Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2019/01108/И |
Дугаар | 001/ХТ2021/00241 |
Огноо | 2021-03-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2021/00241
Номин холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/01521 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1647 дугаар магадлалтай,
Номин холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ар Пи энд Эй ХХК-д холбогдох
Шаардах эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 112,841,832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Номин холдинг ХХК нь Ар Пи энд Эй ХХК-тай 2016.04.10-ны өдөр NH/16/8 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулан гэрээний дагуу Ар Пи энд Эй ХХК нь гэрээний хавсралт 01-т заасан 383,987,392 төгрөгийн авлагыг болон үүнтэй холбоотой иргэн хуулийн этгээдээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг Номин холдинг ХХК-д шилжүүлсэн. Үүний дагуу Номин холдинг ХХК нь гэрээний хавсралт 01-т заасан иргэн хуулийн этгээдүүдээс Ар Пи энд Эй ХХК-ийн авбал зохих авлагыг барагдуулахаар холбогдох өр төлбөртэй этгээдүүдтэй харилцах эсвэл харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах замаар өнөөдрийн байдлаар 268,207,810 төгрөгийн авлагыг барагдуулахаар ажиллаж байна. Харин гэрээний хавсралт 01-т заасан 383,987,392 төгрөгийн авлагаас 115,779,582 төгрөгийн авлагыг барагдуулахтай холбоотой нотлох баримт байхгүй, бодит бус, зохиомол авлага байх тул талуудын хооронд байгуулсан Шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1 дэх хэсэгт Гэрээний хавсралт 01-т жагсаалтаар гарган шилжүүлсэн авлагыг шаардах эрх хүлээн авагч барагдуулах, нэхэмжлэх явцад авлага нь бодит бус, зохиомол авлага болох нь нотлогдвол шаардах эрх хүлээн авагч талд учирсан бүх хохирол, зардлыг шаардах эрх шилжүүлэгч тал бүрэн хариуцан нөхөн төлнө гэж заасны дагуу дээрх үндэслэлээр барагдуулах боломжгүй авлага буюу 115,779,582 төгрөгийн шаардах эрх шилжүүлэгч болох хариуцагч Ар Пи энд Эй ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Номин холдинг ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай хоёр компанийн хооронд 2016.04.10-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр 383,987,392.19 төгрөгийн авлагыг болон үүнтэй холбоотой иргэн, хуулийн этгээдээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг Номин холдинг ХХК-д шилжүүлэн өгсөн юм. Энэхүү гэрээ нь хуулийн дагуу хийгдэж, тус гэрээгээр Номин холдинг ХХК-д өр, авлагатай холбоотой бүх эрх, үүрэг шилжиж, энэхүү өр, авлагыг талууд харилцан хүлээлцэж акт үйлдэж, гарын үсэг зурсан. Манай компанийн нягтланг Номин холдинг ХХК-иас томилдог байсан ба тэдгээр нягтлангууд нь өр авлагын тооцоог гаргаж, түүнийг нь гэрээний талууд баталгаажуулсан. Нэхэмжлэлд дурдсан 115,779,582 төгрөгийн үнийн дүнтэй барагдаагүй гэх авлага нь ямар гэрээний, ямар үлдэгдэл болох, мөн ямар учраас тэрхүү авлага нь барагдах боломжгүй болоод байгаа нь тодорхойгүй байна. Номин холдинг ХХК нь өөрсдийн зүгээс хөөцөлдөж, авч чадаагүй өр авлагыг биднээс нэхэж, өөрөөс хамаарах асуудлыг бидэнд халдааж энэ тухай албан бичгийг хүртэл бидэнд ирүүлж байсан бөгөөд эцэст нь энэхүү авлагаа бүр нотлох баримтгүй, бодит бус зохиомол авлага гэж үзэж шаардаж байгаа нь шударга бус, бизнесийн ёс зүйд харшилсан үйлдэл болж байна. Харин ч энэ авлагууд нь ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээ болон санхүүгийн баримтаар үлдэгдэл болох үнийн дүн нь нотлогдсон, бодитой өр, авлагууд байсан бөгөөд үүнийг гэрээний талууд харилцан хүлээлцэж, Номин холдинг ХХК-ийн зүгээс манайд хийсэн дотоод аудитын шалгалтын тайлангаар баталгаажсан авлагууд гэдгийг зориуд хэлье. Номин холдинг ХХК нь манай компанийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмшдэг байсан бөгөөд бид тэдний байранд үйл ажиллагаа явуулдаг юм. Бид өөрийн компанийн хувьцааг өөртөө шилжүүлэн авахын тулд хувьцааны эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээг байгуулж, энэхүү гэрээг үндэслэн шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулж тодорхой өр авлагыг Номин Холдинг ХХК-д шилжүүлсэн. Бид уг өр, авлагыг нь барагдуулах асуудлыг хариуцахгүй байсан боловч Номин холдинг ХХК-ийн зүгээс хамтын үйл ажиллагааг зогсоож магадгүй, бид түрээсийн байраа алдах нөхцөл байдал үүсэх, харилцагчидаа алдах эрсдэлтэй байдал үүсээд байсан тул арга буюу шахалтанд орж, өөрийн хүсэл зоригоос гадуур тэдний зарим барагдаагүй төлбөрийг нь төлүүлэх талаар албан бичиг бичиж өгсөн. Тиймээс манайхаас Номин холдинг ХХК-д илгээж байсан төлбөр төлөхтэй холбоотой албан бичгүүд нь гэрээний бус, дарамт үзүүлсэний улмаас бичигдсэн тул тэрхүү албан бичгүүдэд дурдагдсан төлбөрийн бүхий л асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ үүгээр албан ёсоор илэрхийлж байна. Үүнээс гадна Номин холдинг ХХК-ийн авлага барагдуулахтай холбоотой гарсан ямар ч хохирол зардлыг бид хариуцахгүй. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 123-р зүйлд заасны дагуу байгуулагдаж, мөн хуулийн 123.6-д ...Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ... гэсэн хуулийн заалтаар Номин холдинг ХХК-д өр, авлагатай холбоотой бүх эрх, үүрэг шилжиж, энэхүү өр, авлагыг талууд харилцан хүлээлцсэн. Гэтэл Номин холдинг ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 115,779,582 төгрөгийн үнийн дүнтэй барагдуулах боломжгүй авлага гэх мөнгийг манай компаниас шаардаж байгаа нь хууль болон гэрээнд нийцэхгүй асуудал юм. Нэхэмжлэлд дурдсан барагдаагүй авлага гэх дүн нь ямар гэрээний, ямар үлдэгдэл болох, мөн ямар учраас тэрхүү авлага нь барагдах боломжгүй болоод байгаа нь тодорхойгүй байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэг гэдэгт эрх шилжүүлэгч нь өр авлагыг тодорхой баримтын дагуу шилжүүлнэ. Эрх хүлээн авагч нь тухайн шилжүүлж өгсөн өр авлагыг барагдуулна гэсэн тохиролцоо байдаг. Манай зүгээс шаардах эрх шилжүүлэх гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдагдаж байгаа үнийн дүнтэй холбоотой баримтуудын жагсаалтыг гаргаж өгсөн байна. Гэтэл жагсаалтын Швейцарь инженерийн лаборати буюу Эм И Эл ХХК-д холбогдох 2,938,042 төгрөгийн барагдаагүй авлага гэсэн зүйл хоёр дахин давтагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, жагсаалтын 2-т байгаа төлбөр нь жагсаалтын 6-д байгаа төлбөртэй давхцсан байдаг учраас үндэслэлгүй, бодит бус байна гэсэн тайлбарыг гаргаж байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1-д авлага нь бодит бус гэж байна. Бодит бус гэдэг нь хий хоосон зүйлийг хэлж байгаагаас цаасан дээр буусан, санхүүгийн баримтаар тогтоогдсон, бүртгэгдсэн баримтуудыг хэлэхгүй. 2016.04.10-ны өдөр гэрээ байгуулахдаа гэнэт гаргаж ирээд, зохиосон зүйл байхгүй, түүнээс өмнө ажил үүрэг явагдсаны үндсэн дээр үлдэгдэл үүссэн авлага байгаа боловч үүнийг зохиомол гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 115,779,582 төгрөгийн үнийн дүн бүхий агуулга нь хохирол мөн үү манай зүгээс хохирол гэж үзэхгүй. Иргэний хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан. Авлагыг хэрхэн барагдуулах асуудал нь өөрт нь эрх үүрэг шилжсэн байхад бид чадахгүй байна та нар хариуц гэсэн агуулга харагдаж байна. Иргэний хуулийн 123.6-д заасан хангах аргыг өөрсдөө сонгох ёстой байсан боловч аргын мухардалд орж, биднээс шаардаж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү авлага нь Ар Пи энд Эй ХХК-ийн хувьцааг бэлэглэхээс өмнө үүсэн авлага байдаг. Эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө Ар Пи энд Эй ХХК-ийн 50 хувийн хувьцааг Номин холдинг ХХК-ийн ерөнхий захирал Ш.Баярсайханаас н.Бямбадорж гэж хүн рүү хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Шилжүүлэхдээ хоорондоо ярилцаж, тохиролцсон зүйл байдаг. Авлага барагдаагүй тохиолдолд шаардах талаар тусгай тохиролцоо хийгдээгүй. Талууд харилцан зөвшөөрч, хүлээлцсэн буюу талууд харилцан зөвшөөрч, 2014 оны 4 улиралд Ар Пи энд Эй ХХК-д шалгалт хийж, зөрчил дутагдалгүй авлагыг хүлээн авсан болохыг авлагын жагсаалтаар гэрээний 1 дүгээр хавсралтаар тохиролцож баталгаажуулсан баримт байна. Эдгээр авлагуудыг бодит бус болохыг нотлосон баримт байхгүй. Хуульд заасны дагуу талууд тайлбар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй. Энэ хуулийн заалтын дагуу манай зүгээс энэ асуудлаа нотлохгүй байна гэж үзэж байна. Авлага бүхий этгээдүүдэд хэрхэн хандсан, авлагыг хэрхэн шаардсан, авлагыг яагаад төлөхгүй байгаа талаар нотлох баримт байхгүй. Үүнээс гадна тодорхой хуулийн этгээдтэй холбоотой өр авлагын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Жишээ нь Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх станц ХХК-тай холбоотой асуудлыг Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017.08.10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, асуудал хэлэлцэхээр ажиллагаа явагдаж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ татан авснаа илэрхийлж хүсэлттэй холбоотой шүүгчийн захирамж гарсан. Шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн асуудлын өр төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Алтай трест ХХК-ийн асуудалтай холбоотойгоор 2018.03.07-ны өдөр хандаж, нэхэмжлэл гаргаж шүүх хуралдаанаар талууд хоорондоо эвлэрч, 71,000,000 төгрөгийн төлбөрөөс татгалзсан байдаг. Гэтэл шүүгчийн захирамж гарсны дараа Номин холдинг ХХК-иас 2018.03.13-ны өдөр Ар Пи энд Эй ХХК руу албан бичиг ирүүлж, төлбөр төлөх шаардлага гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд Алтай трест ХХК-ийн нэгэнт шүүхээр шийдвэрлүүлсэн асуудлыг дахин хэлэлцэж байгаа нь үндэслэлгүй. Ноён сайхан ХХК-иас 2,300,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018.03.19-ний өдөр нэхэмжлэлээс татгалзсан. Ар Пи энд Эй ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэлэлцэхдээ Номин холдинг ХХК-ийн дарга Ш.Баярсайхан гэх хүний хүсэлтийн дагуу эрх шилжүүлсэн байдаг. Шилжүүлэхдээ хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл дээр Номин холдинг ХХК-д ашиг орлого тооцоолон өгч байгаагүй учраас хувьцаа шилжүүлэхээс өмнө үүссэн авлага эрхийг шилжүүлэн авах хүсэлттэй байна гэдгээ илэрхийлж шийдсэн байдаг. Түүнээс авлагыг хариу төлбөрөөр шилжүүлсэн авлага биш учраас түүнийг шаардах эрхийг эргээд хариуцах эрхийг Ар Пи энд Эй ХХК хүлээх үндэслэл болохгүй. Бэлэглэлийн гэрээний 5.4-т Авлага шилжүүлэхийг зөвшөөрсөн нөхцөлд компанийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж тохирсон. Үнэ төлбөргүй 50 хувийн хувьцааг шилжүүлж авахын тулд эрх шилжүүлэх гэрээг хийсэн. Бэлэглэлийн гэрээний үндсэн талууд харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 111.1-д заасны дагуу Номин холдинг ХХК-аас хувьцаа шилжүүлсэн Ар Пи энд Эй ХХК-иас авлага шилжүүлж, эрх шилжүүлэх гэрээний дагуу харилцаа дуусгавар болсон. Шаардах эрх шилжүүлэх гэрээ хуулийн дагуу хийгдсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/01521 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ар Пи энд Эй ХХК /РД:5308089/-иас 88,182,550 төгрөг гаргуулж, Номин Холдинг ХХК /РД:2708892/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,658,989 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Номин холдинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 736,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ар Пи энд Эй ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 598,862 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Номин холдинг ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1647 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/01521 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.28-ны өдрийн 183/ШШ2019/01521 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.09-ний өдрийн 1647 дугаар магадлалыг бид шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлийг Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн өмнө талууд эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйл тус бүрийн заалтыг зөрчжээ.
Тухайлбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрх шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан авлагыг барагдуулах ажиллагааны явцад илэрсэн гэх бодит бус, зохиомол авлага нь хэнд холбогдохыг нотлох баримттайгаар нэрлэн заагаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна гэжээ. Харин нэхэмжлэгч Номин холдинг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг Шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт бодит бус авлага болох 112,841,832 төгрөг гаргуулах гэж тодорхойлон, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох нэр бүхий иргэн, хуулийн этгээдтэй холбоотой бодит бус авлагын дэлгэрэнгүй жагсаалт, тэдгээртэй холбогдох бусад бичгийн нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн. Тодруулбал,
1. Ноён сайхан ХХК-тай холбоотой авлагын тухайд: Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2016.04.10-ны өдөр байгуулсан NН/16/18 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр хавсралтын 14 дүгээр жагсаалтад Ноён сайхан ХХК-аас авах авлагын дүнг 2,300,000 төгрөг гэж заасан. Гэвч уг 2,300,000 төгрөгийн авлага нь бодит бус болохыг шаардах эрх шилжүүлэгч буюу хариуцагч Ар Пи энд Эй ХХК нь хүлээн зөвшөөрч 2018.03.19-ний өдөр 41/18 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч Номин холдинг ХХК-д ирүүлсэн бөгөөд тус албан бичигт ...Ноён сайхан ХХК нь уг төлбөрийг төлсөн байх тул тус авлагыг Ар Пи энд Эй ХХК хариуцах болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн тайлбар ирүүлсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан Ноён сайхан ХХК-аас авбал зохих авлагын бодит бус авлага буюу 2,300,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.
2. Афдом ХХК-тай холбоотой авлагын тухайд: Шаардах эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр хавсралтын 8 дугаар жагсаалтад Адфом ХХК-аас авах авлагын дүнг 2,715,883 төгрөг гэж заасан. Гэвч уг 2,715,883 төгрөгийн авлага нь бодит бус болохыг шаардах эрх шилжүүлэгч буюу хариуцагч Ар Пи энд Эй ХХК нь хүлээн зөвшөөрч 2017.11.13-ны өдөр 73/17 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч Номин холдинг ХХК-д ирүүлсэн бөгөөд тус албан бичигт ...Адфом ХХК-ийн 2,715,883 дүнтэй авлагыг харилцан тохиролцсоны үндсэн дээр Ар Пи энд Эй ХХК болон Адфом ХХК нь тавь тавин хувиар хувааж төлөхөөр ... тохиролцсон. Иймд Ар Пи энд Эй ХХК-ийн төлөх 1,357,942 төгрөгийг 2018.01.31-ний дотор бүрэн төлж дуусгах тул бидний хүсэлтийг хүлээн авна уу гэсэн хүсэлт ирүүлсэн нь нотлох баримтаар авагдсан. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан Адфом ХХК-аас авбал зохих авлагын бодит бус авлага буюу 1,358,383 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.
3. Алтай трест ХХК-тай холбоотой авлагын тухайд: Дээр дурдсан Шаардах эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр хавсралтын 9 дүгээр жагсаалтад Алтай трест ХХК-аас авах авлагын дүнг 117,767,210 төгрөг гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч Номин холдинг ХХК нь дээрх гэрээгээр шилжүүлэн авсан авлагыг барагдуулах зорилгоор Алтай трест ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг тус шүүхэд хянаж байх хугацаанд буюу 2018.03.06-ны өдөр хариуцагч Алтай трест ХХК болон шаардах эрх шилжүүлэгч Ар Пи энд Эй ХХК-тай хийсэн хамтарсан уулзалтаар Алтай трест ХХК-аас авах бодит авлага 52,689,528 төгрөг болох нь тогтоогдсон тул уг төлбөрийг Алтай трест ХХК хариуцан Номин холдинг ХХК-д төлөхөөр Эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн шүүгчийн 2018.03.07-ны өдрийн 00563 дугаартай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжийн дагуу Алтай трест ХХК нь уг төлбөрийг 2018.04.26-ны өдөр 17,563,176 төгрөгөөр, 2018.06.14-ний өдөр 17,563,176 төгрөгөөр, 2018.08.21-ний өдөр 17,563,176 төгрөгөөр тус тус төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Ийнхүү Алтай трест ХХК-д холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараа Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Алтай трест ХХК-тай холбогдуулан шилжүүлсэн бодит бус авлага болох 65,077,682 төгрөгийг шаардах эрх шилжүүлэгч Ар Пи энд Эй ХХК нь хэсэгчлэн төлж дуусгах тухай тус компаниас 2018.03.21-ний өдөр 43/18 дугаартай албан бичгээр Номин холдинг ХХК-д хүсэлт ирүүлсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан Алтай трест ХХК-аас авбал зохих авлагын бодит бус авлага буюу 65,077,682 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.
4. Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-тай холбоотой авлагын тухайд: Шаардах эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр хавсралтын 2 дугаар жагсаалтад Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-аас авах авлагын дүнг 38,311,386 төгрөг гэж заасан. Үүнээс авлага шилжүүлэх үед шаардах эрх шилжүүлэгч Ар Пи энд Эй ХХК нь 17,000,000 төгрөгийг Номин холдинг ХХК-д төлж барагдуулсан ба үлдэх 21,311,386 төгрөгөөс 10,974,958 төгрөг нь бодит авлага, 10,336,429 төгрөг нь бодит бус авлага болох нь Ар Пи энд Эй ХХК-аас Номин холдинг ХХК-д 2017.05.22-ны өдөр ирүүлсэн 31/17 дугаартай албан бичгээр болон Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Ар Пи энд Эй ХХК нарын санхүүгийн тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нь дээрх авлагыг барагдуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь 10,974,958 төгрөгийг Номин холдинг ХХК-д төлж барагдуулсан тул манай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017.08.10-ны өдрийн 3679 дугаартай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Номин холдинг ХХК нь үлдэх хэсэг буюу бодит бус авлага болох 10,336,432 төгрөгийг төлөхийг шаардах эрх шилжүүлэгч Ар Пи энд Эй ХХК-аас 2017.05.24-ний өдөр 01/287 дугаартай албан бичгээр шаардсан боловч биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-аас авбал зохих авлагын бодит бус авлага буюу 10,336,429 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.
5. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХХК-тай холбоотой авлагын тухайд: Шаардах эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр хавсралтын 6 дугаар жагсаалтад ЦДҮСүлжээ ХХК-аас авах авлагын дүнг 15,368,071 төгрөг гэж заасан. Гэвч уг 15,368,071 төгрөгийн авлага нь бодит бус болохыг шаардах эрх шилжүүлэгч буюу хариуцагч Ар Пи энд Эй ХХК нь хүлээн зөвшөөрч 2017.11.22-ны өдөр 85/17 дугаартай албан бичгийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д хүргүүлсэн бөгөөд уг албан бичигт ...Манай компани гэрээний үүргийн дагуу захиалагчид тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажлыг актаар хүлээлгэн өгсөн ба өнөөдрийн байдлаар 6,258,014 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа болно. Энэхүү төлбөрийг Номин холдинг ХХК-д нэхэмжилж авахаар эрх олгосон тул төлбөрийг тус компанид шилжүүлэн өгч бидний ажилд туслана уу гэсэн хүсэлт хүргүүлсэн.
Дээрх албан бичигт дурдсан 6,258,014 төгрөгийн авлагын тооцооны үлдэгдэлтэй байгаа болохыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК болон шаардах эрх шилжүүлэгч буюу хариуцагч Ар Пи энд Эй ХХК нь хүлээн зөвшөөрч 32 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн нь хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ас авбал зохих авлагын бодит бус авлага буюу 9,110,056 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт нийт 112,841,832 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан буюу дээр дурдсан бичгийн нотлох баримтууд болох хариуцагчийн хүсэлт, тайлбар, эвлэрлийн гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтыг үндэслэн Ноён сайхан ХХК-тай холбоотой бодит бус авлага болох 2,300,000 төгрөг, Алтай трест ХХК-тай холбоотой бодит бус авлага болох 65,077,682 төгрөг, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-тай холбоотой бодит бус авлага болох 10,336,429 төгрөг болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХХК-тай холбоотой бодит бус авлага болох 9,110,056 төгрөг, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн Афдом ХХК-тай холбоотой бодит бус авлага болох 1,358,383 төгрөг зэрэг нийт 88,182,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.09-ний өдрийн 1647 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.28-ны өдрийн 183/ШШ2019/01521 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Номин холдинг ХХК шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 115,779,582 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Ар Пи энд Эй ХХК-д холбогдуулан гаргаснаа 112,841,832 төгрөг болгон багасгасан, ...гэрээний зарим авлага бодит бус тохиолдолд эрх шилжүүлэгч тухайн авлагыг барагдуулахаар тохиролцсон гэж үндэслэлээ тайлбарласан байна.
Хариуцагч Ар Пи энд Эй ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас Адфом ХХК-ийн 1,358,353 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, ... зарим авлагад холбогдох шүүхийн шийдвэр байгаа, зарим авлага бодит бус гэдэг нь нотлогдохгүй, ... гэрээний дагуу тухайн авлагыг барагдуулахтай холбоотой үүргийн гүйцэтгэлийг эрх шилжүүлэгч хариуцахгүй, авлагыг хариу төлбөртэй шилжүүлээгүй тул шаардах эрхийг хариуцах үүргийг хариуцагч хүлээхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх Ар Пи энд Эй ХХК-аас 88,182,550 төгрөг гаргуулж, Номин Холдинг ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,658,989 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
1. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хоёр компанийн хооронд байгуулагдсан NH/16/48 дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээгээр нийт 383,987,392 төгрөгийн авлагыг иргэн, хуулийн этгээдээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг Номин холдинг ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд авлагын жагсаалтыг гэрээний хавсралтад заажээ.
Нэхэмжлэгч нь 115,779,582 төгрөгийн авлага бодит бус, зохиомол авлага тул Шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа гэсэн боловч аль авлагыг ямар шалтгаанаар авах боломжгүй буюу бодит бус, зохиомол авлагын тухайд шаардах эрх шилжүүлсэн талын үүрэг зөрчсөн байдлыг тодорхой заагаагүй байна.
Иймээс ...нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрх шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан авлагыг барагдуулах ажиллагааны явцад илэрсэн гэх бодит бус, зохиомол авлага нь хэнд холбогдохыг нотлох баримттайгаар нэрлэн заагаагүй, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн, ...анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.
2. Гэрээний үүргийн талаарх эрх зүйн дүгнэлт хийхэд шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах талуудын хүсэл зориг, түүний илэрхийлэл, хэрэгцээ, шаардлага, үндэслэл, аль үүргийн ямар хэсгийг, хэрхэн шилжүүлж байгаа нь ойлгомжтой байх шаардлагатай.
Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Номин холдинг ХХК нь Ар Пи энд Эй ХХК-ийн нэг бүр нь 182,800 төгрөгийн үнэ бүхий, 1000 ширхэг хувьцаа буюу өөрийн эзэмшлийн 50 хувийг Ар Пи энд Эй ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Бямбадоржид шилжүүлэхээр тохиролцсон 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот хувьцаа бэлэглэлийн гэрээ нь шаардах эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой байж болохоор байна.
Шүүхээс шаардах эрх шилжүүлэх гэрээний үндэслэл болсон анхны гэрээний үүргийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийхгүйгээр зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Ц.Бямбадоржид өөрийн эзэмшлийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсний хариу төлбөрийг шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагч компаниас шаардаж байгаа хууль зүйн үндэслэл нь ойлгомжгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн тооцоолол зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон дүн 24,658,989 төгрөг гэсэн нь буруу байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзэх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, Д.Нурболот нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1647 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, Д.Нурболот нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 598,863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН