Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2018/00010/и |
Дугаар | 67 |
Огноо | 2018-12-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 67
2018 оны 12 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2019/00067 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М-ын гаргасан,
Хариуцагч: М ХХК-нд холбогдох,
Авто зогсоол захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг цуцалж, 11,971,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, өмгөөлөгч О, хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Х, өмгөөлөгч У, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр И ХХК -тай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай 1/12 тоот дугаартай гэрээ байгуулж, тус компанийн барьж буй орон сууцнаас 17 тоот хаягт 49.29 м.кв талбайтай орон сууцыг нийт 59,148,000.00 төгрөгөөр авахаар тохирсон.
Тухайн үед И ХХК нь цайз захын урд Х нэртэй орон сууцны хорооллын хундаамыг цутгах ажлыг дөнгөж эхлүүлж байсан бөгөөд 2013 оны 03 дугаар улиралд ашиглалтанд өгнө гэсэн. Би, тус компаниас хэрэв намайг орон сууцны үнэ 59,148,000.00 төгрөгийг 100 хувь төлсөн тохиолдолд 6 тоот автозогсоолыг урамшуулал болгож үнэгүй өгнө гэснийг зөвшөөрч, энэ тухай 1/13 тоот дугаартай гэрээ байгуулж, төлбөрийг бэлэн мөнгөөр болон бараа бүтээгдэхүүнээр төлсөн.
Гэтэл И ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээгүй учраас би уг компанид холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ХХК-ийг эдгээр гэрээтэй холбоотой эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авсан тухай мэдсэн.
Хэдийгээр дээр дурьдсан нэхэмжлэлийг тус шүүх хангаж шийдвэрлэсэн ч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 479 тоот магадлалаар анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/06939 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг буруу ойлгосноос болж шүүх хуралдаанд очоогүйгээс улбаалан нэхэмжлэлийг буцаасан байдаг.
Гэвч миний бие, энэ удаа хариуцагчаар М ХХК-ийг тодорхойлж, 6 тоот автозогсоолыг бодитоор гаргуулах боломжгүй болсон тул түүний зах зээлийн үнийг хөндлөнгийн байгууллагаар 11,971,000.00 төгрөг гэж тогтоолгон нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчтай байгуулсан автозогсоол худалдах, худалдан авах гэрээгээ цуцалж, автозогсоолын үнийг буцаан гаргуулах хүсэлтэй байна.
Хэрэгт хариуцагч М ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан бичигт “нэхэмжлэгч Б.М миний И ХХК -тай байгуулсан 1/12 тоот гэрээний хариуцлагыг өөртөө шилжүүлэн авна” гэсэн байдаг, зохигчид орон сууц захиалан бариулах гэрээг 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэж гэрээнд дурьдсан байгаа ч угтаа энэхүү гэрээг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан юм.
Би, анхнаасаа буюу 36 айлын орон сууцнаас 2 өрөө орон сууцыг авахаар тохирсон байхад хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа И ХХК -ийн барьж байсан орон сууцыг 46б байр буюу 77 айлын орон сууц гэж худал тайлбар өгч байна.
Хэрэгт авагдсан баримтаар тус компани 6 тоот автозогсоолыг Ж.Солонгод худалдсан, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд уг автозогсоолыгны зоорийн давхарт байрладаг гэсэн байх тул гэрээгээ зөрчиж, надад өгөх ёстой автозогсоолыг бусдад худалдсан гэж ойлгоно.
Өмнө нь миний гаргасан нэхэмжлэлтэй хариуцагч И ХХК болон М ХХК-нд холбогдох иргэний хэрэгт талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх батлаагүй тул намайг автозогсоолыг авах эрхээсээ татгалзсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй, хариуцагч тал гэрээний дагуу өгөх ёстой орон сууцны гэрчилгээг өгөхдөө автозогсоолыг авахгүй гэж татгалзал бичүүлж өгснийг шүүх хүлээн аваагүй.
Иймд, хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалж, автозогсоолын үнэ 11,971,000.00 төгрөгийг нэхэмжилж байх тул шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Урьд өмнө Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан нэхэмжлэгч Б.Мын гаргасан хариуцагч И ХХК -нд холбогдох автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талууд эвлэрлийн гэрээ байгуулж, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулах, нэхэмжлэгч тал орон сууцны илүү м.кв талбайн үнийг гүйцэтгэгч буюу хариуцагчид төлөхгүй байх, автозогсоолыг нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзахаар тус тус тохирсон юм.
Энэ гэрээний дагуу манай компаниас нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүйгээр түүнд шилжүүлж, автозогсоолыг бусдад худалдан борлуулсан.
Гэвч тус эвлэрлийн гэрээг шүүгч тодорхой бус үндэслэлээр батлаагүй боловч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний тухайлсан тохиролцоо бодитоор биелэгдсэн байтал нэхэмжлэгч тал одоо автозогсоолын өмчлөх эрхийн талаар маргаан гаргаж буйг хүлээн зөвшөөрөхгүй.
И ХХК болон М ХХК нарын хооронд орон сууц, автозогсоолын гэрээ, хэлэлцээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэх тухай тохиролцоо байхгүй, хэрэгт авагдсан баримтад зөвхөн 1/12 тоот гэрээний хариуцлагыг хүлээнэ гэсэн байх тул автозогсоолтой холбоотой маргаанд манай компани хариуцагчаар оролцох үндэслэлгүй.
Яагаад гэвэл И ХХК -ийн барьж байсан орон сууц нь 77 айлынх, харин М ХХК-ийнх 36 айлын орон сууц байсан, уг 77 айлын орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,200,000.00 төгрөг, 36 айлын орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,600,000.00 төгрөг байсан, манай компанийн байр түрүүлж ашиглалтанд орсон.
Энэ хугацаанд нэхэмжлэгч Б.М нь байнга бид нар руу дайрч, орон сууцыг ашиглалтанд хурдан оруулахыг шаардсан учраас бид дээрх 1/12 тоот дугаартай гэрээний дагуу байр өгөх тухай албан бичгийг түүнд өгч, 1 м.кв талбай нь 1,600,000 төгрөгийг үнэтэй 51.02 м.кв байрыг өгсөн, харин автозогсоолыг худалдах гэрээний эрх, үүргийг шилжүүлж аваагүйгээс гадна 1 м.кв талбайн үнэ зөрүүтэй байсан тул автозогсоолыг өгөхгүй гэж тохирсон.
Мөн м.кв талбайн үнийн зөрүү 2,300,000.00 төгрөг байсан учраас манай компани алдагдал хүлээж байгааг талууд ойлгож, энэ талаар эвлэрлийн гэрээнд тусгасан ба тус гэрээг хүчээр хийгээгүй. Хэрэв автозогсоолтой холбоотой маргаж байгаа тохиолдолд И ХХК -тай маргах ёстой байх, эдгээр компаниуд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг бие даасан хуулийн этгээдүүд юм.
Хэрэгт авагдсан баримтаар 36 айлын, 8 ширхэг автозогсоолтой орон сууцыг М ХХК-ийн захиалгаар улсын комисст хүлээлгэн өгсөн ба 77 айлын орон сууцтай холбоотой маргааныг И ХХК нь хариуцах ёстой, түүнчлэн зохигчдын хооронд 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэх орон сууц захиалан бариулах тухай гэрээг тус орон сууц ашиглалтанд орсны дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан, өрөөр хэлбэл бид, бүрэн ашиглалтанд орсон орон сууцнаас 51.02 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид өгсөн, миний бие энэхүү орон сууцны төлбөрийг хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу И ХХК -ийн хувьцаа эзэмшигчээс авах авлагатай.
Иймд, эдгээрийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Маас хариуцагч М ХХК-нд холбогдуулан авто зогсоол захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг цуцалж, 11,971,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсч, тийнхүү үүрэг биелэгдэх боломжгүй болсныг үндэслэн гэрээг цуцалж, маргааны зүйл болох автозогсоолыг 11,971,000.00 төгрөгөөр үнэлж нэхэмжилснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.
Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/06939 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Б.Мын гаргасан хариуцагч И ХХК -нд холбогдох орон сууц, автозогсоолын гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 479 тоот магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна /1-р х.х-ийн 19-23, 26, 27 хуудас/.
Үүний дараа тус хэргийг шүүгч Т.Энхжаргал хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаад ээлжийн болон жирэмсний амралтаа эдлэх болсон учраас хэрэг Б.Мөнхзул шүүгчид хуваарилагдсан ба тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2017/11472 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаасан ажээ /1-р х.х-ийн 31, 32, 60, 61, 2-р х.х-ийн 47 хуудас/.
Ингээд нэхэмжлэгч Б.Маас хариуцагч И ХХК -нд холбогдуулан автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг дахин гаргасныг шүүх хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 101/ШЗ2017/16109 тоот захирамж гаргасны дараа нэхэмжлэгч Б.Маас хариуцагч М ХХК-нд холбогдуулан энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна /2-р х.х-ийн 45, 46 хуудас/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.М болон ажил гүйцэтгэгч И ХХК нар 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай 1/12 тоот гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт баригдах орон сууцнаас 17 тоот хаягт 49.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 59,148,000.00 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон байна /1- х.х-ийн 10 хуудас/.
Түүнчлэн талууд 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дээр дурьдсан орон сууцны зоорийн давхарт 1 ширхэг 6 тоот автозогсоолыг барьж гүйцэтгэх тухай 1/13 тоот гэрээ байгуулж, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.-т зааснаар захиалагч Б.М нь орон сууцны үнэ 59,148,000.00 төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд автозогсоолын төлбөр төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдөж, өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар болжээ /1-х.х-ийн 11, 12 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3.-д “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж зааснаар уг автозогсоол барьж гүйцэтгэх гэрээнд автозогсоолын үнийн талаар тодорхой дурьдаагүй байх хэдий ч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа автозогсоолын үнийг орон сууцны үнэ болох 59,148,000.00 төгрөгт багтаасан гэсэн.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч Б.М болон ажил гүйцэтгэгч И ХХК нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эдгээр гэрээг үзвэл ажил гүйцэтгэгч И ХХК нь гэрээнд заасан орон сууц болон автозогсоолыг бүрэн барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, талууд тус гэрээнүүдийг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох 49.29 м,кв талбайтай 2 өрөө орон сууц, 6 тоот автозогсоол бодитоор бий болоогүй, шинээр барьж гүйцэтгэхээр болсон байх тул тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3.-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч тал хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээж, гагцхүү гэрээний талууд бие биеэсээ тухайн үүргийг шаардах учиртай.
Гэтэл нэхэмжлэгч Б.М болон ажил гүйцэтгэгч И ХХК нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эдгээр гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.-д зааснаар ажил гүйцэтгэгч тал орон сууц болон автозогсоолыг 2013 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах үүрэг хүлээсэн байтал нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр *******,*******,*******лол /13321/,*******,******* тоот хаягт орших 51.02 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна /1-х.х-ийн 62, 65, 124 хуудас/.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.М нь ажил гүйцэтгэгч И ХХК -тай 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д заасны дагуу Баянзүрх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт баригдах орон сууцнаас 17 тоот хаягт 49.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон боловч тэрээр өөр буюу******* тоот хаягт байрлах 51.02 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Харин зохигчид *******,*******,*******лол /13321/,*******,ны зоорийн давхрын 6 тоот хаягт байрлах автозогсоолын талаар маргаж, хариуцагч М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.Мыг “анхнаасаа И ХХК -тай буюу 36 айлын орон сууцнаас 49.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц авах тухай гэрээ, хэлэлцээр байгуулаагүй, 46б байр буюу 77 айлын орон сууцнаас авахаар тохиролцсон, бид 6 тоот автозогсоолын талаар харилцан тохиролцоогүй” гэж маргасан.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Б.М болон ажил гүйцэтгэгч И ХХК нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай 1/12 тоот гэрээний хариуцлагыг өөртөө шилжүүлэн авах тухай албан бичиг үйлдэж, улмаар тэр өдөртөө нэхэмжлэгчтэй орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, *******,*******,*******лол,ны 1 дүгээр орц, 5 дугаар давхарт 14 тоот хаягт байрлах 51.02 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож, ийнхүү өмчлөх эрхийг зохих ёсоор шилжүүлсэн байна /1-р х.х-ийн 13-17, 75, 143, 144 хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *******,*******,*******лол /13321/,*******, тоот хаягт байрлах 2926.05 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс нь уг 36 айлын орон сууцны зориулалттай, 8 ширхэг автомашины зогсоолтой барилгыг 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 3/318 тоот албан бичгээр хаягжуулсан байна /1-р х.х-ийн 133, 134, 214, 215, 2-р х.х-ийн 23 хуудас/.
Мөн хэрэгт авагдсан баримтаар И ХХК болон М ХХК нар барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч нарын хоорондын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, И ХХК нь *******,*******,*******лолд 77 айлын орон сууц барих ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байх тул эдгээр компаниуд тус тусдаа орон сууц барьж гүйцэтгэж байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна /1-р х.х-ийн 192-199 хуудас/.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.-т “Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6.-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заажээ.
Тодруулбал, хариуцагч М ХХК нь *******,*******,*******лол /13321/,*******, тоот хаягт байрлах 2926.05 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгч мөн бөгөөд нэхэмжлэгч Б.М нь хэдийгээр ажил гүйцэтгэгч И ХХК -тай 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай 1/12 тоот гэрээний дагуу 17 тоот хаягт байрлах 49.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон боловч тэрээр хариуцагч М ХХК-тай урьд өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ашиглалтанд орсон орон сууцнаас 51.02 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах тухай гэрээг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан ба талууд төлбөр тооцооны талаар маргаагүй /1-р х.х-ийн 144 хуудас/.
Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч М ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт, мөн нэхэмжлэгч Б.Мтай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч тус компани нь ажил гүйцэтгэгч И ХХК -ийн гүйцэтгэвэл зохих буюу 6 тоот авотозогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээгээгүй, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М ХХК-ийн зүгээс иргэн Ж.Солонгод *******,*******,*******лол,, 6 тоот хаягт байрлах 14.4 м.кв талбайтай автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн нь хариуцагч тал дээр дурьдсанаар анхнаасаа 2926.05 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгч учраас захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлсэн байна /1-р х.х-ийн 130-133, 137 хуудас/.
Иймд, нэхэмжлэгч Б.М болон хариуцагч М ХХК нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр *******,*******,*******лол,ны 1 дүгээр орц, 5 дугаар давхарт 14 тоот хаягт байрлах 51.02 м.кв талбайтай орон сууцыг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, харин тус байрны зоорийн давхрын 6 тоот хаягт байрлах 14.4 м.кв талбайтай автозогсоолыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар урьд өмнө нэхэмжлэгч Б.Мын гаргасан хариуцагч И ХХК -нд холбогдох орон сууц, автозогсоолын гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай иргэний хэрэгт талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх батлахаас татгалзсаны дараагаар хамтран хариуцагчаар М ХХК-ийг оролцуулахаар шийдвэрлэсэн байна /1-р х.х-ийн 60, 61, 2- х.х-ийн 41 хуудас/.
Тайлбарлавал, захиалагч Б.М болон ажил гүйцэтгэгч И ХХК нарын орон сууц, автозогсоолын гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч М ХХК-ийн зүгээс оролцоогүй, тус компани энэхүү эвлэрлийн гэрээг батлахаас татгалзсан 101/ШЗ2017/07017 тоот захирамж гарсны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцсон байх тул маргааны зүйл болох 14.4 м.кв талбайтай 6 тоот автозогсоолын талаар зохигчдыг тухайлан тохиролцож байсан гэж үзэхгүй /1-р х.х-ийн 76 хуудас/.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д “Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ гээд 8.1.1.-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, зохигчдод энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д заасны дагуу хууль болон гэрээнд заасан үүрэг үүссэнээр тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэх бөгөөд нэхэмжлэгч Б.М нь 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ашиглалтанд орсон *******,*******,*******лол /13321/,*******,ны зоорийн давхрын 6 тоот хаягт байрлах 14.4 м.кв талбайтай автозогсоолыг хожим худалдах, худалдан авах гэрээг хариуцагч М ХХК-тай байгуулаагүй буюу талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүсээгүй учраас нэхэмжлэгчид тус хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1.-д тус тус заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах эрх үүсэхгүй.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР