Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1865

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,        

Нэхэмжлэгч: “МБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: “ҮЗ” ХХК-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 188,122,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 “ҮЗ” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “МБ” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 25/18 тоот гэрээ, барьцааны 26/18 тоот гэрээг тус тус байгуулсан.

Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, нийт 116,446,900 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн боловч зээлдэгч талаас зээлийн үлдэгдэл төлбөр болох 111,446,900 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Бид гэрээгээр 50,000,000 төгрөгийн шатахуун зээлээр худалдах, худалдан авахаар тохирсон бөгөөд итгэлцлийн үндсэн дээр нэмж 66,446,900 төгрөгийн шатахуун өгсөн байгаа.

Талууд гэрээний 3.2-т “Худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авснаас хойш 30 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана гэж заасан” байхад хариуцагч одоог хүртэл төлбөрөө хийгээгүй болно.

Иймд гэрээний 3.3-т зааснаар гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний төлбөрийн алданги 282 хоногоор тооцоход 157,140,129 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцүүлэн 55,723,450 төгрөг, мөн хугацааны хүү 20,951,980 төгрөгөөр тооцож, үндсэн төлбөрийн хамт нийт 188,122,330 төгрөгийг “ҮЗ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 25/18 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ, 26/18 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан.

Талуудын хооронд байгуулсан 25/18 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч компани нь өөрийн өмч болох Газрын тосны бүтээгдэхүүнийг Дорнод аймгийн Чойбалсан хот дахь ГТБ-ний агуулахаас зээлээр гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр худалдах, манай компани зээлээр худалдан авч түүний төлбөр тооцоог төлөх үүрэг хүлээсэн.

Зээлээр худалдан авах барааны үнэ ямар ч тохиолдолд барьцааны гэрээний зээлийн үнэ болох 50,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар гэрээнд заасан. Нэхэмжлэгч гэрээнд заасан тохиролцооноос илүү дүнгээр буюу амаар байгуулсан хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 66,466,900 төгрөгийг нэмж тооцож алданги, хүү нэхэж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 50,000,000 төгрөгийн тохиролцоог бичгээр байгуулсан. Үлдэх хэсэгт бичгийн тохиролцоо байхгүй тул илүү гарсан хэмжээнд зээл, хүү төлөх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн тооцооллоор бол үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, түүний алданги нь 25,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, үүний дээр 61,446,900 төгрөгийг нэмээд шаардах байсан.

Гэхдээ талууд алданги, хүүгийн төлбөрийг дахин тохирсон. Талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч нь 116,446,900 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулж сүүлийн байдлаар тооцоог хаасан байдаг. Тэгэхээр Иргэний хуулийн 446.1-д зааснаар өр авлагыг харилцан тооцож акт үйлдсэн гэсэн үг. Хэрэв хүү, алданги шаардах байсан бол мөн зүйлийн 446.5-д зааснаар хүүг тооцоо нийлсэн актад бүрэн тусгах ёстой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан дэлгэрэнгүй авлагын лавлагаагаар үндсэн төлбөр 116,446,900 төгрөг гэж тусгагдсан нь ч гэсэн тооцоог эцсийн байдлаар тооцсон гэсэн үг юм.

Тэгэхээр гэрээний 8.4-т зааснаар тооцоо нийлснээр гэрээний үүрэг дуусгавар болгоно гэж заасан тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 111,446,900 төгрөгийг л хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 111,446,900 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МБ” ХХК нь хариуцагч “ҮЗ” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 188,122,330 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “ҮЗ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 111,456,900 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

“МБ” ХХК, “ҮЗ” ХХК-ууд нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 25/18 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар байгуулж, худалдагч “МБ” ХХК нь чанарын шаардлага хангасан 50,000,000 төгрөгөөс хэтрэхгүй үнийн дүн бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг Дорнод аймаг дахь өөрийн агуулахаас худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч “ҮЗ” ХХК нь зээлээр худалдан авсан барааны үнийг барааг авснаас хойш 30 хоногийн дотор төлөх, хэрэв энэ хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар тооцсон алданги, мөн барааг хүлээн авснаас хойш 91 дэх хоногоос эхлэн сарын 2 хувийн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Үүнээс гадна талууд мөн өдөр “ҮЗ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0607000244, Ү-0607000246, Ү-0607000245 дугааруудад бүртгэлтэй, Дорнод аймгийн Халх гол сумын 3 дугаар баг, Ташгай Атар 1 бригадад байршилтай 93 м.кв, 34 м.кв, 34 м.кв талбай бүхий ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг бариулсан барьцааны гэрээг хийж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 232 дугаар зүйлийн 232.3, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т заасанд нийцсэн байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Худалдагч “МБ” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 20-оос 2018 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд нийт 116,466,900 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, худалдан авагч “ҮЗ” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн үйл баримт талуудын маргаагүй тайлбар, хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Талууд гэрээгээр чанарын шаардлага хангасан 50,000,000 төгрөгөөс хэтрэхгүй үнийн дүн бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр тохирсон, үүнээс илүү нийлүүлэгдсэн 66,446,900 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагч хүлээн авсан байдалдаа маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно” гэсэн заалтыг үндэслэн талуудын хооронд 66,446,900 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах болон зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ нэхэмжлэгч “МБ” ХХК нь биелүүлсэн, харин хариуцагч “ҮЗ” ХХК нь зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах болон зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 116,446,900 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг хэдийд, ямар хэмжээгээр хариуцагчид шилжүүлсэн байдлаа баримтаар нотлоогүй ч хэрэгт авагдсан “ҮЗ” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “МБ” ХХК-аас явуулсан 83/18 тоот “...шатахууны төлбөр болох 116,446,900 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна уу...” гэх агуулга бүхий албан бичигт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2018/24 тоот албан бичгээр “...нийт 116,446,900 төгрөгийн дизель түлш зээлээр худалдан авсан байдаг. ...Төлбөр тооцоог 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор барагдуулах хүсэлтэй байна” гэх хариу өгсөн байдалдаа хариуцагч маргаагүй тул шүүх газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн эцсийн хугацааг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тооцох нь зүйтэй байна.

 

Нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний үнээс төлөгдөөгүй үлдсэн 111,446,900 төгрөгийн төлбөрөөс 50,000,000 төгрөгт холбогдох хэсэг нь бичгээр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хамаатай тул шүүх уг гэрээний 3.2-т заасанд үндэслэн энэ төлбөрийг хариуцагч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлөх үүрэгтэй байсан гэж үзлээ.

 

Хариуцагч төлбөрийг дээрх хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “....Талууд төлбөрийн үлдэгдэл дүнг 2018 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар 116,466,900 төгрөг гэж тооцоо нийлсэн байх ба ийнхүү тооцоо нийлснээр гэрээний үүргийн биелэлт гэрээний 8.4-т зааснаар дуусгавар болсон тул нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхгүй” гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар болон зээлээр худалдах, худалдан авах гэрээний 8.4 дэх заалтаар “...талууд гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж, тооцоо нийлсэн актаар баталгаажуулснаар гэрээ дуусгавар болно” гэж заасан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д нийцэхгүй, хариуцагч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон тул татгалзал үндэслэлгүй.

 

Тиймээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.1, 5.2-т зааснаар нэхэмжлэгч хүү болон алданги шаардах эрхтэй.

 Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2-т “Худалдан авагч зээлээр худалдан авсан барааны төлбөрийг бараа худалдан авснаас хойш 30 хоногийн дотор ...төлнө” гэж, 5.1-д “Худалдан авагч барааны төлбөрийг гэрээний 3.2-т заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө...”, 5.2-т “Барааг хүлээн авснаас хойш 91 дэх хоногоос эхлэн худалдан авагч тал нь худалдагч талд сарын 2 хувийн хүү тооцон төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 169 хоног /2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс/-ийн алданги, 3 сар 20 хоног /2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс/-ийн сарын 2%-ийн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Үүнийг тооцвол 50,000,000 төгрөгийн 169 хоногийн алданги 25,000,000 төгрөг /42,250,000 төгрөг гарсан ба үүнийг Иргэний хуулийн 232.4-т нийцүүлэн/, 3 сар 20 хоногийн хүү 3,666,666 төгрөг /(50,000,000х2%х3сар)+(50,000,000х2%:30х20хон)/ буюу нийт 28,666,666 төгрөг, үндсэн төлбөр 50,000,000 төгрөгийн хамт бүгд 78,666,666 төгрөг гарч байх тул шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт дээрх төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь амаар байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 61,446,900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, энэ гэрээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 263 дугаар зүйлийн 263.4-т заасан шаардлага хангаагүйгээс хүү, алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй тул шүүх үндсэн төлбөр 61,446,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Дээрх үндэслэлээр шүүх хариуцагчаас нийт 140,113,566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 48,008,764 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тул шүүх уг гэрээтэй холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэнийг тэмдэглэе.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус заасныг баримтлан “ҮЗ” ХХК-аас 140,113,566 төгрөгийг гаргуулж “МБ” ХХК-д олгож, “МБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,008,764 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,098,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 858,518 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ө.УЯНГА