Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 206

 

МҮЭСТО-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02865 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч МҮЭСТО-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ф М” ХХК-д холбогдох

 

5 909 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,

Хариуцагчийн төлөөлөгч Д.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ф М” ХХК нь тус ордны 215 тоот өрөөг конторын зориулалтаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд сард 1 003 200 төгрөгийн төлбөртэйгөөр, төлбөрийг улирал бүрийн эхний сарын 10-ны дотор бөөнд нь төлж байх нөхцөлтэйгөөр Байрны түрээсийн гэрээг байгуулж түрээслэсэн юм. Уг гэрээний 5.2 дахь заалтаар 5.1-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар хоног тутамд тооцож алданги төлүүлэхээр тохиролцсон. Хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 1 сард гэрээг сунгаж нэг cap нэмж түрээсийн өрөөг эзэмшүүлсэн. Хариуцагч нь 2016 оны 3,  4 дүгээр улирлын төлбөрөө 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөлгүй 8 936 480 төгрөгийн хугацаа хэтэрсэн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болон 2017 оны 1 сарын төлбөр болох 1 003 200 төгрөгөө мөн оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хугацаанд нь төлөлгүй нийт 9 939 680 төгрөгийн өр үүсгэсэн байсныг ордны санхүү арга хэмжээ авч, эд зүйлсийг нь борлуулж өгөн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 6 000 000 төгрөгийн өрийг нь барагдуулснаас хойш одоог хүртэл 3 939 680 төгрөг төлөгдөлгүй үлдсэн. Иймд хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй үнийн дүн 9 939 680 төгрөг боловч төлбөр төлөгдөх бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж 3 939 680 төгрөг гэж багасган тооцож, мөн Иргэний хуулийн зохих заалтыг үндэслэн энэхүү төлөгдөөгүй төлбөрийн тавин хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцож, нийт 5 909 520 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ф М” ХХК нь 2015 онд МҮЭСТО-ны Спорт цогцолборын 2 давхарт 215 тоот 38 м.кв 2 өрөөг сарын 1 103 520 төгрөг төлөхөөр эзэмшиж ашигласан. Тус компани нь шинээр ажлын байр бий болсонтой холбогдуулж захирлын өрөөний тавилгыг Говь хангай мебель дэлгүүрээс худалдаж авсан. Мөн БНХАУ руу явж үүдний өрөөний ком тавилга, даргын арьсан сандал зэргийг тус тус худалдан авч тохижилт хийсэн. Ингээд түрээсийн гэрээний хугацаа дуусахад гэрээг дахин 1 жилээр үргэлжлүүлэн сунгасан юм. МҮЭСТО-ны зүгээс Олон улсын хүүхдийн шатрын тэмцээн зохион байгуулагдахтай холбогдуулан Спорт цогцолборт иж бүрэн засварын ажлыг 2016 оны 1 дүгээр улиралд эхлүүлж, энэ нь ямар ч орц гарцгүйгээр бизнесийн үйл ажиллагааг тодорхой 1-3 сарын хугацаанд явуулах боломжгүй болгосон, дээр нь бизнесийн хэвийн ажиллагааг алдагдуулж эхэлсэн. Спорт цогцолборт гадны түрээслэгчдээс ганцхан манай байгууллага үйл ажиллагаа явуулдаг байсан ба дээрх засварын ажлаа бидэнд учирлаж хэлсэн ч, энэ хугацааны түрээсийн төлбөрийг авахгүй байх боломжтой байсан ч олон удаагийн уулзалт, гуйлт, хүсэлтийн улмаас 20 хувийн хөнгөлөлт үзүүлсэн юм. Манай байгууллага худалдааны алдагдлаас болж түрээсийн өрний хуримтлалд орж, улмаар ажлын байраа хүлээлгэж өгсөн ба түрээсийн өрийг яаралтай төлөх шахалт их байсан тул дараагийн түрээслэгчтэй нь би өөрийн биеэр уулзаж, 2 өрөөний тавилгыг зах зээлийн үнээс хамаагүй доогуур өөрт маш их алдагдалтайгаар зарахаар тохиролцож, 6 000 000 төгрөгийг тушаалгуулсан. Түүнээс МҮЭСТО-ны зүгээс миний тавилгыг зарж борлуулж өгсөн асуудал байхгүй. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл нилээн багассан боловч энэ төлбөрийг төлж барагдуулах нөхцөл байдал үүсэхгүй өдийг хүрлээ. Учир нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ээжийгээ Сонгдо эмнэлэгт шинжилгээ өгүүлэн онош тодорхойлуулахаар хэвтүүлсэн боловч тэр өдрөө яаралтай хагалгаанд оруулан, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ээж минь нас барж Сонгдо эмнэлгийн зүгээс 15 сая төгрөгийн төлбөр тооцооны асуудал гарч ирсэн юм. Ийм учир шалтгаантайгаар түрээсийн үлдэгдэл 3 939 680 төгрөгийг төлж чадахгүй  өнөөдрийг  хүрлээ. Монголын  үйлдвэрчний  эвлэл нь бизнесийн байгууллага биш, хөдөлмөрч нийт олны эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бидний байгууллага гэж би хувьдаа ойлгодог. “Ф М” ХХК-ийн үйл ажиллагаа одоо зогсонги байгаа ба МҮЭСТО нь нэхэмжлэлдээ алданги гаргуулахаар тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй, дээр нь төлөх ямар ч боломжгүй байна. 2017 оны 1 сарын төлбөрийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ф М ХХК-аас 5 909 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МҮЭСТОд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч МҮЭСТОоос 2017 оны 10 сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109 502 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф М ХХК-аас 109 502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МҮЭСТОд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Ф М” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02865 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Тус компанийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2 936 480 төгрөг бөгөөд цаашид ажлын байрыг үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтийг МҮЭСТО хүлээн зөвшөөрөөгүй, 2017 оны 01 дүгээр сард түрээсийн гэрээ хийгээгүй, өмнөх гэрээг харилцан тохиролцоогүйн улмаас сунгаагүй байхад 2017 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр 1 003 200 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн дээрхи гэрээгүй хугацааны төлбөрөөс алданги бодсоныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч МҮЭСТО хариуцагч “Ф М” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 909 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Талууд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Байрны түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч байгууллагын 215 тоот 38 м.кв талбай бүхий өрөөг сарын 1 003 200 төгрөгөөр конторын зориулалтаар хариуцагчид түрээслүүлэхээр тохиролцжээ. /хэргийн 32-34 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар талууд маргаагүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараар зохигчидын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байх бөгөөд хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгахаар нэхэмжлэгчид хүсэлт гаргаж байсан болон хариуцагч нь 215 тоот өрөөний түлхүүрийг 2017 оны 02 дугаар сард хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 14 дүгээр тал/ Түүнчлэн, гэрээний хугацаа дуусгавар болсон 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч 8 936 480 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас 6 000 000 төгрөгийг төлж, 2 936 480 төгрөгийг төлөөгүй талаар зохигчид маргаагүй байна.

 

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хариуцагч түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн ашигласаар байсан талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасан журмын дагуу түрээслэсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ 2017 оны 02 сард буюу гэрээний хугацаа дуусгавар болсноос 1 сарын дараа хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусгавар болсноос хойшхи 2017 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр 1 003 200 төгрөгийг шаардах эрхтэй юм. Хариуцагч нийт 3 939 680 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж шүүхэд хариу тайлбар гаргасан байна. /хэргийн 26 дугаар тал/

 

Мөн талууд Байрны түрээсийн гэрээний 5.2-д төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь алданги 1 969 840 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ф М” ХХК-иас 5 909 520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МҮЭСТОд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 027 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                               ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

 

                                                                  С.ЭНХТӨР