Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00240

 

 А.Мөнхцогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01605 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1682 дугаар магадлалтай,

А.Мөнхцогийн нэхэмжлэлтэй,

Б.Энхбаярт холбогдох

10,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 02 сарын 02-ны өдөр иргэн Б.Энхбаяртай 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээний 2.2-т зааснаар зээлийн гэрээний нэг сарын хүү 2 хувь бөгөөд зээлийн гэрээний хугацаа нь 2018 оны 02 сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай зээлсэн байдаг. Мөн зээлийн гэрээний 2.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байдаг. Зээлийн гэрээ байгуулснаас хойш Б.Энхбаяр шахаж шаардуулсаар байж 2018 оны 11 сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөгийг А.Мөнхцогийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш зээл, өр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсаар байсан боловч шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрлээ. Сүүлдээ утсаа авахаа больсон бөгөөд арга буюу шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээний үлдэгдэл болох 6,000,000 төгрөг, 2018 оны 03 сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 сарын 15-ны өдөр хүртэлх хүүнд 1,600,000 төгрөг, 2018 оны 03 сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 сарын 15-ны өдөр хүртэлх алдангид 5,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 сарын 10-ны өдөр хүртэлх хүүнд 480,000 төгрөг, 2018 оны 11 сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 сарын 10-ны өдөр хүртэлх алдангид 3,000,000 гэсэн тооцоолол гарч байх бөгөөд тооцооллыг дараах байдлаар багасган нэхэмжилж байна. Үүнд: Зээлийн гэрээний үлдэгдэл 6,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 сарын 10-ны өдөр хүртэлх хүүнд 1,440,000 төгрөг, 2018 оны 03 сарын 15-ны өдрөөс 2019 оны 04 сарын 10-ны өдөр хүртэлх алдангид 3,000,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 10,450,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд Б.Энхбаяраас 2018 оны 02 сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үүссэн үүрэг болох 10,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Энхбаяр нь 2018 оны 02 сарын 02-ны өдөр А.Мөнхцогтой зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг зээлдэж аваагүй юм. Б.Энхбаяр нь А.Мөнхцогтой харилцан тохиролцож 2017 оны 11 сард Герман улсад 2009 онд үйлдвэрлэгдсэн улсын бүртгэлийн 6133 УНУ дугаартай саарал өнгийн Мерседес маркийн Е-350 загварын суудлын авто машиныг 50,000,000 төгрөгт тооцон худалдан авсан юм. Авто машины урьдчилгаа төлбөрт 44,000,000 төгрөг төлсөн. Автомашины үлдэгдэл төлбөрт 6,000,000 төгрөг төлөгдөөгүй юм. Дээрх авто машиныг Б.Энхбаяр нь бусдын өмчлөлд шилжүүлсэн байна. Б.Энхбаяр нь А.Мөнхцогоос зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг зээлдэж аваагүй, 2018 оны 02 сарын 02-нд зээлийн гэрээг нөхөж хийсэн хэлцэл юм. Суудлын автомашин худалдан авсан үлдэгдэл төлбөр болох 6,000,000 төгрөгийн асуудал яригдах ёстой болохоос зээлийн хүү 1,440,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд А.Мөнхцогийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 6,000,000 төгрөг, хүүнд 1,440,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 10,450,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01605 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Энхбаяраас 9,006,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мөнхцогт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1,444,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхбаяраас 159,046 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мөнхцогт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1682 дугаар магадлалаар:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01605 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.13-ны өдрийн 1682 тоот магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-н 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд хариу тайлбар гарган мэтгэлцсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хариу тайлбартаа холбогдуулан шүүх хуралдаан эхлэхийн өмнө Авто тээвэр зохицуулалтын газраас нэхэмжлэгч А.Мөнхцог болон хариуцагч Б.Энхбаяр нарын 2017.11.25-ны өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээтэй холбогдох бичиг баримтын лавлагааг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг ИХШХШТХуулийн 38.6 заасны дагуу гаргасан байхад шүүх хүлээн аваагүй хууль зөрчсөн. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс авто машины төлбөрийг бүрэн төлсөн тул авто машины өмчлөх эрх шилжсэн гэж маргасан байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн. 2018.02.02-ны Зээлийн гэрээнд өмнөх Авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг сольсон талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад ч нэг үг өгүүлбэр байхгүй юм. Дээрх зээлийн гэрээ нь дараа нөхөж хийгдсэн хэлцэл юм. Иргэний хуулийн 236 зүйлийн 236.1.3 зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон хэлцэл биш юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ талаар үндэслэлгүй тайлбар хийсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хариу тайлбартаа холбогдуулан ИХШХШТХ 25 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогч хариуцагчийн зүгээс авто машины мөнгө төлсөн нотлох баримт гаргах, шүүхэд сөрөг нэхэмжлэл гарах шаардлагатай байгаагаа шүүх хуралдааны явцад удаа дараа илэрхийлсэн боловч шүүх хүлээж аваагүй ИХШХШТХ-н 38 дугаар зүйлийн 38.1 зөрчсөн. 2018.02.02-ны өдрийн зээлийн гэрээгээр А.Мөнхцог 10,000,000 төгрөгийг Б.Энхбаярт бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлэн өгөөгүй. Зээлийн гэрээ бодитойгоор хийгдээгүй хууль зөрчиж хийгдсэн байх тул нэхэмжлэгч Б.Энхбаяраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй хариуцагч зээлийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй байхад шүүх Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж шийдвэрлэн зээлийн үндсэн төлбөрт 6,000,000 төгрөг алданги 3,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтуудыг зөрчсөн шийдвэр болсон. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1682 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Мөнхцог нь хариуцагч Б.Энхбаярт холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл 6,000,000 төгрөг, хүү 1,440,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 10,450,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ..машин худалдах-худалдан авах гэрээний харилцаанд орсноос бус зээлийн гэрээний харилцаанд ороогүй, ... мөнгө аваагүй, зээлийн гэрээг нөхөж байгуулсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Энхбаяраас 9,006,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мөнхцогтод олгож, 1,444,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 61-33 УНУ улсын дугаартай бенз Е350 маркийн автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь гэрээний үнэ 51,000,000 төгрөгөөс 41,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, автомашины үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

Зохигчид дээрх үлдэгдэл төлбөрийг зээлийн үүргээр солихоор тохиролцож, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, сарын 2 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 10,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлж, 6,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээний үүргийг талууд зээлийн гэрээний үүргээр сольсон байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн заалт хэрэглэгдэхгүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

2. Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.

Талууд худалдах-худалдах авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон байх тул хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний 2.5-т ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох-оор зохигчид тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн шаардсан 3,000,000 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй, энэ шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн байна.

Түүнчлэн нотариатын үйлчилгээний зардал 6000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг зөрчөөгүй байна.

3. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дууссан байхад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хүү шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж дүгнэж, зээлийн хүү нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэх тул ...зээлийн гэрээгээр Б.Энхбаярт бэлнээр болон бэлэн бусаар мөнгө шилжүүлэн өгөөгүй. Зээлийн гэрээ бодитойгоор хийгдээгүй хууль зөрчиж хийгдсэн гэсэн гомдлыг хангахгүй, давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахгүй орхисон гомдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01605 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1682 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 185,150.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН