Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/00193

 

С.Баянбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01559 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1638 дугаар магадлалтай,

С.Баянбатын нэхэмжлэлтэй,

С.Долгормаад холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн үлдэгдлийн 50 хувь болох 135,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч С.Долгормаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Баянбат нь Сувдан Алх ХХК-тай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг 12-р хороололд байрлах 1239 м.кв талбай бүхий газарт оффис үйлчилгээний зориулалттай, 6 давхар доороо автомашины зогсоол бүхий барилгыг барихаар харилцан тохиролцож, 2013 оны 5 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ тухай 2014 оны 05 сарын 05-ны өдөр Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан. Барилгын ажлын явцад барилгыг барьж дуусгахад багагүй хэмжээний мөнгө шаардлагатай болсон. Иймээс оффис үйлчилгээний талбайн захиалга авч хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгө бий болгож барилгыг барьсан. 2013 оны 10 сарын 22-ны өдөр С.Долгормаатай Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээгээр С.Долгормаа нь тус барилгын 4 давхрын 240 м.кв талбайг 1 м.кв талбайг нь 2,000,000 төгрөгөөр буюу 480,000,000 төгрөгөөр захиалж төлбөрийг ...С.Долгормаагийн зүгээс 300,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 180,000,000 төгрөгийг мөнгө зээлүүлж тус зээлийн гэрээний хүүгийн төлбөрөөр төлж дуусгахаар тохиролцсон... юм. Гэтэл мөнгө ч зээлүүлээгүй. 2013 оны 06 сарын 11-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын актын дагуу барилгыг ашиглалтад оруулж, 2015 оны 05 сарын 15-ны өдөр С.Долгормаад 285.3 м.кв талбайг хүлээлгэж өгсөн ба холбогдох бүртгэл ч хийгдсэн. Мөн 285.3 м.кв талбайн төлбөр нь 570,600,000 төгрөг болсон. Тухайн үед С.Долгормаа нь ...зөрүү болон дутуу мөнгийг төлнө.. гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байна. 2014 оны 05 сарын 05-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 4.1-т Барилгын нийт хөрөнгө оруулалт, хийх ажил үүргээ харилцан ярилцаж тохиролцох бөгөөд барилгын ажил дуусаад борлуулалт хийгдсэнээр талууд анх хийгдсэн аман хэлэлцээрийн дагуу борлуулалтаас үүсэх ашгаа 50:50 хувиар хуваарилахаар харилцан тохиролцсон болно гэж заасан. Иймээс С.Долгормаа нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн үлдэгдэл 270,600,000 төгрөгийн 50 хувь буюу 135,300,000 төгрөгийг С.Баянбатад төлөх ёстой гэж үзэж байна. Иймээс С.Долгормаагаас 135,300,000 төгрөгийг гаргуулж С.Баянбатад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 10 сарын 22-ны өдөр С.Долгормаатай Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээгээр С.Долгормаа нь тус барилгын 4 давхрын 240 м.кв талбайг 1 м.кв талбайг нь 2,000,000 төгрөгөөр буюу 480,000,000 төгрөгөөр захиалж төлбөрийг ...С.Долгормаагийн зүгээс 300,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 180,000,000 төгрөгийг мөнгө зээлүүлж тус зээлийн гэрээний хүүгийн төлбөрөөр төлж дуусгахаар тохиролцсон... юм. Гэтэл мөнгө ч зээлүүлээгүй. ...С.Долгормаад 285.3 м.кв талбайг хүлээлгэж өгсөн ба холбогдох бүртгэл ч хийгдсэн. Мөн 285.3 м.кв талбайн төлбөр нь 570,600,000 төгрөг болсон. Тухайн үед С.Долгормаа нь ...зөрүү болон дутуу мөнгийг нь төлнө... гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй...гэсэн болон бусад бүх үндэслэлүүд нь огт худлаа, бодит байдлаас эрс зөрүүтэй, гүтгэлгийн шинжтэй байна. Бодит байдал дээр С.Баянбатын эхнэр Ч.Оюумаа нь надад анх хүсэлт тавьснаар 2013.10.22-ны өдөр 300,000,000 төгрөгийг 2014.03.08-ны өдөр хүртэл 180,000,000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл сарын 2 хувийн алданги төлөх нөхцөлтэй 13/001 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, Ч.Оюумаа, С.Баянбат нарын 5064161117 тоот дансанд 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлээ хугацаандаа төлөхгүй тохиолдолд 13/001 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хавсралт Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах 2 дугаартай гэрээгээр баригдаж буй барилгын 4 давхрыг миний нэр дээр шилжүүлэх тухай барьцааны гэрээ байгуулсан. С.Баянбат, Ч.Оюумаа нар нь зээлийн гэрээний дагуу буцааж өгөх ёстой 480,000,000 төгрөгийн зээл, хүүгийн үүргээ биелүүлээгүй байсаар зээлийн хугацаа 2014 оны 03 сарын 08-ны өдөр дуусаж барьцааны зүйлийг миний бие шаардаж эхэлсэн боловч 14 сарын хугацаа алдаж, 2015 оны 05 сарын 20-ны өдөр барьцааны зүйлийг миний нэр дээр албан ёсоор шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, С.Баянбатын нэхэмжлэлд дурдагдаж буй шиг надад барилга захиалан бариулах ямар нэгэн хүсэл зориг байгаагүй бөгөөд бидний хооронд үүссэн бодит эрх зүйн харилцаа нь Барьцаат зээлийн гэрээний харилцаа байсан бөгөөд зээлдэгч нар нь авсан зээл, хүүгээ зээлийн хугацаандаа огт төлөөгүй тул барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлийг нэр дээрээ шилжүүлж авсан тул С.Баянбатын нэхэмжлэлийн шаардлага ор үндэслэлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01559 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүрэг үүсээгүй тул С.Долгормаагаас 135,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн С.Баянбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 834,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1638 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01559 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т Магадлалд тусгагдвал зохих зүйлсийг хуульчилсан. Үүнд: анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэл гэж хуульчилсан. Гэтэл магадлалыг гаргахдаа дээрхийг зөрчсөн. Тухайлбал, Магадлалын үндэслэл буюу хянавал хэсэгт дээрхээс гадна нэмэлтээр хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлийг мушгин гуйвуулж магадлалд тусгасан, хэргийн үйл баримтын талаар үнэлэлт дүгнэлт өгөхдөө хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлэх зарчмыг алдагдуулсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчлүүд гаргасан.

1. Талуудын хооронд Зээл, барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байдаг. Гэтэл Магадлалын Хянавал хэсгийн эхний хэсэгт Сувдан алх ХХК болон С.Долгормаа нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 сарын 22-ны өдрийн 2 тоот орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээгээр захиалагч буюу С.Долгормаа нь Дархан-Уул аймгийн 10 дугаар баг, 12 дугаар хороололд баригдаж буй 6 давхар барилгын 4 давхрын 240 м.кв талбайн үнэд 1 м.кв талбайн үнийг 2,000,000 төгрөгөөр тооцож, нийт 480,000,000 төгрөгийг өгөх үүрэг хүлээсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь зээл, барьцааны гэрээний харилцаа байгааг барилга захиалгын гэрээний харилцаа үүссэн мэтээр буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хэлбэрийн хувьд орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын гэрээ байгуулагдсан боловч бодит байдалд Зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад давж заалдах шатны шүүх хэлцлийн агуулгыг дүгнэж чадаагүй, хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна. 2013 оны 10 сарын 22-ны өдрийн 13/001 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр зээлдүүлэгч тал С.Долгормаа нь зээлдэгч тал Сувдан алх ХХК, захирал Ц.Бат-Эрдэнэ болон С.Баянбат нартай Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийг удирдлага болгож, харилцан хүсэл зоригоо илэрхийлж барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Мөн тус Барьцаат зээлийн гэрээний 4-р заалтад Барьцааны зүйл 2013 оны 10 сарын 22-ны өдөр 2 талын байгуулсан 2 тоот Захиалгын гэрээний дараах талбай барьцаа хөрөнгө болно гэж тодорхой тохиролцсон. Үүний дагуу 2013 оны 10 сарын 22-ны өдрийн 2 дугаартай Орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах захиалгын буюу барьцааны гэрээг А талаас С.Баянбат, Б талаас С.Долгормаа нар гарын үсэг зурж байгуулсан бөгөөд Сувдан алх ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ гарын үсэг зурж, тамга дарж баталсан байдаг. Зээлийн гэрээний дагуу С.Долгормаагаас 300 сая төгрөгийг зээлдэгч талын өмчлөлд шилжүүлсэн боловч зээлдэгч тал нь тус зээлийг хүү болох 180 сая төгрөгийн хамт зээлдэгчид 2014 оны 03 сарын 08-ны өдөр эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлд тооцож С.Долгормаа нь хүлээн авсан үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байгаа.

2. Магадлалын Хянавал хэсэгт Хариуцагч нь ... ашигтай талбай, ашиггүй талбайг салгах боломжгүй учраас шатны хонгил, лифтний зай ороод зургийнхаа дагуу 285.3 м.кв талбайгаар гэрчилгээ гаргаж өгдөг гэсэн... тайлбарыг гаргасан байна гэж дүгнэсэн нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлийг мушгин гуйвуулсан дүгнэлт болсон. Хариуцагч талаас анхнаасаа тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, талуудын хооронд захиалгын гэрээ хийгдэх хүсэл зориг байгаагүй, зээл, барьцааны үүргийг хэрэгжүүлсэн талаар дурдаж байсан. Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар нь тайлбар гаргаж байсан. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Сувдан алх ХХК-ийн захирал Бат-Эрдэнэ болон С.Баянбат нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний 4.1 заалтыг удирдлага болгож байгаа боловч С.Долгормаа нь тухайн гэрээгээр аливаа үүрэг хүлээгээгүй тул энэ хэргийн хариуцагч нь С.Долгормаа биш гэсэн тайлбаруудыг хариуцагчаас гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Эдгээрээс дүгнэж үзвэл давж заалдах шатны шүүхээс магадлал гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэснийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байна. Давж заалдах шатны шүүхээс магадлал гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэг, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг удирдлага болгосон боловч энэ талаар магадлалдаа тодорхой тусгаагүй. Магадлалын хянавал хэсэгт Ц.Бат-Эрдэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шүүх тодруулах шаардлагатай гэсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримт болох Сувдан алх ХХК-ийн захирал Бат-Эрдэнэ болон С.Баянбат нарын хооронд байгуулагдсан 2013 оны 05 сарын 05-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 2.5-ийн 4-д А ба Б талууд барилгын 4-р давхрыг хөрөнгө оруулагч иргэн С.Долгормаад шилжүүлэн өгөх үүрэгтэй. Иргэн С.Долгормаатай холбоотой зээл, зээлийн хүүний асуудлыг Б тал болох С.Баянбат болон Ч.Оюумаа нар бүрэн хариуцна гэж заасан зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар С.Долгормаа нь Сувдан алх ХХК-ийн захирал Бат-Эрдэнэ, С.Баянбат нарт зээл олгож, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Дархан- Уул аймагт баригдаж буй барилгын 4-р давхрыг барьцаалсан, улмаар зээлээ эргэн төлөх үүргээ зээлдэгч нар нь биелүүлээгүйн улмаас барьцааны зүйлийг С.Долгормаад шилжүүлэн өгсөн болох нь нотлогдсон, шүүх хуралдааныг хойшлуулах зайлшгүй шаардлагатай үндэслэл байхгүй тул хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар энэхүү хяналтын гомдлыг гаргаж буйг хүлээн авч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.06-ны өдрийн 1683 дугаар Магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.19-ний өдрийн 181/ШШ2019/01559 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Баянбат нь хариуцагч С.Долгормаад холбогдуулан орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний үүргийн биелэлтэд 135,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр С.Долгормаагаас 135,300,000 төгрөг гаргуулах С.Баянбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хуульд зааснаар хэрэгжих боломжгүй.

Хэргийн баримтаас үзэхэд 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сувдан Алх ХХК болон С.Баянбат нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд хариуцагч С.Долгормаад барилгын 4 давхрыг шилжүүлэн өгөх үүргийн талаар, С.Долгормаа болон Сувдан Алх ХХК, Ц.Бат-Эрдэнэ, С.Баянбат нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13/001 тоот барьцаат зээлийн гэрээнд захиалгын гэрээний талбай барьцаа хөрөнгө болох талаар тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь орон сууц, оффис үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний үүргийн биелэлтэд 135,300,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, харин хариуцагч нь барилга захиалан бариулах хүсэл зориг байгаагүй... бодит харилцаа нь барьцаат зээлийн гэрээний харилцаа байсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байхад шүүх шаардлагын үндэслэлийг тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ.

2. Талуудын хооронд үүссэн маргаанд Сувдан Алх ХХК нь хамааралтай эсэх, түүнийг төлөөлж гарын үсэг зурсан Ц.Бат-Эрдэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн хэд хэдэн гэрээний талаар зохигчид маргалдаж байхад гэрээний оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцоогүй тохиолдолд гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн талаар дүгнэх боломжгүй байна.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр С.Долгормаад 285.3 м.кв талбайг хүлээлгэж өгсөн, бүртгэл ч хийгдсэн. Мөн 285.3 м.кв талбайн төлбөр нь 570,600,000 төгрөг болсон... гэж тайлбарласан бол хариуцагч нь шүүх хуралдаанд ...ашигтай, ашиггүй талбайг салгах боломжгүй учраас шатны хонгил, лифтний зай ороод зургийнхаа дагуу 285.3 м.кв талбайгаар гэрчилгээ гаргаж өгдөг... гэсэн, ...285.3 м.кв талбайн 240 м.кв талбай нь ашигтай талбай... гэсэн өөр өөр тайлбар гаргасан байна.

Иймээс 2013 оны 10 дугаар сарын 22-ны 2 тоот орон сууц, оффис үйлчилгээний талбайн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 14-ний үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний оффис, үйлчилгээний талбайгаас илүү гарсан зөрүү 45,3 м.кв талбайтай холбоотой өөр өөр тайлбар гаргасныг шүүх тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д нийцжээ.

4. Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй тул Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэснийг зөрчсөн гэсэн үндэслэл заасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1638 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 834,450.00 /найман зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД