Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 181/2019/00374/И |
Дугаар | 001/ХТ2021/00245 |
Огноо | 2021-03-23 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/00245
Т.Цэвээнравдангийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00938 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1692 дугаар магадлалтай, Т.Цэвээнравдангийн нэхэмжлэлтэй, Монтрекс ХХК-д холбогдох Гэрээний үүрэгт 19,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Монтрекс ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ӨА-18/01 тоот Үйлдвэрлэлийн зариулалтаар өрөмдлөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулан, Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн аман дахь Ар хүүшийн аманд төлөвлөж буй Премиум ресорт амралтын газрын барилгын ажлын зургийн дагуу барилгын суурь баригдах газарт уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэн тэгшилж өгөх ажлын өрөмдлөгийг гүйцэтгэн өрөмдлөгийн ажлын параметр нийт уртааш 2.430 метрын ажлыг захиалгын дагуу хийж гүйцэтгэсэн. Ажлаа дүгнэж актаар хүлээлцэхэд 3.375 метр болсныг хүлээлцсэн байгаа. Авах ёстой ажлын хөлс мөнгөн дүн 33,750,000 төгрөг болсноос урьдчилгаа хөлс 6,000,000 төгрөг, түлшний зардал 3,700,000 төгрөг, үлдэгдлийн баталгааны дагуу 19,050,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө олон удаа очиж захиралтай нь уулзаж, уян хатан нөхцлөөр тохиролцох саналыг зөндөө тавьсан боловч хүлээж аваагүй учраас шүүхэд хандсан байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа захиалагч тал Монтрекс ХХК болон Т.Цэвээнравдангийн хийсэн ажилтай хоёулантай хамааралтай гэж тайлбарлаад байгааг би эрс үгүйсгэж байна. Хийх ёстой ажлаа хэлсэн хэмжээний дагуу хийсэн. Тэсэлгээ хийх нь надад хамааралгүй, зөвхөн өрмийн диаметр гэж байдаг. Цооног хаана гэдгийг би тавьдаггүй, Монтрекс ХХК-ийн инженерүүд өөрсдөө тавьж өгдөг, 2 цооногийн хоорондох зайг Монтрекс ХХК-ийн инженерүүд өөрсдөө тавьсан. Энд өрөмд гэсэн цэгийг Монтрекс ХХК гаргаж өгснөөр л би цэгүүд дээр өрөмдлөг хийдэг. Өрмийн бүдүүн, нарийн хэмжээ бүгдийг нь Монтрекс ХХК хянаж байсан гэжээ. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Талууд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өрөмдлөгийн ажлаа хийж дуусгаад акт үйлдэж, баталгаа гаргасан. Эцсийн дүн 19,050,000 төгрөг тавьсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага дээр маргахгүй, хугацаа тохирох нөхцөл байдал үүссэх бол тохиролцоод явж болно. Зохигчид хэн аль нь Премиум болор ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Шударга ёсны зарчмаар нэг нь өрөмдлөг, нэг нь тэсэлгээ хийсэн. Хэн алины буруутай үйлдэл байна уу гэдгийг нөгөө иргэний хэрэгт шинжээчээр тогтоолгосны дараа л мөнгө хоорондоо өгөх талаар ярилцъя гэсэн асуудал байгаа, нэхэмжлэлийн шаардлага болох 19,050,000 төгрөг дээр маргах зүйл байхгүй. Харин захиалагч компаниасаа манай компани мөнгө авч чадаагүй болохоор л нөхцөл байдал хүндрээд байна. Манай өөрийн компаниас урьдчилгаанд 6,000,000 төгрөгийг гаргаж өгөөд ажлыг явуулж байсан. Бид нар захиалагчтайгаа маргаантай байгаа гэж тайлбарлаж байна гэжээ. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00938 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар хариуцагч Монтрекс ХХК-иас 19,050,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Цэвээнравданд олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 253,200 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас хариуцан төлөх хураамжид 253,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1692 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.23-ны өдрийн 181/ШШ2019/00938 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.16-ны өдрийн 1692 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт Нэхэмжлэгч нь хариуцагч талаас Үйлдвэрлэлийн зориулалтаар өрөмдлөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ-ний дагуу төлөх төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд уг өрөмдлөгтэй холбоотой ажлын хөлсний талаар шүүх шийдвэр гаргахад Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ-ний үүргийн талаар хариуцагч бусадтай маргасан хэрэгт хамааруулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан өрөмдлөгийн ажлын гэрээний үүргийн талаарх нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хариуцагчийн хийсэн тэсэлгээний ажилтай холбоотой маргаан саад болохгүй. гэжээ. Т.Цэвээнравдангийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар Монтрекс ХХК болон Премиум болор ХХК-ийн хооронд маргаж байгаа иргэний хэргийн нотлох баримтыг гаргаж өгсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг хуулбар үнэн дарж өгөх боломж байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэдэг тайлбар өгсөн тул иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хуулбарлан өгсөн. Манай компани бол зөвхөн тэсэлгээний тусгай зөвшөөрөлтэй компани. Өрөмдлөгийн ажил зургийн дагуу хийгдсэн эсэх дээр дүгнэлт гаргаж чадахгүй. Мэргэжлийн байгууллага л үүнийг тогтоож чадна. Гэтэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Премиум болор ХХК өрөмдлөгийн ажлыг зургийн дагуу хийсэн эсэх тал дээр маргаж байгаа. Т.Цэвээнравдангийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт манай компани нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаагүй бөгөөд өрөмдлөгийн ажил зургийн дагуу хийгдсэн эсэх дээр маргаж байгаа өөр хэргийг шийдвэрлэж дуустал энэ хэргийг түдгэлзүүлж өгөөчээ гэдэг л хүсэлтийг тавьсан. Манай компани захиалагчаас гэрээний төлбөрөө авч чадаагүй маргаж байхад асуудлыг хүндрүүлэхгүйгээр хүлээцтэйгээр шийдвэрлэх боломжтой байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.23-ны өдрийн 181/ШШ2019/00938 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.16-ны өдрийн 1692 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: Нэхэмжлэгч Т.Цэвээнравдан нь хариуцагч Монтрекс ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,050,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хариуцагч нь ...энэ хэрэг нь ажлын хөлс гаргуулахаар өөр шүүхэд үүсгэсэн маргаанд хамаарна, ... дүгнэлт гарах хүртэл хэргийг түдгэлзүүлэх гэсэн тайлбар гаргажээ. Анхан шатны шүүх хариуцагч Монтрекс ХХК-аас 19,050,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Цэвээнравданд олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 1. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний маргаан үүссэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцжээ. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Үйлдвэрлэлийн зориулалтаар өрөмдлөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь Налайх дүүргийн нутаг Горхи Тэрэлжийн аман дахь амралтын газрын барилгын суурь баригдах газарт уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэн тэгшилж өгөх ажлын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь зассан талбайд 2430 тууш метр буюу 1 тууш метр тутамд нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр 10,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, талууд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаа дүгнэж, гүйцэтгэсэн ажил 3375 метр болсныг хүлээлцэж, акт үйлдсэн тухай баримт хэрэгт авагджээ. 2. Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй. Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлын хөлсний тооцоог гаргахад нийт 33,750,000 төгрөг болсон байх бөгөөд урьдчилгаанд олгосон 6,000,000 төгрөг, түлшний 3,700,000 төгрөг, алдагдал 5,000,000 төгрөг гэж тооцон суутгаж, төлөгдөх хөлс 19,050,000 төгрөг гэж баталгаажуулсан баталгаа баримт хийгдсэн, энэ баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна. Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг зөв хэрэглэжээ. 3. Ажил гүйцэтгэх гэрээний хөлс нэхэмжилсэн энэ хэргийг шийдвэрлэхэд хариуцагчийн бусад этгээдтэй үүсгэсэн өөр ажил буюу тэсэлгээний ажилтай холбоотой маргаан саад болохгүй, уг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байдал тогтоогдоогүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчөөгүй байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00938 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1692 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР Г.ЦАГААНЦООЖ Д.ЦОЛМОН
|