Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/03827

 

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/03827

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... тоотод оршин суух, М... овогт А... Б... /РД: .../,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дүгээр байр, ... тоотод оршин суух, У... овогт Э... Э... /РД: .../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж-42, өөрийн байранд байрлах Т.З /РД: 2076675/-т холбогдох, 

  

Т.Зийн даргын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-7 тоот тушаалыг хүчингүй болгуулах, А.Бийн ажилгүй байсан хугацааны цалин 28,354,097 төгрөг, Э.Эын ажилгүй байсан хугацааны цалин 22,637,775 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, А.Бийн сайн дурын нийгмийн даатгалын гэрээг хүчингүй болгуулж, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 318,800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, В.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагоны авто угсраанд туслах найруулагч хавчуулагдан нар барсан авто осол гарсан. Тухайн авто ослыг Цагдаагийн ерөнхий газрын Төмөр зам дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас шалгаж 201724000035 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нээсэн. Тээврийн прокурорын газраас 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, А.Б, Э.Э нарын 4 хүнийг сэжигтнээр тооцох тогтоолыг үйлдсэн байдаг. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол тус тус гарч, Говьсүмбэр аймагт тухайн хэргийг шалгаад 2017 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн №242 тоот яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Тухайн прокурорын яллах дүгнэлтэд ...Э.Э нь Улаанбаатар төмөр замын Сайншанд татах өртөөний харьяа Чойр солилцох тасгийн туслах машинчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний аюулгүй байдлын журам, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34-ийн б-д заасан ...Өгөгдөж буй дохиог анхааралтай ажиглах дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх, 10.34-ийн в-д заасан ...Зам дээр байгаа хүмүүс сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх, мөн журмын 10.35-д заасан Машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын тулд өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркийн хоёр талын яригчийн холбоогоор хүлээн авсан захирамжийг зүтгүүрийн шүглээр, радио холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машины сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно гэсэн заалтыг,

 

А.Б нь Улаанбаатар төмөр замын Сайншанд өртөөний харьяа Чойр солилцох тасгийн машинчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний аюулгүй байдлын журам, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34-ийн б-д заасан ...Өгөгдөж буй дохиог анхааралтай ажиглах дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх, 10.34-ийн в-д заасан ...Зам дээр байгаа хүмүүс сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх, мөн журмын 10.35-д заасан Машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын тулд өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркийн хоёр талын яригчийн холбоогоор хүлээн авсан захирамжийг зүтгүүрийн шүглээр, радио холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машины сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, туслах найруулагч авто угсраанд хавчуулагдан нас барсан хэмээн дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор А.Б, Э.Э нарыг гэм буруутайд тооцож, тус бүрийг 1 жил хорих ялаар шийтгэснийг Говьсүмбэр аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 7 дугаартай магадлалаар цагаатгасан. Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тухайн магадлал, тогтоолд хариуцагчийн буруутгаж байгаа дүрэм журам заалтыг нэхэмжлэгч нар нь зөрчөөгүй, нэхэмжлэгч нар нь гэм буруугүй болох нь тогтоогдсон тул цагаатгагдаж байсан. Уг хэрэгт холбогдоод шалгагдаж байх хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Т.Зийн даргын Б-2-07 дугаарт сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарсан. Уг тушаалаар Э.Э, А.Б нарыг ажлаас халсан. Ажлаас халах болсон гол үндэслэл нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 45 минут орчимд Чойр өртөө, Шивээ-Овоо өртөөний туслах найруулагч нь өртөөний замд сэлгээ хийж байх үедээ зүтгүүр болон эхний вагоны хооронд хавчуулагдан нас барсан буюу осол гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарыг ажлаас халсан байдаг. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар байдаг. Уг тайлбарт 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 8 цаг 45 минутын үед Чойр өртөөний харьяа Шивээ-Овоо өртөөний галт тэрэгний туслах найруулагч нь өртөөний 1 дүгээр зам дээр 5/0 хагас зүтгүүр салгах сэлгээний ажил хийх явцдаа зүтгүүр болон эхний вагоны авто угсраа хооронд хавчуулагдан нас барсан осол гарсан. Уг осол гарсантай холбогдуулан тухайн үед машинчаар ажиллаж байсан А.Б, Э.Э нарыг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б-11-07 дугаартай тушаалаар Техник ашиглалтын дүрэм, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, Улаанбаатар төмөр замын даргын 2009 оны А-55 дугаар тушаалыг биелүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, Хөдөлмөрийн гэрээний 2.3, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, и, з заалт, замын нэгдүгээр орлогч дарга Ушаков А.В, Замын ерөнхий инженер Мешеряков А.Р нарын удирдан хийсэн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийн шийдвэрийн саналыг тус тус үндэслэн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

 

А.Б, Э.Э нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ослын газар ажилласан комиссын акт, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А.Б, Э.Э нарын бичсэн тодорхойлолт, Радио станцын бичлэг шалгасан тухай 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн акт, Шивээ-Овоо өртөөний техникийн кабинетэд хийсэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлүүд, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Улаанбаатар төмөр замын удирдах газарт хийгдсэн шуурхай зөвлөгөөний хурлын тэмдэглэл зэргээр нотлогддог хэмээн дурдсанаас харахад нэхэмжлэгч нарыг тухайн осолтой холбогдуулан ажлаас халсан болох нь тогтоогдож, хариуцагч тал маргаагүй хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, нэхэмжлэгч хариуцагч нарыг гэм буруутайг шүүхээс тогтоогоогүй байхад хариуцагч байгууллага нэхэмжлэгч нарыг гэм буруутайд тооцож, ажлаас халсан нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэх процессын эрх зүйн тусгай зарчмыг зөрчиж, нэхэмжлэгч нарыг ажлаас халсан. Тухайн үед нэхэмжлэгч нар сэтгэл санааны гүн цочролд орсон, нүдэн дээр нь авто осол болсон, хамт ажиллаж байсан ажилтан нас барсан байдал, өөрсдөө эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа байдал зэргээс шалтгаалан өөрсдийгөө үнэхээр гэм буруутай гэж үзэх сэтгэгдэл үүсч байсан. Энэ хугацаанд тухайн эрүүгийн хэрэгт нь ажиллаж байсан хүний хувьд би тухайн байдлыг мэдэж байна. Хавтаст хэргийн 149 дүгээр хуудаст авагдсан Тээврийн прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 201724000035 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтын 3 дахь заалтаас харахад нэхэмжлэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь харагдаж байгаа. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хувийн баталгаа гаргах яллагдагч нь байнга оршин суух газрын хаягтай, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг байна хэмээн зааснаас харахад эрхэлж буй хөдөлмөрт нь саад учруулахгүйгээр авагддаг таслан сэргийлэх арга хэмжээ юм. Тэгэхээр нэхэмжлэгч нар нь ажил хөдөлмөрөө хийгээд явахад ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байх явцад нь холбогдох хууль хяналтын байгууллагаас саад учруулж, ажил хэргийг тасалдуулж, саатуулсан, цагдан хорьсон байдал байхгүй гэдэг нь харагдаж байгаа. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтаас харахад ямар нэгэн байдлаар ажил тасалсан, өөр сахилгын зөрчил гаргасан байдал харагдахгүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нар нь ажил үүргээ гүйцэтгэн явж байсан байна гэж харагдаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37,3 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүн хуулийн этгээд биелүүлнэ хэмээн заасан байдаг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч нарыг ажлаас үндэслэлгүй халсан болохоо хүлээн зөвшөөрч 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс буюу давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа нэхэмжлэгч нар магадлалаа гардаж аваад, Улсын дээд шүүхийн тогтоол 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гарахаас өмнө Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсэгт нэхэмжлэгч нарыг туслах ажилтнаар 2 сар ажиллуулж байгаад 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс Э.Эыг илчит тэрэгний туслах машинч, А.Бийг машинчийн ажилд тус тус томилон ажиллуулж байсан.

 

Э.Эыг бол архи уусан гэх шалтгаанаар ажлаас нь халсан бөгөөд уг харилцаа нь дээрх осолтой холбоогүй, тусдаа харилцаа гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа. Тиймээс Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь нэхэмжлэгч нарыг үндэслэлгүй ажлаас халсан гэдгээ хүлээн зөвшөөрч ажилд нь эгүүлэн томилсон гэж үзэх үндэслэлтэй. Гэхдээ хариуцагч талаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс нэхэмжлэгч нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ дахин байгуулаагүй гэж тайлбарладаг. Гэхдээ хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж нэхэмжлэгч нарыг ажилд орсон талаар тэмдэглэгээ тус тус хийсэн тул хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэж болох юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дугаар хэсэгт байнгын ажлын байр-ны заалт байдаг. Уг заалтанд ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу, түүнээс олгогдсон багаж хэрэгслээр баталсан горим, норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр болон ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байгаа ажлыг байнгын ажлын байр гэж үзэхээр заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон этгээдтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгч, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс хуульд зааснаас зөрөлдөж тайлбар гаргаж байдаг. Тэгэхээр хариуцагч тал бол нэхэмжлэгч нарыг тухайн осолд ямар нэгэн холбогдолгүй гэж үзэж ажлаас үндэслэлгүй халагдсаныг нь зөвшөөрч ажилд нь эгүүлэн тогтоосон гэж үзэж байна. Хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан шуурхай зөвлөгөөн байдаг. Уг шуурхай зөвлөгөөнд Улаанбаатар төмөр замын хуулийн төлөөлөгч нь эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэгдэхийг харья гэж, тухайн хүмүүсийн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдоогүй байхад бидний зүгээс хариуцлага тооцож хөдөлмөрийн гэрээ цуцлах хуулийн зохицуулалт байхгүй тул ажлаас нь түдгэлзүүлж болох талаар санал гаргасан нь уг шуурхай хурлын тэмдэглэлд байдаг. Гэтэл өөр нэг хүний саналаар хүний амь нас үрэгдүүлсэн осол гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж ажлаас халсан байдаг. Гэтэл шүүхээр гэм буруугүй нь тогтоогдож шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан бөгөөд эдгээр хүмүүсийг үндэслэлгүй ажлаас халсан гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байгаа. Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ажлаас үндэслэлгүй халагдсан гэдгийг тогтоолгох шаардлагаа дурдаад явж байсан бөгөөд сүүлд нь тодруулж гаргасан юм. Түүнээс шинээр бие даасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргаагүй болно.

 

Хариуцагчийн хариу тайлбарт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажлаас халагдсантай холбоотой асуудлаар 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах ёстой гэх заалтыг дурдаж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэх тайлбар гаргасан байдаг. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол уг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах тухай зохицуулсан. Гэтэл уг асуудлын хувьд шуурхай зөвлөгөөнөөс гарсан тэмдэглэл, сахилгын шийтгэлийн үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа хариу тайлбар зэргээс харахад 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр гарсан туслах найруулагч нас барсан осолтой холбогдуулан нэхэмжлэгч нарыг ажлаас халсан байх тул яалт ч үгүй уг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэгдэж дуусахаас өмнө шүүхэд хандах боломжгүй байсан. Тиймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй юм. Хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн Улсын дээд шүүхийн тогтоол гардаж авсан баримт байгаа. Уг баримтаар нэхэмжлэгч А.Б, Э.Э нар нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан. Тэгээд шүүхэд 2018 оны 07 сарын 31-ны өдөр буюу 6 хоногийн дараа нэхэмжлэлээ гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй байгаа. Улсын дээд шүүхэд уг хэргийн хурал болсноос хойш улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах хугацаа байдаг бөгөөд уг хугацаа өнгөрсний дараа дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болдог. Иймд нэгэнт шүүхийн шийдвэр гараад хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгч нар гэм буруугүй болох нь тогтоогдсон байгаа. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан заалтыг зөрчсөн, яллах дүгнэлтэд заасан зүйл заалтуудыг зөрчсөн гэж дахин дахин яллаад хариуцлага тооцоод байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн сүүлд хариуцагчийн хариу тайлбараас харахад Говьсүмбэр аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу нэхэмжлэгч нар нь 57 хоног цагдан хоригдсон байдаг бөгөөд давж заалдах шатны шүүхээс гэм буруугүй болох нь тогтоогдож суллагдсан. Уг шалтгаанаар нэхэмжлэгч нар 57 хоног хууль бусаар цагдан хоригдсон гэж Говь сүмбэр аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 45.1.1, 45.1.2, 45.1.3-т заасны дагуу хууль бусаар цагдан хоригдсоны төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг асуудлыг хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан тайлбарлаж байна. Ингээд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу авсан төлбөр 6,000,000 төгрөг, хууль бусаар цагдан хоригдсонтой холбоотой төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргаж шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Гэхдээ тухайн төлбөрүүд нь уг иргэний хэргийн ажилгүй байсан хугацааны цалин мөнгө нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж тайлбар гаргаж байна. Тиймээс хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нарыг үндэслэлгүй ажлаас халсан Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, А.Б, Э.Э нарыг хариуцагч нь үндэслэлгүй ажлаас халсан болохыг тогтоолгох, Э.Э, А.Б нарын ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны нийт 14 сар 22 хоногийн цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журмын 7 дахь хэсэгт заасны дагуу А.Бийн сарын дундаж цалин 1,913,466 төгрөг, Э.Эын дундаж цалинд 1,607,591 төгрөг, гаргуулах, А.Бийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 28,354,097 төгрөг, Э.Эын ажилгүй байсан хугацааны цалин 22,637,775 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу амралтын мөнгө 2,334,396 төгрөг, Э.Эын амралтын мөнгө 1,729,976 төгрөг тус тус гаргуулах, нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, нэхэмжлэгч А.Бийн сайн дурын нийгмийн даатгалын гэрээг хүчингүй болгуулах, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 318,800 төгрөгийг гаргуулан А.Бт олгуулах тухай тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маш дэлгэрэнгүй тайлбар хэллээ. Нэхэмжлэгч А.Б, Э.Э нь Сайншанд татах хэсэгт машинчаар ажиллаж байсан. Нэхэмжлэгч А.Бийн хувьд 2016 оны 6 дугаар сард зөрчил гаргасны улмаас 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сайншанд татах хэсгийн даргын 376 дугаар тушаалаар үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл авагдаж байсан. Ингээд үүний дараа буюу сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад буюу Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шивээ-Овоо татах хэсэгт галт тэргийн зүтгүүр салгах сэлгээний ажил хийх явцдаа зүтгүүр болон вагоны хооронд 24 настай туслах найруулагч Баатаржав хавчуулагдаж амь нас хохироход энэ хүний буруутай үйлдэл нөлөөлсөн учраас машинч А.Б болон туслах машинч Э.Э нарт Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 269607 тоот тушаалаар холбогдох журам, Улаанбаатар төмөр замын даргын А/55 тушаалд заасныг мөрдөж ажиллаагүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзээд хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Төмөр замын хувьд өөрөө тусгай үйл ажиллагаа эрхэлдэг тул уг үйл ажиллагааг зохицуулах тусгай хэм хэмжээ үйлчилдэг, тодорхой журмууд хэрэгждэг. Замын даргын нэг дүгээр орлогч дарга болон ерөнхий инженер нарын даргалан зохион байгуулсан шуурхай хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг үндэслээд Б.Батбилэг, Э.Э нарыг ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухайн хуулийн 131 дүгээр зүйл сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулсан. Сахилгын шийтгэл болон эрүүгийн хариуцлага хоорондоо ялгаатай болохыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ойлгох хэрэгтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал нь мэдээж эрүүгийн журмаар шалгаад шүүхээр шийтгэх тогтоол гардаг бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан эрүүгийн журмаар шалгаад 2017 оны 1 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад 2018 оны 6 дугаар сард Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хооронд нэхэмжлэгч нар нь ажлаа хийж байсан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах тушаал авсан. Сайншанд татах хэсгийн хөдөлмөрийн дотоод журмын 13.5-д Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3-т заасан нөхцөлийг дурдсан байдаг. Энд бол осол авар гаргасан, хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм ноцтой зөрчиж хүн болон хөрөнгөд хохирол гаргасан гэх зохицуулалт байгаа. Уг эрхийн актын дагуу болсон үйл явдлыг осол гэж үзсэн байдаг. Бид Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байдаг. Тэгэхээр сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын зөрчил гарсан нөхцөл байдал, шинж чанар, гэм буруугийн байдал, үр дагавар зэргийг харгалзаж үзэх ёстой. Хөдөлмөр хамгааллын дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д заасан байдаг бөгөөд галт тэрэгний болон сэлгээний тохиолдолд осол гаргасан туслахын зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг. Мөн Төмөр замын тээврийн багц хууль байдаг. Уг хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.1, 11.2.3-д заасан заалтууд байдаг. уг заалтуудад амь нас нь хохироод байгаа 24 настай залуу амь үрэгдэхэд машинч болон туслах машинч нь ямар үйлдэл хийсэн бэ гэдэг асуудал байна. Уг үйлдэл нь Төмөр замын ашиглалтын дүрмийн 12.9-д заасны дагуу зүтгүүрийг галт тэрэгний эхний вагонтой холбох ажлыг зүтгүүрийн машинч хариуцахаар заасан. Мөн 16.17, 10.2 дахь заалтуудын агуулга давхацдаг бөгөөд сэлгээний ажлыг хэрхэн хийхийг зохицуулдаг. Уг дүрэмд мөн дохионы найруулагчийн үүрэг байдаг. Энэ галт тэрэгний зүтгүүрийг эхний вагонтой ажил хийх явцад хийгдсэн яриа байдаг. Энд хоорондоо ярих, янз бүрийн үйлдэл хийхийг хориглосон бөгөөд тухайн үеийн нөхцөлд тохируулан эргэлзээтэй байвал шалгах, дохиочны дохиог тухай бүр биелүүлэх зэрэг заалтыг зөрчсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд ноцтой зөрчил гэдгийг тодорхойлсон байдаг. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээнд талууд өөрсдөө ноцтой зөрчил гэдгийг тодорхойлсон байгаа. Нэхэмжлэгч нарын гаргасан тайлбар нь тухайн ослыг гарахад эдгээрийн нөхцөл байдлыг бүрдүүлсэн байдал, хариуцлагагүй ажилласан, хөдөлмөр хамгааллын болон холбогдох дүрмийг мөрдөөгүй гэдэг нь харагдаж байгаа бөгөөд хийвэл зохих үйлдлээ зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг ноцтой зөрчсөн буюу ноцтой зөрчил гаргасан гэж үзээд ажлаас халсан.

 

Шүүхийн шийдвэрт энэ талаар дурдсан байдаг. н.Саранжаргал нь найруулагч, А.Б нь машинч, Э.Э нь туслах машинч бөгөөд эдгээр хүмүүсийн анхаарал яагаад сарнисан бэ гэх талаар анхан шатны шүүхэд хянагдсан эрүүгийн хэрэгт эдгээр хүмүүсийн өгсөн мэдүүлгүүд нь байдаг. Эдгээрээс дурдхад н.Саранжаргал найруулагч нь 2 дугаар замын Сайншандын машинч Батбилэг, туслах машинч н.Энхбаатар нар нь сэлгээний ажил аваад зогсож байсан, туслах найруулагч бид хоёр сэлгээний сэлгэх зүтгүүрт суусан, сэлгээний зүтгүүр 2 дугаар замаас гараад дохионы араас гарч машинч туслах нар сууж Улаанбаатар талаас ирсэн. Сэлгээ хийж дохионы араас 1 зам руу орж 5-6 минут зайтай зогсоход туслах найруулагч Баатаржав буусан. Удалгүй илчит тэрэг хөдлөхөд 5 минут орчим зогссон бөгөөд машинч болон туслах машинч нар илчит тэрэгнээс буухад туслах найруулагч Баатаржав хавчуулагдсан байсан. Сэлгээний ажил хийх үед туслах найруулагчийн хамт зүтгүүрээс бууж хөдөлгөөнд саад учруулахгүйгээр вагоны холболт, вагоны бэхэлгээний талаар туслах найруулагчаас асуух ёстой байсан боловч зүтгүүрээс хамт буугаагүй юм. Намайг буугаад очиход осол гарсан байсан гэх мэдүүлэг байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд А.Б, Э.Энхжаргал нар туслах найруулагч буугаад урагшаа гэсэн дохио өгсөн гэх мэдүүлэг, Саранжаргал болохоор зүтгүүр дотор байхдаа туслах найруулагчдаа вагон холбо гэсэн захирамж өгсөн гэх мэдүүлгүүд байдаг. Яг журмаараа бол туслах найруулагчийн дохиогоор биш найруулагчийн дохиогоор вагон туслах машинч, машинч нар хөдөлгөх ёстой байсан. Талийгч нь өөрөө ажилд ороод удаагүй дагалдаж байсан хүн нь найруулагчийн дохиогоор хөдлөх ёстой байтал туслах найруулагч дохио өгсөн гэдэг ба хэрвээ хөдөлгөөн ойлгомжгүй бол зогсох арга хэмжээ авах дүрмийг зөрчсөн юм. Ингээд уг асуудал нь эрүүгийн журмаар шалгагдахаас гадна хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл юм. Тэгэхээр сэлгээний бригадад машинч, туслах машинч, найруулагч, туслах найруулагч, холбогч нар ажилладаг. Тэдний үйл ажиллагаа нь бие биенээсээ хамааралтай байдаг бөгөөд хамтран ажиллах ёстой байсан. Найруулагч нь дохио өгснөөр хөдөлгөөнд оролцох ёстой байсан. Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 2.3-т зааснаар ахлах найруулагчийн хөдөлгөөнөөр хөдөлгөөн эхлэх ёстой байсан. Нэхэмжлэгч тал нь шүүхээс нэхэмжлэгч нарыг гэм буруутайг тогтоогоогүй байхад сахилгын зөрчил үйлдсэнд тооцож сахилгын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Үндсэн хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Тэгэхээр эрүүгийн журмаар шалгагдахаас өмнө уг асуудал хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ба уг асуудлыг хөдөлмөрийн дотоод журмаар шийдвэрлэгдэх ёстой. А.Б нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан нь 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр ослын газар ажилласан комиссын акт, мөн өдөр тогтоосон анхны акт, 2016 оны 12 сарын 29-ны өдөр нэхэмжлэгч нарын өөрсдөө тодорхойлж бичсэн тайлбар, радио станцын бичлэг, мөн шуурхай хуралдааны тэмдэглэл, 2017 оны 1 дүгээр сарын хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа. Сайншанд татах хэсгийн хувьд А.Б, Э.Э нартай 2018 оны 04 дүгээр сарын 18-нд хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилласан бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй юм. Хэрэгт гэрээг өгсөн байгаа. Шүүхээс нэхэмжлэгч нарыг цагаатгасан бөгөөд ажил олгогч нь өмнөх шийтгэлд нь сахилгын шийтгэл ногдуулж тушаал гаргасан бөгөөд тухайн тушаал нь хүчингүй болоогүй байсан. Гэсэн хэдий ч ажил олгогч нь өмнө нь ажиллаж байсан гэх үндэслэлээр А.Бийг машинчийн дагалдангаар, Э.Эыг машинчийн дадлагажигчаар ажиллуулсан. Ингээд тус хэсгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч нарыг туслах машинчаар ажилд авсан бөгөөд Батбилэг нь одоог хүртэл ажиллаж байгаа.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу ажлаас халсан тушаалыг гардаж авсан өдрөөс хойш 1 сарын дотор гомдол гаргахаар заасан. Гэтэл уг хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 29-ны үйл явдалтай холбоотой эдгээр хүмүүс гомдол гаргаагүй . Гэхдээ эдгээр нэхэмжлэгч нь цагдан хоригдож байсан хэдий ч нийт 57 хоног л цагдан хоригдсон байдаг. Цагдан хоригдож байснаас бусад хугацаанд нэхэмжлэгч нар нь уг асуудлаар гомдлоо ажил олгогчид тавих ёстой байсан. Гэхдээ гомдол гаргаагүй Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа гэв. Шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хугацааны мөнгөө нэхэмжлэгч нар авсан байдаг. Нэхэмжлэгч нар ажлаас үндэслэлгүй халагдсан талаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Уг гомдлоо гаргаагүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8-д заасныг дурдаж тайлбарлаж байсан. Хэрвээ буруу үндэслэлгүй халлаа гэж гомдлоо гаргасан бол шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж байсан. Гэтэл ажил олгогчид гомдол гаргах, хуулийн хугацаанд шүүхэд хандах ёстой байсан бөгөөд хугацаа байсан боловч хандаагүй байна. Хөдөлмөрийн хариуцлага болон эрүүгийн хэрэг шалгах үйл ажиллагааны ялгаа заагийг ойлгох хэрэгтэй байх. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр хугацаагаа тооцохдоо 14 сар 22 хоног гэж дурдсан байсан. Гэхдээ уг хугацаанд цагдан хоригдсон 57 хоног багтаж буюу цагдан хоригдсонтой холбоотой мөнгөө авсан байж уг хоногоо дахин шүүхэд нэхэмжлэл гаргах ажилгүй байсан хугацаанд оруулж байгаа юм билээ. Тэгэхээр уг хугацаа орж тооцогдох эсэхийг шүүх шийдвэрлэх байх. Сайн дурын нийгмийн даатгалын гэрээ хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, түүнтэй холбоотой баримтаа өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Тэгэхээр нэхэмжлэлийн уг шаардлагатай холбоотой үүргээ биелүүлээгүй буюу сайн дурын гэрээ гэх ямар нэгэн гэрээ хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны ээлжийн амралтын болон цалинд 55,056,244 төгрөг нэхэмжилсэн байна. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл нийт ажлын 317 хоног байгаа. Үүнээс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажлын 42 хоног байгаа. Энэ хугацаанд нэхэмжлэгч нар цагдан хоригдож байсан. Тэгэхээр уг хугацааны хохиролд нэхэмжлэгч нарт тус бүр 3,636,291 төгрөг буюу нийт 7,272,582 төгрөгийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар 01-ний өдрийн 177 дугаар шийдвэрээр засаг даргын сангаас олгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд дээрх 317 ажлын өдрөөс 42 ажлын өдрийг хасч тооцох ёстой. Энд цагдан хоригдож байгаа учраас нийт 275 ажлын өдөр байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль зүйн талаас энэ нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан тайлбарлах нь зүйтэй байх. А.Бийн хувьд цалин нь 2016 оны 11 сард 2,018,352 төгрөг, 12 сард 1,891,900 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 1,394,802 төгрөг нийт 5,305,052 төгрөг болж байгаа. Хөдөлмөр хамгааллын сайдын тушаалд зааснаар дундаж цалин хөлсийг тооцохдоо хоол, унааны мөнгө хасагдах ёстой. Мөн замын даргын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн №а411 тушаалаар батлагдсан дүрмийн 2.5, 2.11, 2.12-т зааснаар сар бүр ажилтнуудын ажил үүргийг үнэлэх, шагнал урамшуулал олгохдоо тухай бүрийн салбар нэгжийн шагналын комисс шийдвэрлэх бөгөөд сахилгын зөрчил гаргасан болон осол гаргасан ажилтнуудад шагнал урамшил олгогдохгүй юм. Хөдөлмөр хамгааллын зөрчил, ажлын хариуцлага алдсан, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг хангалтгүй биелүүлсэн зэрэг үндэслэлээр ажлын цалин бууруулах эрхийг шагналын комисст нь өгсөн байдаг.

 

Сар бүр уг дүрмийн дагуу шагналын комисс үр дүнгийн шагналыг тооцох бөгөөд сахилгын зөрчилтэй байгаа хүмүүст урамшуулал олгогдохгүй юм. Тиймээс А.Б, Э.Э нарт олгогдох урамшууллыг хасч тооцох бөгөөд А.Бийн хувьд нэг сард 1,307,486 төгрөг, нэг өдөрт 59,430 төгрөг, Э.Эын хувьд мөн адил тооцоод нийт 4,006,769 төгрөг, үүнээс дээрхийн адил үр дүн, хоол унааны зардлыг хасаад 3,122,013 төгрөг, үүнээс арын дундын цалин нь 1,040,671 төгрөг, ажлын өдрийн цалин нь 47,300 төгрөг болж байгаа. Тэгэхээр эдгээр цалингуудаас А.Бийн ажилгүйдлийн тэтгэмжид авсан 4,045,220 төгрөг, Э.Эын авсан 2,884,540 төгрөгийг тус тус хасч тооцох нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч тал ажилгүйдлийн даатгалын сангаас олгох журмын 7 дугаар зүйлээс дурдаж байсан. Харин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам-ын 4.6-д зааснаар цалин хөлс орлогыг ажилгүйдлийн тэтгэмжтэй хамт олгож болохгүй гэж заасан бөгөөд үүний дагуу хамт олгож болохгүй юм. Нэхэмжлэгч А.Б нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр сахилгын шийтгэл ногдсон бөгөөд 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн үндэслэлтэй юм. Ажилтан бүрт ажлын үр дүнгийн урамшуулал олгох ёстой гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан ажилтанд хамаарахгүй болж байгаа. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг нь хамгаалах нь зүйтэй хэдий ч хуульч хүний хувьд асуудлыг бүх талаас нь авч үзэх хэрэгтэй бөгөөд ингэснээр хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчим хангагдах ёстой. Хэрвээ машинч болон туслах машинч нар өөрсдөө холбогдох дүрэм журмаа биелүүлээд, зохих журмын дагуу ажилласан бол эрдэнэт хүний амь хохирохгүй байсан. Тэр нөхцөлийг хаах ёстой байхад эдгээр хүмүүс бүрдүүлээд өгсөн. Үндсэн хуулийн 16.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндсэн эрх нь зөрчигдөж байгаа гэж тайлбарлах хэдий ч эрхээ эдлэхийн хажуугаар үүргээ биелүүлэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б, Э.Э нар нь хариуцагч Т.Зт холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-7 тоот тушаалыг хүчингүй болгуулах, А.Бийн ажилгүй байсан хугацааны цалин 28,354,097 төгрөг, Э.Эын ажилгүй байсан хугацааны цалин 22,637,775 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, А.Бийн сайн дурын нийгмийн даатгалын гэрээг хүчингүй болгуулж, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 318,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

 

Хариуцагч Т.З нь ... 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 8 цаг 30 минутын үед Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Чойр өртөөний солилцох тасгийн машинч А.Б, туслах машинч Э.Э нар нь сэлгээний М62УМ-001 дугаарын илчит тэргээр Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагон залгаж явах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Баатаржаргал авто угсраанд хавчуулагдаж амь нас хохирсон үйлдэлд А.Б, Э.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн боловч хөдөлмөрийн эрх зүйн хариуцлага хүлээх ёстой. Тэд Төмөр замын хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам, Төмөр замын техник ашиглалтын дүрэм зөрчсөн болох нь тогтоогдож байгаа. Энэ нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил. Нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх 1 сарын хугацаагаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 

2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 8 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Шивээ говь сум дахь Улаанбаатар төмөр замын Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр М62УМ001 вагоныг залгах үйлдэл хийж байхад нь туслах найруулагч Б.Баатаржаргал нь авто угсраанд хавчуулагдаж нас барсан осол гарсан.

 

Тухайн осолд Тээврийн прокурорын газраас А.Б, Э.Э нарыг холбогдуулан шалгаж, Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцээд 2018/ШЦ/10 дугаар шийтгэх тогтоолоор А.Бийг Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Чойр солилцох тасгийн машинчаар, Э.Эыг мөн тасгийн туслах машинчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34-ийн Б-д заасан Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж, дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх, 10.34-ийн В-д заасан Зам дээр байгаа хүмүүс сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх, мөн журмын 10.35-д заасан машинч зүтгүүрийг хөдөлгөөнд оролцуулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркын 2 талын яригчийн холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркын 2 талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Баатаржаргалын амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б, Э.Э нарыг тус тус 1 жилийн хорих ялаар шийтгэжээ. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хэлэлцээд 7 дугаар магадлалаар ... А.Б, Э.Э нарыг цагаатгаж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-7 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.2, 30.2.4, хөдөлмөрийн гэрээний 2.3, нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, и, з заалтууд, Замын нэгдүгээр орлогч дарга Ушаков А.В, Замын ерөнхий инженер Мещеряков А.Р нарын удирдан хийсэн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл шийдвэрийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 8 цаг 45 минутын үед Шивээ-Овоо өртөөний галт тэрэгний туслах найруулагч нь вагонд зүтгүүр залгах сэлгээний ажил хийх үед зүтгүүр болон эхний вагоны авто угсраа хооронд хавчуулагдан нас барсан осол гарсантай холбогдуулан Техник ашиглалтын дүрэм, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2009 оны А-55 дугаар тушаалыг биелүүлж ажиллаагүй тул А.Б, Э.Э нарыг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Нэхэмжлэгч А.Б, Э.Э нарт хариуцагч 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ба нэхэмжлэгч нар нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр буюу 18 сар 5 хоногийн дараа шүүхэд хариуцагч Т.Зт холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, сайн дурын нийгмийн даатгалын гэрээг хүчингүй болгуулж, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 318,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тгийн шүүх хуралдаанд гаргасан ... нэхэмжлэгч нар нь ажлаас халагдсан тушаалаа аваад иргэний шүүхэд хандах гэсэн боловч ажлаас халах үндэслэл болсон ослыг цагдаа, прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байсан тул иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дууссаны дараа 2018 оны 7 дугаар сарын 31-нд нэхэмжлэлээ гаргасан гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

Мөн нэхэмжлэгч нар нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-7 тоот тушаалыг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гардаж авсан гэх хариуцагчийн тайлбартай нэхэмжлэгч маргаагүй, мөн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр А.Б, Э.Э нарын гаргасан хүсэлт, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 256 дугаар албан бичиг зэргээр нэхэмжлэгч нар тушаалыг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гардаж авсан болох нь тогтоогдож байна.

 

            Иймд нэхэмжлэгч А.Б, Э.Э нарын хариуцагч Т.Зт холбогдуулан гаргасан сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-7 тоот тушаалыг хүчингүй болгуулах, А.Бийн ажилгүй байсан хугацааны цалин 28,354,097 төгрөг, Э.Эын ажилгүй байсан хугацааны цалин 22,637,775 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, А.Бийн сайн дурын нийгмийн даатгалын гэрээг хүчингүй болгуулж, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 318,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны баримтлан нэхэмжлэгч А.Б, Э.Э нарын хариуцагч Т.Зт холбогдуулан гаргасан сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-7 тоот тушаалыг хүчингүй болгуулах, А.Бийн ажилгүй байсан хугацааны цалин 28,354,097 төгрөг, Э.Эын ажилгүй байсан хугацааны цалин 22,637,775 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, А.Бийн сайн дурын нийгмийн даатгалын гэрээг хүчингүй болгуулж, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 318,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР