Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2019/00042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 42 байр 1 тоот “Ө” ХХК

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, УБ-16030 өөрийн байр, “У” ТӨХК

Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 4 тоот өөрийн байр, О 12 төв  

19801980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Мөнхдаваа

                                хариуцагчийн төлөөлөгч А.Галбаатар

хариуцагчийн төлөөлөгч Р.Жамъянжав, Д.Гансүх

нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 онд зохих зөвшөөрлийн дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйлчилгээ, бүхий орон сууцны байшинг барьж ашиглалтанд оруулсан. Уг барилгын 1,2 дугаарт давхарт ажилладаг үйлчилгээний байгууллага болох FULL рестораны ус, дулааны төлбөрийг ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвд төлж эхэлсэн. Дээрх барилгыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ОСНААУГ-ын шийдвэрээр төлбөрийг ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвд  хүлээлгэн өгсөн. Уг үйлчилгээний газрын 1,2 дугаарт давхрын дулааны төлбөрийг 2017 оны 4  дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 3105,6 м.куб-р бодож илүү төлж байсан нь “У” ТӨХК-ийн манайд ирүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 02/07 тоот гэрээнд эх үүсвэрт өөрчлөлт оруулж, актаар хасагдах м.кубыг тооцож ирүүлснээр мэдсэн. 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар 15-ны өдөр хүртэл сар тутамд 771,96 м.кубээр илүү буюу  331.171 төгрөг илүү төлж байжээ. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 15 өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 8 сар, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сар 15 хоног нийт 14 сар 15 хоногийн илүү төлөлт  4,801,980 төгрөгийг манай  компани илүү төлсөн. Энэ илүү төлөлтийн талаар бид Баянгол дүүргийн ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвд хандаж, илүү төлөлтийг буцаан олгох, эсвэл дараа сарын ус дулааны төлбөрийг хөнгөлж өгөхийг удаа дараа хүссэн боловч боломжгүй гэсэн учраас бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүх хурал 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болж Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.3 дахь заалтын дагуу дээд шатны байгууллагат гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхээр болсон. Бид Эрчим хүчний зохицуулах хороонд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Эрчим хүчний зохицуулах хороо энэ асуудлаар судалж, талуудаас тайлбар, дүгнэлт авч 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвийн дарга н.Баяржаргалд “манай байгууллагаас илүү төлсөн 4 801 980 төгрөгийг дараа сарын төлөлтүүдээс суутгаж тооцохыг даалгаж” шийдвэрлэсэн. Бид дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төв нь дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг биелүүлээгүй. 2017 оны 11 дүгээр сараас хойш ус, дулааныг дахин дур мэдэж салгасан. Манай байгууллага шинэ жилийн үеэр ашиг олох байсан үед зориудаар ус дулааныг тасалсан, үүнээс болоод албан газрууд гэрээнээсээ татгалзаж, урьдчилгаанд төлсөн мөнгө зэргээ авах зэрэг хүндрэлтэй байдлууд бий болсон. Мөн 10 гаруй усны тоолуурыг салгаж, 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан байгаа. ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төв нь “У” ТӨХК шийднэ, бид мөнгийг дамжуулж өгдөг гэсэн тул хариуцагчаар татсан.  Иймд олох байсан орлого 15 000 000 төгрөг, илүү төлсөн мөнгө 4 801 980 төгрөг нийт 19 801 980 төгрөгийг хариуцагч байгууллагуудаас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” ХХК нь 2015 онд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд 1,2 дугаар давхартаа үйлчилгээний зориулалттай 56 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан. Барилгын 1, 2 давхарт Full ресторан үйл ажиллагаа явуулдаг. Уг рестораны ус, дулааны төлбөрийг хариуцагч ХҮТ-12-т төлж ирсэн. Барилгыг 2015 оны 11 дүгээр сард “У” ТӨХК-ийн шийдвэрээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ХҮТ-12-т хүлээлгэж өгсөн. Үйлчилгээний төвийн дулааны төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 3,105.6м3-ээр бодож илүү төлж байсан нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэрэглэгчийн гэрээний эх үүсвэрт өөрчлөлт оруулах тухай актаар тогтоогдсон. Талуудын байгуулсан гэрээний эх үүсвэрт өөрчлөлт оруулах үндэслэл нь ХҮТ-12-ын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, Эв-80 СӨХ-ны 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №2 албан тоот, “Харандаа” ХХК-ийн гаргасан зураг төсөл зэрэгт үндэслэсэн. Дулааны энергийн өөрчлөлтийн хүснэгтэд анх 3,105.6 байсан бол одоо 2,233,64 болж 771.96-аар хасагдсан. Анхны гэрээ 3,105-аас 2,333-ыг хасаад зөрүү нь 7,771,96-аар 14 сар 15 хоног илүү төлбөр төлсөн. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр илүү кубээр дулааны төлбөр төлж байснаа мэдсэн. 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 сар, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 6 сар 15 хоног буюу нийт 14 сар 15 хоногийн 4,801,980 төгрөг илүү төлснийг тогтоосон. Иймд уг мөнгийг гаргуулах шаардлага гаргасан. Илүү төлөлтийн талаар Баянгол дүүргийн ХҮТ-12-т удаа дараа хандаж байсан. Мөн төлбөрийг дараагийн сарын ус, дулааны төлбөрөөс суутгуулах албан бичиг өгч байсан ч хариуцагч шийдэхгүй байснаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Г.Ариунаа шүүгч хэргийг анх шийдсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгчдийн дунд үүссэн маргааныг дээд шатны байгууллага болох Эрчим хүчний зохицуулах хороо шийднэ. Хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, биелүүлэхгүй бол хохирлоо дахин шаардах эрхтэй гэж шүүхийн шийдвэрт дурдсан байдаг. Бид энэ асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд гомдлоо өгсөн. Эрчим хүчний зохицуулах хороо нь засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ба харьяанд нь дулааны станцууд байдаг. ХҮТ нь Эрчим хүчний зохицуулах хорооны харьяа бөгөөд доод шатны аж ахуй нэгж байгууллага нь мөн. Төрийн албаны зарчимд зааснаар төрийн албан хаагч захирах, захирагдах ёсыг баримтлах үүрэгтэй. Бид шүүхийн шийдвэрийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороонд гомдлоо өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 5/932 дугаартай албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороо нь хариуцагч ХҮТ-12 төвийн дарга Ж.Баяржаргалд албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт “Ө” ХХК нь 14 сар 15 хоногийн хугацааны илүү төлсөн төлбөрийг гаргаж өгнө үү, эсвэл төлбөрт суутгаж өгнө үү гэх өргөдлийг Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлсэн байна, аж ахуй нэгжийн халаалтын төлбөр тооцох эзлэхүүний хэмжээг Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 189 дүгээр тогтоолоор баталсан, энэ тогтоолоор батласан Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журмын 3.5-д бодох аргыг тодорхойлсон. Дээрх төлбөр тооцооны аргачлалын дагуу Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 1, 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулж байгаа “Ө” ХХК-ийн үйлчилгээний талбайд “У” компанийн зургийн инженер н.Батбаяр, “Гега гранд” ХХК хэмжилт хийсэн. Хэмжилт хийснээр халаалтын төлбөрийг 2,333.64 м/куб эзлэхүүний хэмжээгээр тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Иймд дээр дурдсан холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ээр “У” компанийн гэрээний нэмэлтээр эх үүсвэрт өөрчлөлт оруулах тухай актын дагуу гэрээний эх үүсвэрийг тусгаж “Ө” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 771.96 м/куб хэмжээгээр илүү төлсөн төлөлтийг хасалт хийхийг мэдэгдье гэх бичгийг хүргүүлсэн байдаг.Талуудын хооронд үүссэн маргааныг шийдэх эрх бүхий байгууллагад хандахад төлбөр төлүүлэх тухай шийдвэр гарсан. Гэтэл хариуцагч тал дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй. 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Ө” ХХК нь энэ асуудлаар дахин гомдол гаргаж, хариу авсан. Эрх бүхий дээд шатны байгууллага хариуцагч талыг илүү төлбөр авсныг тогтоосон учраас бид 4,801,000 төгрөг гаргуулах шаардлагыг “Эрчим хүчний зохицуулах хорооны албан бичгийн хамт шүүхэд өгсөн. Анх 19,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ноднин жил шинэ жилийн захиалгатай үеэр ХҮТ-12 төвөөс “Full” ресторан дулаан, цахилгааныг тастаж байсан. Тухайн үед “Full” ресторанд олон аж ахуйн нэгж захиалга өгч, урьдчилгаа мөнгөө төлсөн байсан. “Full” ресторанаас хэдэн хэдэн компани гэрээгээ цуцалж, бидэнд учирсан хохиролд 15,000,000 төгрөгийг ХҮТ-12 төвөөс шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед “Ө” ХХК-ийн захиргаа хохиролд нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийн асуудалд маргахгүй, хэргийн хүрээнд шүүх шийдэх байх гэж үзэж, харин эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон илүү төлсөн 4,801,980 төгрөгийн хохирлыг хариуцагч Орон сууц нийтийн аж ахуй удирдах газрын харьяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төв болон У компаниас нэхэмжилсэн. 2015 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан 204 дугаартай тогтоолоор нэг м/куб халаалтын тарифийг 429 төгрөгөөр тогтоосон. Илүү тооцсон 771.96 м/куб-ыг 14 сар 15 хоногт үндэслэж, хэрэглэгчээр илүү төлүүлсэн төлбөрийг тооцоход нэмэгдсэн өртгийн албан татварын хамт нийт 5,282,175 төгрөг болсон боловч нэмэгдсэн өртгийн албан татвараа хасаад зөвхөн илүү м/кубыг тариф болох 429 төгрөгөөр тооцож 14 сар 15 хоногт тооцоход 4,801,980 төгрөг болж байгаа. Энэ асуудлыг хариуцагч тал үл маргах журмаар төлж барагдуулах ёстой. Гэтэл 2 хариуцагчийн аль аль нь бидэнд хамаагүй мэдэхгүй гэдэг. Бидэнд зөрчигдсөн эрхээ шүүхэд хандаж сэргээлгэхээс өөр аргагүй байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч А.Галбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18 дугаар хороонд “Ө” ХХК нь үйлчилгээний зориулалттай барилга ашиглалтад оруулсан. Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдож, 2014 оны 11 сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл гэрээ байгуулж “У” компанитай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж ажилласан. Тухайн үед стандартын тоолуураар хэрэглээг гаргадаг байсан. “У” компани болон “Ө” ХХК-ийн хооронд жилийн хугацаанд төлбөр тооцоо болон бусад асуудлаар ямар нэг маргаан гараагүй. 2015 оны 11 дүгээр сараас эхлэн “Ө” ХХК-ийн барилгыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ХҮТ-12 дугаар төвийн ашиглалтад шилжүүлж, ХҮТ-12 төвтэй гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр дулааны эрчим хүчээр хангагдаж өдий хүрсэн. ХҮТ-12 төвийн аж ахуй нэгжийн тарифаас айл өрх рүү шилжүүлэх хүсэлтийн дагуу 2017 оны 4 дүгээр сард гэрээний эх үүсвэрт дахин хэмжилт хийх хүсэлтийг шийдвэрлэж, тус компанийн инженерүүд хэмжилт хийсэн. Уг хэмжилтээр зөрүү гарсан. Барилгыг ерөнхий төвөлгөөний дагуу батлагдсан схемийн дагуу буюу “Харандаа” ХХК-иар гүйцэтгүүлсэн зургийн дагуу бариагүй, гүйцэтгэлээ баталгаажуулаагүй учраас 771.96 м/кв-ын зөрүү гарсан. “Ө” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 56 айлын орон сууцны барилгад хэрэглэсэн дулааны эрчим хүчний тоолуурыг “У” компаниас дулаан авсан хугацаанаас эхлэн барилгын дулааны зангилааны оруулга буюу үйлдэл дээр суурилсан дулааны тоолуураар хэмжилт хийж, төлбөр тооцоо гүйцэтгэж байсан. ХҮТ-12 төвд шилжүүлснээс хойш 3105.6м3-ээр төлбөр авч байгаа. “У” компанийг ХҮТ-12-т эрх шилжүүлснээс хойш талуудын хооронд маргаан үүссэн. Иймд “У” компанид нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй. 2 удаа хэмжилт хийгдсэн. “У” компани нь “Харандаа” компанийн боловсруулсан зураг төсөл, улсын комиссын актыг үндэслэж эзлэхүүний хэмжээг анх тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч тал “Харандаа” ХХК-ийн барилгын зургаас барилгаа жижгэрүүлж барьснаас зөрүү үүссэн. “У” компани нь хохирол барагдуулах үндэслэлгүй байна.  

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлалтай “Ө” ХХК-ийн 56 айлын байрыг 2015 оны 12 дугаар сарын 01-нд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12”-т халаалт тооцох талбайн эзлэхүүний хэмжээг 3105,6 м.куб-ээр тооцохоор “УБДС” ТӨХК-иас шилжүүлж өгсөн байдаг. Манай байгууллага нь хэмжилт хийж, хяналт тавих эрх бүхий байгууллага биш бөгөөд “УБДС” ТӨХК-иас гэрээгээр шилжүүлэн өгсөн эх үүсвэрийг үндэслэн төлбөрийг тооцдог. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-д “Хэрэглэгч төлбөрийн талаар маргаантай санал, хүсэлтээ дараа сарын 10-ны дотор албан бичгээр гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. “УБДС” ТӨХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Эх үүсвэрт өөрчлөлт оруулах акт”-ыг үндэслэн манай Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12 нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ээс “Ө” ХХК-ийн төлбөрийн тооцоонд өөрчлөлтийг тусгасан. Мөн “Ө” ХХК-д хэрэглэсэн ус, дулааны төлбөрөө төлөхийг манай байгууллагын зүгээс удаа дараа шаардаж байсан боловч төлөөгүй учир хуулийн хүрээнд хэрэглээний халуун усыг хаасан. Дулааныг хаах зогсоох боломжгүй. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний заалтаар дулаан өгч, үнэ тариф тогтдог. Иргэний хуулийн 243, 254, 255 дугаар зүйлд заасныг баримталж татгалзлаа илэрхийлж байна. “Ө” ХХК нь илүү төлөлтийн талаар болон дахин хэмжилт хийх талаар ХҮТ-12-д хандаж байгаагүй, мөн баримтуудаа авчирч гэрээгээ хийх ёстой боловч гэрээгээ ч хийгээгүй. Эрчим хүчний тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.2-д зааснаар хангагч, хэрэглэгчийн хооронд маргаан гарвал Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэр гаргадаг. Шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна, тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч биелүүлдэг. Эрчим хүчний зохицуулах хорооны албан бичиг нь захирамжилсан шинжтэй биш. Шүүх шийдэж байгаа маргаан дээр Эрчим хүчний зохицуулах хорооноос дахин баримт өгөхгүй. Анхны хэмжээ тогтооход манайх оролцоогүй, манайхыг байлцуулаагүй учраас зөвшөөрөхгүй. Анхнаасаа “УБДС” ТӨХК-иас тогтоогдож ирсэн хэмжээ байгаа. Нэхэмжлэгч тал Эрчим хүчний зохицуулах хорооны албан бичгээр танайд арга хэмжээ авна гэж биднийг дарамталдаг. Хэмжээ буруу тогтоосонд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ХҮТ 12 төв ямар ч буруугүй, нэхэмжлэгч тал анх “У” төрийн өмчит компанитай гэрээ байгуулсан. “У” төрийн өмчит компаниас өсгөн хэмжээний дагуу гэрээ үргэлжлээд манайхаас дулаанаар хангагдаж байгаа. Эрчим хүчний тухай хуульд хэрэглэгчийн өөрийн буруугаас хохирол учирсан бол эрчим хүчээр хангагч хариуцахгүй гэсэн хуулийн заалт байдаг.  Иймээс дээрх компанийн шинэ жилийн үед олох ёстой байсан орлого 15000000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн илүү төлсөн гэх 4801980 төгрөг, нийт 19801980 төгрөгийг манай байгууллага төлөх үндэслэлгүй юм.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч “У” ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвд холбогдуулан дулааны төлбөрт илүү төлсөн 4,801,980 төгрөг, олох байсан орлого 15,000,000 төгрөг нийт 19,801,980 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Дээрх шаардлагын үндэслэлээ “халаалтын төлбөр тооцох эзлэхүүний хэмжээг буруу тогтоосон, буруу тогтоосон хэмжээгээр тооцож төлбөр авч байсан, шилжүүлж авсан хэрэглэгчийнхээ халаалтын төлбөр тооцох хэмжээг дахин хэмжилт хийж хүлээж авах үүргээ биелүүлээгүй, дээд шатны байгууллага болох Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлээгүй, үндэслэлгүйгээр хэрэглээний халуун ус тасалж, тоолуур салгаж авч явсан” гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч “У” ТӨХК нь “манай байгууллагатай байгуулсан эрчим хүчээр хангах гэрээ дуусгавар болж Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвд шилжсэн тул илүү төлсөн гэх дулааны төлбөрийг хариуцах үндэслэлгүй, манай байгууллагатай гэрээтэй байхдаа дулааны төлбөрийг тоолуураар тооцож төлж байсан, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн барилгын зураг төслийг үндэслэн анхны эзлэхүүний хэмжээг тогтоосон, энэ зураг төслийн дагуу барилгаа бариагүйгээс зөрүү гарсан” гэж, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа ХҮТ-12 төв нь “У” ТӨХК-иас шилжиж ирэхдээ халаалтын төлбөр тооцох эзлэхүүний хэмжээ тогтоогдож ирсэн, уг хэмжээг дахин тогтоолгох хүсэлтийг хэрэглэгч гаргаагүй, дулааны төлбөр тооцох хэмжээг манайх тогтоодоггүй, дулааны эх үүсвэр тооцохтой холбоотой баримтуудаа ирүүлээгүй, гэрээгээ байгуулаагүй, хэрэглээний халуун ус болон дулааны төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэнээс усыг хаасан, үүний улмаас хохирол учирсан болохоо нотлоогүй” гэж маргаж байна.

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч “У” ТӨХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Оюунбилэгийн 56 айлын орон сууцны барилгыг дулааны эрчим хүчээр хангах гэрээг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулж, уг гэрээний дагуу эрчим хүчний төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл тоолуураар тооцон төлж байжээ. Энэ үйл баримтад гэрээний талууд маргаагүй болно. Дээрх 56 айлын орон сууцны барилгыг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улсын комисс хүлээж авсныг үндэслэн халаалтын төлбөрийг тооцох айл өрхийн талбай болон аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий үйлчилгээний талбайн эзлэхүүний хэмжээг зааглан тогтоож, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяанд шилжүүлэх зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “У” ТӨХК нь Улсын комиссийн акт, 56 айлын орон сууцны “Харандаа” ХХК-иар хийлгэсэн барилгын зураг төслийг үндэслэн 1,2 дугаар давхарт рестораны үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний талбайн халаалтын төлбөр тооцох эзлэхүүний хэмжээг 3105.6м3 гэж тогтоон, уг хэмжээгээр 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн халаалтын төлбөрийг тооцохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч “Ө” ХХК-тай байгуулсан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний эрх, үүргээ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ХҮТ-12 төвд шилжүүлжээ. Энэ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6, 123.8 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ХҮТ-12 дугаар төв нь “Ө” ХХК-ийн гэрээ 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шилжиж ирсэн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч 2015 оны 11 сарын төлбөрийг ХҮТ-12 дугаар төвд төлсөн байгааг үндэслэн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн гэсэн хариуцагч “У” ТӨХК-ийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв. Ийнхүү шилжүүлсэнээс хойш нэхэмжлэгч “Ө” ХХК нь халаалтын төлбөрийг 3105.6м3 хэмжээгээр тооцож О 12 төвд төлж байжээ. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ө” ХХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэв.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээгээр талууд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөрийн талаар тохиролцох бөгөөд уг хэмжээ болон төлбөрийг тогтоохдоо Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан дүрэм, журмыг баримтлах үүрэгтэй.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 189 дүгээр тогтоолоор баталсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ын 3.5-д “Аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар баригдсан барилга, объектын халаалтын төлбөр тооцох эзлэхүүнийг тогтоохдоо тухайн барилгын гадна болон өрөөний хана тааз, шалны зузааны тэнхлэгээс эсрэг талын гадна болон өрөөний хана тааз, шалны зузааны тэнхлэг хүртэлх зайгаар тодорхойлно” гэжээ. Энэхүү заалтыг баримтлан “У” ТӨХК нь “Ө” ХХК-ийн гаргаж өгсөн “Харандаа” ХХК-ийн барилгын зураг төслийг үндэслэн халаалтын төлбөр тооцох эзлэхүүнийг тогтоосныг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл халаалтын төлбөр тооцох эзлэхүүнийг тогтоохдоо заавал барилга болон объектод бодит байдлаар хэмжилт хийнэ гэж заагаагүй байна. Мөн Барилгын тухай хууль болон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд зааснаар Улсын комисс нь тухайн барилгын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг шалгаж хүлээж авах үүрэгтэй ба ийнхүү улсын комиссын хүлээж авсан /2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр/ барилгын зураг төслийг үндэслэн халаалтын төлбөр тооцох эзлэхүүнийг тогтоосныг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч нь халаалтын төлбөр тооцох хэмжээг буруу тогтоосон гэж үзвэл Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журмын 3.12-т зааснаар хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Тодруулбал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар халаалтын төлбөр тооцох хэмжээ тогтоосон 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/35 тоот акт гарсан өдрөөс хойш 6 сарын дотор гэрээний зүйл, хэмжээний талаарх доголдлыг худалдан авагч буюу нэхэмжлэгч илрүүлж чадаагүй байна. Иймд дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний зүйл, хэмжээг худалдан авагч “Ө” ХХК-ийг зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд хариуцагч “У” ТӨХК нь нэхэмжлэгчийг халаалтын төлбөрт илүү төлбөр төлсөнд буруугүй байна. “Ө” ХХК болон “У” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн шаардах эрх гэрээний үүргийн харилцаагаар зохицуулагдахгүй, үүрэг дуусгавар болсон үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүсэх боловч нэхэмжлэгчийг илүү төлбөр төлсөнд хариуцагч “У” ТӨХК буруугүй тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.  

О 12 төв нь хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах үүрэг бүхий этгээд бөгөөд энэ чиг үүргээ “У” ТӨХК-иас дулааны эрчим хүч худалдан авч, цааш хэрэглэгчдэд дамжуулах замаар хэрэгжүүлдэг болно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн тоо, тэдний хэрэглэх дулааны эрчим хүчний хэмжээнд нийцүүлэн “У” ТӨХК-иас эрчим хүчийг худалдан авч хэрэглэгчдэд нийлүүлдэг байна. Энэ нь “У” ТӨХК-тай 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 0374 тоот, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 80 тоот Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдээр тогтоогдож байна. Дээрх гэрээний дагуу “У” ТӨХК нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн халаалтын төлбөр тооцох эзлэхүүний хэмжээ тогтоосон акт болон холбогдох баримтуудыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүлснээр 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 0374 тоот гэрээний эх үүсвэрт өөрчлөлт орж Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “У” ТӨХК-иас худалдан авч буй дулааны эрчим хүчний хэмжээ 3105.6м3-ээр нэмэгджээ. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь “У” ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авч байгаа эрчим хүчний тоо хэмжээг нэмэгдүүлэх, багасгах тохиолдолд “У” ТӨХК-д хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх үүрэгтэй байх ба хэрэглэгчийн авах эрчим хүчний хэмжээг өөрчлөх асуудлыг бие даан шийдвэрлэдэггүй байна. Иймд хэрэглэгч халаалтын төлбөр тооцох хэмжээг дахин тогтоолгох хүсэлт гаргаагүй, төлбөр тооцооны асуудлаар маргаагүй тохиолдолд уг хэмжээг эрчим хүчээр хангагч дахин тогтоох шаардлагагүй гэсэн хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ХҮТ-12 төвийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “буруу тогтоосон хэмжээгээр тооцож төлбөр авч байсан, шилжүүлж авсан хэрэглэгчийнхээ халаалтын төлбөр тооцох хэмжээг дахин хэмжилт хийж хүлээж авах үүргээ биелүүлээгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх маргаан бүхий асуудлын талаар нэхэмжлэгч “Ө” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан байх ба уг гомдлыг Эрчим хүчний зохицуулах хороо хянаад 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 5/932, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/1891 тоот албан бичгээр хариу өгчээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлсэн гэж үзэх нөхцөл болно. Харин заавал биелэгдэх шинжтэй хууль зүйн үр дагавар агуулсан эрх зүйн акт биш бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар хангагч, хэрэглэгчийн хоорондох маргааныг шийдвэрлэсэн шийдвэр биш тул хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ХҮТ-12 дугаар төвийг дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэхгүй. Иймд халаалтын төлбөрт илүү төлсөн гэх 4,801,980 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нь хэрэглээний халуун усыг үндэслэлгүйгээр тасалснаас олох байсан орлогод 15 сая төгрөгийн хохирол шаардсан боловч уг үндэслэл, шаардлагатайгаа холбогдуулан нотлох баримт гаргаагүй байна. Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ХҮТ-12 дугаар төв нь хэрэглээний халуун усны /ус халаасны төлбөр/ төлбөрөө гэрээнд заасан хугацаанд хэрэглэгч төлөх үүргээ биелүүлээгүйгээс “Ө” ХХК-ийн усыг 2017 оны 12 дугаар сард хаасан гэж тайлбарлаж байх ба энэ хугацааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлсөн болохоо нэхэмжлэгч нотлоогүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна. Иймд олох байсан орлого 15 сая төгрөг гаргуулах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ХҮТ-12 дугаар төвд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “У” ТӨХК, О 12 төвд холбогдох 19,801,980 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгөөс 256,960 төгрөгийг улсын төсөвт үлдээж, илүү төлсөн 1,040 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА