Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 905

 

Ц.С-од холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Д.Ганхуяг,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Н.Анхбаярын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 26 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.С-од холбогдох эрүүгийн 1805038210856 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Ц.С-, 1991 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Ц.С- нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар байрны гадаа иргэн Б.Ганхуягийн эрүүн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.С- цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Ц.С-оос 1.008.860 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ганхуягт олгож, хохирогч Б.Ганхуяг цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Ц.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Анхбаяр тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхээс Ц.С-од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дангаараа хууль зүйн үндэслэл болох боломжгүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар...” гэсэн нэмэлт оруулах нь зүйтэй. Учир нь Ц.С-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ц.С- нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар байрны гадаа иргэн Б.Ганхуягийг найз нарынхаа хамт автомашинд суух гэж байхад нь шалтгаангүйгээр эрүүн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, 2 шүдний булгарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Харин энэхүү үйл баримтаас өмнө болон дараа нь Б.Ганхуяг бусдад цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Ганхуяг нь “...юу болсон юм мэдэхгүй Соокоо /С-/ миний араас татаад эргээд харсан даруй шанаа орчим нэг гараараа цохиод зугтаачихсан. Тэгээд миний амнаас цус гарахаар нь би тухайн үед шүд хөдөлчихөж гэж бодоод шүдний эмнэлэгт үзүүлтэл эрүүний яс хугарсан байна гэсэн...” /хх-ийн 12/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Г.Мөнх-Эрдэнийн “...Ганхуягийг нөгөө С- цохьчихлоо гэхээр нь хартал амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь шүд нь унасан юм болов уу гэж бодоод тэр үедээ салсан боловч дараа нь эрүүний яс нь хугарсан байна гэдгийг мэдсэн...” /хх-ийн 14/,

гэрч Т.Тэмүүлэнгийн “...С- Ганхуягийг 1 удаа нүүр орчим нь цохьчихоод зугтаасан...” /хх-ийн 16/,

гэрч Н.Наранбаярын “...С- гэнэт Ганхуягийн араас нь татаад баруун гараараа нүүр орчим нь 1 удаа цохих үед Ганхуяг хөл алдан хажуу тийш унах шахсан бөгөөд С- Ганхуягт хандан “Чи яг уналаа шдээ” гэж доромжлох маягтай хэлээд зугтаасан...” /хх-ийн 18/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 8870 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Б.Ганхуягийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд зөв тооцож, цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг тус тус тогтоосон байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Ц.С-од холбогдох дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Ц.С-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх боловч ийнхүү шийдвэрлэхдээ мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг давхар баримтлах нь хууль хэрэглээний хувьд илүү оновчтой хэмээн давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Үүнээс гадна, анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй болохыг буруутган тэмдэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2...” гэсний өмнө “1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

                              ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                              ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН