Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00428

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01865 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1916 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******-д холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 188,122,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...******* нь 2018.04.20-ны өдрөөс 2018.12.31-ний өдрийг хүртэл *******-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 25/18 тоот гэрээ, барьцааны 26/18 тоот гэрээг тус тус байгуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нийт 116,446,900 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн боловч зээлдэгч талаас зээлийн үлдэгдэл төлбөр 111,446,900 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бид гэрээгээр 50,000,000 төгрөгийн шатахуун зээлээр худалдах, худалдан авахаар тохирсон бөгөөд итгэлцлийн үндсэн дээр 66,446,900 төгрөгийн шатахуун нэмж өгсөн. Талууд гэрээний 3.2-т худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авснаас хойш 30 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана гэж заасан байхад хариуцагч одоог хүртэл төлбөр хийгээгүй болно. Иймд гэрээний 3.3-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийн алданги 282 хоногоор тооцоход 157,140,129 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн 55,723,450 төгрөг, мөн хугацааны хүү 20,951,980 төгрөг, нийт 188,122,330 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит шүүхэд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд 2018.04.20-ны өдөр 25/18 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 26/18 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан. Талуудын хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь өөрийн өмч болох газрын тосны бүтээгдэхүүнийг Дорнод аймгийн Чойбалсан хот дахь ГТБ-ний агуулахаас зээлээр гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр худалдах, манай компани зээлээр худалдан авч түүний төлбөр тооцоог төлөх үүрэг хүлээсэн. Зээлээр худалдан авах барааны үнэ ямар ч тохиолдолд барьцааны гэрээний зээлийн үнэ 50,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар гэрээнд заасан. Нэхэмжлэгч гэрээнд заасан тохиролцооноос илүү дүнгээр буюу амаар байгуулсан хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 66,466,900 төгрөгийг нэмж тооцож алданги, хүү нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 50,000,000 төгрөгийн тохиролцоог бичгээр байгуулсан. Үлдэх хэсэгт бичгийн тохиролцоо байхгүй тул илүү гарсан хэмжээнд зээл, хүү төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн тооцооллоор үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, алдангид 25,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, үүний дээр 61,446,900 төгрөгийг нэмж шаардах байсан. Гэхдээ талууд алданги, хүүгийн төлбөрийг дахин тохирсон. Талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч 116,446,900 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулж сүүлийн байдлаар тооцоог хаасан байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан дэлгэрэнгүй авлагын лавлагаагаар үндсэн төлбөр 116,446,900 төгрөг гэж тусгагдсан нь ч гэсэн тооцоог эцсийн байдлаар тооцсон юм. Тэгэхээр гэрээний 8.4-т тооцоо нийлснээр гэрээний үүрэг дуусгавар болгоно гэж заасан тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 111,446,900 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01865 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус заасныг баримтлан*******-аас 140,113,566 төгрөгийг гаргуулж *******-д олгож, *******-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,008,764 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,098,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 858,518 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1916 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Талуудын хооронд 2018.04.20-ний өдөр 25/18 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 26/18 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан. Хэргийн 14-р талд авагдсан нэхэмжлэгчийн төлбөр барагдуулах тухай 2018.10.15-ны өдрийн 83/18 дугаартай албан тоотоор хариуцагч компаниас үндсэн төлбөр 111.446.900 төгрөгийг алданги 63.386.411 төгрөг болон хүүгийн хамт нэхэмжлэлийг мэдэгдсэн байдаг. Манай компани нь 2018.10.16-ны өдрийн 2018/24 дугаартай албан тоотоор 2018.12.20-ны өдрийн дотор зээлээр авсан дизель түлшний тооцоог барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Улмаар талууд 2018.12.31-ний өдөр шатахууны тооцоо нийлсэн акт үйлдэж сүүлийн байдлаар хариуцагч компани нь 116,446,900 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг 2 тал харилцан тохиролцож баталгаажуулсан бөгөөд тооцоог сүүлийн байдлаар хаасан. Үүнээс хариуцагч компани нь 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Энэ төлбөр дээр нэхэмжлэгч нь маргадаггүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаас 116,446,900 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 111,446,900 төгрөг болохыг давхар нотолсон. Хэрвээ үнэхээр нэхэмжлэгч компанийн нэхэмжлээд байгаа шиг алданги, хүү авахаар тохиролцсон бол тооцоо нийлэх гэрээнд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5-д заасны дагуу төлөх төлбөрт хүү тооцож болохоор байсан. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн гаргаж өгсөн 2019.01.01-ний өдрөөс 2019.04.30-ны өдрийн хүртэлх хугацааны өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаас хариуцагч******* нь 111,446,900 төгрөгийн өр төлбөртэй болохыг харуулсан байдаг. Өөрөөр хэлбэл талууд гэрээний дагуу тооцох алданги болон хүүг 2018.12.31-ний өдөр байгуулсан шатахууны тооцоо нийлсэн актаар баталгаажуулж хаасан болно. Ийм учраас магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж хүү, алданги болох 28,666,666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 188,122,330 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлээс 111,446,900 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх, 140,113,566 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2021.05.11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээнд хариуцагч нь эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 2 хоногийн дотор 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө. Хариуцагч нь дээрх төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр тогтоосон 140,113,566 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт бүхэлд нь төлнө. Хариуцагч нь төлбөрийг хугацаанд нь төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс 20,113,556 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 858,518 төгрөг, нийт 20,972,074 төгрөгийн төлбөрөөс хариуцагчийг чөлөөлнө. Гэрээний төлбөр төлөгдсөн даруйд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн Дорнод аймаг, Халх гол сум, 3 дугаар баг, Ташгай атар 1 хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0607000244, Ү-0607000245, Ү-0607000246 дугаарт бүртгэлтэй ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь болон барьцааг чөлөөлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

Эвлэрлийн гэрээнд зохигчийг төлөөлж нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, Г.Дуламханд, хариуцагч*******-ийн гүйцэтгэх захирал Ж.Ганбаатар нар гарын үсэг зурсан байх бөгөөд эвлэрлийн гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж үзнэ.

Талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлах үндэслэлтэй байна. 

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01865 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1916 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч нь эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 2 хоногийн дотор 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, хэрэв дээрх төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр тогтоосон 140,113,566 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт бүхэлд нь төлөх, хариуцагч нь төлбөрийг хугацаанд нь төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс 20,113,556 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 858,518 төгрөг, нийт 20,972,074 төгрөгийн төлбөрөөс хариуцагчийг чөлөөлж, гэрээний төлбөр төлөгдсөн даруйд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн Дорнод аймаг, Халх гол сум, 3 дугаар баг, Ташгай атар 1 хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0607000244, Ү-0607000245, Ү-0607000246 дугаарт бүртгэлтэй ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь болон барьцааг чөлөөлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч******* нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 301,290 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 Х.СОНИНБАЯР