Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 42

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж        

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр

         Улсын яллагч Т.Эрдэнэбат

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***

         Иргэний нэхэмжлэгч ***

         Шүүгдэгч ***-ын өмгөөлөгч ***

         Шүүгдэгч ***-ын өмгөөлөгч М.Энхзаяа

         Шинжээч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***, *** нарт холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, халх, *** аймгийн *** сумын харьяат, *** оны *** дугаар сарын ***-нд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ***, эхнэр *** хүүхдийн хамт *** сумын *** багийн *** тоотод оршин суудаг, аминдаа хөрөнгөгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ын *** гэв.

Монгол Улсын иргэн, халх, *** аймгийн *** сумын харьяат, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн *** аймгийн *** сумд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл ***, *** хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суудаг, төрөөс *** шагнуулж байсан, аминдаа хөрөнгөгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ын *** гэв.

             Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн 215.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол үйлдэж ***-гийн биед хүндэвтэр, ***-ын биед хөнгөн зэргийн гэмтэл, ***-гийн тээврийн хэрэгсэлд 3.313.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн 215.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол үйлдэж иргэн ***-гийн биед хүндэвтэр, ***-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 553.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад ахындаа очих гээд талын 2 дугаар гудамжны дэлгүүрийн гадаа зогсож байсан. Тэгтэл нэг охин ирээд эмээгээ *** эмнэлэгт аваачиж тарилга хийлгэх гэсэн юм гээд миний машинд сууж би тариаг нь хийлгэчихээд буцаад гол замаар өгсөөд талруу хүргэж өгөхөөр явсан. Тэгтэл ***-ы ард талын 4 замын уулзварт нэвтэрсэн хойно баруун гар талаас буюу туслах замаас *** улсын  дугаартай машин мөргөн миний машинийг замын нөгөө талын хашлагаруу шахаж явган хүний замыг давуулсан. Тэгээд би бууж ирээд эмнэлэг, цагдаа, даатгал дуудсан. Би эхнэр ***-ийн нэр дээр байдаг *** дугаартай приус маркийн машинтай явж байсан. Бид хоёр хамтран эзэмшигч. Манай машины жолооч талын урд тал тэр чигтээ эвдэрсэн. Би зүүн тийшээ жаахан дарахад хажуугаар гарчих байх гэж бодсон. 4 замын уулзварлуу нэвтэрсэн юм чинь тоормоз гишгэх шаардлагагүй. Би гол замаар явж байсан учраас шинжээч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эхнэртэйгээ хохирогч ***-гийн гэрт нь очиж байсан. 2016 оны 8 дугаар сарын 25-нд очиж биеийн байдлыг мэдэж ойр зуур эм тариа, сүү, цагаан идээ өгсөн. Түүнээс хойш хэд хэдэн удаа очсон. Манай эхнэр *** авч явж 30-45 хоногийн хэвтэрийн дэглэм сахихад нь ***-т гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлж харуулна гэж хэлсэн. Иргэний бүртгэлд ажилладаг охинд нь энэ талаар хэлж байсан. Тэр үед бидэнд мөнгө төгрөг муу байна. Ах дүү нараасаа хэдэн мал өгье гэхэд надад малны хэрэг байхгүй гэж байсан. Сая шүүх хурлын өмнө очиж уулзахад 3-4 сая төгрөг өгвөл гомдолгүй гэж хэлсэн. Би замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар жолооч аюул саад бий болоход тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авах заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би гол замаар 4 замын уулзварт нэвтэрсэн байхад баруун буюу туслах замаас *** улсын дугаартай машины жолооч маш хурдтай орж ирээд миний машиныг түрээд зүүн талын хашлага давуулсан. Би гол замаар 4 замын уулзварт нэвтэрсэн байхад тоормоз гишгэх шаардлагагүй гэж байна. Манай өмгөөлөгч энэ хэргийг 5 хүний бүрэлдэхүүнтэй Нийслэлийн замын цагдаагийн газарт буюу механик инженерийн их сургуульд хөндлөнгийн хүмүүсээр дүгнэлт гаргуулахыг удаа дараа хүссэн ч бидний хүсэлтийг хүлээн авахгүй энэ шүүх хуралд хөтлөн оруулж байна. Тийм учраас энэ хэргийг үнэн зөв дүгнэлт гаргуулахын тулд Нийслэлийн замын цагдаагийн газар, Механик инженерийн сургуулиар дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна гэв.

Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 8 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд ***-д орж ирж хойд толгойд хүн буулгаад урагшаа эргээд баруун зүүн талаа харахад зүүн талаас ирж байсан машин хол байхаар нь замруу орсон. Миний машин уулзварлуу ороод урд хоёр дугуй цагаан шугам давчихсан байсан. Гэтэл зүүн талаас ирж байсан машин миний араар баруун гар талаа баримталж эгнээ байраа зөв эзлээд зөрөх байх гэж бодож байсан. Би голын цагаан шугам давж байтал яг жолоочийн хаалган талаас *** маркийн машин ирж мөргөсөн. Мөргөсөн машин нь хурдтай явж байсан бололтой миний машин чигээрээ явж байсан мөртлөө замын хажуу тийшээ дугуй хэсэг дээр гарсан. Би тэр үед тоормоз гишгээд зогсоосон. Миний машин явган хүний зам дээр зогссон байсан. Жолоочийн хаалга онгойхгүй байсан тул би зорчигчийн хаалгаар буугаад ***-т би цагаан шугам давчихсан байхад яагаад ирээд мөргөчихсөн юм гэж хэлсэн. Намайг эсрэг урсгалаас орж ирээд мөргөчихлөө гэсэн. Тэгээд би утсаа хайгаад олоогүй. ***-ын утсаар цагдаа дуудуулаад шинжээч эмч нар ирж хөгшнийг авч яваад замын цагдаагийн газраас шинжээч нар ирж ослын дүгнэлтээ гаргасан. Тэндээс журмын хашааруу явсан. Би трактор, комбайн барьж байгаад 1993 оны үед жолооны үнэмлэх авч байсан. Сая үнэмлэх солилтоор *** ангилалтай болсон. 20 гаруй жил машин барьж байна. Замын цагдаагийн гаргасан дүгнэлтийн дагуу хохирлыг төлнө. Би ослын дүгнэлтийг үгүйсгэхгүй байна. Гарсан дүгнэлт бол Замын хөдөлгөөний дүрмийн дагуу гарсан. Намайг очиж мөргөсөн гээд байх юм. Би очиж мөргөөгүй, намайг ирж мөргөсөн. Миний машины зөв талын хаалганаас ирж ***-ын машин мөргөсөн. Энийг л намайг мөргөчихсөн гэж яриад байна. Зураг дээр ч харагдаж байсан. Төв замын цагаан шугам яах зориулалттай шугам юм. Тэр чинь эгнээ байрыг зөв эзлүүлэх зориулалттай. Миний машины урд дугуй давна гэдэг нь уулзвар нэвтэрсэн гэсэн үг. Тэгтэл миний машиныг ирж мөргөсөн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Ослын дүгнэлтийг буруутгах зүйл байхгүй. Цагдаа нар гаргадаг дүрэм журмаараа гаргасан байх гэв.

      Иргэний нэхэмжлэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би *** дугаартай машины эзэмшигч байгаа юм. Манай гэр бүлийн хүн группд байдаг учраас таксинд явъя гээд мөнгө төгрөгөө бүрдүүлээд 6 сард хотоос 8.500.000 төгрөгөөр авчирсан. Мөн 2 сар болоод машинаа  эвдэлж, маш их хохирол учирсан. Машин маань зүгээр байсан бол өрөндөө баригдахгүй байсан байх. Би хохирлоо бүрэн гүйцэд барагдуулж авна. *** гэх үнэлгээний газраас 3.313.000 төгрөг, тэр дээр үнэлгээ гаргасан хураамж 138.000 төгрөгийг *** шилжүүлж авсан. Дээрээс нь осол болсон газраас журмын хашааруу кранаар зөөлгөсөн 50.000 төгрөг, журмын хашаанаас авахад 21.000 төгрөгийн хөл, кранаар 50.000 төгрөгийг хашаандаа буулгасан хөлс, өмгөөлөгчийн хөлс, мөн баримтгүй мөнгө төгрөг гэвэл хотруу 200.000 төгрөгөөр ачуулаад 22-ын товчооноос засварлуу явуулах зэрэг зардлууд гарахаар байгаа. Энэ зардлыг ***ын буруу гэж үзэж байгаа тул ***-аас нэхэмжилж байна.  Манай хүн осол гаргах үед би хөдөө байсан. Би маргааш нь хөдөөнөөс ирээд 25-нд эмээ дээр цуг очиж биеийн байдлыг асуугаад дутуу зүйл, авахуулах зүйлийг нь асуугаад эмийг нь авч өгсөн. Тэрнээс хойш 4-5 удаа очсон. Эмч 35-45 хоног хэвтэрт байх ёстой гэхэд нь би тогоог нь барья. Хотод гэмтлийн эмнэлэгт манай дүү их эмч учраас хотруу асарч авч явж болно. Би аваад явъя гэж хэлж байсан. Эмээг эмчлүүлнэ гэж бодож байсан. Энэ хэргийг ингэж удна гэж бодоогүй гэв.

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би сард 1 удаа эмнэлэгт тариа хийлгэдэг юм. Би зээгээ дагуулаад такси зогсож байхаар нь сууж тариулчихаад эргэж явахад Жанжин малгайтын тэнд мөргөлдсөн. Тэнд юу болсныг сайн мэдэхгүй байна. Хамт явсан охин маань эмнэлэг дээр ах, дүү нараа дуудаж эм тариа уугаад, эмнэлэгт очиж зураг авахуулаад бүтэн өдөржин эмнэлэгт байсан. Миний нүүр, гар, хөл хавдсан байсан. Хүзүүний хугаралтай гээд хамгаалалт хийж өгсөн. Одоо л гайгүй болж байна. Хүзүү толгой өвчтэй байгаа. Хүзүүний хамгаалалт зүүгээд даралт ихдэж байгаа. Тархи толгой их өвдөж байна. Даралтны эм их ууж байна. Энэ зун хөдөө гарч чадаагүй. Бие зовиуртай байна. Мал өгье гэсэн. Манайхан бүл цөөтэй учраас хүнээс мал аваад хүүхэддээ дарамт болохын нэмэр гэсэн. Эд нар үзүүлье гэсэн гэж байна. Би юу ч мэдэхгүй. Охин маань л мэдэх байх. Өвөл боллоо. Явж чадахгүй байх. Даралтны эмийг хоёр давхарлаж ууж байна. Хүзүүний хамгаалалтаа авсны дараа одоо өвчин намдаах эм уугаад, баралгин, цитромон гэх зэрэг ойр зуурын эм ууж байна. Баралгин хүүхдүүд уулгахгүй байгаа. Аваарт орсны дараа *** ирж уулзсан. Дараа нь бас хэд хэдэн удаа ирсэн. Нэг ирэхдээ эмчид үзүүлнэ гэж намайг авч яваад очиход эмч нь хагалгаанд орчихсон байна гээд үзүүлж чадаагүй. Тэрнээс хойш охинтой л харьцаж байсан. Энэ охин тогоо шанагыг барьж өгье гэж хэлсэн. Манай зээ байдаг учраас би хэрэггүй гэсэн. Энэ охин 3 удаа ирсэн. *** 4 удаа ирсэн. Тархинд хэцүү зовиуртай байна. Ууц нуруу өвдөөд байна. Удаан сууж болохгүй байна. Өчигдөр тархины шинжилгээнд орсон. Хэцүү байна. *** надад эхлээд 20.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг өгсөн. Одоо эрүүл гэж хэлэхэд хэцүү л байна. Жаахан гомдолтой л байна. Би хот явбал нэг хүнтэй хамт явна. Тэгээд тархи толгойны эмнэлэгт үзүүлнэ. Цаашид гарах зардлаа тооцоолоод 3.000.000 төгрөгийг ***-аас нэхэмжилсэн гэв.

Шинжээч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гарсан ослын асуудал байгаа. Хоёр жолооч маань Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хоёр заалтыг зөрчсөн. *** Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын замын тэмдэг тэмдэглэл гэсний дарааллын тэмдгийг зөрчиж гол замын машинд зам тавьж өгөлгүй орсон. Туслах замаар явсан *** Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т жолооч аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн. Уулзвар нэвтрэх дараалал гэж байна. Зохицуулалтгүй уулзвар дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дарааллын тэмдгээр Монгол улсын нутаг дэвсгэрт дараалал тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл 3.1 дэх тэмдэг бол гол зам, 3.4 бол туслах замын тэмдэг байгаа. *** нь 3.4 дэх тэмдэгтэй туслах замаас, *** нь 3.1 тэмдэгтэй уулзвараар явж байгаа. Тийм учраас зохицуулалтгүй уулзварыг нэвтрэх дараалал бол 3.4 тэмдэгтэй талд явж байгаа *** бол 3.1-ээр явж байгаа ***-т зам тавьж өгөх бүрэн үндэслэлтэй байгаа. Хэргийн материалд ***ын машины тоормозны мөр байдаггүй. Тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсныг тоормозны мөрөөр тогтоодог. 4 дугуйны тоормозны мөр байгаагүй учраас ***-ыг тоормоз гишгээгүй байна гэж үзэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т жолооч аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж тогтоосон. Уг нь туслах замын жолооч зам тавьж өгөх ёстой. 3.4 дүгээр тэмдгийн цаана *** нь зогсож байгаа төв замын бүх машиныг өнгөрөөх ёстой. Тэгсэн бол гол замын машин ямар нэгэн аваар гаргахгүй явна. Гэтэл туслах замын машин ороод ирэхэд би гол замын машин гээд зогсолгүй очиж мөргөж болохгүй. Өөрөөр хэлбэл тоормозны мөр байхгүй учраас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-ийг зөрчиж хоёр машин мөргөлдсөн байгаа. Гол замын машин заавал туслах замын машинд зам тавьж өгнө гэсэн дүрэм байхгүй гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч ***-ын мэдүүлэг /хх 31-рт/, гэрч ***-гийн мэдүүлэг /хх 43-рт/, гэрч ***-гийн мэдүүлэг /хх 44-рт/, зам тээврийн ослын дүгнэлт /хх 68-рт/, нэмэлт бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх 143-144-рт/, хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 54-55/, эвдрэлийн зэргийн дүгнэлт /хх 75, 81-82-рт/ зэрэг баримтуудыг, шүүгдэгч ***-ын өмгөөлөгч ***-гийн хүсэлтээр: Гэрч ***-гийн мэдүүлэг /хх 33-34-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх 37-38-рт/, гэрч ***-гийн мэдүүлэг /хх 43-44-рт/ гэрч Б.Батнасангийн мэдүүлэг давхардсан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-рт хуудасны 5 дахь зураг/, *** сумын багийн ***-гын тодорхойлолт /хх 104-рт /, ял шалгах хуудас /хх 96-рт/, шүүхэд хохирогчийн хийж өгсөн тодорхойлолт /хх 230-рт/ зэрэг баримтуудыг, шүүгдэгч ***-ын өмгөөлөгч ***ийн хүсэлтээр:  Шүүгдэгч ***-ын мэдүүлэг /хх 12-рт/, хохирогч ***-гийн мэдүүлэг /хх 23-рт/, шүүгдэгч ***-ын мэдүүлэг /хх 27-28-рт/,  шүүгдэгч ***-ын биед гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 48-рт/, хохирогч ***-гийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 55-рт/, ял шалгах хуудас /хх 95-рт/, прокурорт гаргаж байсан хүсэлт, хангахаас татгалзсан тогтоол /хх 201-202-рт/, машины эд зүйлийн үнэлгээ зураг /хх 83-рт/, шинжээч ***, *** нараас авсан мэдүүлэг /хх 175-178-рт/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.

        Шүүгдэгч ***, *** нар  нь Эрүүгийн хуулийн 215.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд зам тээврийн осол үйлдэн ***-гийн биед хүзүүний 4-р нугаламын хугарал, баруун талын хуйхан доор цус хуралт, духны баруун тал, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл буюу гэмтлийн хүндэвтэр гэмтэл, ***-ын биед тархины доргилт буюу гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл, ***-ийн тээврийн хэрэгсэлд 3.313.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн 215.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд зам тээврийн осол үйлдэн иргэн ***-гийн биед хүзүүний 4-р нугаламын хугарал, баруун талын хуйхан доор цус хуралт, духны баруун тал, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл буюу гэмтлийн хүндэвтэр гэмтэл, ***-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 553.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч ***-ын өмгөөлөгч М.Энхзаяагийн "…шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна, шүүгдэгч *** нь төв замаар явж байсан учир 5 шинжээч оролцуулан дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна..." гэх саналыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь хавтаст хэргийн 3 дугаар хуудсан дахь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд "…тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн цэгийн орчимд ямар нэгэн тормозны ул мөр үүсгээгүй байх ба..." гэж тэмдэглэгдсэн нь шүүгдэгч*** төв замаар явж байсан хэдий ч Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан "…жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авна…" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг шүүх үнэлж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс тэдгээрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч***, *** нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

             Шүүх шүүгдэгч ***, *** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Шүүгдэгч ***, *** нарт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

       Иргэний нэхэмжлэгч *** нь “…үнэлгээний төлбөр 138.000 төгрөгийг *** ХХК-нд шилжүүлсэн…” гэх боловч шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул мөн хохирогч *** нь “…Улаанбаатар хот явж эмчид үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна. Тархи толгой өвдөөд хэцүү байна…” гээд шүүгдэгч ***-аас 3.000.000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилсэн байх тул хойшид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна.

       Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, *** нь хохирогч ***-д 200.000 төгрөг төлсөн ба хохирогч *** нь хойшид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч *** нь бусад хохирол буюу шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөр зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт ***-ын***, *** овогт ***-ын *** нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-аас эмчилгээний зардалд 37.850 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч ***-т, машины эвдрэлийн хохирол 1.656.500 төгрөг, машин зөөвөрлөсний зардал 50.000 төгрөг, нийт 1.706.500 төгрөгийн гаргуулж иргэний нэхэмжлэгч ***-д, ялтан ***-аас машины эвдрэлийн хохирол 1.656.500 төгрөг, машин зөөвөрлөсний төлбөр 50.000 төгрөг, нийт 1.706.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***-д, 276.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***-т тус тус олгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, *** улсын дугаартай машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан ***-ын  *** дугаарын, ялтан ***-ын *** дугаарын жолоочийн үнэмлэхийг буцаан олгож, ялтан нарын цахим үнэмлэх, *** дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, *** дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч ***-д буцаан олгосугай.

6. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, *** нь хохирогч ***-д 200.000 төгрөг төлсөн ба хохирогч *** нь хойшид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч *** нь бусад хохирол буюу шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөр зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг дурдсугай.

7. Ялтан ***, *** нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.САРАНТУЯА