| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 106/2019/0523/Э |
| Дугаар | 884 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 884
2019 9 5 2019/ДШМ/884
Б.Нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батнасан,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 527 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхзул, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Нд холбогдох 1905004300084 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
....... Н, 1961 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ээрмэлийн технологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүүхдийн хамт .... ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;
Б.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагийн үед ........ өөрийн гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Д.Агийн зүүн шилбэний ард талд 1 удаа, баруун гуяны урд гадаргууд 3 удаа, баруун бугуйнд 1 удаа тус тус хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ..... Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нн цагдан хоригдсон 144 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цагаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, ягаан өнгийн эмэгтэй хүний унтлагын хувцас 1 ширхэг, хүрэн өнгөтэй үдээс 1 ширхэг, 0.75 литрийн Shim /Шим/ нэртэй архины шил 1 ширхэг, ундааны хуванцар сав 1 ширхэг, хөнжил 1 ширхэг, эмчийн үзлэг бүхий цаас зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг зохих байгууллагад даалгаж, шүүгдэгч Б.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхзул давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Миний ах А нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө санамсаргүй байдлаар эхнэртээ хутгалуулж нас барсан. Ар гэрийнхэн бид болсон хэрэг явдлын талаар маш их мэдэж байгаа бөгөөд хадам эгч Б.Н нь нөхрөө ямар ч тохиолдолд алах хүн биш, талийгаач ахтай минь 20 жил хамт амьдрахдаа хааяа нэг хамт архи уухаас бусад үед бие биедээ халамжтай байж охиныхоо төлөө амьдарсаар ирсэн. Анхан шатны шүүхээс Б.Нд 8 жилийн хорих ял оногдуулсныг миний хувьд хатуудсан шийдвэр гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Н нь өндөр настай, бие муутай бөгөөд саяхан 18 нас хүрсэн охин нь ганцаараа цаашид хэрхэн амьдрах нь тодорхойгүй байна. Хадам эгч минь аль болох хурдан ялаа эдлэж дуусаад охинтойгоо хэдэн жил ч болов хамт амьдраасай гэж бид маш их хүсэж байна. Иймд анхан шатны шүүхээс Б.Нд оногдуулсан 8 жилийн хорих ялаас 2-3 жилийг хасаж, 5 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр үл таних эмэгтэй /Энхсайхан/ “хөөе” гэж дуудаад “ганц юм уух уу” гэхээр нь “гадаа эвгүй ш дээ” гээд гэрт бөөлжөөд байсан нөхрийнхөө шарыг тайлаад ажилд нь явуулъя гэж бодоод гэртээ дагуулж ороод архи уусан. ...Энхсайхан нь “би нөхөртэйгөө муудаад явж байна, гурвуулаа танайд наргиад хоночихье” гээд бид хоёр ломбарданд утсаа 30.000 төгрөгөөр тавиад дэлгүүрээс 1 том “Хараа” архи, бууз, салат авч ороод уусан, ...нэг сэрээд хартал миний хань, тэр авгай хоёр нэг хөнжилд хоёулаа шалдан заваарч байхыг нь хараад гомдож, уурлаж цочирдоод “янхан зайл” гээд тэр авгайг цохиж орилсон. Нөхөр маань намайг харангуутаа “зайл, ална шүү” гээд архины шил далайгаад үсрээд ирсэн. Би айж бачуурч, цочирдоод хоромхон зуур шоконд орсон. Сэхээрээд хартал нөхрийн маань хөлнөөс цус гарсан, миний гарт хутга харагдсан. ...Би тэр гайтай өдөр тэр эмэгтэйг дагуулж орж, энэ хэрэгт холбогдсондоо гэмшээд ч барахгүй, буруугаа хүлээж байна. ...Би эмэгтэй хүн, эхнэр хүнийхээ хувьд ханийгаа алах санаа зорилго огтхон ч байгаагүй. ...Би өндөр настай, өвчинд баригдсан, төрөлхийн зүрхний гажигтай, элэг томорч өөхөлсөн, бөөр чулуутай, нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй, ходоод шархтай, тархины болон артерийн даралт ихсэж 180-200 хүрч, хүчилтөрөгчийн дутагдлаас болж зүрхний хэм алдагдаж, хугархай хөл, гар үрэвсэж өвдөөд өвчин намдаах эм өдөр бүр уухаар ходоодны шарх сэдрээд, хоол унд шингэхгүй бөөлжиж, гүйлгээд хүндрэлтэй байна. Миний охин Нарангарав шилжилтийн насных, аав нь нас барж, ээж нь шоронд байгаа энэ үед сэтгэл санааны хүнд цохилтод орж, буруу үйлдэл хийж, буруу замаар орчих вий гэж санаа зовж байна. ...Би өөрөө түргэн дуудаж, хөлийг нь боож тусламж үзүүлсэн боловч согтуу болохоор буруу боосон байх, ...хохирогчийн эгч намайг өдий олон жил гудамжинд хаячихгүй сайхан амьдруулж явсанд баярлалаа, гомдолгүй гэж хэлээд уйлсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Нн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Н нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ анхны мэдүүлгээсээ хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гэм буруугийн талаар огт маргаагүй. ...Тэрээр амь хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, өөрөө цагдаагийн байгууллагад очиж мэдэгдсэн. ...Б.Нн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өндөр настай, эрүүл мэндийн байдал болон ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ... гэв.
Прокурор Б.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал, ...прокурорын зүгээс тухайн зүйл, заалтыг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны 12 тоот өөрийн гэртээ нөхөр Д.Аг П.Энхсайхан гэгчтэй нэг хөнжилд хамт унтаж байхыг нь хараад түүний зүүн шилбэний ард тал, баруун гуяны урд, баруун бугуйнд тус тус хутгалж, зүүн шилбэний арын артерийн судас тасарснаас цус алдаж нас барсан болох нь:
Б.Нн сэжигтнээр өгсөн “...тэрүүхэн хооронд миний уур хүрээд Агийн гуя хавьд 2-3 удаа хутгаар хатгасан. ...” /1хх 185-186/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхзулын “...манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй, бүх зүйл болоод өнгөрсөн болохоор Н эгчээс ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. ...” /1хх 48-50/,
гэрч О.Отгонсүрэнгийн “...01 цаг өнгөрч байхад Н эгч хаалга нүдээд би хүн алчих шиг боллоо, түргэн тусламж дуудаач гээд байхаар нь 103-т дуудлага өгсөн. ...” /1хх 57-59/,
гэрч Э.Мөнхбаярын “...би юу болсон талаар асуухад ээж А “ах чинь цус алдаад байна, эмнэлэг дуудаадах” гэсэн. ...” /1хх 60-63/,
гэрч П.Одонцэцэгийн “...01 цаг өнгөрч байхад Н эгч хаалга нүдээд “103 дуудаач, би хүн алчих шиг боллоо, яанаа эгч нь одоо шоронд орох байхаа” гээд уйлаад байсан. ...” /1хх 67-69/,
гэрч П.Энхсайханы “...тэр үед нөгөө эмэгтэй орилчихсон, гэрийнх нь шал дүүрэн цус болчихсон, нөхөр нь орон дээрээ хэвтчихсэн байдалтай байсан. ...би тэр эмэгтэйд “нөхөр чинь үхчихсэн юм биш үү, чи харалдаа” гэсэн чинь тэр эмэгтэй “би нөхрөө алчихлаа” гээд уйлаад гараад явчихсан. ...” /1хх 74-75/,
гэрч М.Пүрэвдоржийн “...Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны 12 тоотод ороход гэрээр нь дүүрэн цус болчихсон, орон дээр нь нэг хөгшин хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. ...Биеийн байдлыг үзэхэд амьсгалахгүй байхаар нь шууд тэр даруй жижүүрт мэдэгдэж, бүрэлдэхүүн дуудуулсан. ...” /1хх 78-79/,
гэрч Г.Ариунбаярын “...байранд ороход үүдний болон том өрөө нь нэлэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон, талийгаач нь том өрөөний буйдан дээр дээшээ харсан, доогуураа нүцгэн, хөлнөөс нь их хэмжээний цус гарсан байдалтай байсан. ...” /1хх 80-81/ гэх мэдүүлгүүд,
“...талийгаач нь зүүн шилбэний арын артерын судас тасарснаас цус алдаж нас барсан болохыг тогтоосон ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 84-87/,
“...шинжилгээнд ирүүлсэн дотоожны баруун шуумагны урд хэсэгт хурц иртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр гарсан 13 мм, 15 мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт байна. ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 665 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 114-116/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 21-24/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Нг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочирон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагагүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдлээс улбаалан гэмт хэрэг үйлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм.
Хэргийн үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.Н нь амь хохирогч Б.Аг П.Энхсайхантай хамт нэг хөнжилд байсан гэх шалтгаанаар түүний зүүн шилбэний ард хутгалж, арын артерийн судас тасарснаас цус алдаж нас барсан байх бөгөөд тухайн нөхцөл байдалд санаа сэтгэл хүчтэй цочирон давчдах байдал үүсээгүй, шүүгдэгч Б.Агийн үйлдлийг энэ ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл, хохирогч нь ёс суртахууны хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл гаргасан гэж дүгнэж болохоор байгаа хэдий ч энэ нь гадаад илрэл, агуулгын хувьд шүүгдэгчийг сэтгэл санааны цочиролд оруулан хүндээр доромжилсон, сэтгэл санааны гэнэтийн цочролд автсан, сэтгэхүйн хэвийн байдлаа алдсан гэх шинж /илрээгүй/ тогтоогдохгүй байна.
Харин тэрээр өөрийгөө удирдан жолоодож үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан хүний амь хохирох хор уршгийг хэдийгээр шууд хүсээгүй боловч түүнд зориуд хүргэж, амь хохирогчтой тодорхой хугацаанд үргэлжлэн маргаж хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд уурсан дургүйцэж, хохирогчийн зүүн шилбэний ард тал, баруун гуяны урд, баруун бугуйнд тус тус хутгалж, зүүн шилбэний арын артерийн судас тасарснаас цус алдаж нас барсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Нн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Нн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /тухайн зүйлд заасан хамгийн хөнгөн ял/ 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхзул “...Б.Нд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхзул, шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 527 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхзул, шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН