Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2018/00217

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Д.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Н.Ц, А.М нарт холбогдох 

 

Жонш авахаар тохиролцсон мөнгө болох 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, хариуцагч А.М, түүний өмгөөлөгч Э.С, гэрч Б.Э, нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх Н.Ц, А.М нар Говьсүмбэр аймагт жоншоо буулгаж байгаад намайг жонш авах уу гэхээр нь би жоншийг нь авч, мөнгийг нь шилжүүлж байсан. Ингээд үүний дараа дахин жонш авахаар тохирч, 4,500,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт ирээд жоншоо гаргах гэсэн боловч гараар дийлдэхгүй байна, техник түрээслэх гэсэн мөнгө дутаад гэхээр нь 3,500,000 төгрөгийг бэлэн тоолж, баримт бичиж өгөөд авсан. Энэ өдөр амралтын өдөр байсан тул банк хооронд гүйлгээ хийж болохгүй байсан тул Хас банкны мөнгөний машинаас бэлэн мөнгө авч өгсөн. Дараа нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 5990177279 тоот дансаар 1,000,000 төгрөг шилжүүлж авсан. Энэ хугацаанаас хойш надад 1 ч тонн  жонш авчирч өгөөгүй, эргэж уулзаагүй. Надтай хамтарч ажилладаг н.Н гэх эгчид надаас авсан мөнгөөрөө өрөө дарсан байсан.

Сүүлдээ манай газраас их жонш гаргах гэхээр том хад тээглээд байна. Та техник олоод ирээч, тэгвэл нэг хоёр хоногийн дотор энэ хад байхгүй болж, гарсан жоншноос гарсан бүх зардал, төлбөр төлөгдөнө гэж хэлээд надаар техник түрээслүүлж ирсэн. Би техник түрээслэн очиж тэр газар ажиллуулаад 2 хоногийн дараа түрээсийн мөнгөө өгнө гэж тохиролцсон байсан боловч 2 хоногийн дотор жонш гараагүй. Хөрс хуулалт ихтэй, шороо их хэмжээгээр гарч, жонш гараагүй учир 2, 3 хоног ажиллаад бага хэмжээний буюу 20 гаруй тонн жоншийг олборлосон. Тэгтэл удахгүй байгаль орчны газраас хүмүүс ирж зөвшөөрөл аваагүй газар, энэ газраас техникээ хурдан холдуулж газраа буцааж булаад та нар эндээс хурдан яв гэж шаардаж, тэр техникийн бичиг баримтыг цагдаа хурааж авч энэ үйл ажиллагаа зогссон. Тиймээс сумаас зөвшөөрөл авсан газар, техник түрээсэлсэн мөнгийг өгнө гэсэн нь худал зүйл байсан. Тэд 4,500,000 төгрөгөө өгөхгүй мөн надаар техник түрээслүүлж намайг их хэмжээний өрөнд оруулж хохирол учруулсан.

2016 оны 09 дүгээр сард 31 гаруй тонн жонш ачигдаж ирсэн гэж ярьж байгаа нь цэвэр тоо биш. Машин пүүлээд жоншоо буулгасны дараа жоншныхоо чулууг нь ялгаж, үлдэгдэл нь 27 тонн жонш болсон. Тэр 27 тонн жоншноос н.Б гэдэг хүн 5 тонн жоншийг “миний жонш” гээд борлуулсны дараа надаас мөнгөө авсан. Үлдсэн 22 тонн жонш нь миний жонш байсан. Тэр 22 тонн жоншийг зарж эксковаторын мөнгийг өгөх байсан. Тэр мөнгийг өгч чадаагүй. Тиймээс тэр газраас гарсан жоншоор би өр төлбөрөө төлсөн гэдэг нь огт худал зүйл, мэдсээр байж шүүхийн өмнө ирж худал хэлж байгаад би гомдолтой байна.

Би өмнө нь 1 тонн цэвэр жоншийг 240,000 төгрөгөөр авч байсан. 18,000,000 төгрөгөөр эксковатор түрээсэлснийг Н.Ц мэдэж байсан. Анх хотод очоод эксковатор 18,000,000 төгрөг гэж байна гэхэд хариуцагч Н.Цогтгэрэл болно гэсэн. Тэгээд бүх зардлаа төлөөд цэвэр ашгаа 50 хувиар хувааж авая гэж тохиролцсон байсан боловч ашиг гараагүй, олборлосон жонш 7,000,000 төгрөг болсон. Зардлаа нөхөж авч чадаагүй. Иймд Н.Ц, А.М нараас 4,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Н.Ц, А.М нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай нөхөр Н.Цогтгэрэл бид хоёр жонш гаргаж өгнө гэж Д.Н 4,500,000 төгрөгийг урьдчилж авсан нь үнэн. Гэхдээ Н.Ц бид хоёр дээрх мөнгийг төлөх гэж 2016 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт бригадын Гишгэр гэх газраас 30 гаруй тонн жонш гаргасан ба уг жоншийг Д.Н, П.О гэгчтэй хамт зарахаар Ж.Алтанцагийн автомашинд ачиж аваад явсан. Д.Н, Н.Ц бид хоёрыг анх жонш гаргаж байхад гурвуулаа гаргасан жоншоо зараад мөнгөө 50, 50 хувиар хувааж авна гэсэн боловч жоншоо зарчихаад бид хоёрт нэг ч төгрөг өгөөгүй.

Н.Ц Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн бөгөөд орон нутгийн иргэдээ дэмжих үүднээс жонш олборлохыг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь техниктэй байсан ч дуртай газраа очиж жонш олборлох боломжгүй. Бид 5, 6 тонн жонш олборлосон байсан. Түүн дээр техник авч ирээд жонш гаргаад ашгаа хувааж авая. Чи тогооч хийгээд өгчих, тогоочийн цалин бодож өгнө. Гэр 1 хоногийн 10,000 төгрөгөөр түрээсэл гэж хэлж байсан.

Би Д.Н Н.Ц бид хоёроос 4,500,000 төгрөг нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байхаар нь Д.Н хамт тухайн үед бидний гаргасан жоншийг авч явсан П.О уулзахад ”Н.Ц та нарын ачуулсан 30 гаруй тонн жоншийг би пүүлүүлсэн. Тухайн үед жонш ямар үнэтэй байсныг санахүй байна. Ямар ч байсан Д.Н тэр жоншийг жоншны ченж хятадуудад зарж арваад сая төгрөг авсан, надтай жоншныхоо мөнгийг хуваана гэж тухайн үед надаар хамаг ажлаа хийлгэчихээд надад нэг ч төгрөг өгөөгүй” гэж ярьж байсан.

Мөн Д.Н нь одоо хүртэл манайхаар байнга орж гардаг, тэр байтугай нөхөр бид хоёроос 2018 оны 05 дугаар сарын сүүлээр сарын 500,000 төгрөгөөр цалинжуулж, өөрийнхөө малыг 1 сар маллуулж байхдаа ч та хоёр надад өртэй гэж  нэг ч ярьж байгаагүй зүгээр цалингаа өгч байсан ба харин 2018 ны 06 дугаар сард манай нөхрийг урин дулаан цаг болж байна, хоёулаа жоншоо хамтарч хийе танай малыг сайн малчин олоод өгчихөе гээд бид хоёрын хариулж байсан 198 толгой бог малыг өөрийнхөө малтай нийлүүлээд тоолж авч үлдсэн. Гэтэл 2018 оны 08 дугаар сард малаа авах гэсэн чинь Д.Н нь манай 198 толгой малнаас 110 толгой малыг нь бидний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн Төв аймгийн Баянжаргалан сумын малчин н.М, н.Шинэбаяр нарт хонийг 90,000 төгрөгөөр, ямааг нь 70,000 төгрөгөөр зарж мөнгийг нь бэлнээр авч завшсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Төв аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан чинь л төлчихсөн мөнгийг төлөөгүй гэж бид хоёрын тухайн үед мөнгө авахдаа зурсан гарын үсгийг ашиглаж дахиж төлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн байна.

Тухайн үед жоншийг 250,000 төгрөгөөр зардаг байсан. Их хэмжээгээр буюу 20 тонноос дээш бол 300,000 төгрөгөөр зарагддаг байсан.

Иймд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бид хоёроос 4,500,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Н.Ц, А.М нарт холбогдуулан жонш авахаар тохиролцсон мөнгө болох 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар Д.Н хамтран ажиллаж, олборлосон жоншоо тэнцүү хуваахаар тохирсон бөгөөд 31.8 тонн жонш олборлож, нэхэмжлэгчийн 4,500,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

Талууд жонш худалдах, худалдан авахаар тохирч, Д.Н 4,500,000 төгрөг шилжүүлсэн, Н.Ц, А.М нар 4,500,000 төгрөг авсан талаар маргаагүй.

Зохигчийн хооронд анх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба дараа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч Д.Н нь жонш худалдаж авахаар 4,500,000 төгрөгийг хариуцагч Н.Ц, А.М нарт шилжүүлсэн байх /хх-2, 6/ бөгөөд хариуцагч нарын хүсэлтийн дагуу эксковатор хөлсөлж, төлбөр болон холбогдох зардлыг Д.Н хариуцан төлсөн, хариуцагч Н.Ц Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн байсан бөгөөд зөвхөн нутгийн иргэнд жонш олборлох зөвшөөрлийг холбогдох газраас өгдөг талаар талууд тайлбарлаж, энэ талаар маргаагүй болно. Үүнээс дүгнэхэд талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Гэвч нэхэмжлэгч Д.Н нь жонш худалдаж авахаар тохиролцож, хариуцагч нарт өгсөн 4,500,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилсэн тул шүүх худалдах, худалдан авах гэрээний харилцаанд дүгнэлт хийж, дараах байдлаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. 

2016 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хугацаанд нийт 31,8 тонн жонш олборлосон талаар талууд маргаагүй бөгөөд энэ нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Пүүний баримт гэх /хх-21/ баримтаар тогтоогдож байна. Гэвч энэхүү 31,8 тонн жоншийг хариуцагч Н.Ц, А.М нар олборлосон болох нь холбогдох нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд хариуцагч нар хэдэн тонн жонш олборлосон болох, мөн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Талуудын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчүүд хариуцагч Н.Ц, А.М нарыг хэдэн тонн жонш олборлосон талаар мэдүүлж чадаагүй, харин гэрч П.О 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ хариуцагч нарыг 3-4 тонн жонш олборлосон гэж мэдүүлсэн /хх-86/.

Иймд гэрч П.О мэдүүлгийг үндэслэн 4 тонн жоншийг хариуцагч Н.Ц, А.М нар олборлосон байна гэж үзэх үндэслэлтэй.

Зохигч жонш худалдаж авахаар мөнгө шилжүүлэхдээ хэдэн тонн жоншийг хэдэн төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцоогүй байх бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. 

Хэдийгээр хариуцагч талаас шүүх хуралдааны явцад 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Үнэ тогтоох комиссын 213 дугаартай Эд зүйлийн үнэлгээ гэх баримтыг хавсаргаж, уг үнэлгээнд 92-ын агуулгатай, 1 тонн жонш 2016 оны 09 дүгээр сарын байдлаар 300,000 төгрөгийн үнэлгээтэй байсан гэх боловч талууд шүүх хуралдааны явцад 20 тонноос бага жоншийг 250,000 төгрөгөөр худалддаг байсан, 20 тонноос дээш бол 300,000 төгрөгөөр худалддаг байсан гэж тайлбарласан тул талуудын тайлбарыг үндэслэн 1 тонн жоншийг 250,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Иймд  хариуцагч Н.Ц, А.М нар нь 4 тонн жонш олборлосон байх тул 1,000,000 төгрөгийг /4тонн х 250,000 төгрөг = 1,000,000/ нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож, 3,500,000 төгрөгийг гаргуулж, Д.Н олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж тус тус заасан. Мөн хуулийн 477 дугаар зүйлд талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болох талаар зохицуулсан.

Зохигчийн тайлбарлаж байгаагаар хариуцагч нар нь жонш олборлох газрын зөвшөөрлийг авч, харин нэхэмжлэгч нь мөнгө болон техник хэрэгслээр хамтран ажиллаж, ашгаа тэнцүү хуваана гэж тохирсон гэх боловч гарсан зардал болон олсон орлогын талаар тооцоо нийлсэн болон гэрээ дүгнэсэн талаарх баримт хэрэгт огт авагдаагүй байна. Иймд зохигч хамтран ажиллах гэрээний үр дүнд 31,8 тонн жонш олборлож, тэнцүү хэмжээгээр ашгаа хуваахад 4,500,000 төгрөг төлөгдсөн гэж дүгнэх боломжгүй байгааг дурдав. 

Түүнчлэн хариуцагч тал тогооч болон хоолны зардал, гэрийн түрээсийн төлбөрийг хариуцсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн дүнгээс хасаж тооцох боломжгүй байна.

Хариуцагч Н.Ц шүүх хуралдааны товыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт №9-д гарын үсэг зуруулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгийг хариуцагч Н.Ц, А.М нараас гаргуулж, нэхэмжлэгч Д.Нолгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Ц, А.М нараас 3,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ц, А.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөг гаргуулж, Д.Н олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ