Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 00177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Иргэдийн төлөөлөгч Н.Батсуурь

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Г.Хонгорзул

Хохирогчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Гэрч Х.Урантуяа

Шинжээч Ж.Гэрэлмаа

Шүүгдэгч Б.Оюунтөгс нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агар овгийн Батсайханы Оюунтөгсөд холбогдох 201614000320 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1. Агар овгийн Батсайханы Оюунтөгс, Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хойд эцэг, ээж дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг 02 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:ПО96100405.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

1. Шүүгдэгч Б.Оюунтөгс нь 2016 оны 06 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5 дугаар хорооллын 14 дүгээр байрны 40б тоот байранд танхайн сэдэлтээр Т.Хонгорзулыг архи уусангүй гэж үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн хэвлийн тус газарт нь 3 удаа хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Хонгорзулын “2016 оны 06 сарын 22-ны өдөр Оюунтөгсийн түрээсэлж байгаа 5-14-40б тоотод найз Урантуяа болон түүний хүүхдийн хамт байсан. Оюунтөгс ажилдаа явлаа гээд гэрээсээ 9 цагт гараад 20 цагийн үед гэртээ ирсэн. Урантуяа бид хоёр адууны гэдэс чанаад сууж байхад Оюунтөгс орж ирээд нүүр гараа угаачихаад адууны гэдэс хамт идсэн. Хоолоо дуусаад сууж байхад Оюунтөгс өөрийнхөө утсаар нэг эрэгтэй хүнтэй утсаар яриад байсан. Удахгүй гаднаас Ганбат гэдэг нэртэй ах 3 шил градусгүй пиво авч ирээд хамт ууж байгаад би хүнтэй уулзчихаад эргээд ирнэ гэж хэлээд явсан. Оюунтөгс Ганбат гэдэг ахын тус руу залгаад та ирэхдээ архи юмуу пиво аваад ирээрэй гэж байсан. Орой 23 цаг өнгөрч байхад Ганбат гэдэг ах 0.5 литрийн Соёрхол архи 4 шилтэй пиво авч ирсэн. Ганбат ахын авч ирсэн пивоноос Урантуяа бид хоёр уусан. Харин архийг нь Ганбат ах Оюунтөгс ах хоёр хувааж ууж байхад Оюунтөгс Урантуяа бид хоёрыг архинаас уу гэхээр нь би архи уудаггүй гэхэд чи яагаад архи уудаггүй юм бэ гээд хэл амаар доромжлоод байсан. Оюунтөгс Ганбат нар архийг тал хүртэл нь уусан. Ганбат ах би гэр бүлтэй, гэртээ харилаа та нар сайхан амраарай гэж хэлээд 01 цагийн үед гэрээс гарсан. Бид нар унтах гээд ороо засаж байхад Оюунтөгс намайг гичий минь чи долоон унтаа биз дээ, би архи ууж байхад чи яагаад архи уухгүй байгаа юм бэ гэж хэл амаар доромжилсон. Би нэг хэсэг Оюунтөгсийн араас юу ч хэлэхгүй сууж байгаад аргаа бараад 02 цаг өнгөрч байхад Оюунтөгстэй маргалдсан. Тухайн үед Урантуяа хүүхдээ тэврээд орон дээр хэвтэж байсан. Би Урантуяагийн утсыг аваад интернэтэд орж байхад Оюунтөгс миний үснээс зулгаагаад гар, зайл гэж хэлсэн. Би Оюунтөгсөд хандаж чи унтаач ээ, би чамтай хэрэлдэж маргалдмааргүй байна гэж хэлсэн. Би Урантуяаг хоёулаа явах уу гэж хэлэхэд хувцасаа аваад хүүхдийнхээ хувцасыг өмсүүлж байхад Оюунтөгс Урантуяа бид хоёрын цүнхийг ухаад байхаар нь би танай гэрээс юу ч аваагүй гэж хэлээд бүх хувцасаа нэгжүүлсэн. Урантуяа бид хоёрыг гарах гэхэд Оюунтөгс чи намайг байнга муулдаг, одоо чамайг хүнээр зодуулна гэж хэлээд найз Мөнхтулга руу залгаад хаана явж байна, хурдан хүрээд ир, Хонгорзул чамайг зодсон гээд яриад байна гээд ярихаар нь би Урантуяагийн хамт гарах гэхэд Оюунтөгс гадна хаалгыг дотор талаас нь цоожлоод чамайг зодуулна гээд байсан. Би Оюунтөгсөөс гэрийн түлхүүрээ өгөөч гарлаа гэхэд түлхүүрээ олохгүй байна гэж худлаа яриад гаргахгүй байж байгаад над руу тулж ирээд миний үснээс зулгаагаад хамт газар зассан ор руу унаад би түрүүлээд босож ирээд Оюунтөгсийн хөл рүү хоёр удаа өшиглөөд би зүгээр байгаараа гэж хэлсэн. Оюунтөгс газраас босож ирээд хөхөвчнөөсөө хар иштэй жижиг хутга гаргаж ирээд далайхаар нь би хутгатай гарыг нь бариад авахад миний хэвлий хэсэг рүү хутгалсан. Би Оюунтөгсийн хутгатай гарыг тавихгүй барихад Оюунтөгс нөгөө гарандаа хутгаа шилжүүлээд намайг хоёр удаа хэвлий хэсэг рүү хутгалсан. Би Оюунтөгсийн араас тэврээд чи намайг хутгалчихлаа ш дээ гэхэд Оюунтөгс намайг дахиж хутгалах гээд байсан. Тухайн үед Урантуяа хүүхдээ тэвэрчихсэн Оюунтөгсөө чи яаж байгаа юм бэ хүн аллаа ш дээ гээд хэлж байсан. Миний хөл мэдээгүй болоод би Оюунтөгсийг тавиад газар суухад Оюунтөгс 00-ын өрөө орж гараа угааж үсээ самнаж, намайг хутгалсан хутгыг нойтон гараараа арчиж байсан. Мөн Оюунтөгс өмсөж байсан хувцасаа сольж өмссөн. Урантуяа цагдаад дуудлага өгнө гэхэд Оюунтөгс Урантуяа бид хоёрын утсыг аваад би дуудлага өгнө гэж хэлээд байшингаас гарч ороод цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэрнээс хойш 20-30 орчим минутын дараа чи цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн юм уу гэхэд би дуудлага өгчихсөн, одоо цагдаа ахтайгаа ярихад намайг биеэ хамгаалсан, танай аав, ээжийн дугаар руу залгасан гээд Урантуяагийн утсыг авчихаад өгөхгүй байсан. Урантуяа аргаа баараад миний цүнхэнд байсан утсыг аваад цагдаад дуудлага өгсөн. Миний хэвлий хэсэг рүү Оюунтөгс 3 удаа хутгалсан. Нэг хутга нь хэвлийн хөндий рүү нэвтэрч хагалгаанд орсон. Миний нуруу боллон хөл хэсэг рүү өвчтэй байна. Шөний цагаар их өвддөг, хэвлий хэсгээр базлаад хэцүү байна. Би Оюунтөгсөд гомдолтой байна. Оюунтөгсөөр эмчилгээний зардлаа холбогдох баримтын дагуу нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

 

            2. Гэрч Х.Урантуяагийн “Оюунтөгс Ганбат ахыг гаргаж өгсөн. Тэр үед би ор засаад хүүхдийнхээ хамт унтах гээд хэвтэж байхад миний утсаар Хонгорзул Оюунтөгс нар фейсбүүк хуудас руу орж зураг үзэж байсан. Би хүүхдээ унтуулах гээд хэвтэж байгаад хамт унтчихсан байсан. Намайг унтаж байхад хүн хашгирах чимээ дуугарахаар нь би сэрээд харахад Оюунтөгс Хонгорзулын үснээс зулгаагаад үүд рүү манай гэрээс зайл гээд чирээд байсан. Би болиоч ээ гэж хэлэхэд Оюунтөгс Хонгорзулын үсийг тавихад Хонгорзул суусан чигээрээ чи муу яах гээд байгаа юм бэ гээд Оюунтөгсийг түлхсэн. Тэрнээс хойш Хонгорзул, Оюунтөгс хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Хонгорзул Оюунтөгсийг чи 40 гарсан хүнтэй явалддаг биз дээ, чи одоо болиоч гэхэд Оюунтөгс Ганбат ах руугаа өөрийнхөө утаснаас залгаад 00-ын өрөөнд “Ганбат ахаа, Оюунтөгс намайг тантай явалддаг гээд байна, та хүрээд ирээч” гээд уйлаад ярьж байгаад 00-с гарч ирэхдээ уйлсан шинжгүй байсан. Би орноос босоод хүүхдийнхээ хувцасыг өмсгөж байхад Оюунтөгс миний цүнхийг ухаад та нар миний эд зүйлийг авсан эсэхийг шалгана гээд Хонгорзулын цүнхийг ухсан. Хонгорзул Оюунтөгсөд хандаж “чи намайг үсддэг хэн юм бэ” 2 хоногийн өмнө чи намайг найз залуугаараа зодуулаа биз дээ, би чамд нэг удаа зодуулсан дахиж зодуулж чадахгүй шүү гэртээ харилаа гээд надтай хамт гарах гэхэд Оюунтөгс гадаа хаалгаа цоожлоод онгойлгохгүй, өөрийнхөө утсаар Тулга гэдэг найзруугаа залгаад чамайг зодуулна, алуулна” гээд та нар хурдан хүрээд ир гэж ярьж байсан. Оюунтөгс Хонгорзулыг “ Чамайг 7 бандитай зэрэг унтсан” гэж Тулга надад хэлсэн гэж хэлээд дахиад хэрүүл эхлүүлээд хоорондоо үснээсээ зулгаагаад зассан орон дээр хамт унасан. Газраас Хонгорзул босч ирээд Оюунтөгсийн хөл хэсэг рүү 2 удаа өшиглөөд нэг удаа гараараа цохиод би их тэвчлээ, чи давраад байгаа юм уу, ямар муухай дээрэлхүү зантай юм бэ гэж хэлсэн. Тэр үед нь би очоод Хонгорзулыг больчих гэж хэлээд салгасан. Оюунтөгс газар хэвтсэн чигээрээ хашгираад та хоёрыг маргааш өглөө алуулна, Ганбат ахад хэлээд цагдаад өгнө гэж хэлсэн. Оюунтөгс гэнэт газраас босч ирээд хөхөвчнөөсөө хар өнгийн иштэй гэрийнхээ жижиг хутгыг гаргаж ирээд Хонгорзулын хэвлий хэсэг рүү нэг удаа шууд дүрээд хутгалсан. Хонгорзул Оюунтөгсийн хутга барьж байсан гарыг бариад Оюунтөгсийн хойноос нэг гараараа тэврээд намайг Оюунтөгсийн хутгыг аваадах гэхээр би дотроо Оюунтөгс Хонгорзулыг өнгөцхөн хатгачихлаа гэж бодоод Оюунтөгсөөс хутгыг нь авах гэхэд Оюунтөгс зүүн гараараа хутгаараа зүсчих гээд хоёр тийшээ цавчаад өгөхгүй байснаа баруун гараараа хутгаа бариад Хонгорзулын хэвлий хэсэг рүү 2 удаа шууд хутгалсан. Тэр үед Хонгорзул намайг хутгалчихлаа гээд уйлаад газар унасан. Би утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгөх гэхэд Оюунтөгс би цагдаад дуудлага өгчихөнө гэж хэлээд миний утсыг булааж аваад 99-тэй дугаар руу залгаад гүйгээд гарсан. Оюунтөгс гараад 20-30 орчим минут болж байхад орж ирэхгүй байхаар нь би Хонгорзулын утсыг хаана байгаа талаар нь асуухад цэнэггүй байгаа гэж хэлсэн. Оюунтөгс гар утсаа цэнэглэж байхаар нь би аваад батериаг нь Хонгорзулын утсанд хийгээд цагдаад дуудлага өгсөн. Намайг цагдаад дуудлага өгсний дараа Оюунтөгс гаднаас орж ирэхээр нь “чи цагдаад дуудлага өгсөн юм уу” гэж асуухад эмнэлэг цагдаа болон Хонгорзулын аав  руу залгасан гэж хэлсэн. Би Оюунтөгсөд “чи яагаад худлаа яриад байгаа юм бэ” Хонгорзулын аавынх нь утас холбогдохгүй байна гэж хэлсэн. Оюунтөгс манай цагдаа ах ирнэ гэж хэлээд гараа угаагаад өмсөж байсан хувцасаа сольж өмсөөд Хонгорзулыг хутгалсан хутгаа бор өнгийн шкафны дээрээс аваад нойтон гараараа арчиж байгаад цагаан өнгийн плиткэн дээр тавьсан. Мөн өөрийнхөө үсийг самнаад унахгүй байгаа үсээ хэргээр зулгааж унагаагаад газар бөөгнүүлээд байсан. Хонгорзулын утас руу нэг хүн залгахад Оюунтөгс манай ах байна гэж хэлээд булааж аваад ярихад цаанаас нь цагдаа байна, яг хаана юм бэ гэхэд Оюунтөгс ахаа бид нар дуудлага өгөөгүй зүгээр гэхээр нь би араас нь цагдаад дуудлага өгсөн гэж хэлэхэд цагдааа нар ирсэн. Цагдаа ирээд эмнэлэгт дуудлага өгөөд Хонгорзул бид хоёрыг эмнэлэгийн машинд суулгаж эмнэлэг рүү хүргүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуудас

 

            3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 492 дугаартай дүгнэлтэд “Т.Хонгорзулын биед хэвлийн баруун доод хэсэгт 3 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх байна. Үүнээс нэг шарх нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шарх үүсчээ. Гэмтлийн улмаас хэвлийн хөндийг нээх хагалгаа хийгдсэн ба мухар олгой хоёрдогчоор үрэвсэж мухар олгойг авсан байна. Эдгээр гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 3 удаагийн хатгах, зүсэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.1-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 57-р хуудас/

 

            4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/

 

            5. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р хуудас/

 

            6. Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-21-р хуудас/

 

            8. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23-р хуудас/

 

            9. Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 24-р хуудас/  болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Б.Оюунтөгсийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул үнэлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэхдээ “Хохирогч Хонгорзул нь Оюунтөгсийг зодож биед нь гэмтэл учруулсан. Оюунтөгсийн биед учирсан гэмтлийг тухайн үед үзэж дүгнэлт гаргаагүй. Цагдан хорих байранд Б.Оюунтөгсийг хүлээж авахдаа учирсан гэмтлийг нь гэрэл зургаар бэхжүүлж авсныг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Б.Оюунтөгсийн үйлдэл нь танхайн шинжгүй гэж үзэж байна” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс  үзэхэд шүүгдэгч Б.Оюунтөгс нь согтуурсан үедээ ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөх, доромжлох зэргээр танхайрах явцдаа хутга мэс хэрэглэн бусдын бие махбодид амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн гэрэл зургуудыг эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. Хохирогч Т.Хонгорзул нь Б.Оюунтөгстэй үсдэлцэж түүнийг өшиглөсөн болох нь тэдний мэдүүлгээр нотлогдож байгаа боловч Б.Оюунтөгсийн бие махбодид гэмтэл тогтоогдоогүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Оюунтөгсийг 2016 оны 06 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5 дугаар хорооллын 14 дүгээр байрны 40б тоотод танхайн сэдэлтээр Т.Хонгорзулыг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Оюунтөгс нь хохирогч Т.Хонгорзулд 2 142 600 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээлцсэн баримтууд болон тэдний мэдүүлгээр нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ. Хохирогч Т.Хонгорзул нь одоогоор нэхэмжлэх зүйлгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Оюунтөгсөд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

 

Шүүгдэгч Б.Оюунтөгс нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан оногдуулах ялыг хорих ялын доод хэмжээнээс доогуур оногдуулах боломжтой байна.

 

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Оюунтөгсийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, хар өнгийн богино түрийтэй үдээстэй эм гутал нэг хос, хөх өнгийн нимгэн торон материалтай энгэр хэсэг нь зөрдөг цамц 1 ширхэг, хөх өнгийн сэмрэлттэй жинсэн өмд 1 ширхэг, улбар шар саарал алаг өнгийн ноосон цамц 1 ширхэг,хөх өнгийн энгэр хэсэгтээ товчтой ноосон цамц нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Агар овгийн Батсайханы Оюунтөгсийг танхай сэдэлтээр бусдын бие махбодид  хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Оюунтөгсийг 4 /дөрөв/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Оюунтөгсөд оногдуулсан 4 /дөрөв/ жил 9 /ес/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Оюунтөгсийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, хар өнгийн богино түрийтэй үдээстэй эм гутал нэг хос, хөх өнгийн нимгэн торон материалтай энгэр хэсэг нь зөрдөг цамц 1 ширхэг, хөх өнгийн сэмрэлттэй жинсэн өмд 1 ширхэг, улбар шар саарал алаг өнгийн ноосон цамц 1 ширхэг,хөх өнгийн энгэр хэсэгтээ товчтой ноосон цамц нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оюунтөгсөд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    Ж.БАЙГАЛМАА

                                                                                 Ц.АЛТАНГАДАС