Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 125/2020/0014/З |
Дугаар | 125/ШШ2020/0015 |
Огноо | 2020-08-13 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 125/ШШ2020/0015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Гэндэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “М.Гэндэнгийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, М.Гэндэнгийн өндөр насны тэтгэврийг тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М.Гэндэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Линш овогт Мажигаагийн Гэндэн миний бие нь 1963 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Одоо 57 настай, Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт мал маллан амьдарч байна.
Миний бие нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00438 дугаар Шийдвэрээр “1984 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин, /нормчин/, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Эрчим хүчний салбарт малчнаар ажиллаж байсан байдлаа” тогтоолгож шийдвэрлүүлсэн.
Мөн М.Гэндэн миний бие нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 153/Ш32019/00590 дүгээр “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Захирамжаар Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төвөөс дутуу төлөгдсөн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр Шийдвэрүүдийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-т заасан “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчид холбогдох баримтаа бүрдүүлэн хандахад “Манайхыг акт тавьж, нөхөн төлүүл гэсэн шүүхийн Шийдвэр гараагүй тул таны өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй” гэсэн хариуг өгсөн.
Мөн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад “Ерөнхий газраас асуухад шүүхийн Шийдвэргүйгээр акт тавих, нөхөн төлүүлэх, тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн учир шүүхэд хандаад шийдвэрлүүл” гэсэн хариуг амаар өгсөн. Надад албан бичгээр хариу өгөхгүй, амаар л “тогтоохгүй” гэсэн хариуг удаа дараа өгсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 55 насандаа тэтгэвэр тогтоолгон авах эрх маань зөрчигдөж байна. Иймд М.Гэндэн миний өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Батчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: М.Гэндэн нь Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 438 дугаар шийдвэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосныг тооцож үзэхэд 1984 оны 9 сарын 21-ний өдрөөс 1994 оны 3 сарын 25-ны өдөр хүртэл 9 жил 6 сар барилгачин /нормчин/ 1995 оны 1 сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал 11 жил малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгосон байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1-д “нийт 20-с доошгүй жил, үүнээс 15-с доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” өндөр насны тэтгэвэр тогтоож олгохоор заасан.
Даатгуулагч нь 1995 оноос хойш ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажил олгогч болон харилцагч аймаг дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэнэ. Иймд 1995 оноос хойш төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг шалгахад 3 жил 3 сарын шимтгэл төлөгдсөн байна.
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 590 дугаар шүүхийн шийдвэр нь Зэрэг сумын Эрүүл мэндийн төвтэй холбоотой тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлэх боломжтой.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Гэндэн манай байгууллагад өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор материалаа өгсөн. Бүрдүүлж өгсөн материалыг шалгаж үзэхэд 1984 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1994 оны 3 сарын 23-ны өдөр хүртэл барилгачин, нормчиноор ажилласан байдлаа шүүхээр тогтоолгосон байдаг.
Нийгмийн даатгалын багц хууль 1995 оноос хойш үйлчилж байгаа. 1995 оноос өмнөх ажиллаж байсан байдлыг хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилж чөлөөлсөн тушаал байхгүй, үрэгдүүлсэн бол ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэвэр тогтоодог.
М.Гэндэнгийн хувьд 1995 оноос хойшхи нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, байгууллагын нягтлан бодогч болон нийгмийн даатгалын байцаагч баталгаажуулаад тамга тэмдэг дарсан байгаа боловч 1995 оноос хойших манай мэдээллийн баазаас шүүж үзэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан. Тийм учраас нийгмийн даатгалын архиваас шүүж үзэхэд түүний 3 жил 3 сарын шимтгэл төлөгдсөн талаарх баримт гарч ирсэн.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд 1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ: 1/хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 2/шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх; 3/нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах; 4/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх гэж заасан.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж тус тус заасан.
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 590 дугаартай шүүхийн шийдвэрээр 2011 оны 1 сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Зэрэг сумын Эрүүл мэндийн төв зөвшөөрсөн боловч шимтгэл төлөлт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур төлөгдсөн байдаг юм.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 34 тоот тогтоолд зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд тухайн сарын шимтгэл төлөлтийг ажлын цагт нь шилжүүлээд, тухайн хоногт шилжүүлж тооцож үзэхэд 1 жил 6 сарын шимтгэл төлсөн байгаа юм.
Мөн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/09 дугаар тушаалаар батлагдсан Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэрт гарах зааврын 6.1-д “1995 оноо өмнө малчнаар ажиллаж байсан даатгуулагчийн тэтгэврийн дор дурдсанаар тогтооно”. 1/Хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн гишүүний дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй бол архивын лавлагаа, шүүхийн шийдвэрийг үндэслэн жилийг нь дор дурдсанаар тооцно. 6.2.1-д Даатгуулагч 1991-1995 онд хувиараа мал маллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2- дахь хэсэг, Хөдөлмөрийн сайдын 1991 оны 270 дугаар тушаалын дагуу сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд хамрагдаж, орлогоосоо 13,5 хувиар тооцон тэтгэврийн даатгал төлсөн нь хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын шимтгэлийг бүртгэх тооцооны хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт болон Үндэсний статистикийн хорооноос баталсан мал тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллогын жил бүрийн бүртгэл буюу А дансыг үндэслэнэ. 6.3-т Даатгуулагч 1995 оноос хойш малчнаар ажиллаж байсныг дор дурдсан баримт бичгийг үндэслэн тооцно. 6.3.1-д Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу 1995 оноос хойш албан журмын болон сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг түүний малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаал, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан сайн дурын гэрээ, баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, А дансны лавлагаа, 6.5-д малчин даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг малчин хуваариа шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4.1-д заасан 15 наснаас эхлэн тооцно гэж тус тус заасан байдаг.
Иймээс 1995 оноос хойших шимтгэл төлөлтийг нийгмийн даатгалын байгууллага өөрөө баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, архивын лавлагаа, А данс, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал зэргийг үндэслэж өндөр насны тэтгэврийг тогтоохоор байгаа юм.
Иймд М.Гэндэн нь 1995-2005 оны малчнаар ажилласан нь тэтгэвэрт гарах нөхцөлийг хангахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол улсын Засгийн газрын 2018 оны 79 дүгээр тогтоолоор малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгоход баримтлах журмаар нийгмийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн, түүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажилласан тохиолдолд малчнаар өндөр насны тэтгэвэрт гарч болно гэж заасан. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Ховд аймгийн Зэрэг сумын эрчим хүчний салбарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Нийгмийн даатгалын дэвтрийг үндэслээд ажилласан жилийг тогтоосон шүүхийн шийдвэр байхад үүнийг үнэлэхгүй М.Гэндэнгийн өндөр насны тэтгэврийг тогтоож өгөхгүй байгаа Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүй нь хууль бус юм.
Анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 00438 дугаар шийдвэр нь ямар нотлох баримт дээр үндэслэсэн бэ гэхээр М.Гэндэнгийн нийгмийн даатгалын дэвтэр байгаа. 297185 дугаар М.Гэндэнгийн дэвтэрт бичилт хийсэн байгаа. 1995-2005 оны М.Гэндэнгийн цалин орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд, сумын нийгмийн даатгалын байцаагчаас бичилт хийж, тамга тэмдэг дарагдсан. 2019 онд Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 590 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Уг шийдвэрт Зэрэг сумын Эрүүл мэндийн төвөөс 2,284,380 төгрөгийн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулахаар болсон. Учир нь нэхэмжлэгч М.Гэндэнд хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин олгоод түүндээ ногдуулж нийгмийн даатгал төлсөнтэй холбоотой.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын 16.1-д ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олох бүрдээ зохих хувь хэмжээгээр тооцож, тухайн сардаа нийгмийн даатгалын байгууллага руу шилжүүлнэ гэж заасан. Мөн журмын 16.4-д шимтгэл төлсөнд тооцоод тухайн байгууллагын нягтлан бодогч нийгмийн даатгалын ажилтан баталгаажуулна гэж заасан. М.Гэндэнгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь энэ журмын дагуу явагдсан. Мөн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн бол шимтгэл төлөгч хариуцлага хүлээх талаар зааж өгсөн.
Нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлөгдсөн байна гэдэг нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш. Энэ нь нийгмийн даатгалын байгууллагын буруутай үйл ажиллагаа. М.Гэндэн тухайн үед цалин орлогоос нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлаар бичилт хийгдсэнийг өөрөө нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлсөн гэж ойлгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч М.Гэндэнгийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Өндөр настны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тэтгэвэр тогтоохыг даалгах” нэхэмжлэлтэй шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхэд хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.Гэндэн нь “малчнаар ажилласан” гэх хуулийн болзол шаардлагыг хангасан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж маргана.
Нэхэмжлэгчийг 1984 оны 09 сарын 21-ний өдрөөс 1994 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин /нормчин/, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 сарын 21-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Эрчим хүчний салбарт малчнаар тус тус ажиллаж байсныг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 19- ний өдрийн 153/ШШ2018/00438 дугаар шийдвэрээр тогтоожээ.
Мөн 2011 оны 01 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд малчнаар ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зөрүүг тус байгууллага төлөхийг хүлээн зөвшөөрснийг Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 153/ШШ2019/00590 дүгээр захирамжаар баталсан байна.
Нэхэмжлэгч нь 1995 оноос 2005 он болон 2011 оноос 2018 он хүртэлх хугацаанд малчнаар ажилласан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж, хариуцагчаас малчнаар ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлөгдөөгүй учир тэтгэвэр тогтоох үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн.” гэж, 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.”гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-т “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж тус тус заасан.
Эндээс үзвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь насны болзол болон нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаанаас хамаарахаар байх ба нэхэмжлэгчийн хувьд насны болзол хангасан 57 настай боловч малчнаар ажилласан гэх 1995 оноос 2005 оны хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нь бүрэн төлөгдөөгүй, 2011 оноос 2018 оны хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч төлөөгүй, нийгмийн даатгалын байгууллагад нөхөн тайлан хүргүүлээгүй болох нь холбогдох байгууллагын лавлагаа, тодорхойлолтоор тогтоогдож байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оноос 2005 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүрэн төлсөн гэж дэвтэрт тэмдэглэгээ хийсэн нь нийгмийн даатгалын ажилтны буруутай үйлдэл, харин 2011 оноос 2018 оны хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг ажил олгогч хариуцан төлөхийг зөвшөөрсөн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул тэтгэвэр тогтоох боломжтой гэж маргажээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 4-д “нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг; 5-д “нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа” гэж ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг ойлгохоор тодорхойлсон тул нийгмийн даатгалын дэвтрийн бичилт бус нийгмийн даатгалын санд шимтгэл төлөгдсөн эсэхийг үндэслэн шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох нь зүйтэй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д зааснаар ажил олгогч болон даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж,тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тохиолдолд даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.” гэж заасан байх тул нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгч М.Гэндэнгийн Зэрэг сумын Эрчим хүчний салбар болон Эрүүл мэндийн төвд малчнаар ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ .
Харин нэхэмжлэгч нь ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх эсхүл Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд зааснаар тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх боломжтой байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.Гэндэнгийн өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нийгмийн даатгалын эс үйлдэхүй нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 17 дугаар зүйлийн 17.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “М.Гэндэнгийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, М.Гэндэнгийн өндөр насны тэтгэврийг тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ