Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 124/2023/0022/З |
Дугаар | 221/МА2024/0591 |
Огноо | 2024-09-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2024/0591
Ч.Бын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Б.Б
Нэхэмжлэгч: Ч.Б
Хариуцагч: УАУСЗД, УАБШУГД
Гуравдагч этгээд: Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоож, УАБШУГД-ын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний Б/57 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ч.Быг Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар эгүүлэн тогтоолгохыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 124/ШШ2024/0011 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч УАБШУГД А.Б, гуравдагч этгээд Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн А.Еликай
Хэргийн индекс: 124/2023/0022/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б нь УАУСЗД, УАБШУГДд тус тус холбогдуулан “Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамж илт хууль бус байсан болохыг тогтоож, УАБШУГД-ын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний Б.57 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ч.Быг Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар эгүүлэн тогтоолгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 124/ШШ2024/0011 дүгээр шийдвэрээр: Боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4-д заасныг тус тус баримтлан Ч.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Гуравдагч этгээд Б.Б нь давж заалдах гомдолдоо “Ч.Быг ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар томилсон захиргааны шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдсэн ба энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн шаардлага гаргаагүй. Нэг хүнийг 2 ажлын байран дээр үлдээсэн шийдвэр зэрэгцээ оршиж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.
3.2. Би Улаангом сумын Засаг даргатай Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын ажлын байранд сэлгэн ажиллуулах санал дээр зөвшилцөлд хүрч ажлын байраа өөрчилсөн болохоос Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд сэлгэн ажиллах талаар зөвшилцөөгүй. Яг адил нөхцөл байдалтай байгаа 2 хүний талаар шийдвэр гаргахдаа нэгнийх нь эрхийг хамгаалах нэрийдлээр нөгөө нэгнийх нь эрхийг хөндөж байгаа нь “хүн бүр хууль шүүхийн өмнө тэгж байх” зарчмыг алдагдуулсан.
3.3. Гуравдагч этгээд миний хууль ёсны эрх ашгийг хөндсөн, эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан.
3.4. УАБШУГД-ын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/57 дугаар тушаалыг ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй, нэгэнт хүчингүй болсон Улаангом сумын Засаг даргын захирамжтай холбон тайлбарласан нь үндэслэлгүй” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.Боос “Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоож, УАБШУГД-ын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний Б/57 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ч.Быг Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар эгүүлэн тогтоолгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг УАУСЗД, УАБШУГД нарт холбогдуулан гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Анх Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд нэхэмжлэгч Ч.Быг нэр дэвшүүлж, Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар тус сургуулийн захирлаар томилогджээ.
3.2. УАУСЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дүгээр захирамжаар Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирал Ч.Быг 6 дугаар сургуулийн захирлаар, 4 дүгээр сургуулийн захирал Б.Быг 2 дугаар сургуулийн захирлаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
3.3. Ч.Боос дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2023/0006 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон байх ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3.4. Гэтэл мөн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар “Улаангом сумын цогцолбор 2 дугаар сургуулийн ажилтан алба хаагчид өргөх бичиг барьсаны дагуу” гэсэн үндэслэлээр Ч.Быг ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар шилжүүлэн томилсноор энэхүү маргаан үүсжээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно”, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж тус тус заасан.
4.1. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл Засаг дарга нь харьяа сум, дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлөх, сэлгэн ажиллуулахдаа түүнтэй тохиролцсоны үндсэн дээр харьяа боловсролын газрын саналыг үндэслэн шийдвэр гаргахаар байна.
4.2. Хариуцагч УАУСЗД нь сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирал Ч.Быг шилжүүлэн томилохдоо түүнтэй тохиролцоогүй, УАБШУГД-ын саналыг аваагүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
4.3. Дээр дурдсанчлан УАУСЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дүгээр захирамжаар “... сургуулийн үйлчилгээний алба хаагчдаас гомдол санал гаргасан учраас” гэсэн үндэслэл дурдаж, Ч.Быг ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар шилжүүлэн томилсныг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2023/0006 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, Ч.Быг ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар тогтоож шийдвэрлэсэн.
4.4. Гэтэл хариуцагчаас дахин “... ажилтан алба хаагчид өргөх бичиг барьсаны дагуу” гэсэн ижил үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Быг ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар шилжүүлэн томилсон Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамж Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хуульд нийцээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.
4.5. Анхан шатны шүүх УАУСЗД-ын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасантай нийцсэн байна.
4.6. Учир нь, нэхэмжлэгч Ч.Боос дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаангом сумын Засаг даргаас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/480 дугаар захирамжаар 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэдий ч хариуцагч УАБШУГДас “... өмнөх шийдвэрүүдэд хөдөлгөөн, өөрчлөлт оруулаагүй” гэж тайлбарлаж байгаа тул нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэж үзнэ.
5. Гуравдагч этгээд Б.Б давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ гуравдагч этгээд миний байдлыг анхаарч үзэхгүйгээр хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.
5.1. Шүүх нэхэмжлэгч Ч.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж маргаан бүхий Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоож, УАБШУГД-ын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгосон энэ тохиолдолд гуравдагч этгээд Б.Б нь тус сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар үргэлжлүүлэн ажиллах боломжтой тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
5.2. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 124/ШШ2024/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээд Б.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ