Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2018/01219

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, -  тоотод оршин суух, *******-ын нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, 1-р баг, Баян Өлзийт тосгон, ******* тоотод оршин суух, ******* -д холбогдох, 

 

1 904 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2016 онд ******* -д 1 120 000 төгрөгийн өргөст хэмхний үрийг зээлээр хүнээс авч өгсөн. Энэ мөнгийг ******* - нь өгч чадахгүй байна гээд нэлээд удсан, үрний эзэн надаас мөнгөө нэхээд шаардаад байхаар нь би ******* -гийн өмнөөс мөнгийг нь төлсөн. Ингээд ******* -гээс би өөрийн мөнгөө нэлээд нэхэж байсан. Тэр төлөх боломж гарахгүй байна гээд яваад байсан. Нэг удаа мөнгөө нэхээд уулзахад “таны мөнгийг өгч чадахгүй нь ээ таниас би 1 120 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 7 сарын хугацаатай зээлж авъя, гэрээ хийе” гэж хэлэхэд нь би зөвшөөрч түүнтэй зээлийн гэрээг хийж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр надад мөнгийг нь хүүтэй нь буцаан өгөхөөр тохирсон. Гэрээний хугацаа дуусахад ******* - мөнгөө өгөөгүй, дахиж гуйж надтай ярилцаж байгаад 2017.04.30-ны өдрийг хүртэл гэрээг сунгасан. Гэрээ сунгагдсан хугацаа болоод өнгөрсөн ч мөнгөө өгөхгүй өнөөг хүрлээ. Одоо зээлийн гэрээгээр авсан үндсэн зээл 1 120 000 төгрөг хүү 7 сарын х 112000 =787000 төгрөг нийт 1 904 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

            Нэхэмжлэгч ******* -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 5 дугаар сард ******* -гийн хүсэлтийн дагуу өргөст хэмхийн үрийн үнэ болон 1.120.000 төгрөгийг хүнээс зээлж өгсөн байдаг. ******* -ыг өргөст хэмхийн үрийн үнийг нэхэхэд ******* - “Мөнгө байхгүй. Танд надад зээлэх мөнгө байна уу?” гэж асуухад ******* - мөнгө зээлсэн. Тэр үед ******* - үрээ тарьж, ургац хураахад цаг хугацаа орно гэж хэлсэн учраас  2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс  2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед гэрээний хоёр тал гэрээний нөхцөлөө харилцан тохиролцоод гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй. ******* -гийн хувьд 280.000 төгрөгийг 2 удаа Хаан банкны дансаар шилжүүлсэн. Гэхдээ уг мөнгийг өгөхдөө хэд хэд удаа хувааж өгсөн байдаг. ******* -ыг зээлээ төл гэж шаардлага тавихад ******* - “2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өгье” гэж хэлсэн учраас зээлийн гэрээг дахин 4 сарын хугацаагаар сунгасан. Зээлийн хүү сарын 112.000 төгрөг болж байгаа тул нэг сарын зээлийн хүү болон 112.000 төгрөгөөр 7 сарын хугацаанд тооцож нэхэмжилсэн. Гэвч хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дансны хуулга гаргаж өгсөн. Уг дансны хуулгаас харахад хариуцагч 560 000 төгрөгийг 2017 онд өгсөн байдаг, нөхөрт 80 000 өгсөн нийт 640 000 төгрөг өгсөн тул 1904 000 төгрөгөөс хасч үлдэх 1 264 000 төгрөг гаргуулахаар өөрчилж байна гэв.

 

Хариуцагч ******* - шүүхэд гаргасан тайлбартаа:

Би ******* -аас мөнгө зээлээгүй. ******* - өөрөө надтай хамтарч ногоо таръя гэж хэлсэн. Нэхэмжлэгч бид хоёр 4 кг өргөст хэмхийн үрийг хоёр хоёр киллограммаар нь хувааж төлөхөөр тохиролцсон. Тэр үед өргөст хэмхийн үрийн үнэ болон ногоо тарихад шаардлагатай бусад зардлыг хуваан хариуцахаар тохиролцсон юм. Гэтэл ******* - намар мөнгөө өгье гэж хэлсэн. Би өргөст хэмхийн үрийн үнэ болох 560.000 төгрөгийг өгөх ёстой. Намар ургац хураах үед шуудай өргөст хэмхийн үнэ 500 төгрөг болсон. Намар ургац хураах үед ******* - намайг өргөст хэмхийн үрийн мөнгөө өг. Би ургац хураалтад оролцохгүй. Би хол газар очиж ургац хураахаар зардлын мөнгөө хийж чадахгүй байна гэж хэлсэн. Би тухайн үед “Та яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл ******* - “100 шуудай өргөст хэмх хураахад 500.000 төгрөг болно. Түүнийг хураахын тулд би ажилтан авч ажиллуулах шаардлагатай болно. Тэгж байхаар чи өөрөө наад асуудлаа зохицуул. Чи зөвхөн 4 кг өргөст хэмхийн үрийн мөнгөө өг” гэж хэлсэн. Түүнээс нь болж бид маргалдсан. ******* - бид хоёрын хувьд 1.120.000 төгрөгийг хоёр хувааж төлөх ёстой. Ногоо тарьхад зургаан зуу гаран мянган төгрөгөөр газар хагалж, усалгаа хийсэн. Намайг ******* -т “Нэг усалгааны мөнгө өгчих” гэж хэлж байхад усалгааны мөнгө өгөөгүй. Би нэхэмжлэгчид 710.000 төгрөг өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* - нь хариуцагч Ш.******* -д холбогдуулан үндсэн зээл 1 120 000 төгрөг, 7 сарын хүү 784 000 төгрөг нийт 1904 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, төлбөрт шилжүүлсэн 640 000 төгрөгийг хасч үлдэх 1 264 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан болно.

 

Хариуцагч ******* - нь би өргөст хэмх тарихаар харилцан тохиролцсоны дагуу ******* - 4 кг өргөст хэмхийн үр авч өгсөн гэж маргаж, үрний үнээс 710 000 төгрөгийг төлсөн гэж тайлбар гаргасан болно.

 

Нэхэмжлэгч ******* - нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ******* - нь 4 кг үрийг хүнээс авахуулаад үнийг нь төлөөгүй тул би төлсөн. Бид зээлсэн 1 120 000 төгрөгийг, 1 сарын 10 хувийн хүүтэй, алданги тооцохоор тохирч 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 1 120 000 төгрөг, 7 сарын хүү 784 000 төгрөг нийт 1 904 000 төгрөгөөс төлбөрт шилжүүлсэн 640 000 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр 1 264 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон болно.

 

Хариуцагч ******* - нь үрийн төлбөрт дансаар 640 000 төгрөг, бэлнээр 70 000 төгрөг төлсөн гэж маргаж байгаа боловч 70 000 төгрөг төлсөн талаар нотлох баримт ирүүлээгүй, харин 560 000 төгрөгийг нэхэмжлэгч ******* -ын дансанд, 80 000 төгрөгийг нөхөр болох ******* дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ******* -гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны тодорхойлолтоор тогтоогдож талууд энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа боловч зээлийн гэрээний зүйл болох мөнгийг хэрхэн шилжүүлсэн талаар нотлогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул гэрээний дагуу шаардах эрхгүй байна.

 

Харин талууд хамтран ажиллахаар тохиролцож, нэхэмжлэгч ******* - 4 кг өргөст хэмхийн үрийг хариуцагч ******* -д хүнээс авч өгсөн болох нь хариуцагч ******* -гийн ...миний эзэмшлийн талбай дээр надтай хамтарч ногоо тарьж ашгаа хувааж авъя гэж тохиролцоод ******* - өргөст хэмхийн үрийг худалдаж авч надад авчирч өгсөн гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 4кг үрийг хүнээс зээлээр авч өгсөн, мөнгөө төлөхгүй болохоор нь би өмнөөс нь төлсөн гэсэн нэхэмжлэлийн агуулга бүхий тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талууд тохиролцсон хэлцлийн дагуу хамтарч ажиллаагүй, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар 4 кг үрийн үнэ 1 120 000 төгрөгөөс хариуцагч ******* -гийн дансаар шилжүүлсэн 640 000 төгрөгийг хасч үлдэх 480 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч ******* - нь шүүхэд гаргасан тайлбартаа ...******* -т 100 ширхэг шилний таг, 2 удаа утас цэнэглэх 10 000 төгрөг, 7 шуудай нүүрс 35 000 төгрөг, бензиний үнэ 5 000 төгрөг, нийт 70 000 төгрөг бэлнээр өгсөн гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагч ******* -д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчдын хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч ******* - нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд *******, хариуцагч ******* -тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хариуцагчийн өмгөөлөгчөөр ******* нар оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:           

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч ******* -гээс 480 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* -т олгож, 784 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн              119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА