Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 216/МА2019/00001

 

Д.Н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШШ2018/00217 дугаар шийдвэртэй, Д.Н нэхэмжлэлтэй Н.Ц, А.М нарт холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагч А.М, түүний өмгөөлөгч Э.С нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч П.Н, хариуцагч А.М, түүний өмгөөлөгч Э.С, нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Н.Ц, А.М нар Говьсүмбэр аймагт жоншоо буулгаж байгаад намайг жонш авах уу гэхээр нь би жоншийг нь авч, мөнгийг нь шилжүүлж байсан. Ингээд үүний дараа дахин жонш авахаар тохирч, 4,500,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт ирээд жоншоо гаргах гэсэн боловч гараар дийлдэхгүй байна, техник түрээслэх гэсэн мөнгө дутаад гэхээр нь 3,500,000 төгрөгийг бэлэн тоолж, баримт бичиж өгөөд авсан. Энэ өдөр амралтын өдөр байсан тул банк хооронд гүйлгээ хийж болохгүй байсан тул Хас банкны мөнгөний машинаас бэлэн мөнгө авч өгсөн. Дараа нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 5990177279 тоот дансаар 1,000,000 төгрөг шилжүүлж авсан. Энэ хугацаанаас хойш надад нэг ч тонн  жонш авчирч өгөөгүй, эргэж уулзаагүй. Надтай хамтарч ажилладаг н.Н гэх эгчид надаас авсан мөнгөөрөө өрөө дарсан байсан.

Сүүлдээ манай газраас их жонш гаргах гэхээр том хад тээглээд байна. Та техник олоод ирээч, тэгвэл нэг хоёр хоногийн дотор энэ хад байхгүй болж, гарсан жоншноос гарсан бүх зардал, төлбөр төлөгдөнө гэж хэлээд надаар техник түрээслүүлж ирсэн. Би техник түрээслэн очиж тэр газар ажиллуулаад 2 хоногийн дараа түрээсийн мөнгөө өгнө гэж тохиролцсон байсан боловч 2 хоногийн дотор жонш гараагүй. Хөрс хуулалт ихтэй, шороо их хэмжээгээр гарч, жонш гараагүй учир 2, 3 хоног ажиллаад бага хэмжээний буюу 20 гаруй тонн жоншийг олборлосон. Тэгтэл удахгүй байгаль орчны газраас хүмүүс ирж зөвшөөрөл аваагүй газар, энэ газраас техникээ хурдан холдуулж газраа буцааж булаад та нар эндээс хурдан яв гэж шаардаж, тэр техникийн бичиг баримтыг цагдаа хурааж авч энэ үйл ажиллагаа зогссон. Тиймээс сумаас зөвшөөрөл авсан газар, техник түрээсэлсэн мөнгийг өгнө гэсэн нь худал зүйл байсан. Тэд 4,500,000 төгрөгөө өгөхгүй мөн надаар техник түрээслүүлж намайг их хэмжээний өрөнд оруулж хохирол учруулсан.

2016 оны 09 дүгээр сард 31 гаруй тонн жонш ачигдаж ирсэн гэж ярьж байгаа нь цэвэр тоо биш. Машин пүүлээд жоншоо буулгасны дараа жоншныхоо чулууг нь ялгаж, үлдэгдэл нь 27 тонн жонш болсон. Тэр 27 тонн жоншноос н.Б гэдэг хүн 5 тонн жоншийг “миний жонш” гээд борлуулсны дараа надаас мөнгөө авсан. Үлдсэн 22 тонн жонш нь миний жонш байсан. Тэр 22 тонн жоншийг зарж эксковаторын мөнгийг өгөх байсан. Тэр мөнгийг өгч чадаагүй. Тиймээс тэр газраас гарсан жоншоор би өр төлбөрөө төлсөн гэдэг нь огт худал зүйл, мэдсээр байж шүүхийн өмнө ирж худал хэлж байгаад би гомдолтой байна.

Би өмнө нь 1 тонн цэвэр жоншийг 240,000 төгрөгөөр авч байсан. 18,000,000 төгрөгөөр эксковатор түрээсэлснийг Н.Ц мэдэж байсан. Анх хотод очоод эксковатор 18,000,000 төгрөг гэж байна гэхэд хариуцагч Н.Ц болно гэсэн. Тэгээд бүх зардлаа төлөөд цэвэр ашгаа 50 хувиар хувааж авая гэж тохиролцсон байсан боловч ашиг гараагүй, олборлосон жонш 7,000,000 төгрөг болсон. Зардлаа нөхөж авч чадаагүй. Иймд Н.Ц, А.М нараас 4,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Н.Ц, А.М нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай нөхөр Н.Ц бид хоёр жонш гаргаж өгнө гэж Д.Н 4,500,000 төгрөгийг урьдчилж авсан нь үнэн. Гэхдээ Н.Ц бид хоёр дээрх мөнгийг төлөх гэж 2016 оны 09 дүгээр сард Д аймгийн Д сумын Б бригадын Г гэх газраас 30 гаруй тонн жонш гаргасан ба уг жоншийг Д.Н, П.О гэгчтэй хамт зарахаар Ж.А автомашинд ачиж аваад явсан. Д.Н, Н.Ц бид хоёрыг анх жонш гаргаж байхад гурвуулаа гаргасан жоншоо зараад мөнгөө 50, 50 хувиар хувааж авна гэсэн боловч жоншоо зарчихаад бид хоёрт нэг ч төгрөг өгөөгүй.

Н.Ц Д аймгийн Д сумын иргэн бөгөөд орон нутгийн иргэдээ дэмжих үүднээс жонш олборлохыг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь техниктэй байсан ч дуртай газраа очиж жонш олборлох боломжгүй. Бид 5, 6 тонн жонш олборлосон байсан. Түүн дээр техник авч ирээд жонш гаргаад ашгаа хувааж авая. Чи тогооч хийгээд өгчих, тогоочийн цалин бодож өгнө. Гэр 1 хоногийн 10,000 төгрөгөөр түрээсэл гэж хэлж байсан.

Би Д.Н Н.Ц бид хоёроос 4,500,000 төгрөг нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байхаар нь Д.Н хамт тухайн үед бидний гаргасан жоншийг авч явсан П.О уулзахад ”Н.Ц та нарын ачуулсан 30 гаруй тонн жоншийг би пүүлүүлсэн. Тухайн үед жонш ямар үнэтэй байсныг санахүй байна. Ямар ч байсан Д.Н тэр жоншийг жоншны ченж хятадуудад зарж арваад сая төгрөг авсан, надтай жоншныхоо мөнгийг хуваана гэж тухайн үед надаар хамаг ажлаа хийлгэчихээд надад нэг ч төгрөг өгөөгүй” гэж ярьж байсан.

Мөн Д.Н нь одоо хүртэл манайхаар байнга орж гардаг, тэр байтугай нөхөр бид хоёроос 2018 оны 05 дугаар сарын сүүлээр сарын 500,000 төгрөгөөр цалинжуулж, өөрийнхөө малыг 1 сар маллуулж байхдаа ч та хоёр надад өртэй гэж  нэг ч ярьж байгаагүй зүгээр цалингаа өгч байсан ба харин 2018 ны 06 дугаар сард манай нөхрийг урин дулаан цаг болж байна, хоёулаа жоншоо хамтарч хийе танай малыг сайн малчин олоод өгчихөе гээд бид хоёрын хариулж байсан 198 толгой бог малыг өөрийнхөө малтай нийлүүлээд тоолж авч үлдсэн. Гэтэл 2018 оны 08 дугаар сард малаа авах гэсэн чинь Д.Н нь манай 198 толгой малнаас 110 толгой малыг нь бидний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн Т аймгийн Б сумын малчин н.М, н.Ш нарт хонийг 90,000 төгрөгөөр, ямааг нь 70,000 төгрөгөөр зарж мөнгийг нь бэлнээр авч завшсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Т аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан чинь л төлчихсөн мөнгийг төлөөгүй гэж бид хоёрын тухайн үед мөнгө авахдаа зурсан гарын үсгийг ашиглаж дахиж төлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн байна.

Тухайн үед жоншийг 250,000 төгрөгөөр зардаг байсан. Их хэмжээгээр буюу 20 тонноос дээш бол 300,000 төгрөгөөр зарагддаг байсан.

Иймд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бид хоёроос 4,500,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Анхан шатны шүүх : Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Ц, А.М нараас 3,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ц, А.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөг гаргуулж, Д.Н олгож, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.М, түүний өмгөөлөгч Э.С нар давж заалдах гомдолдоо:

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШШ2018/00217 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ: Зохигчийн хооронд анх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн байх ба дараа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч Д.Н нь жонш худалдаж авахаар 4,500,000 төгрөгийг хариуцагч Н.Ц, А.М нарт шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нарын хүсэлтийн дагуу экскавотор хөлсөлж төлбөр болон холбогдох зардлыг Д.Н хариуцан төлсөн, хариуцагч Н.Ц Д аймгийн Д сумын иргэн байсан бөгөөд зөвхөн нутгийн иргэнд жонш олборлох зөвшөөрлийг холбогдох газраас  өгдөг талаар талууд тайлбарлаж, энэ талаар маргаагүй болно.  Үүнээс үзэхэд талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

...гэвч энэхүү 31,8 тонн жоншийг хариуцагч Н.Ц, А.М нар олборлосон болох нь холбогдох нотлох баримтаар нотлогдоогүй...

...зохигчийн тайлбарлаж байгаагаар хариуцагч нар нь жонш олборлох газрын зөвшөөрлийг авч, харин нэхэмжлэгч нь мөнгөн болон техник хэрэгслээр хамтран ажиллаж ашгаа хуваана гэж тохирсон гэх боловч гарсан зардал болон орлогын тооцоо нийлсэн болон гэрээ дүгнэсэн талаархи баримт хэрэгт огт авагдаагүй байна. Иймд зохигч хамтран ажиллах гэрээний үр дүнд 31.8 тонн жонш олборлож, тэнцүү хэмжээгээр ашгаа хуваахад 4,500,000 төгрөг төлөгдсөн гэж дүгнэх боломжгүй байгааг дурьдав гэжээ.

Нэхэмжлэгч Н нь 2016 оны 9 сард хариуцагч Н.Ц, А.М нартай жонш олборлож хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байсан. Талууд харилцан тохиролцсоны дагуу Н нь хариуцагч нарын жоншны газар дээр экскавотор оруулж 25 тонн жоншийг олборлосон ба үүн дээр гараар олборлосон 6 тонн гаран жоншийг /Ц, М, Б нарын гараар олборлосон/ нийлүүлэн Говьсүмбэр аймаг өөд тээвэрлүүлсэн.

Тухайн үед 20 тонноос дээш 92-ын агуулгатай жоншийг нийлүүлсэн болон тонн тутмыг 300,000 төгрөгөөр худалдан авдаг байсан ба хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бид 25 тонн олборлосон байсан тухайн үеийн зах зээлийн ханшаар 7,500,000 төгрөг болж байгаа үүн дээр хариуцагч М, Ц нарын гараар олборлосон 5 тонн жонш 1,500,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгний жоншийг Н нийлүүлсэн. Энэ цаг хугацаа болох 2016 оны 09 сараас хойш 2 жил гаруй хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагч нараас жоншны мөнгө гэж нэхэж байгаагүй. Харин 2018 оны намар нэхэмжлэгч Н нь хариуцагч нарын бог малыг хууль бусаар бусдад шилжүүлсэнд цагдаагийн байгууллагад хариуцагч нар гомдол гаргаснаар Н нь дээрх нэхэмжлэлийг гаргасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан “...гарсан зардал болон орлогын тооцоо нийлсэн болон гэрээ дүгнэсэн талаархи баримт хэрэгт огт авагдаагүй байна. Иймд зохигч хамтран ажиллах гэрээний үр дүнд 31,8 тонн жонш олборлож, тэнцүү хэмжээгээр ашгаа  хуваахад 4,500,000  төгрөг төлөгдсөн гэж дүгнэх боломжгүй байгааг дурьдав” гэсэн үндэслэлгүй юм. Хамтран ажиллах гэрээ байгуулсан талууд гарсан зардал болон орлогын тооцоо нийлсэн, гэрээг дүгнэсэн бол энд маргаан үүсэхгүй. Харин хамтран ажилласан талууд зохих хувь хөрөнгийг оруулж хариуцагчийн талаас өөрийн газар дээрээс 31 тонн жонш олборлож нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөнөөр 4,500,000 төгрөгний өглөгө барагдсан гэж үзсэн бол нэхэмжлэгч бусдын зөвшөөрөл бүхий газраас жонш олборлосон атлаа миний түрээслэсэн экскавотороор олборлосон жонш бүгд минийх гэж үзсэнээр маргаан үүссэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...гэвч энэхүү 31,8 тонн жоншийг хариуцагч Н.Ц, А.М нар олборлосон болох нь холбогдох нотлох баримтаар нотлогдоогүй...” гэсэн нь үндэслэлгүй учир нь анхан шатны шүүх 31,8 тонн жоншноос 4 тонн жоншийг хариуцагч нарын олборлосон жонш гэж үзсэн, харин хариуцагч нар зөвшөөрөл бүхий газар дээрээс хамтран ажиллах хэлбэрээр жонш олборлож олсон ашгаа хуваана гэж үзсэн.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран ажиллах гэрээ байгуулсан байна гэж дүгнэсэн авч хамтын үр дүнгээр бий болсон ашиг орлогыг хуваах боломжгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.  

Нэхэмжлэгч Н түрээслэсэн экскавотороор хариуцагч нарын зөвшөөрөл бүхий газар дээр 25 тонн жонш олборлосон үүн дээр хариуцагч нар болон бусад хүмүүсийн гараар олборлосон жоншийг нийлүүлсэн нийт 31,8 тонн жоншийг нэхэмжлэгчид нийлүүлсэнээс үзэхэд Иргэний хуулийн 478-р зүйлд зааснаар хамтран ажилласаны үр дүн ашиг хуваах ёстой ба нийт тээвэрлүүлсэн 31,8 тонн жоншноос 30 тонн жоншны ашгийг хуваана гэж үзвэл нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилж байгаа 4,500,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх боломжтой байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: 

1. Нэхэмжлэгч Д.Н нь  Н.Ц, А.М нарт холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан  байна./хх-1/

Энэхүү нэхэмжлэлд нэхэмжлэгч нь Н.Ц, А.М нарыг хариуцагч хэмээн  заасан байх бөгөөд анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж/хх-7/, Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж/хх-12/-уудад “нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Н.Ц, А.М” гэж,  мөн “Н.Ц, А.М нарт холбогдох иргэний хэрэг”  гэж тус тус бичиж тэмдэглэсэн.

Түүнчлэн хэргийн 11,12 дугаар талд авагдсан /баримт №4/ нэхэмжлэл гардуулсан тухай баримтаар Н.Ц, А.М нарт тус бүрт нь  нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж,

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно” гэж тус тус заасан байх ба үүнээс үзэхэд энэхүү иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэгчийн заасан  этгээдүүд болох Н.Ц, А.М нар  гэж үзэх үндэслэлтэй байна.

2.ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Зохигч шүүх хуралданд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж,

Мөн хуулийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох”,

25.1.6-д “шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах  эрхтэй” хэмээн хэргийн оролцогчийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг тус тус хуульчлан зохицуулсан байна.

Гэтэл хэргийн 15 дугаар талд авагдсан /баримт №6/ хэрэг танилцуулсан тухай баримтаар нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулсан тухайн өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 12-нд хариуцагч Н.Ц 1 хавтас 15 хуудас хэргийн материалыг танилцуулав гэжээ.

Үүнээс хойш  тус иргэний хэрэгт хариуцагч нарын тайлбар/хх-16/, Ж.А гэгчийн бичгээр гаргасан тодорхойлолт/хх-18/, хариуцагч А.М Төв аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл/хх-19/, пүүний баримт/хх-20/, CD /хх-21/, хариуцагч А.М нэр бүхий хүмүүсийг гэрчээр  асуулгах хүсэлт /хх-39/, нэхэмжлэгч Д.Н нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт/хх-41,49/, хариуцагч А.М Хаан банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга/хх-50-52/, нэхэмжлэгч Д.Н Хаан банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга/хх-53-55/, төлбөрийн баримт/хх-56/, нэхэмжлэгч Д.Н Хас банкны дансны хуулга/хх-57/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт/хх-99/, Үнэ тогтоох комиссын шийдвэр/хх-100/ зэрэг нотлох баримтууд болон хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж/хх-43/, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааныг хойшлуулсан тухай шүүгчийн захирамж /хх-31-35,71-73,77-82/ зэрэг эрх зүйн баримт бичгүүд тус тус авагдсан байх ба үүгээр  хариуцагч Н.Ц хэргийн материал зайлшгүй танилцуулах шаардлага бий болсон гэж үзэхээр байтал 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш түүнд хэргийн материал танилцуулагдаагүй байна.

Мөн хариуцагч Н.Ц нь 2018 оны 11 дүгээр  сарын 21-ний өдрийн  шүүх хуралдаанд өөрийн биеэр ирж оролцсон байх боловч хариуцагч А.М шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсч гаргасан хүсэлтийг  хангаж,  шүүх хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хүртэл хойшлуулжээ./хх- 81/

Харин  хэргийн оролцогч нарын хүсэлтээр гэрчээр асуулгахаар дуудагдсан хүмүүс нь тухайн товлон зарласан өдөр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн учир тэдгээрийг гэрчээр асуусан/хх-85-90,93/ байх бөгөөд энэ ажиллагаанд хариуцагч Н.Ц оролцуулсан атлаа түүнд мөн л хэргийн материал танилцуулаагүй байна.

Тодруулбал, хэргийн 15, 25, 95,102 дугаар талуудад хэрэг танилцуулсан тухай  /баримт №6/ баримтууд авагдсан байх ба үүний 15 дугаарт авагдсан баримтад хариуцагч Н.Ц нэр,гарын үсэг тэмдэглэгдсэн, бусад  баримтуудад нэхэмжлэгч Д.Н, хариуцагч А.М, өмгөөлөгч Э.С гэсэн нэр,   гарын үсэг  тэмдэглэгдсэн  байна.

           Дээрх байдлаас үзэхэд хариуцагч Н.Ц хуульд заасан хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй  байна.

3. Хэргийн 23, 26,36,65, 83 дугаар талуудад /баримт №8/ шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаснууд авагдсан байна.

Хэргийн 23 дугаар талд авагдсан 2018 оны 10 сарын 29-ний өдөр гэсэн  огноотой, баримт №8-аас үзэхэд: уг баримтад Д.Н нэхэмжлэлтэй Н.Ц холбогдох гэж  /хариуцагч А.М нэрийг  орхисон/ бичсэн,   хариуцагч Н.Ц 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 10.00 цагт болох шүүх хуралдаанд хүрэлцэх ирэхийг мэдэгдсэн баримт байх ба энэ нь шүүхийн бичиг хүргэгчээр хүргэгдэх учиртай байна. /Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.3.1-д зааснаар/ 

Уг баримтын доод талд  “2018.10.30-нд Н.Ц хаягаар очсон боловч хөдөө явсан гэсэн хариуг хүүхэд нь өгсөн, 10 сарын 31-нд очиход эхнэр М нь нөхөр хөдөө явсан, би өөрийн баримтыг авъя, Ц баримтыг авахгүй гэсэн” хэмээн бичсэн  бичиг хүргэгчийн  тайлбараас харахад дээрх “ мэдэгдэх хуудас”  нь хариуцагч Н.Ц хүргэгдээгүй байна.

Хэргийн 26, 36-д авагдсан баримт №9-г зохигч,...өмгөөлөгч,... шүүхэд хүрэлцэн ирсэн буюу товыг утсаар мэдэгдсэн тохиолдолд үйлдэн хэрэгт хавсаргадаг байна. /Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.3.1-д зааснаар/

Дээрх шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай 2018 оны 10 сарын 26-ны огноотой баримт/хх-26/-аар 2018 оны 11 сарын 01-ний өдөр болох шүүх хуралдааны товыг  зохигч нарт мэдэгдсэн, уг баримтад нэхэмжлэгч Д.Н, хариуцагч А.М нарын  утасны дугаарыг тэмдэглэсэн байх тул тэдэнд  утсаар мэдэгдэж баримтыг хэрэгт хавсаргажээ.

Үүний дараа 2018 оны 11 сарын 01-ний өдөр баримт №9-р 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 13.00 цагт болох  шүүх хуралдааны товыг /хх-36/- нэхэмжлэгч Д.Н, хариуцагч А.М, өмгөөлөгч Э.С нарт мэдэгдсэн байна.

Харин 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс 11 сарын 07-ны өдөр хүртэл  буюу шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд авагдсан баримтуудад /хх-26-аас 59-р тал хүртэл/  хариуцагч Н.Ц “шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай” баримт огт авагдаагүй байна.

Гэтэл 2018 оны 11 сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/хх-59/-ийн ирц танилцуулсан хэсэгт хариуцагч Н.Ц шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй” гэж тэмдэглэсэн нь  ойлгомжгүй байна.

Иймд ИХШХШТХуулийн 77 дугаар зүйлийн 77.1-н “ Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. ...” гэсэн заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл,  энэ хуульд заасан журмыг баримтлах атал энэхүү журмыг зөрчсөн нь хуралдааны тов мэдэгдээгүй гэж үзэхээр байна.

            Хэдийгээр ИХШХШТХуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар  зохигч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх  ч шүүгч  хэргийн оролцогч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийн талаар   тайлбарлан танилцуулах үүргээ үр дүнтэй явуулсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

4.ИХШХШТХуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно” гэж,

Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно”,

32.2-д “ Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна”,

32.4-т “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно”,

Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. ... Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж,

36.3-т” Төлөөлөгч нь өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж   тус тус заасан байна.

Харин хэргийн материалаас үзэхэд хариуцагч Н.Ц нь өөрийгөө төлөөлөх эрхийг хариуцагч А.М болон өмгөөлөгч Э.С нарт олгосон гэх бичгийн баримт хэрэгт огт байхгүй,  “итгэмжлэл” хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч Н.Ц  төлөөлөх эрх хариуцагч А.М олгогдсон гэж  үзэх үндэслэлгүй байна.

Гэтэл хэргийн 127 дугаар талд авагдсан /баримт №11/ шүүхийн шийдвэр, ... г хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай баримтаар хариуцагч Н.Ц-д хүргэгдэх шийдвэрийг Н.Ц нэрийн ард “А.М миний бие гардан авав” гэж тэмдэглэгдсэн.  /огноо-г  2018.12.21-гэж бичсэн/,

Мөн хэргийн  128 дугаар талд авагдсан /баримт №12/ шийдвэрийг цахим санд байршуулахыг мэдэгдэх тухай баримтад хариуцагч Н.Ц нэрийн ард  “А.М би гарын үсэг зурав” гэж тэмдэглэгдсэн.

Түүнээс гадна хариуцагч А.М, түүний өмгөөлөгч Э.С нар 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна./хх-130/.

Хэргийн 133 дугаар тал /баримт №15/ давж заалдах гомдлыг танилцуулах тухай баримтад “хариуцагч” гэсэн хүснэгтэд Ц гэсэн нэрийн ард “Ц ирэх боломжгүй тул М би гомдолтой танилцаж гарын үсэг зурав”  гэж тэмдэглэсэн.

Хэргийн 134 дүгээр талд авагдсан  шүүгчийн туслахын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл-д ...хариуцагч Н.Ц 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 11.00 цагт хүрэлцэн ирэхийг 89851988 дугаартай утас руу удаа дараа залгасан боловч авахгүй, эсхүл шууд таслаад байсан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг гардуулж өгөөгүй, ... гэсэн, мөн шүүхэд дуудагдсан хүний өгсөн хариу гэх хэсэгт Н.Ц өгсөн хариулт, эсхүл хариуцагч А.М өгсөн хариултын аль нь болох нь ойлгомжгүй.

Мөн хэргийн 135 дүгээр талд авагдсан шүүгчийн туслахын үйлдсэн тэмдэглэлээс үзэхэд  хариуцагч Н.Ц хүргэгдэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч буюу түүний эхнэр А.М нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан гэж үзэхээр байх ба хариуцагч А.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  үүнийг үгүйсгээгүй.   

Дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгчийн туслах нь хариуцагч Н.Ц 2019 оны 01 дүгээр сарын 08, 09-ны өдрүүдэд  утсаар нь холбогдож түүнд шийдвэр гардуулах, давж заалдах гомдол танилцуулах талаар  ярьж  тэмдэглэл бичсэн, харин хариуцагч Н.Ц-д анхан шатны шүүхийн шийдвэрийг гардуулж өгөөгүй, шийдвэр түүнд хүргэгдээгүй ,   

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-н “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж зааснаар хариуцагч А.М, Н.Ц нар нь 3,500,000 төгрөг төлөх үүргийг 50, 50 хувиар хариуцахаар байтал   хариуцагч А.М нь  дангаар давж заалдах гомдол гаргасан нь  хариуцагч Н.Ц ашиг сонирхол зөрчигдсөн гэж  тус тус үзэхээр байна.

            Улмаар  анхан шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй хэргийн оролцогч болох хариуцагч Н.Ц шийдвэрийг 14 хоногийн дотор гардуулах, ийнхүү гардуулах боломжгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор түүний оршин суугаа/оршин байгаа/ газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх хуульд заасан үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлж, биелүүлээгүй байх тул ИХШХШТХуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 119.6-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

           Түүнчлэн хариуцагч А.М хариуцагч Н.Ц төлөөлөх бүрэн эрх буюу “итгэмжлэл” олгогдоогүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий гомдол гаргаж байгаа нь дээр дурдсан Иргэний болон ИХШХШТХуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.  

           Дээр дурдсан  үндэслэлүүдээс дүгнэхэд уг хэргийг хянан шийдвэрлэх гэж буй шүүгч нь хэргийн оролцогчдыг эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх боломжоор хангахын тулд хуульд заасан ажиллагааг хийх үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, хайнга хайхрамжгүй хандсаны улмаас хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, зөрчсөн  гэж үзэх үндэслэл болж байна.

          Иймд ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж буй тул хэрэгт  дүгнэлт өгөх боломжгүйг, мөн хариуцагч А.М давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй.  

            Харин хэргийн оролцогч нараас шүүхэд гаргасан хүсэлтүүд болон бичгийн баримтуудыг шүүх хэзээ хүлээн авсан  нь тодорхойгүй, шүүх хүлээн авсныг  тэмдэг дарж баталгаажуулаагүй  байна.

            Тухайлбал,  хэргийн 20, 38, 39, 50-57,99,100 дугаар талд хэргийн оролцогчоос шүүхэд гаргасан гэрч асуулгах, өмгөөлөгч оролцуулах хүсэлтүүд болон хэргийн оролцогч нарын Хаан болон Хас банкны харилцах дансны хуулга зэрэг бичгийн баримтуудад хүлээн авсныг баталгаажуулсан тэмдэг  дарж баталгаажуулаагүй. Энэ нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 01 сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхэд албан хэрэг хөтлөх” журмын 5.1,5.4-д заасныг,  

           Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргаж буй эрх зүйн акт болох  шүүгчийн захирамжийг гарсан өдөрт нь  хэргийн оролцогчдод шүүгчийн туслах мэдэгдэж, “гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай”  баримт №7-г үйлдэн хэрэгт хавсаргах байтал энэ ажиллагаа огт хийгдээгүй байна. Энэ нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-н 5.4.3-г  тус тус хэрэгжүүлээгүй байгааг  анхаарах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШШ2018/00217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч А.М улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                           ШҮҮГЧИД                               О.ОДНЯМАА

                                                                           Х.БАЙГАЛМАА