Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1188

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Америкийн Нэгдсэн Улс Жоржиа Муж - , Саванна хот -  Тангл Трий Л.Ж.А.Ф-ийн  нэхэмжлэлтэй,

                                                                                     

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын сум 3-р баг, Санжинт, өөрийн байр Шарын гол ХК-д холбогдох, 

 

Цалин түүний алданги, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал болон холбогдох бусад зардалд нийт 465.331.760 төгрөг гаргуулах,

 

Хариуцагчийн цалин хөлсөнд олгосон 223.747.61 доллар буюу 531,358,061 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мэнд-Амар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жеймс Л.Ж.А.Ф- Флорес шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч нь Шарын гол ХК-тай Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг үндэслэн 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн гэрээ байгуулан Шарын гол ХК-ын Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд жилийн 200.000 ам.долларын цалинтайгаар ажиллахаар тохиролцсон. Үүн дээр нэмж нэхэмжлэгчийг дараах хангамжтайгаар ажиллуулахаар Гэрээний 2.5, 5 дугаар зүйлүүдэд заасан байдаг. Үүнд: Олон улсын даатгал /Эрүүл мэнд/, Машин, жолооч, нисэх онгоцны зардал /тодорхой тохиолдолд/, хоолны зардал 1 сард 1.000.000 хүртэлх төгрөг, байрны зардал: Шарын голд байрлах бол үнэ төлбөргүй Улаанбаатарт байрлах бол ашиглалтын зардлыг оролцуулаад 1 сард 4.000 хүртэлх ам.доллар хамаарч байна. Нэхэмжлэгч нь Шарын гол ХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал үлгэр жишээ байдлаар ажилласан. Тухайлбал Шарын гол ХК-ийн шинэ нүүрс угаах үйлдвэрийн санхүүжилт, Еропын сэргээн Босголт Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын төслийн санхүүжилт НАКО-г худалдан авах, уул уурхайн шинэ тоног төхөөрөмжийн санхүүжилт авах болон тэргүүлэгч аудитын фирм Эрнст энд Янгаар зөрчилгүй дүгнэлт гаргуулж зэрэг ажилласан байдаг. Шарын гол ХК нэхэмжлэгчид хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сар дуусталх хугацааны цалин, 2016 оны 01 дүгээр сар дуусталх хугацааны Гэрээний 2.5 дугаар зүйлд заасан олон улсын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгож, түүнээс хойш нэхэмжлэгчид аливаа мэдэгдэл, тайлбар хийхгүйгээр шалтгаангүйгээр 2016 оны 05 дугаар сараас хойш 6 сарын цалин болох 100.000.02 ам.доллар, 2016 оны 02 дугаар сараас хойш 9 сарын олон улсын эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох 20.665.44 ам.долларыг тус тус төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч энэ хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан болно. Шарын гол ХК нэхэмжлэгчийг анх ажилд орох үеэс түүнийг Allianz Worldwide Care байгууллагын олон улсын эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрт хамруулдаг байсан бөгөөд энэхүү даатгал нь Шарын гол ХК-ийн хамаарал бүхий компани болох Си Би Эм ХХК-иар дамжин хэрэгждэг байсан байна. Шарын гол ХК-иас нэхэмжлэгчийг хувийн шугамаар эрүүл мэндийн даатгалд хамрагдаж шимтгэлээ төлөн Шарын гол ХК-иас төлсөн шимтгэлээ буцаан авах санал тавьсны дагуу нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын сүүлээс эхлэн Аетна компани мөн Хюмана компаниудаар хувиараа үйлчлүүлэх болсон бөгөөд сар бүр нийт 2.296.16 ам.долларын эрүүл мэндийн даатгалын шимтгэл тэдэнд төлдөг. Шарын гол ХК нь хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сард доорх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардлыг нэхэмжлэгчид төлсөн болно. Өмнө нь төлөгдөөгүй байсан эрүүл мэндийн зардал-2.514.90 ам.доллар, бусад-99.99 ам.доллар, 2016 оны 01 дүгээр сарын Аетнагийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл-2.240.55 ам.доллар, 2016 оны 01 дүгээр сарын Хюманагийн хараа болон шүдний даатгалын шимтгэл-55.61 ам.доллар, нийт-4.911.05 ам.доллар.2016 оны 04 дүгээр сараас хойш ажилласан хугацааны цалин, өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардлыг нөхөн авах хүсэлтээ нэхэмжлэгч Шарын гол ХК-д удаа дараа гаргасан боловч Шарын гол ХК-иас ямар нэгэн хариу аваагүй, цалин олон улсын эрүүл мэндийн даатгалын зардал өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Иймд нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Шарын гол ХК-нд 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар дуусталх хугацааны цалин болох 100.000.02 ам.доллар, 2016 оны 02 дугаар сараас 10 дугаар сар дуусталх хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал болох 20.665.44 ам.долларыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн мэдэгдлийг Шарын гол ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Жэймс Пассин, гүйцэтгэх захирал Б.Батбаатар нарт batbaatar@sharyngol6com, [email protected] цахим шуудангаар хаягуудаар нь хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдлээр Шарын гол ХК тус хугацаанд төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Гэрээг тухайн өдрөөр харилцан цуцласанд тооцож, хөдөлмөр эрхлэлтээ зогсоохыг сануулсан. Гэвч энэ хугацаанд Шарын гол ХК-ийн дээр дурдсан албан тушаалтнуудаас ямар нэгэн хариу аваагүй байна.

Нэхэмжлэгч Шарын гол ХК-нд сүүлчийн шаардлагаа түүний ТУЗ-ийн дарга Б.Батмөнх, гүйцэтгэх захирал Б.Батбаатар нарын [email protected], [email protected] цахим шуудангаар хаягуудаар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн ба тус шаардлагад 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дотор дээрх цалин, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардлыг Шарын гол ХК бүрэн төлөөгүй тохиодолд Монгол Улсын хуулийн дагуу  эрхээ хамгаалж арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Шарын гол ХК-иас дээр дурдсан нэхэмжлэгчийн сүүлийн шаардлагад хариу ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид түүнийг төлөөлөн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсгийг үндэслэн Шарын гол ХК-ийн маргаан таслах комисст гомдол гаргасан билээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дээрх 7 дугаар хэсэгт дурдсан гомдол гаргахдаа Шарын гол ХК-нд тус компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисс гомдлыг хүлээн авсан эсэх тухайгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд бичгээр мэдэгдээгүй тохилдолд Шарын гол ХК-нд хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй гэж ойлгон холбогдох нэхэмжлэлийг харьяа шүүхэд гаргахдаа мэдэгдсэн мэдэгдлийг мөн хүргүүлсэн. Тус мэдэгдлийн дагуу Шарын гол ХК-иас нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд хөдөлмөрийн маргаан таслах комисс нь гомдол хүлээн авсан, хүлээн авахаас татгалзсан эсэх тухай ямар ч мэдэгдэл, захирал, албан бичиг ирүүлээгүй болно. Иймд бид Шарын гол ХК-ийг хөдөлмөрийн маргаан таслах косиссгүй бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэж танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Шарын гол ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Л.Ж.А.Ф-ын Шарын гол ХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, хариу тайлбарыг үүгээр гаргаж байна. Нэхэмжлэгч Л.Ж.А.Ф-ын нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Монгол Улсад Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн Хөдөлмөрийн тухай хууль болон ажил олгогчтойгоо байгуулсан гэрээнд заасан үндэслэл журмын дагуу цалин авах эрхтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь гадаадын иргэн, өндөр албан тушаалд ажиллахаар гэрээ байгуулсан байсан гэхээрээ бусад ажилтан иргэдээс давуу байдалтай буюу ажил хийхгүйгээр, хөдөлмөрийн үр дүн гаргахгүйгээр цалин авах ёстой гэж үзэж түүнийгээ шүүхийн журмаар гаргуулахаар шаардан нэхэмжлэл гаргасан нь ёс зүйн болоод хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал Шарын гол ХК болон Л.Ж.А.Ф- Флорис нарын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 2.2 дахь хэсэгт ажлын байр буюу хаана байрлаж ажил үүргээ гүйцэтгэх тухай, мөн гэрээний 4 дүгээр зүйлд 7 хоногт хэдэн цаг ажиллах тухай, амралтын өдрүүдийн тухай, жилд ямар эдлэх тухай маш тодорхой тусгасан. Гэвч нэхэмжлэгч Л.Ж.А.Ф- Флорис нь 2016 оны 05 дугаар сараас бүр өмнө аль эрт 2014 оноос ажил хөдөлмөрөө гүйцэтгэхгүй Монгол Улсаас гараад явчихсан хүнийг ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж цалин тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан бөгөөд энэхүү заалтын цагаар ажлын хөлсийг тооцон, хэдэн цаг ажилласан буюу хөдөлмөрийнх нь үр дүнд тохируулан цалин олгохоор тохиролцсон нь зохигчдын хооронд багуулсан гэрээний 4.1 дэх хэсэг зааснаас тодорхой харагдана. Л.Ж.А.Ф-ын нь цалин шаардсан хугацаанаас өмнө болон 2016 оны 05 дугаар сарын 10 дугаар сар хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй тул цалин тооцон олгохгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Цалин тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй тул цалинг тогтоосон хугацаанд олгоогүйн алданги гэх 121.352.146 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Мөн аливаа этгээд эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж тэрхүү эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргах, эрх, тэрхүү ажиллагаатай холбоотой баримт бүрдүүлэх, хуульчаас туслалцаа авах эсэх нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуульд тус тус зааснаар нэхэмжлэгчийн зөвхөн өөрийн чөлөөт хүсэл зориг эрхийн асуудал байдаг. Энэхүү эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө түүнтэй холбоотой гаргасан гэх зардлаа бусдаас шаардах эрхгүй бөгөөд хариуцагч Шарын гол ХК нь түүнийг нь хариуцах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй болно. Иймд хуульчийн зардал 42.301.306 төгрөг болон баримт бичиг гэрчлүүлэх, илгээхтэй холбоотой зардал гэх, 1.000.494 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал 51.494.763 төгрөгийг зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.5 дахь хэсгийг үндэслэн нэхэмжилж байгаагаа дурьджээ. Гэрээний 2.5-д ажилтан нь ажил олгогчийн зардлаар олон улсын даатгалд хамрагдах эрхтэй гэж заасан бөгөөд энэхүү заалтыг хэрэгжүүлэхийн тулд Шарын гол ХК нь даатгалын үйл ажиллагаа явуулдаг этгээдтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр даатгалын зардлыг Шарын гол ХК нь гаргана. Учир нь ямар нөхцөлөөр ямар хэмжээний шимтгэлийн зардал гаргахыг гэрээнд заагаагүй тодорхойгүй ерөнхий заалт оруулсан нөгөө талаас даатгалын үйл ажиллагаа нь даатгагчтай гэрээ байгуулж нөхцөл шаардлагаа тохирч байж гэмээнэ хэрэгждэг асуудал тул ажилтан өөрийн дураар хүссэн дүнгээрээ даатгуулж, түүнийг нь ажил олгогч хариуцахаар тохирсон асуудал байхгүй бөгөөд ямар хэмжээний зардал гаргахгүй тодорхойгүй заалтыг хэрэгжүүлэхээр гэрээний нөхцлийг зөвшөөрч гэрээ байгуулахгүй ойлгомжтой билээ. Ер нь нэхэмжлэгчийн ёс зүйгүй байдлыг жирийн Монгол иргэний өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байж авдаг 500.000 төгрөг, зүгээр байж байгаад Монгол хүний нэг насаараа хөдөлмөрлөөд олохгүй хэмжээний их мөнгө нэхэх байгаатай харьцуулахад харагдана гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шарын гол ХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Америкийн Нэгдсэн Улсын иргэн Л.Ж.А.Ф- нь Шарын гол ХК-нд ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс олж авах эрх буюу Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь аль 2015 оны 01 дүгээр сард дууссан. Мөн оныхоо 6 сараас хойш Монгол улсад дахин ирээгүй буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгээгүй. Гэсэн ч Шарын гол ХК нь 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл нийт түүнд 223.747.61 ам.долларын цалин хөлс олгосон. Тодруулбал 2015 оны 02 дугаар сарын 25-нд 14915.37 ам.доллар, 3-р сарын 25-нд 14916.5 ам.доллар, 4-р сарын 24-нд 14916.29 ам.доллар, 5-р сарын 26-нд 14915.04 ам.доллар, 6-р сарын 26-нд 14912.68 ам.доллар, 8-р сарын 06-нд 14915.9 ам.доллар, 9-р сарын 04-нд 14916.61 ам.доллар, 9-р сарын 30-нд 14916.81 ам.доллар, 10-р сарын 26-нд 14916.86 ам.доллар, 11-р сарын 25-нд 14916.77 ам.доллар, 12-р сарын 31-нд 14916.91 ам.доллар, 2016 оны 02 дугаар сарын 01-нд 14917.06 ам.доллар, 3-р сарын 01-нд 14917.83 ам.доллар, 3-р сарын 28-нд 14918.86 ам.доллар, 5-р сарын 10-нд 14918.12 ам.долларыг тус тус цалин хөлсөнд олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт гадаадын иргэний хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиар тус тус зохицуулна гэж заасан байдаг. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу гадаадын иргэн нь Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж цалин хөлс авахын тулд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар шууд хөдөлмөр эрхэлж болохгүй гагцхүү хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр л хөдөлмөрийн харилцааг эхлүүлж, хөдөлмөрийн харилцааг хуулийн дагуу үргэлжлүүлэх боломжтой байдаг. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь дуусса тохиолдолд дууссан хугацаанаас эхлэн хөдөлмөр эрхэлж цалин хөлс авах нь хууль бус бөгөөд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үр дагавартай тул Америкийн Нэгдсэн Улсын иргэн Л.Ж.А.Ф-ийн хөдөлмөр эрхлэх зөвөөрөл дууссанаар хөдөлмөр эрхлүүлж, цалин хөлс олгох үүрэг дуусгавар болно. Иймд Шарын шол ХК нь 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд цалин хөлсийг үүрэг үүсээгүй байхад олгосон байх бөгөөд Л.Ж.А.Ф- мөн хугацаанд нийт 223.747.61 ам.долларын мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул хөрөнгө шилжүүлсэн Шарын гол ХК-нд буцаан шаардахаар эрхтэй билээ. Иймд цалин хөлсөнд олгосон 223.747.61 ам.долларыг Л.Ж.А.Ф-оос буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч  Л.Ж.А.Ф-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

АНУ-н иргэн Жеймс Л.Ж.А.Ф- Флоресоос Шарын гол ХК-нд холбогдуулан ажилласан хугацааныхаа цалин, түүний алданги, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал болон бусад холбогдох зардлаа гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбогдуулан Шарын гол ХК-иас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Л.Ж.А.Ф-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн түүнд 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд олгосон нийт цалин болох 223.747.61 ам.долларыг буцаан нэхэмжилж, түүний эсрэг сөрөг нэхэмжлэл гаргажээ. Л.Ж.А.Ф-ийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан гэх үндэслэлийн тухайд: Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиуд болон Монгол улсын Засгын газар, түүний эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрх зүйн актуудаар зохицуулагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 113.1 дугаар хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гадаадын иргэнийг ажиллуулж болно гэж зааснаас үзвэл ажил олгогч болон гадаадын иргэн хоорондын хөдөлмөрийн харилцаа үүсэх эсэх нь төрийн байгууллагын аливаа шийдвэрээс үл хамаарч байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үндсэн асуудлууд зохицуулагдаж харин ажил олгогч гадаадаас авч ажиллуулж байгаа ажилтанд тавигдах тусгай нөцөл, шаардлагууд бусад хуулиудаар зохицуулагдаж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг үндэслэн хөдөлмөрийн гэрээний эрх, үүргийг тодорхойлдог журам Монгол Улсад байхгүй. Гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг цуцлуулснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох, ажил олгогчийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтаны өмнө хүлээсэн аливаа үүргээс чөлөөлөх тухай заалт, зохицуулалт Хөдөлмөрийн тухай хууль ажиллах хүч гадаадад гаргах, ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах тухай хуулиудад аль алинд нь огтхон ч байхгүй. Гэтэл хариуцагч Шарын гол ХК нь хөдөлмөрийн харилцааг зохих ёсоор дуусгавар болгоогүй атлаа Л.Ж.А.Ф-ийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг 2015 оны 1-р сард цуцлуулсанаар Шарын гол ХК-ийн хөдөлмөрийн харилцаанд хүлээх үүрэг дуусгавар болсон мэтээр тайлбар хийж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх тухайд: Хариуцагч Шарын гол ХК-ийн Хөдөлмөр эрхлэлтийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэгч Л.Ж.А.Ф-т олгосон цалинг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шарын гол ХК-ийн сөрөг нэхэмжлэлдээ Иймд Шарын гол ХК нь 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны  цалин хөлсийг үүрэг үүсээгүй байхад олгосон байх бөгөөд Л.Ж.А.Ф- мөн хугацаанд нийт 223.747.61 ам.долларын мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул хөрөнгө шилжүүлсэн Шарын гол ХК нь буцаан шаардахаар эрхтэй билээ гэжээ. Энд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийн гэрээний дагуу олгогдох цалин, хөдөлмөрийн хөлсний тухай ойлголтыг эдийн засгийн болон эрх зүйн агуулгаар авч үзэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь болон Шарын гол ХК-иудын хоорондын харилцаа дуусгавар болоогүй байснаар зогсохгүй Шарын гол ХК-нд нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажилласаар байсан бөгөөд тийм ч учраас түүний цалинг сөрөг нэхэмжлэлд дурдсан хугацаанд олгож байсан нь хэнд ч илэрхий. Хөдөлмөрийн харилцааны үүрэг нь нэг талаас ажил олгогчид ажилтан ажиллах нөгөө талаас ажил олгогч ажилтныг ажлын байр, ажлаас хангаж, түүнд цалин хөлс олгох, байдлаар биелэгддэг онцлогтой. Гэтэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасныг энэ маргаанд хамаатуулан тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэл, хамааралгүй байна. Учир нь Шарын гол ХК үүрэг гүйцэтгэхээр нэхэмжлэгчид хөрөнгө шилжүүлсэн ямар ч харилцаа үүсээгүй нэхэмжлэгч хийсэн ажлынхаа цалинг л түүнээс хүлээж авсан бөгөөд иргэний хуулийн тухайн зохицуулалт нь талуудын маргаантай аливаа хэлбэрээр холбогдолгүй, Шарын гол ХК гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр Л.Ж.А.Ф-т хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч Шарын гол ХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мэнд-Амар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012.09.01-ний өдөр Америкийн Нэгдсэн улсын иргэн Жэймс Альферт Флорес Шарын гол ХК-тай Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг үндэслэн хөдөлмөрийн харилцаанд оролцсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Англи хэл дээр гэрээ байгуулагдаж, орчуулгыг хийлгэсэн байгаа. Энэхүү гэрээнд Хөдөлмөрийн гэрээнд байх ёстой бүх зүйл заалт тусгагдсан. Өөрөөр хэлбэл Ж.Флорес нь Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд 1 жилийн 200,000 ам доллар буюу америк долларын цалинтай, Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд 1 жилийн хугацаатай ажиллах гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу Шарын гол ХК 2012.9.1-ний өдрөөс 2016.4 дүгээр сарыг дуусах хүртэл хугацаанд Хөдөлмөр эрхлэлтийн гэрээгээр тохирсон цалинг нэхэмжлэгч Ж.Флорест олгож байсан. Ингээд 2016 оны 4 дүгээр сараас хойш 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл хугацааны цалинг нэхэмжилсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээнд тодорхой нэмэгдэл, урамшуулал олгохоор заасан байгаа. Үүнд: Ж.Флорес Олон улсын эрүүл мэндийн даатгалд даатгуулах эрх гэж байгаа. Энэ даатгалд 2012.9.01-ний өдрөөс 2016.2 дугаар сар хүртэл энэ даатгалд хамрагдаж байсан. Мөн Ж.Флорест машин болон жолооч гаргаж өгөх, АНУ руу жилд 3 удаа ирж, очих зардал, хоолны зардал сардаа 1 сая төгрөг олгохоор тохирсон. Үүнд: Хоол хүнс болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг гаргаж өгөх шаардлагатай талаар тохирсон. Ж.Флорест байрны зардал төлөхөөр заасан. Хэрэв Шарын гол суманд байрлан ажиллах тохиолдолд үнэ төлбөргүй байрлах. Харин Улаанбаатар хотод ажиллахаар бол ашиглалтын зардлыг оруулан тооцож, сард 4000 ам доллар хүртэл хэмжээний төлбөрийг төлөхөөр харилцан тохирсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 9.3, 9.4.3, 9.4.6, 75.2, 281.1 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2, 141.3, Хөдөлмөр эрхлэлтийн гэрээний 1.2, 2.4, 5.1, 7а.2 дахь үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Флоресийн 2016.5 дугаар сараас 2016.10 дугаар сар дуусах хүртэл хугацаа буюу 6 сарын хугацааны цалин болох 100,000 ам доллар, 2 цент буюу Монгол төгрөгт шилжүүлбэл 249,183,050 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Ж.Флорест олоогүй цалин хөлс 48,700 доллар, 1 цент, төгрөгт шилжүүлбэл 121,352,146 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Мөн гэрээний 2.5-т зааснаар Олон улсын эрүүл мэндийн даатгалын хураамж 20,665 доллар, 44 цент, үүнийг монгол төгрөгт шилжүүлбэл 51,494,763 төгрөг, гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч нь хуульч хөлсөлж ажиллуулж байгаа. Хуульч хөлсөлж авч ажиллуулсан 14,918 доллар буюу 42,301,306 төгрөг, АНУ-аас Монгол улс руу шаардлагатай нотлох баримт зэргийг илгээхэд шаардлагатай 401 доллар 51 цент буюу нийт 465 331 760 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ болон хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцаа үүссэн. Үүний дагуу ажилласан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хөдөлмөрийн харилцаа бол Иргэний эрх зүйн харилцааны нэг төрөл. Гэхдээ бусад иргэний эрх зүйн харилцаанаас тухайн этгээд заавал биечлэн гүйцэтгэх ёстой гэдгээрээ ялгаатай. Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байранд түүний багаж, хэрэгслээр өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх ёстой байдаг. Ажил гүйцэтгэх гэрээнд заавал гүйцэтгэхийг шаарддаггүй. Гэтэл Хөдөлмөрийн харилцаанд заавал хөдөлмөрлөх хүчийг зарцуулж, түүнийхээ үр дүнд тохирсон цалин хөлсийг авах ёстой байдаг. Талуудын хооронд байгуулсан 2012.9.01-ний өдрийн гэрээний 2.2-т “Ажлын байр нь Монгол улс, Улаанбаатар хот дахь ажил олгогчийн төв оффис байна” гэж заасан. Түүнчлэн гэрээний 2.5-д “Ажилтан ажил олгогчийн зааснаар Олон улс руу гарах эрхтэй” талаар заасан. Гэтэл ажилтан нь 2015.6.24-ний өдөр Монгол улсын хилээр гарснаас хойш Монгол улсад дахин орж ирээгүй. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болно. Өөрөөр хэлбэл ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажлын байранд ажиллаагүй байдаг. Хөдөлмөрийн гэрээнд ажлын цагийг тодорхой заасан. 7 хоногт 40 цаг байна. Бямба, ням гарагт амарна. Ажлын өдрийн цаг 09:00 цаг-18:00 цаг, Хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил бөгөөд хугацааг сунгах талаар заасан. Хөдөлмөрийн гэрээнд хугацаа, хаана ажиллах, хэрхэн ажиллах, өдөрт хэдэн цаг ажиллах талаар тодорхой, нэг бүрчлэн зааж өгсөн байхад ажилтан нь тухайн ажлын байранд ажиллаагүй, ажил үүргээ гүйцэтгээгүй байж  хөдөлмөрийн хөлс шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар  бусад хэлбэрээр үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл ажилтан тодорхой хүч хөдөлмөр зарцуулан, хөдөлмөрлөсний үр дүн гарсан байх ёстой. Гэтэл ямар нэг үр дүн гараагүй байхад ийнхүү цалин хөлс шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэмэлт зардалд: Алданги, эрүүл мэндийн даатгал, хуульчийн зардал нэхэмжилсэн байсан. Нэгэнт ажлын байранд ажиллаагүй учраас гэрээнд зааснаар даатгал төлөх боломжгүй. Гэрээний 2.5-т “Ажилтан нь ажил олгогчийн зардлаар олон улсын даатгалд хамрагдах эрхтэй” гэж заасан. Түүнээс дурын ямар нэг байгууллагад гэрээ байгуулсан эсэх нь мэдэгдэхгүй нэхэмжлэх хэвлэн эрүүл мэндийн даатгалд хамрагдана гэж нэхэмжилж гаргаж, нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад даатгалын ямар компанитай гэрээ байгуулан даатгалд хамрагдаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байхад төлөх ёстой гэсэн зүйл ярьж, имэйл хаягаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Ажилтан ажиллаагүй учраас ажилтанд цалин хөлс олгох боломжгүй. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар алданги тооцох үндэслэл байхгүй. Хууль зүйн туслалцаа авах нь Гадаадын иргэн, Монгол улсын иргэн аль алинд нь тухайн хүний хүсэлт зоригийн үндсэн дээр хийгддэг эрх учраас хариуцагч байгууллага төлөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Ж.Флорес нь 2014.6.24-ний өдрөөс хойш Монголоос гарч яваад дахин орж ирээгүй. Сая шүүх хуралдаан эхлэхээс өмнө Шарын гол ХК-аас гаргаж өгсөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн тодорхойлолт байгаа. Үүнээс харахад Ж.Флоресийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 2014.12 дугаар сард дуусгавар болсон байгаа.  Гэтэл компаний санхүүгийн зүгээс 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэл Ж.Флорес огт ажиллаагүй байхад цалинг олгож шийдвэрлэсэн байдаг. Ж.Флоресийг огт ажиллаагүй байхад цалин олгосон нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хууль, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар нэг тал нь ажиллах хүчээ зарцуулан уг хүч хөдөлмөрийнхөө үр дүнд тохирсон цалин хөлсийг авах ёстой. Гэтэл талуудын хооронд бодитой харилцаа үүсээгүй, ажиллаагүй байгаа учраас Ж.Флоресоос 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл нийтдээ 14 сарын цалин 223,747,061 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцвол 531,358,061 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мэнд-Амар нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Ж.Флоресийг АНУ руу явсан гэдэг асуудлыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ч гэсэн дурдаж байх шиг байна. Монгол улсаас гараад явсан хүнд яагаад энэ урт хугацаанд цалин хөлс олгоод байна вэ гэдэг нь сонин байна. Нийт 17 удаагийн гадаад гуйвуулгаар сар бүр 15000 доллар буюу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнийг анзаарахгүй өнгөрдөг гүйцэтгэх захирал, аудитын байгууллага, нягтлан, нярав гэж байхгүй байх. Хамгийн сүүлийн гүйлгээ буюу Бумансарт ХХК-ийн Голомт банк дахь дансаас нэг удаа гуйвуулга хийсэн. Иргэний хуулийн 270 дугаар зүйлд “мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинэ оршин суугаа газарт байна” гэж заасан. Үнэхээр Ж.Флоресийг АНУ руу сайн дураар гараад явсан гэж тайлбар гаргаад байгаа бол яагаад араас нь хөөцөлдөөгүй юм бэ. Энэ 2 жилийн хугацаанд Аудитын байгууллага нь яагаад анзаардаггүй юм бэ. Ж.Флорес 2014 онд Монгол улсад 148 хоног байсан. 2013 онд 226 хоног, 2012 онд 95 хоног, 2016 онд Монгол улсад орж ирж ажилласан байгаа. Ж.Флорес нь Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрлөх үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж байсан талаарх нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн. 2 жилийн хугацаанд компаний ажилтан нь алга болчихдог, түүнд ямар нэг сахилгын арга хэмжээ аваагүй. Ажилтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, Контрактын гэрээг цуцлах зэрэг асуудалд ямар ч анхаарал тавиагүй өдий хүрсэн нь хачирхалтай байна. Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар Ж.Флорес байрлан ажиллана гэсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс Улаанбаатар хотод Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, хуульч, нягтлан гэх зэрэг хүмүүс хамт ажилладаг нь тогтоогдсон. Нэг оффис дотор ажиллаж байгаа хүмүүс нэгийгээ хаана байгааг мэдэхгүй, тэгээд 2 жил болчхоод байхад сар бүр 15000 орчим доллар шилжүүлээд байгаа нь үндэслэлгүй байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд байна. Хэрэв үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол тэр хөрөнгийг хэн гэдэг хүн хэрхэн яаж шилжүүлээд байна гэдэг сонирхолтой байна. Монголын Арилжааны банкууд тодорхой этгээдийн зөвшөөрөлтэйгээр гүйлгээг хийдэг. Олон улсын гүйлгээ маш нарийн хяналт дор явагддаг. Энэ өндөр дүнтэй цалинг бодох асуудал нь компаний дотоод журмаар маш нарийн зохицуулагдаж байгаа байх гэж бодож байна. Түүнээс 500 төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй гэж хэлмээр байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Л.Ж.А.Ф- нь хариуцагч Шарын гол ХК-д холбогдуулан 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалин 100 000,02 ам доллар буюу 249 183 050 төгрөг, түүний алданги 48 700,01 ам доллар буюу 121 352 146 төгрөг, 2016 оны 2 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал 9 сарын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал 20 665,44 ам доллар буюу 51 494 763 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал 401,51 ам доллар буюу 1 000 494 төгрөг, хуульчийн зардал 16 976 ам доллар буюу 42 301 306 төгрөг нийт 465 331 760 төгрөгийг гаргуулах, хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл нийтдээ 14 сарын цалин 223,747,061 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож 531,358,061 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Хариуцагч нь гэрээний 2.2-т заасан ажлын байранд ажил үүрэг гүйцэтгээгүй 2014 онд Монгол улсаас гарч явсан тул цалин түүний алданги шаардах эрхгүй, Гэрээний 2.5-д ажилтан нь ажил олгогчийн зардлаар олон улсын даатгалд хамрагдах эрхтэй гэж заасан бөгөөд энэхүү заалтыг хэрэгжүүлэхийн тулд Шарын гол ХК нь даатгалын үйл ажиллагаа явуулдаг этгээдтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр даатгалын зардлыг Шарын гол ХК хариуцах тул эрүүл мэндийн даатгалын зардлыг зөвшөөрөхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэний төлөө гарсан зардал буюу өмгөөлөгчийн зардлыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Л.Ж.А.Ф- нь АНУ-ын иргэн бөгөөд Шарын гол ХК-д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн гэрээний дагуу цалин болон эрүүл мэндийн зардлыг гаргуулахтай холбоотой хэрэгт өөрийгөө төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж шүүхэд төлөөлөх эрхийг Б.Солонго, Н.Мэнд-Амар, Ж.Энхсаруул, Б.Хулан нарт англи дээр итгэмжлэлээр олгосон байх бөгөөд дээрх итгэмжлэлийн дагуу Б.Солонго, Н.Мэнд-Амар нар нь шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно, 36 дугаар зүйлийн 36.2-т Төлөөлөөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т бичгээр олгосон итгэмжлэл нь гарын үсэг зурсан байх, нотариатаар гэрчлүүлсэн байх, итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгосон бол хугацааг заах, 7 дугаар зүйлийн 7.4-т Гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр Монгол хэл дээр орчуулагдсан байна зэрэг хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Л.Ж.А.Ф-, хариуцагч Шарын гол ХК нар нь 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн гэрээг нэг хувь, Англи хэл дээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь эрх бүхий орчуулгын байгууллагаар орчуулуулж нотлох баримтаар ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т ...албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар орчуулагдсан байх хуулийн шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна гэж заасан контрактын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэлтийн гэрээний 2.1-д Л.Ж.А.Ф- нь санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд ажиллахаар, 2.3-д гэрээний хугацаа 3 дугаар зүйлийг харгалзан 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай байна, 3-р зүйлд ...гэрээний хугацаа дуусгавар болоход 30-аас доошгүй хоногийн өмнө энэхүү гэрээнд заасан нөхцлийн дагуу аль ч тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгөөгүй тохиолдолд хүчин төгөлдөр болох өдрөөс нэг жилийн ой бүр дээр дахин нэг жилээр автоматаар сунгагдах ба хэрэв ажилтан хугацааг сунгахгүй байхаар шийдсэн бол энэхүү гэрээний хугацаа дуусгавар болохоор, 2.4—д цалин  жилд 200 000 ам доллар байх бөгөөд 12 тэнцүү хувааж сар бүрийн 25-ны өдөр олгох, цалин нь аливаа татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өмнөх цалин бөгөөд холбогдох хуулийн дагуу суутгал хийгдэхээр, 2.5-д ажилтан нь ажил олгогчийн зардлаар олон улсын даатгалд хамрагдах эрхтэй, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллах, ажлын цаг, амралт, нөхөн олговор, хангамж, ажилтны эрх, үүрэг, ажил олгогчийн эрх үүрэг, хариуцлага, нууцлал, гэрээг цуцлах үндэслэл зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг үндэслэл болгон гэрээнд тусгасан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Л.Ж.А.Ф- нь 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрлийг Шарын гол ХК-ны нэр дээр авч, 2013.01.02-2014.01.02-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авч улмаар зөвшөөрөл нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл дахин нэг жилээр сунгагдан ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болгож хасалт хийлгэсэн, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр АНУ явсан болох нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10/469 дугаартай албан бичиг, Хөдөлмөрийн төв биржийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/10055 дугаартай албан бичиг, Хил хамгаалах  Ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 72/1268 дугаартай албан бичиг, лавлагааны хариу зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 117-123/

 

Нэхэмжлэгч Л.Ж.А.Ф- нь АНУ-д байх хугацаандаа Шарын гол ХК-ны Хөрөнгө оруулалт эдийн засаг хариуцсан мэргэжилтэн Х.Уянгатай [email protected] имэйл хаягаар 2016 оны 6 сар хүртэл харилцаж, компанийн сар бүрийн санхүүгийн тайлан илгээж, шаардлагатай баримтуудыг бэлдэж явуулдаг, асуулт асууж харилцаж болох нь гэрч Х.Уянгын мэдүүлэг, Шарын гол ХК-ийн ТУЗ-ын даргын туслах Б.Гэрэлт-Одын [email protected] хаягаар 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ТУЗ-ын хурлын материал, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр компанийн засаглалын тайланг хүргүүлж байсан зэрэг нь гэрч Б.Гэрэлт-Одын мэдүүлэг, гэрч Л.Ж.А.Ф-ын туслахаар ажиллаж байсан Э.Ариунжаргал нь өөрийн [email protected] хаягаар ...2016 оны 5 сараас 10 сар хүртэлх сар бүрийн нүүрсний борлуулалтын тайланг угаасаа сар бүр тайлан захирал руу явуулдаг байсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Шарын гол ХК-ийн санхүү эрхэлсэн захирлын ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Шарын гол ХК-ний гүйцэтгэх захирал Б.Батбаатарын [email protected] цахим хаягаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор цалин хөлс болон эрүүл мэндийн даатгалын зардлыг нөхөн төлөх мөн тухайн өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай албан бичгийг хүргүүлсэн болох нь гэрч Б.Батбаатарын хөдөлмөр эрхлэлтийг цуцлах асуудлыг би шийддэггүй гэж цахимаар хүсэлт ирснийг үгүйсгээгүй мэдүүлэг, цахим шуудан хүргүүлж харилцаж байсан талаарх албан ёсны эрх бүхий орчуулгын компаниар орчуулж ирсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. / 3 дугаар хавтаст хэргийн 85-116/

 

Хариуцагч Шарын гол ХК нь Л.Ж.А.Ф-т 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цалин хөлсийг шилжүүлж байсан талаар хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны гадаад гуйвуулгын даалгаварууд, шилжүүлэгийн мэдээлэлүүд, Чейс банкны лавлагаа, Дархан-Уул аймгийн эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг, цалингийн жагсаалт, Монголын хөрөнгийн биржид Шарын гол ХК-ас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн мэдээллийн дагуу өөрчлөлт орсон зэргээр нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 99-116, 131-142/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Шарын гол ХК-аас нэхэмжлэгч Л.Ж.А.Ф-ын нийгмийн даатгалын дэвтрийн эх хувь, нэхэмжлэгчийн 2015, 2016 онд хамаарах нийгмийн даатгалын шимтгэл, холбогдох татвар төлсөн талаарх тайлан, баримт, нэхэмжлэгчид гэрээний дагуу төлж байсан 2015, 2016 онд хамаарах цалин, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн гадаад гуйвуулгын банкны хуулга, баримт зэргийг гаргуулахаар хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч нь нийгмийн даатгалын дэвтэр байхгүй, Л.Ж.А.Ф- нь нийгмийн даатгалын дэвтэр нээлгэж, манай компанийн санхүүд хүлээлгэн өгөөгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 30-р зүйлд Даатгуулагч улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэртэй байна гэсэн хуулийн дагуу өөрөө хариуцах ёстой, нэхэмжлэгчийн 2015, 2016 онд хамаарах нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тайланг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гарган өгөх боломжгүй гэсэн хариу тайлбар ирүүлсэн байна.

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж, төлсөн тухай бичилт хийх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 217 дугаартай албан бичиг, Л.Ж.А.Ф-ын цалингийн жагсаалтаар хариуцагч Шарын гол ХК нь 2012 оны 9 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд цалин олгосон талаар нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлсэн мэдээ, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 250 дугаартай албан бичиг, хавсралтаар 2013-2016 онуудад олгосон цалин хөлс, түүнд ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн дүн, хассан дүн, ногдуулсан татвар, хөнгөлөгдөх татварын дүн, төлөх татварын дүн зэрэг нотлох баримтаар хариуцагч нь Л.Ж.А.Ф-т  2016 оны 4 сараас хойшхи 2016 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны олгогдоогүй цалин хөлсийг олгогдсон болгож нийгмийн даатгалын болон татварын байгууллагад тайлагнаж байсан болох нь тогтоогдож, хөдөлмөрийн контрактын гэрээний харилцаа 2015 онд дуусгавар болсон гэсэн хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагч Шарын гол ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Л.Ж.А.Ф- нь 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүйгээс Хөдөлмөрийн хуулийн дагуу цалин хөлс бодогдоогүй байхад, манай нягтлан бодогчийн хайхрамжгүй үйлдлээс болж, мөн хугацаанд цалин хөлс олгосноор тооцож буюу нийгмийн даатгалын шимтгэл тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн алдаатай тайланг хүргүүлсэн байна гэж залруулга оруулахыг хүссэн хүсэлтийн дагуу Нийгмийн даатгалын хэлтэс Шарын гол ХК-ны 2015 оны 01-12 сар, 2016 оны 01-10 сарын тайланд даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод залруулга хийснийг мэдүүлэх тайланг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд хариуцагч нь олгогдоогүй цалинг олгосон болгож тайлан хүргүүлсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг зөрчсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Контракт нь таван жил хүртэл хугацаатай байна, 25.4-д контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно гэж зааснаас үзэхэд контрактын дээд хязгаарыг хуулиар тогтоож талууд хуулиар тогтоосон уг хязгаарын дотор тодорхой хугацааг өөрсдөө тохирч болохоор мөн ердийн гэрээтэй харьцуулбал заавал дүгнэгдэх ёстой гэрээ байх бөгөөд хариуцагч нь гэрээг дүгнэсэн талаар нотлох баримт ирүүлээгүй мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-41.1.4-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д зааснаар ажлаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай боловч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар  хариуцагч Шарын гол ХК-аас 2016 оны 5 сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл  хугацааны цалин хөдөлмөр эрхлэлтийн гэрээний 2.4-д зааснаар жилийн 200 000 ам доллар / 12 сар = 16666.6 ам доллар / 1сарын/, х 6 сар =100 000,02 ам долларыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар ...үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшийн лавлагаагаар 1 ам доллар 2491,83 төгрөг байсан болох нь тогтоогдож байх тул 249 183 050 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Л.Ж.А.Ф-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нийт цалин орлогоос зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж суутган бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-д Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэж заасны дагуу алданги 48 700,01 ам доллар буюу 121 352 146 төгрөгийг шаардсан байна.

 

Алданги нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллага ба түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтанд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн, улсын хяналт тавих эрх бүхий албан тушаалтан болох хөдөлмөрийн байцаагч, хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий шүүгчээс оногдуулж буй захиргааны шийтгэл юм. Иймд хариуцагч Шарын гол ХК-д холбогдуулан зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэсэн талаар холбогдох нотлох баримт ирүүлээгүй байх тул алданги гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Ж.А.Ф- нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардалд 20665,44 ам доллар буюу 51 494 763 төгрөг нэхэмжилж нотлох баримтаар Аетна амь насны даатгалын компанитай 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан, Хюмана компанитай харааны болон шүдний эмчилгээний даатгалын гэрээг байгуулан эрүүл мэндийн даатгалд нийт 20 665,44 ам долларыг төлсөн талаар ажилтны зардлын тайлан болон даатгалын гэрээг англи хэлнээс хөрвүүлж нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн боловч төлбөрийг хэрхэн төлж байсан талаар нотлох баримт ирүүлээгүй байна. / хх-ийн 148-160/

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэлтийн гэрээний 2.5-д Ажилтан нь ажил олгогчийн зардлаар олон улсын даатгалд хамрагдах эрхтэй байхаар тусгасан боловч даатгалын төлбөр төлж байсан болох нь тогтоогдохгүй байх тул эрүүл мэндийн даатгалын зардал 51 494 763 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Л.Ж.А.Ф- нь гэрээний үүрэгтэй холбоотойгоор гомдол, нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримт бичгийг гэрчлүүлэх болон Монгол Улс руу тэдгээрийг илгээхтэй холбогдон Америкийн Нэгдсэн улсад гарсан зардалд төлсөн 401,51  ам доллар буюу 1 000 494 төгрөг, хуульчийн зардал 16 976 ам доллар буюу 42 301 306 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд хуульчийн зардлыг төлсөн төлбөрийн баримт болон хуульчийн зардлаас татвар хураамж төлсөн эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эдлэх эрх, үүрэгтэй холбоотой нотлох баримт цуглуулахад гарсан зардлыг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл нийтдээ 14 сарын цалин 223,747,061 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож 531,358,061 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

 

Хариуцагч Шарын гол ХК нь нэхэмжлэгч Л.Ж.А.Ф-т Шарын гол ХК нь 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл цалин хөлс олгосон байх бөгөөд тодруулбал 2015 оны 02 дугаар сарын 25-нд 14915.37 ам.доллар, 3-р сарын 25-нд 14916.5 ам.доллар, 4-р сарын 24-нд 14916.29 ам.доллар, 5-р сарын 26-нд 14915.04 ам.доллар, 6-р сарын 26-нд 14912.68 ам.доллар, 8-р сарын 06-нд 14915.9 ам.доллар, 9-р сарын 04-нд 14916.61 ам.доллар, 9-р сарын 30-нд 14916.81 ам.доллар, 10-р сарын 26-нд 14916.86 ам.доллар, 11-р сарын 25-нд 14916.77 ам.доллар, 12-р сарын 31-нд 14916.91 ам.доллар, 2016 оны 02 дугаар сарын 01-нд 14917.06 ам.доллар, 3-р сарын 01-нд 14917.83 ам.доллар, 3-р сарын 28-нд 14918.86 ам.доллар, 5-р сарын 10-нд 14918.12 ам.долларыг тус тус цалин хөлсөнд олгосон. 2012 оны 9 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарын 29 хүртэл нийт 223 747,061 ам доллар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож талууд энэ талаар маргадаггүй болно.

 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Гадаадын иргэнийг урьсан ...аж ахуйн нэгж байгууллага түүнийг бүртгүүлэх үүрэг хүлээнэ, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэн дээр энэ хуулийн 8.2, 8.3-т заасан шаардлагын дагуу сунгана, 8.5-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу гадаадын иргэнийг Монгол Улсад ирүүлсэн байгууллага нь гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ, 8.6-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ цуцлах болсон шалтгааныг үндэслэн эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ гэжээ.

 

АНУ-ын иргэн Л.Ж.А.Ф-ыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэх, зөвшөөрөл авах, зөвшөөрлийн хугацааг сунгуулах зэрэг үүрэг нь ажил олгогчид олгогдсон байх бөгөөд хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн гэрээний хугацаа  дуусгавар болсон гэж маргаж байгаа боловч хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлагдсан талаар холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагад хүргүүлж зохих журмын дагуу зөвшөөрөл авсан эсэх нь тогтоогдохгүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэлтийн гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдсан талаар нотлох баримт ирүүлээгүй, ажил олгогч нь 10.1-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд гэрээг цуцлах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдсэнээр цуцалж болно гэж зааснаар мэдэгдэл хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул хөдөлмөр эрхлэлтийн гэрээ нэхэмжлэгч Л.Ж.А.Ф-ыг цахим шуудангаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлснээр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл цалин хөлс 223,747,061 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож 531,358,061 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин  төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй боловч талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд үүрэг дуусгавар болсон эсэх нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хавтас хэргийн 1-р хавтасны 144-147, 179-218, 240-250, 2 дугаар хавтасны 1-82, 159-160 дахь талууд, 3-р хавтаст авагдсан 2016.03.16-ны өдөр, 2015.12.15-ны өдөр, 2015.10.02-ны өдөр, 2015.09.06-ны өдрийн имэйлүүд болон тэдгээрийн  орчуулга зэргийг нотлох баримтууд мөн 1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал 2015.01.01-2015.12.31-ний өдөр хүртэлх цалингийн хүснэгт, 3-р хавтаст хэргийн 181-198 дахь тал имэйлүүд болон тэдгээрийн орчуулга зэрэг нотлох баримтууд нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаас хасах нь зүйтэй.

 

Тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2603 дугаартай хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, даалгавар гүйцэтгүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийг Шарын гол ХК, Л.Ж.А.Ф- нарын хооронд харилцсан байгууллагын албан ёсны цахим шууданд үзлэг хийлгэхээр даалгасан байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Шарын гол ХК-ны Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Батмөнх, Батбаатар нартай харилцсан имэйл хаягийг хуулбарлан ирүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь нэхэмжлэгч Л.Ж.А.Ф- нь  Батмөнх, Батбаатар нартай цахим шуудангаар ямар асуудлаар харилцаж байсан эсэх нь тогтоогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.  

Нэхэмжлэгч Л.Ж.А.Ф- нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу Н.Мэнд-Амар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, өмгөөлөгчөөр М.Бадрал нар оролцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Шарын гол ХК-аас 249 183 050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ж.А.Ф-т олгож, үлдэх 216 148 710 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 531,358,061 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны олгох цалин олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шарын гол ХК-д даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 484 609 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2 814 741 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 4038 065 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ж.А.Ф-т олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА