаж цалин 371,539 төгрөг 9 сарын нөхөн төлбөр 3,343,851 төгрөг олгоогүй, 2009.09.03-ны өдөр хөдөлмөрийн чадвар 70 хувь болж өөрчлөгдсөн, цалингийн тодорхойлолт ирээгүй, 2016 оноос өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар 69 хувиар хугацаагүй тогтоогдсон нэг сарын дундаж цалин 1,763,202 төгрөг, 9 сарын нөхөн төлбөр 15.868.818 төгрөг олгоогүй,

4.*******эксватарын туслах машинчаар ажиллаж байгаад баруун гараа тасдуулсан, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөр 1994.05.05-ны өдөр тахир дутуугийн 2-р группт орсон. Нэг сарын дундаж цалин 41,341 төгрөг, 2 сарын цалинтай тэнцэх нөхөн олговорт 877,212 төгрөг олгосон, хөдөлмөрийн чадвар алдалтыг 1995.05.12-ны өдөр 50 хувь болж өөрчлөгдөхөд нэг сарын дундаж цалин 121,813 төгрөг 9 сарын нөхөн төлбөр 852,691 төгрөг олгоогүй, 2000.03.23-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар 65 хувь болж өөрчлөгдөхөд нэг сарын дундаж цалин 121,813 төгрөг 9 сарын нөхөн төлбөр 1,096,317 төгрөг олгоогүй, 2003.03.23-ны өдөр хөдөлмөрийн чадвар 70 хувь болоход нэг сарын дундаж цалин 177,205 төгрөг, 9 сарын нөхөн төлбөр 1,594,849 төгрөг олгоогүй, 2005.03.23-ны өдөр хөдөлмөрийн чадвар 65 хувь болж өөрчлөгдөхөд нэг сарын дундаж цалин 235,139 төгрөг, 9 сарын нөхөн төлбөр 2,116,251 төгрөгийг олгоогүй,

5.******* белаз машины жолоочоор ажиллаж байгаад зүүн гараа тасдуулсан, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөр 1997.07.19-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдаж 70 хувийн группд орсон бөгөөд тухайн үед 1 сарын дундаж цалин 38,308 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. 2000.02.17-ны өдөр хөдөлмөрийн чадвар 65 хувь болж өөрчлөгдөхөд нэг сарын дундаж цалин 106,503 төгрөг, 9 сарын нөхөн төлбөр 958,527 төгрөг олгоогүй, 2003.02.17-ны өдөр хөдөлмөрийн чадвар 70 хувь болж өөрчлөгдөхөд нэг сарын дундаж цалин 177,066 төгрөг, 18 сарын нөхөн төлбөр 3,187,188 төгрөгийг олгоогүй, 2008.02.17-ны өдөр хөдөлмөрийн чадвар 70-65 хувь болон өөрчлөгдсөн. 9-н сарын нөхөн төлбөр авахаас цалингийн тодорхойлолт хариуцагчаас ирээгүй, 2016.10.06-ны өдөр 69 хувь болж өөрчлөгдөхөд нэг сарын дундаж цалин 1,929,922 төгрөг, 9 сарын нөхөн төлбөр 17,369,298 төгрөгийг олгоогүй, нийт 4-н удаа нэмэгдэхэд 36 сарын нөхөн төлбөр 21,515,013 төгрөг олгогдоогүй,

6.******* 2006.12.21-ний өдөр 50 хувийн группд ороход байгууллагаас 1,047,079 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. 2007.12.15-ны өдөр хөдөлмөрийн чадвар 55 хувь болж өөрчлөгдөхөд нэг сарын дундаж цалин 227,414 төгрөг, 9 сарын нөхөн төлбөр 2,046,726 төгрөгийг олгоогүй, 2009.12.12-ны өдөр хөдөлмөрийн чадвар 60 хувь болж өөрчлөгдөхөд нэг сарын дундаж цалин 404,187 төгрөг, 9 сарын нөхөн төлбөр 3,637,683 төгрөгийг олгоогүй, 2015.12.15-ны өдөр хөдөлмөрийн чадвар 65 хувь болж өөрчлөгдөхөд нэг сарын дундаж цалин 1,331,565 төгрөг, 9 сарын нөхөн төлбөр 11,984,085 төгрөгийг олгоогүй,

7.******* тэсэлгээчинээр ажиллаж байгаад нурууны суулт өвчтэй болж өрөөсөн хөл ажиллагаагүй болж хагалгаанд орсон. Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөр 2008.06.19-ны өдөр 55 хувийн группд ороход байгууллагаас 2,994,746 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Үүнээс хойш бие муудсан учир 9 сарын нөхөн төлбөрийг олгоогүй,

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.З-т заасныг амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэн хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ гэж заасантай нийцүүлж хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-т зааснаар хүн тус бүр мэргэжлийн ажлын сарын дундаж цалинг хариуцагч байгууллагаар тодорхойлуулж тогтоож өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар нөхөн төлбөрийн тэтгэмжийг*******ад 27 сарын нөхөн төлбөр 6,059,232 төгрөг,*******д 18 сарын нөхөн төлбөр 10,043,514 төгрөг,*******д 36 сарын нөхөн төлбөр 20,322,045 төгрөг, С.Жаргалсайханд 36 сарын нөхөн төлбөр 5,660,108 төгрөг,*******т 36 сарын нөхөн төлбөр 21,515,013 төгрөг,*******д 27 сарын нөхөн төлбөр 17,668,494 төгрөг, Б.Бат-очирт 9 сарын нөхөн төлбөр 2,994,750 төгрөг, нийт 84,263,156 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК нь нэхэмжлэл гаргаад байгаа******* нарын 7 иргэнд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хэмжээнд тохируулан нөхөн төлбөрийг тухайн үед зохих ёсоор олгосон. Мөн 2007 оноос хойш ҮО, МШӨ-ний улмаас группд гарсан иргэдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-ийг үндэслэн 4 удаа нийт 845,468,472 төгрөгийн нөхөн төлбөрүүдийг олгоод байна. Тухайлбал,*******ад 4,330,915 төгрөг,*******д 4,606,289 төгрөг,*******т 3,449,558 төгрөг, С.Жаргалсайханд 3,637,212 төгрөг,*******д 4,011,347 төгрөг,*******д 3,317,079 төгрөг,*******т 3,794,746 төгрөгийг тус тус нөхөн төлбөрт олгосон. ******* ХК-д өнөөдрийн байдлаар 220 гаруй үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний групптэй иргэд харьяалагддаг бөгөөд компани******* нарын нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу нөхөн төлбөрийг зохих ёсоор олгож үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00375 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 97.3, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХК-иас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөн нөхөн төлбөрийг 2000, 2001, 2003, 2004, 2005, 2007, 2008, 2009, 2011, 2015, 2016 онуудад олгоогүй тул олгогдоогүй нөхөн төлбөрт нийт 84,263,156 төгрөгийг гаргуулахыг хүссэн*******,*******,*******,*******, С.Жаргалсайхан,*******,******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.17-ны өдрийн 103/ШЗ2019/01573 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 954 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэг. Шүүх ...Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд нөхөн төлбөр олгох нь тухайн ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарснаар тооцож олгоход хамаарах зохицуулалт бөгөөд ингэж тооцох хувь хэмжээ нь 31-50 хувь, 51-70 хувь, 71 хувиас дээш гэж өссөн хувь хэмжээ хамаарах бөгөөд 70-65, 60-55 хувь гэж буурсан тохиолдлыг зохицуулаагүй байна гэж дүгнэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба, түүнээс дээш удаа олгоно гэж заасан, мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2006.07.03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 25-д Ажил олгогч 97.1.1-д заасан нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно. Хөдөлмөрийн чадвар алдагдалтын хэмжээ өөрчлөгдөөгүй боловч нөхөн төлбөрийг ажил олгогч нэгээс дээш удаа олгосон тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж тайлбарласан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ анх тогтоогдсон хувь хэмжээнээс нэмэгдсэн, багассан ч анх олгосон нөхөн олговрын хэмжээнд багтаж байвал нөхөн олговор дахин олгох үндэслэлгүй мэтээр тайлбарлан дүгнэсэнд гомдолтой байна. Тухайлбал: Нэхэмжлэгч Н.Төмөрбат нь 1991 онд анх хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50 хувьтай тогтоогдсон, хариуцагчаас тухайн үед 7 сарын биш 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгосон тул 1991-2016 оны хооронд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50-65 хувь болж өссөн ч нөхөн олговор дахин авах эрхгүй гэжээ. Нэхэмжлэгч******* 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтанд 7 сарын нөхөн олговор олгох байтал 2002 онд 9 сарын нөхөн олговор авсан тул 2003-2016 оны хооронд 50-60 хувь болж өссөн ч олгохгүй; нэхэмжлэгч Баярхүү нь 2006 онд хөдөлмөрийн чадварын алдалтын хувь 50 хувиар тогтоогдсон, 2007 онд 7 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор авсан тул 2006-2016 оны хооронд 50-65 хувь болж нэмэгдсэн ч дахин нөхөн олговор олгохгүй, нэхэмжлэгч******* 2008 онд хөдөлмөрийн чадвар алдалтын 55 хувиар анх тогтоогдсон ба 7 сарын биш 9 сарын нөхөн олговор авсан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын нөхөн олговор олгохоор байхад нэхэмжлэгч******* 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байхад 2001 онд түүнд 18 сарын нөхөн олговор олгосон, нэхэмжлэгч С.Жаргалсайханы хөдөлмөрийн чадвар алдалт анх 50 хувиар тогтоогдсон байхад 2001 онд 18 сарын нөхөн олговор олгосон, нэхэмжлэгч С.Сайханбилэгийн хөдөлмөрийн чадвар алдалт анх 70 хувиар тогтоогдсон байхад 2001 онд 18 сарын нөхөн олговор олгосон нь тус тус буруу мэтээр дүгнэж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдөхөд нэмж нөхөн олговор олгохгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хоёр. Шүүхээс хариуцагч байгууллагаас тухайн байгууллагад ажиллаж байгаад групп тогтоолгосон иргэдэд адил тэнцүү буюу 1,500,000, 2,000,000, 3,000,000, 500,000, 200,000, 100,000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон, нэхэмжлэгч нар уг мөнгөн дүн нь хөдөлмөрийн чадвар хувь хэмжээ нэмэгдэж өөрчлөгдсөний зөрүүд хамаарахгүй талаар гомдол гаргаагүй, дээрх мөнгөн дүнг хүлээн авахаас татгалзсан болох нь нотлогдохгүй байна гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нар тус мөнгөн тусламжийг хүлээн авахаас татгалзах, тус мөнгөн тусламжтай холбоотой гомдол гаргах үндэслэл, шаардлага байхгүй юм. Учир нь хариуцагчийн дээрх олгож буй мөнгө нь хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн олговор биш зөвхөн сайн дурын туслалцаа дэмжлэг юм. Энэ талаар ч хариуцагч нь шүүхэд мэдүүлсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дурдсан байдаг. Хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн олговрын хэмжээг тухайн ажилтны цалингийн дунджаас тооцохоор заасан, үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ажилтны цалин хөлс хамаарахыг шүүх анхаарч үзсэнгүй. Гурав. Шүүхээс нэхэмжлэгч нар эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн өдрөөс хойш гурван сарын дотор нэхэмжлэл гаргаагүй буюу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч нар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөнд тооцогдох нөхөн төлбөрийн талаарх гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комисс анхлан шийдвэрлэх маргаан юм. Иймээс нэхэмжлэгч нар хариуцагч байгууллагын удирдлага болон Хөдөлмөрийн маргаан таслах комисст энэ асуудлаар хандаж байсан. Хөдөлмөрийн маргаан таслах комисс 2018.06.04-ны өдөр шийдвэрээ гаргасан ба уг шийдвэрийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрөөгүй тул хуульд заасан гомдол гаргах хугацаанд шүүхэд хандсан тул нэхэмжлэгч нар шүүхэд хандан шаардлага гаргах эрхээ алдаагүй болно. Нэхэмжлэгч нар Маргаан таслах комиссын шийдвэр гаргахаас өмнө 2017.08.18-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь үнэн боловч, тус нэхэмжлэлийг шүүхээс буцаасан бөгөөд тэр өдрөө маргаан таслах комисст өргөдлөө гаргасан. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Төрбат,*******,*******,*******,*******,*******,*******нар ******* ХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой нөхөн төлбөрийг 2000, 2001, 2003, 2004, 2005, 2007, 2008, 2009, 2011, 2015, 2016 онуудад олгоогүй тул олгогдвол зохих*******ад 27 сарын 6,059,232 төгрөг,*******д 18 сарын 10,043,514 төгрөг,*******д 36 сарын 20,322,045 төгрөг, С.Жаргалсайханд 36 сарын 5,660,108 төгрөг,*******т 36 сарын 21,515,013 төгрөг,*******д 27 сарын 17,668,494 төгрөг, Б.Бат Очирт 9 сарын 2,994,750 төгрөг, нийт 84,263,156 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нөхөн төлбөрийг зохих ёсоор олгосон гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч нар нь ******* ХК-ийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж 1991 оноос 2008 оны хооронд ажлаас чөлөөлөгдсөн ажилчид ба тус компаниас нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсанаас хойших хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэд хэдэн удаа нэмэгдсэн тул тохиолдол бүрт байгууллага нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй гэсэн агуулгаар илэрхийлжээ.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгч тус бүрийн ажилласан жил, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа, анх мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажлаас чөлөөлөх үед олгосон нөхөн төлбөрийн хэмжээ, хожим нь байгууллагаас олгосон төлбөр зэргийг тодорхойлж, шийдвэртээ бүрэн тусгасан байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь хүртэл алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заасан, нэхэмжлэгч нарт тухай бүрт хуульд заасан хувь хэмжээ, түүнээс дээш хэмжээгээр олгосон нь тогтоогджээ.

 Нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн чадвар алдалт анх тогтоогдсон хувь хэмжээнээс нэмэгдсэн бөгөөд энэ тохиолдолд тэд нөхөн төлбөрийг дахин шаардах эрхтэй бөгөөд 2007 онд*******,******* нарт тус бүрт 1,470,000 төгрөг,*******, С.Жаргалсайхан,******* нарт тус бүрт 1,960,000 төгрөг,*******д 2,940,000 төгрөг, хүн тус бүрт 2011 онд 500,000 төгрөг, 2014 онд 200,000 төгрөг, 2015 онд 100,000 төгрөгийг ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар нөхөн төлбөрт гэсэн утгаар олгосон байна.

 Харин хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нэмэгдэх бүрт нөхөн төлбөр олгох үүргийг хариуцагч хуулиар хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3-т амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ гэж заасан ба 2001, 2007, 2011, 2014, 2015 онд олгосон нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь дээрх хуулийн зохицуулалтын агуулгыг зөрчөөгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нар баримтаар үгүйсгээгүй байна.

 3. Шүүх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

 Нэхэмжлэгч нар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасныг үндэслэж нэхэмжлэл гаргасан байна. Иймд уг маргаан нь Хөдөлмөрийн маргаан таслах комиссын анх тутам шийдвэрлэх асуудалд хамаарахгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4-т зааснаар шүүх харьяалан хянан шийдвэрлэх бөгөөд энэхүү шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00375 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 954 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2020/08962 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                                                        ШҮҮГЧИД                                     Б.МӨНХТУЯА

                                                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                              Б.УНДРАХ