Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/00167

 

 

 

 

 

 

 

 

 

     2019 оны 01 сарын 16 өдөр

            Дугаар 183/ШШ2019/00167

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У ХХК -ийн нэхэмжлэлтэй,

/ /

Хариуцагч: Н.Б-д холбогдох,

/ /

 

            Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.682.038 төгрөг гаргуулах тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У ХХК  болон иргэн Н.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 04-нд ЗГ1160000500 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, У ХХК  нь 5.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлийг олгосон. Зээлдэгч Н.Б нь зээлийн гэрээний хугацаанд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн үндсэн төлбөрт 2.300.743.43 төгрөг, зээлийн хүүнд 2.338.243.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 413.675.27 төгрөг, нийт 5.052.662 төгрөгийг төлсөн. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний байдлаар зээлийн үндсэн төлбөрт 3.199.256.66 төгрөг, зээлийн хүүнд 482.780.92 төгрөг, нийт 3.682.038 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Н.Бд зээлийн хугацаанд зээл төлөх албан бичгийг олон удаа гардуулсан бөгөөд төлбөр төлөхөөс зайлсхийдэг, зээлийн хугацаа дуусаад 7 сар болоод байна. Иймээс зээлдэгч Н.Бтэй байгуулсан ЗГ1160000500 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг барагдуулж өгнө үү гэв.

 

            Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

            У ХХК -ийн нэхэмжлэлтэй, Н.Бд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.682.038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Н.Б, У ХХК -ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗГ1160000500 дугаар “Зээл болон барьцааны гэрээ”-ээр зээлдүүлэгч У ХХК  нь 5.500.000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэгч Н.Бд зээлдүүлэхээр тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч У ХХК -иас 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 5.500.000 төгрөгийг зээлдүүлэгч Н.Бд шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2.300.743.43 төгрөг, зээлийн хүүнд 2.338.243.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 413.675.27 төгрөгийг буцаан төлсөн, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний байдлаар зээлийн үндсэн төлбөрт 3.199.256.66 төгрөг, зээлийн хүүнд 482.780.92 төгрөг, нийт 3.682.038 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хүү тооцооллын хүснэгт зэргээр нотлогдож байна.

 

Иймд хариуцагч Н.Бэс гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 3.199.256.66 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 482.780.92 төгрөг, нийт 3.682.038 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасантай нийцэх юм.

 

Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд шүүх хуралдааны товыг хариуцагч талд хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б-эс гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.682.038 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч У ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 73.863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 73.863 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД