Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 10

 

“Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн  

нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00990/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1224 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “УТТ”  ХХК-д холбогдох

“Худалдах худалдан авах гэрээний үүрэг 32.790.000 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

Нэхэмжлэгч “Дэд бүтэц инженеринг” ХХК болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

Манай компани 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “УТТ” ХХК-тай бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн нөхцөл нь манай компани “УТТ” ХХК-д нэг бүр нь 30,000 төгрөгний үнэ бүхий 1600 ширхэг нийт 48,000,000 төгрөгний усны тоолуурыг 2015 оны 03 дугаар сарын 13-нд 500 ширхэг, 2015 оны 10 дугаар сарын 18-нд 100 ширхэг, 2015 оны 11 дүгээр сарын 27-нд 1,000 ширхэг буюу тодорхой хугацааны давтамжтай нийлүүлж, төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор “УТТ” ХХК  төлөх гэрээнд заасан хугацааны дотор “УТТ” ХХК нь манай компанид төлөх гэрээнд заасан хугацааны дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй нийт үүргийн үнийн дүнгээс хоногт 0,5 хувийн торгууль хүлээхээр харилцан тохиролцсон.  

“УТТ” ХХК нь гэрээний 2.2-т заасны дагуу төлбөрийг барагдуулах байснаас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөгний төлбөр нийт 13,000,000 төгрөгийг  манай компанид төлсөн. Мөн үүний дараа нийлүүлсэн усны тоолуурнуудаас эвдэрсэн гэх шалтгаанаар 2016 оны 11 дүгээр сард нийт нийлүүлсэн 1600 ширхэг усны тоолуурнаас 438 ширхэг усны тоолуурыг буцаан авсан. “УТТ” ХХК нь нийт 48,000,000 төгрөг төлөхөөс 13,000,000 төгрөгийг төлсөн, буцааж авсан 438 ширхэг усны тоолуурын үнэ 13,140,000 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр нь 21,860,000 төгрөг болж байгаа бөгөөд энэ төлбөрийг өнөөдрийг болтол төлөөгүй байна. Мөн гэрээний 7 дугаар заалтын 7.2-т заасан торгуул анз нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтын дагуу нийт алданги 10,930,000 төгрөг болж нийт 32,790,000 төгрөг болж байгаа болно. Иймд манай компаний зүгээс “УТТ” ХХК-аас 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №2015-0051 тоот бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах тухай гэрээний үйлдэгдэл төлбөр 1.860.000 төгрөг, торгууль 10.930.000 төгрөг нийт 32.790.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч “УТТ” ХХК-иас:

           2014 онд ОХУ-аас таньдаг хүмүүсийн захиалгын дагуу усны тоолуур авчирч өгснөөр уг бизнесийн санааг Н.Энхцогтод хэлснээр “Дэд бүтэц инженеринг” ХХК-тай хамтарч ажиллахаар болсон. “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн зүгээс тухайн үед намайг хамтрагч болохыг баталгаажуулж компанийн 10 хувийн хувьцааг надад шилжүүлж өгч байсан. Компаний үйл ажиллагаа жигдрээд энэ бизнес өөдлөөд ирэхээр надтай харьцахаа больсон. Надтай зөвхөн өр авлага л ярьдаг болсон. Энэ компанийн бизнест хувь нэмэр оруулж байсан хүний хувьд би тоолуур авч зарах эрхтэй гэж бодож байна. 21.860.000 төгрөгийн тооцоо байгаа. Гэхдээ энэ өглөгийг энэ компаний үйл ажиллагаанаас авах ёстой 10 хувийн ноогдох ашигаас харилцан тооцож өр авлагыг барагдуулмаар байна. Мөн миний хувь нэмэр орж энэ компаний бизнес эхэлж хөл дээрээ зогссон байж надаас алданги 10,930,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1224 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.5-т заасныг баримтлан хариуцагч “УТТ” ХХК-иас 21,860,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дэд бүтэц инженеринг” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,930,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,900 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “УТТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 267.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дэд бүтэц инженеринг” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд давж заалдсан гомдолдоо:

“Дэд бүтэц инженеринг” ХХК болон “УТТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №2015-0051 тоот бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 7.2  дахь заалтын утга агуулга нь ойлгомжгүй байгаа болохоос хуульд нийцээгүй гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь ямар хуулийн, ямар заалтанд нийцэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.  Анхан шатны шүүхийн дүгнэлтээр бол хэлцлийн заалт нь хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа юм уу, хэлцэл бүхлээрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэж үзсэн үү гэдэг нь мөн тодорхойгүй байгаа бөгөөд хэлцлийн нэг нөхцөл заалт нь өөрөө хэлцэл биш юм. Гэрээний нэг заалт ойлгомжгүй байгаа нь тухайн заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох, мөн тухайн заалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т “гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно, 198.4-т “хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана” гэсэн заалтуудаас үндэслэн талуудыг хооронд байгуулсан гэрээний 7.2 дахь заалтын утга агуулгыг тайлбарлавал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалт болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд  хуулийн дээрх заалтуудыг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1224 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах  үндэслэлтэй  байна.

            “Дэд бүтэц инженеринг” ХХК, хариуцагч  “УТТ” ХХК-иас усны тоолуурын үнэ 21.860.000 төгрөг, алданги 10.930.000 төгрөг  нийт  32.790.000  төгрөг  гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч  усны  тоолуурын тооцоог авах  ёстой  10 хувийн ногдол ашгаас  харилцан тооцно, алдангийг  хүлээн зөвшөөрөхгүй гэж   тайлбарласан.

            Анхан шатны шүүх  нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд  зээлээр худалдах худалдан авах  гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар  хангаж, үлдэх  хэсгийг  хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар   хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөс  шийдвэрийг эс зөвшөөрч  “...талуудын хооронд байгуулсан  гэрээний 7.2 дахь заалтын  утга нь  Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалт болох нь  тодорхой харагдаж  байгаа...”   шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангана уу?  гэж  давж заалдах гомдол  гаргасан байна.

“Дэд бүтэц инженеринг”   ХХК нь  2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс  2015 оны  11 дүгээр сарын 27-ны хооронд  15 мм голчтой  1600 ширхэг халуун болон хүйтэн усны тоолуурыг 3 тасалж хэсэгчлэн  нийлүүлэх,  “УТТ”  ХХК  нь  нийт  үнийн дүн болох 48.000.000 төгрөгийг  гэрээнд заасан  тоо, хэмжээ  бүхий барааг хүлээн авч, хүлээлцэх  акт  баталгаажуулсны  дараа  графикийн дагуу   төлөхөөр  тохирчээ.

Зохигчдын хооронд байгуулсан  дээрх худалдах, худалдан авах гэрээ нь  Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн тул  гэрээний дагуу  шаардлага  гаргах  эрхтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нь  уг худалдах, худалдан авах гэрээний  талаар болон  тоолуурын үнийн үлдэгдэл  мөнгөний   хэмжээний талаар  маргаагүй  байна.

Гэрээнд тоолуурын үнийг  бэлэн мөнгөөр  гүйцэтгэхээр тохиролцсон  тул  хариуцагчаас  21.860.000 төгрөг  гаргуулахаар  шийдвэрлэсэн нь  хуулийн шаардлагад нийцэж байна.

Шүүх  худалдах, худалдан авах  гэрээг, зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэж, алданги гаргуулах  шаардлагыг   “...Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.5-д   Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь  төлөхөөр  хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан  эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн  үнийн дүнгийн тодорхой  хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасан бөгөөд  талуудын хооронд байгуулагдсан  худалдах худалдан авах гэрээний  7.2-т  заасан зохицуулалт нь  хуульд  нийцээгүй гэж  дүгнэсэн дүгнэлт  нь  хуулийг буруу тайлбарласан  гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн  262 дугаар зүйл, 263 дугаар зүйл, 264 дүгээр зүйлд  зээлээр худалдах, худалдан авах гэрээний   хэлбэрийн шаардлага,  тавигдах нөхцөлүүдийг хатуу тогтоосон бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол ердийн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт үйлчлэхээр хуульчилсан.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь  биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй  хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь  худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө  хүлээн авах  үүргийг тус тус хүлээдэг.

Талуудын байгуулсан гэрээний 2.2-т “...ОХУ-ын “Арзамасский  Приборостройтельный завод имени П.И.Пландина” үйлдвэрийн  ARZAMAS 15-3-2  загварын универсал халуун болон хүйтэн усны  тоолуурыг  2015.03.13-нд 500 ширхэг, 2015.10.18-нд  100 ширхэг, 2015.11.27-нд  1000  ширхэгийг  хүлээлгэн өгөх   2015.07.13 нд  15.000.000 төгрөг,  2015.08.03-нд 3.000.000 төгрөг, 2016.02.01-нд 30.000.000 төгрөг  төлөх  тохиролцоо нь  зээлээр худалдах, худалдан авах гэрээний  шинжийг   бүрэн  агуулаагүй   байна.

Гэрээний 7.2-т  “гэрээнд оролцогч талууд  гэрээний үүргээ биелүүлээгүй бол  буруутай тал нь  нийт үнийн дүнгээс  хоногт  0,5 хувийн торгууль тооцож барагдуулна” гэж  тохиролцжээ.  Шүүх  гэрээний уг заалтыг  Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.5-ыг  зөрчсөн гэж үзэх болсон   үндэслэлээ тодорхойлохгүйгээр  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1-ээр  хүчингүй  болгосон нь  ойлгомжгүй  болжээ.

Иргэний хуулийн  198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т  “Гэрээг тайлбарлахдаа  түүний  үгийн шууд утгыг  анхаарна”,  “Гэрээний  аль нэг нөхцлийн утга нь  ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон  гэрээний ерөнхий агуулгатай  харьцуулах замаар тодорхойлно.”  гэж заасан.

Талууд  гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй бол  0,5 хувийн торгууль төлнө гэж тохиролцсон нь  үүргийн  гүйцэтгэлийг хангах  аргыг хэрэглэхээр   хүсэл зоригоо харилцан  илэрхийлсэн байна. Гэрээнд  торгууль  гэж томъёолж байгаа  боловч  гэрээний  нөхцөл агуулгаас үзвэл  энэ нь торгууль биш  алданги байхаар  байхад  хуульд нийцээгүй гэж үзсэн нь   буруу юм.

Харин талууд нийт үнийн дүнгээс  алданги тооцохоор  гэж  тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д нийцээгүй хэдий ч  гүйцэтгээгүй  үүргийн  үнийн дүнгээс  гэж тайлбарлан  нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд  нийцэж байна.

          Дээр  дурдсан үндэслэлээр  нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь хангаж, мөн  хууль хэрэглээний  асуудлаар  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1224 дүгээр шийдвэрийн Тогтоох  хэсгийн  1 дэх заалтыг,

          “Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн  243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар  хариуцагч  “УТТ” ХХК-иас   32.790.000 төгрөг  гаргаж, нэхэмжлэгч  “Дэд  бүтэц инженеринг” ХХК-д  олгосугай.”  гэж,  2 дахь заалтын “ 267.250  төгрөг”  гэснийг “ 321.900  төгрөг”  гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59  дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  нэхэмжлэгчээс  давж заалдах   гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.830  төгрөгийг,  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          О.НАРАНГЭРЭЛ

                                    ШҮҮГЧИД                                                        Л.АМАРСАНАА                          

                                                                                                             С.ЭНХЖАРГАЛ