Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 880

 

Ц.А, Б.Б, Б.Х,

Б.Т, Х.Э, А.С

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганбагана,

шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Д.Баасансүрэн,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.А, Б.Б, Д.Х, Б.Т, Х.Э, А.С нарт холбогдох эрүүгийн 1809051321204 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .........................., 2003 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Техник технологийн коллежийн 1а ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхон 108 дугаар байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, .............................../;

2. ........................., 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэр урлалын коллежийн За ангид сурдаг, ам бүл 3, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 1031 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /................................./;

3. ............................, 2000 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 23а гудамжны 619 тоотод оршин суух бүртгэлтэй, /............................../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 194 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоолгосон;

4. .............................., 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэр урлалын коллежийн За ангид сурдаг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 12а гудамжны 340 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /............................/;

5. .........................., 2000 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэр урлалын коллежийн За ангид сурдаг, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн задгай тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /.............................../;

6. ................................, 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 1 дүгээр дамжаанд сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 96 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /.............................../;

1. Б.Т, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 10-ны хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод байрлах иргэн М.Энхтөрийн зуслангийн байшингийн 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Самсунг” маркийн зурагт, 2 ширхэг ханын зураг эд зүйлийг хулгайлж, 578.400 төгрөгийн хохирол учруулсан,

2. Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 11-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Болорчимэгийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж, 237.200 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Ж.Төгөлдөрийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж, эд зүйлс хулгайлж, 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Цэрэнбалжирийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж, 141.840 төгрөгийн үнэ бүхий чихмэл тоглоом хулгайлж хохирол учруулсан,

5. Б.Т, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч М.Энхбаярын хүн байнга амьдрах зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн орж хууль бусаар нэвтэрсэн,

6. Б.Т, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б нар нь бүлэглэн, нууцаар, хууль бусаар 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмодны зуслангийн задгайд оршин суух Л.Оргилмаагийн байнга амьдрах орон байранд нэвтэрч, эд зүйлс хулгайлж, 96.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмод задгайд оршин суух А.Алтанхүүгийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж буюу нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 179.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Өсвөр насны шүүгдэгч А.С, Х.Э нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 4-162 тоотод оршин суух иргэн Д.Баттөрийн эзэмшлийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын чулуун хөөрөг 1 ширхэг, 400 грамм орчим цул мөнгөн эдлэлийн цуглуулга зэргийг хулгайлж, нийт 680.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Өсвөр насны шүүгдэгч А.С, Х.Э нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 1-39 тоотод оршин суух иргэн Б.Бадамын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, процессор 1 ширхэг, “Увс” нэртэй архи 1 ширхэг, “Болор” нэртэй архи 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 2 ширхэг, флаш 1 ширхэг, Хаан банкны карт 1 ширхэг зэргийг хулгайлж, бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Өсвөр насны шүүгдэгч А.С, Х.Э нар нь бүлэглэн 2017 оны 5 дугаар 31-ний өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 1-506 тоотод оршин суух иргэн М.Алтантуяагийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бэлэн 50.000 төгрөг, үсний сэнс, хүүхдийн пүүзэн гутал зэрэг эд зүйл хулгайлж, нийт 88.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Өсвөр насны шүүгдэгч А.С, Х.Э нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2-154 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Оргилын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг зэс аяга хулгайлж, нийт 2.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Өсвөр насны шүүгдэгч А.С, Х.Э нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-1016 тоотод оршин суух иргэн Б.Уянгын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Жонни Волкер” виски 1 ширхэг, Айпад /аффле/ 1 ширхэг, Самсунг А-5 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж, нийт 1.660.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Өсвөр насны шүүгдэгч А.С, Х.Э нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-125а тоотод оршин суух иргэн О.Мөнхзулын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, зөөврийн компьютер зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. Өсвөр насны шүүгдэгч А.С нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангийн задгайд байрлах иргэн Н.Уранбилэгийн байшингийн саравчнаас Самсунг Жи 7 загварын гар утсыг хулгайлж, 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С Б.Х, Б.Б нар нь бүлэглэн 2018 онд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Болорчимэгийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ хувцасны шкафны 4 хаалгыг нь цөмлөн эвдэж, дахин ашиглах боломжгүй болгосон, шкафны доторх замтай 3 шургуулга болон 1 өмдний өлгүүрийг гаргаж дээр нь дэвсэлж, гүйдэг замыг эвдэлж дахин ашиглах боломжгүй болгосон, гэрлийн бүрхүүлийг хагалсан, дрожин дээр бөөлжих, хоол унд асгах, тамхины галаар түлэх зэргээр гэмтээсэн, хулдаасан дээр 3 газар бааж бохирдуулсан, хөнжил, гудас, бүтээлэг, хүүхдийн футболк зэргийг бөөлжсөөр бохирдуулах, цус арчих зэргээр дахин ашиглах боломжгүй болгосон, халаалтын төхөөрөмж паарны хөлддөггүй шингэн болох ахуйн тосоолыг мотор төхөөрөмжөөс нь салгаж өөр төрлийн шингэнтэй хольж дахин ашиглах боломжгүй болгон устгасан, ус буцалгагчийг хагалсан зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж, нийт 1.388.200 төгрөгийн хохирол учруулсан,

16. Б.Т, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч М.Энхбаярын хүн байнга амьдрах зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж, 1 ширхэг жаазтай зураг хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ дрож дээр бөөлжиж, тамхины цогоор түлж гэмтээсэн, 2 хөнжил, цагаан хэрэгслийг түлж дахин ашиглах боломжгүй болгож устгасан, хайруулын тавганд бааж дахин ашиглах боломжгүй болгосон, зурагтын нүүр, хүүхдийн ванн, хүүхдийн тоглоом зэргийг хагалж устгасан зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж, нийт 741.940 төгрөгийн хохирол учруулсан,

17. Ц.А, Б.Т өсвөр насны шүүгдэгч А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Ж.Төгөлдөрийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж, 350.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, хөөрөг, гитар, 2 нүдний дуран зэрэг эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ гэрийн эд зүйл болох 32 инчийн зурагтын дэлгэцийг хагалах, хатаагч, шүүгээний хаалга, шүүгээ, тенн, угаалгын машин, хөшиг, толь, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийг гишгэж эвдлэх зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж, нийт 1.283.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Х.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Ц.А, Б.Т, өсвөр насны шүүгдэгч Б.Х, А.С, Б.Б, Х.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.А, Б.Т, өсвөр насны шүүгдэгч Б.Х, А.С, Б.Б нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 140 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч Х.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б нарт оногдуулсан ялууд нэмж нэгтгэн өсвөр насны шүүгдэгч Б.Тг 1 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар, Ц.Ат 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар, А.Сыг 2 жил 25 хоногийн хугацаагаар, Б.Хыг 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар, Б.Быг 1 жил 2 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 5 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ц.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б, Х.Э нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Тгийн цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг бамбаруушийг хууль ёсны өмчлөгч Д.Цэрэнбалжирт буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Сын хууль ёсны төлөөлөгч А.Мядагмаагаас 4,874,620 төгрөг гаргуулж, 303,920 төгрөгийг хохирогч Д.Болорчимэгт, 487,800 төгрөгийг хохирогч Ж.Төгөлдөрт, 232,400 төгрөгийг хохирогч М.Энхбаярт, 24,000 төгрөгийг хохирогч Л.Оргилмаад, 340,000 төгрөгийг хохирогч М.Энхтөрд, 182,500 төгрөгийг хохирогч Б.Бадамд, 44,000 төгрөгийг хохирогч М.Алтантуяад, 1,270,000 төгрөгийг хохирогч М.Мөнх-Оргилд, 830,000 төгрөгийг хохирогч Б.Уянгад, 600,000 төгрөгийг хохирогч О.Мөнхзулд, 560,000 төгрөгийг хохирогч Н.Уранбилэгт тус тус, өсвөр насны шүүгдэгч Х.Эгийн хууль ёсны төлөөлөгч Н.Мэндсайханаас 3,266,500 төгрөгийг гаргуулж, 340,000 төгрөгийг хохирогч М.Энхтөрд 182,500 төгрөгийг хохирогч Б.Бадамд, 44,000 төгрөгийг хохирогч М.Алтантуяад, 1,270,000 төгрөгийг хохирогч М.Мөнх-Оргилд, 830,000 төгрөгийг хохирогч Б.Уянгад, 600,000 төгрөгийг хохирогч О.Мөнхзулд тус тус, шүүгдэгч Ц.Ааас 591,720 төгрөгийг гаргуулж 103,920 төгрөгийг хохирогч Д.Болорчимэгт, 487,800 төгрөгийг хохирогч Ж.Төгөлдөрт тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х. Х.Э, Б.Б нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтанд хамрагдах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус бүрт авч, шүүгдэгч Б.Т, Ц.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Ц.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч А.С Б.Б, Х.Э, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Ат анхан шатны шүүхээс гаргуулахаар заасан 591.720 төгрөгийн хохирлын мөнгийг төлж барагдуулсан баримтыг шүүх бүрэлдэхүүнд өгч байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч Ц.А нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, 2 дахь хэсэгт “Шүүгдэгч Ц.А нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэжээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгана гэж заасныг зөрчжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ. Ц.А нь 2000 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн бөгөөд хуулийн шалгуурт нийцэж байх бөгөөд шүүх түүний учруулсан хохирлын хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж хуульд заасны дагуу шийдвэрлээгүйд гомдолтой байна. Түүнчлэн, Ц.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч анхнаасаа тогтвортой мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ. Энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг мөн нотолж байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчсөн үндэслэлтэй байх тул хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ч гэм буруу дээрээ маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээд гаргасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...өсвөр насны шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих..., өсвөр насны шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих..., өсвөр насны шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих..., өсвөр насны шүүгдэгч Х.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих...” гэж тус тус ял оногдуулжээ.

Ингэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн дээрх хуулийн заалтуудыг зөрчжээ.

Тодруулбал, анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Б, Д.Хатанбаатар, Х.Э, А.С нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох ялыг оногдуулсны дараа уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж жинхэнэ эдлэх ялыг тогтоох нь хуульд нийцнэ.

Мөн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан атлаа түүнийг хорих ял болгон нэмж нэгтгэхдээ хэрхэн яаж нэмж нэгтгэж байгаа үндэслэлээ Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсгийг баримтлан шийдвэрлэлгүй “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын ялуудыг нэмж нэгтгэн” гэж ерөнхийлөн дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Тд ял оноохдоо Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан журмыг зөв сонгож хэрэглэхэд анхаарвал зохино.

Дээрх хууль зөрчсөн байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж, мөн зүйлийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж давж зааалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Т, Ц.А нар нь шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед 18-н насанд хүрсэн байхад өсвөр насны шүүгдэгч гэж үзэн тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулсан атлаа насанд хүрсэн ялтны ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн нь агуулгын зөрчилтэй байна.

Эдгээрийг давж заалдах шатны шүүхээр өөрчлөн зөвтгөх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.А, Б.Б, Д.Хатанбаатар, Б.Т, Х.Э, А.С нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Т, Ц.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Б, Д.Хатанбаатар, Х.Э, А.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ